2012
Дайсны газар нутагт хэрхэн тэсч үлдэх вэ?
2012 оны аравдугаар сар


Дайсны газар нутагт хэрхэн тэсч үлдэх вэ?

Семинарын зуун жилийн ойн шууд нэвтрүүлэг дээр 2012 оны 1-р сарын 22-нд хэлсэн үгнээс.

Ерөнхийлөгч Боид К.Пакер

Бид Сүмийн семинарын 100 жилийн ойг тэмдэглэж байна. Энэ хөтөлбөр эхэлж байсан эд зүйлсээр хомс тарчиг, шинэ тулгар тэр үеийг эргэн саная.

Тийм даруухнаар эхэлсэн семинарын ангиуд эдүгээ дэлхий даяар 143 оронд 375 008 суралцагч, сайн дурын бүрэн цагийн 38 000 гаруй багштайгаар хичээллэж байна. Бид залуучууддаа их хөрөнгө оруулж байгаа бөгөөд та бүхний үнэ цэнэ, чадавхийг мэднэ.

Дайсныг ялахад мэргэн ухаан тусална

Би өнгөрсөн үеийг сайн мэдэх хүний хувьд бас та нарыг ирээдүйд бэлтгэхийн төлөө үгээ хэлж байна.

Та нар дайсны газар нутагт өсч байна. Та нар сүнслэг байдлын хувьд өсч хөгжсөн үед дайсан өөрсдийн чинь эргэн тойронд хэрхэн шургалан орсныг ойлгох болно. Дайсан гэр оронд чинь, үзвэрийн газрууд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хэл яриа гээд та нарын эргэн тойронд хаана л бол хаана байж байдаг. Ихэнх тохиолдолд тэр байгаа нь мэдэгддэггүй.

Хамгийн үнэ цэнэтэй бөгөөд хамгийн чухал зүйлсийн талаар би та бүхэнд ярихыг хүсч байна. “Мэргэн ухааны эхлэл болбоос түүнийг олж авах” хэмээн сударт өгүүлсэн байдаг. Харин би үүн дээр, “та нар тэрхүү мэргэн ухаантайгаа ямагт хамт байгтун” хэмээн нэмж хэлье. (Сургаалт Үгс 4:7). Би өөрийнхөө болон та нарын цагийг дэмий үрэхийг хүсэхгүй байна. Иймээс анхааралтай сонсоорой!

Багш болохоор шийдсэн тэр хором миний санаанд туйлын тодхон байна. Би Дэлхийн II Дайны үед 20 дөнгөж гарсан, Агаарын Цэргийн нисгэгч байлаа. Манай анги Айе Шима хэмээх жижигхэн арал дээр байрладаг байсан юм. Шуудангийн марктай адилтгамаар энэхүү жижигхэн, өнчин арал Окинава арлын хойд үзүүрээс нэлээд зайдуухан оршино.

Зуны нэгэн уйтгартай орой би нар жаргахыг харан цохио хадан дээр, хэрэв дайнаас эсэн мэнд гэртээ харьвал амьдралаа яаж төвхнүүлдэг билээ хэмээн бодлогоширон сууж байлаа. Намайг ямар мэргэжилтэй болохыг хүсч байсан гэж бодож байна? Тэр орой би багш болохоор шийдсэн юм. Учир нь би багш нарыг үргэлж сурч байдаг хүмүүс гэж боддог байлаа. Үргэлж сурч, мэдэх нь амьдралын зорилго юм.

Би анх 1949 онд ахлах сургуульд байхдаа явдаг байсан Бригам хот дахь семинартаа багшилсан.

Тэр үед семинарт Хуучин Гэрээ, Шинэ Гэрээ, Сүмийн түүх гурвыг заадаг байлаа. Өглөө эртний семинарын ангид Мормоны Номыг заахаар нэмж оруулсан нь миний хувьд гайхамшигтай хэрэг байсан юм. Би дайнаас эргэж ирэхдээ Мормоны Номын гэрчлэлтэй болсноос гадна Ариун Сүнсний бэлэг хэрхэн ажилладгийг ойлгодог болсон байв.

Ариун Сүнс та нарыг дайсны газар нутагт байхад тань хамгаалах болно.

Ариун Сүнсний бэлгийн тухай та нар бага наснаасаа эхлэн заалгасан байгаа. Гэвч хүмүүст заах нь тийм ч амар биш. Иймээс та нар Ариун Сүнс удирдах болоод хамгаалах нөлөөтэйг амьдралынхаа туршид, хувийн туршлагаараа нээн илрүүлж чадна, ингэх ч ёстой.

Залуу эрэгтэйчүүд болон залуу эмэгтэйчүүдийн хувьд энэхүү үйл явц адилхан юм. Ариун Сүнс амьдралд чинь хэрхэн нөлөөлдгийг нээн илрүүлэх нь насан туршийн эрэл хайгуул юм. Та нар энэхүү нээлтийг өөрсдөө хийж чадвал дайсны газар нутагт амьдарч байгаа ч гэсэн мэхлэгдэхгүй, сүйрэлд хүрэхгүй байж чадна. Ариун сүнсний өдөөлтөөр сэрэмжлүүлэлгүйгээр ноцтой алдаа гаргадаг сүмийн гишүүн гэж байхгүй. Гишүүн гэдэг чинь та бүгд шүү дээ.

Зарим үед бид алдаа гаргачихаад, өнгөрсөн хойно нь “Ингэж болохгүй, энэ нь буруу гэдгийг уг нь би мэдэж байсан юм” эсвэл “Би ингэх ёстой байснаа мэдэж байсан. Гэвч зориг хүрээгүй юм даа!” хэмээн харамсдаг. Ийм мэдрэмж бол Ариун Сүнс биднийг сайн зүйл рүү чиглүүлж, хор уршгаас холдуулахыг хичээж байгаа нь тэр юм.

Бид Сүнстэй холбогддог харилцаагаа авч үлдэхийн тулд зарим зүйлсийг огт үйлдэж болохгүй. Жишээ нь, биднийг худал хэлэх, хулгайлах, залилан мэхлэх буюу ёс суртахуунгүй алхам хийх үед Сүнстэй холбогддог харилцаа буурдаг билээ. Сүнслэг байдалд хохирол учруулах газар руу бүү яв.

Бид өөртөө боломжтой хүч, удирдамжийг эрэлхийлж, түүнийгээ тууштай дагах ёстой.

“Хийх ёстой” зүйлсийнхээ жагсаалтанд залбирлыг оруул. Ихэнх тохиолдолд бид чимээгүй залбирах болно. Та залбирлынхаа тухай бодох хэрэгтэй.

Тэнгэр дэх Эцэгтэйгээ шууд харилцан ярилцах боломжтой. Залбирлыг чинь хэн ч сонсдоггүй гэж итгүүлэх боломжийг дайсанд бүү олго. Залбирлыг чинь Тэнгэрлэг Эцэг үргэлж сонсох болно. Чи хэзээ ч ганцаараа биш.

Бие махбоддоо анхаарал тавьж бай. Цэвэр ариун бай. “Та нар өөрсдөө Бурханы сүм мөн бөгөөд Бурханы Сүнс та нарын дотор оршдог гэдгийг мэддэггүй юм уу?” (1 Коринт 3:16).

Сургаал ба Гэрээний 89-р хэсэг дэх амлалтуудыг анхааралтай унш. Мэргэн Ухааны Үг төгс эрүүл мэндийг амладаггүй ч бидний доторх сүнслэг зүйлийг хүлээн авагчийг хүчтэй болгодог.

Шивээс хийлгэх болон үүнтэй адилаар бие махбодыг чинь гутаах зүйлсээс хол бай. Бидний бие Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн юм.

Бошиглогчийн зөвлөгөө юу үнэн болохыг заадаг

Одоо би өөр нэг асуудлын талаар та нартай илэн далангүй ярилцахыг хүсч байна.

Эрэгтэй, эмэгтэй хүний хүйс нь мөнх бус байдлын өмнөх дэлхийд бий болсныг бид мэднэ.1 “Сүнс хийгээд мөн бие нь хүмүүний бодгаль бөлгөө” (С ба Г 88:15). Хүйсний энэхүү асуудал бүхэлдээ ёс суртахууны асуудал учраас Ах нар үүнд их санаа тавьдаг.

Та төрөлхийн ийм учраас уруу таталтанд автагдсан бол гэм буруугүй хэмээн та нарын зарим нь боддог эсвэл бусад хүмүүс ингэж хэлэхийг сонссон байж болох юм. Хэрэв бид үүнийг сургаалын хувьд зөв гэж үзэх юм бол бидэнд сонгох эрх хэрэггүй болно. Ийм байж болохгүй. Ариун Сүнсний өдөөлтүүдийг дагахаар сонгон, ариун журмаар дүүрэн, ёс суртахууны хувьд цэвэр ариун амьдралаар амьдрах сонголт бидэнд ямагт байдаг.

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли ерөнхий чуулган дээр дараах байр сууриа илэрхийлсэн юм: “Өөрсдийгөө… ижил хүйстэнтэйгээ нөхцөгч буюу лесбичүүд хэмээн нэрлэдэг хүмүүсийн талаарх бидний байр суурийг хүмүүс асууж сонирхдог. Миний хариулт бол бид тэдэнд Бурханы охид хөвгүүдийнх нь хувьд хайртай. Тэд өөр хүсэл сонирхолтой бөгөөд тэр нь их хүчтэй учраас хянахад хүндрэлтэй байдаг биз. Ихэнх хүмүүст өөр өөр үед янз бүрийн [уруу таталт] тохиолддог. Хэрэв тэд тэдгээр зохисгүй шохоорхлоо үйлдэл болгохгүй бол Сүмийн бусад гишүүдийн адил тэд урагш ахиж чадна. Хэрэв тэд Сүмийн ариун явдлын хууль болон ёс зүйн хэм хэмжүүрийг зөрчвөл Сүмийн сахилгыг зөрчигчид болно.

“Бид тэднийг хүчирхэгжүүлж…, хүндрэлтэй асуудлаа шийдэхэд нь дэмжин, туслахыг хүсдэг. Хэрэв тэд садар самуун, ёс суртахуунгүй үйл ажиллагаанд орооцолдож, ижил хүйстэнтэйгээ гэрлэх, энэхүү үзэл бодлоо хамгаалах тохиолдолд бид зүгээр хараад суух ёсгүй. Ийм үйлдлийг хүлээн зөвшөөрөх нь Бурханы үндэслэсэн гэрлэлтийн бүхнээс эрхэм, ариун үндэс суурь хийгээд үүний зорилго, гэр бүлүүдийг төлөвшүүлэх үйл хэрэгт хөнгөн хуумгай хандсан хэрэг болно.”2

Ерөнхийлөгч Хинкли энэ асуудлаар Сүмийг төлөөлөн үгээ хэлсэн юм.

Аюулгүй байдлыг олж, түүнийгээ хадгалахын тулд сонгох эрхээ ашигла.

Адам, Ева хоёрын анх хүлээж авсан бэлэг нь сонгох эрх байлаа: “Чи өөрийнхөө төлөө сонгож болно, учир нь энэ нь чамд өгөгдсөн билээ” (Moсе 3:17).

Энэхүү сонгох эрх бидэнд байдаг. Санаанд чинь орж ирсэн ямар нэг зохисгүй, ариун бус зүйл буюу уруу таталтанд автагдахгүй байхын тулд сонгох эрхээ ашигла. Тийм газар руу бүү зүглэ. Хэрэв тийм газар нэгэнт орчихсон бол тэндээс түргэн гарч яв. “Бүхий л бурханлаг бус зүйлээс татгалзагтун” (Moронай 10:32).

Өөрийн бие махбод дахь амьдралыг тэтгэгч хүчийг ганцаараа буюу бусадтай нийлэн өөрчлөх гэж бүү оролд. Ингэхгүй байх нь Сүмийн жишиг. Сүмийн жишиг хэзээ ч өөрчлөгддөггүй юм. Та нарыг өсч хөгжихийн хэрээр ёс суртахуунгүй зүйлд сорин уруу татах оролдлого ихсэнэ. Үүнд бүү автагд!

Уруу татагдахгүй байх түлхүүр нь сахилга буюу хувийн сахилга юм. Сахилга гэдэг үг шавь буюу дагалдагч гэдэг үгнээс гаралтай юм. Аврагчийн шавь бөгөөд дагалдагч бай. Тэгвэл бид аюулгүй байх болно.

Биднээс ганц хоёрхон нь “Би ийм ноцтой алдааг аль хэдийн гаргасан гэм буруутай болохоор алдаагаа засах нь оройтсон” хэмээн боддог байж магадгүй. Оройтно гэж хэзээ ч байдаггүй.

Та нар гэртээ болон семинарт Есүс Христийн Цагаатгалын тухай заалгасан байгаа. Цагаатгал нь баллууртай адилхан бөгөөд гэм бурууг эсвэл түүнээс үүдэлтэй гэм буруугийн мэдрэмжийн үр дагаврыг арилгадаг.

Гэм буруу гэдэг бол сүнсний өвчин юм. Сүнсний өвчинд архагших боломжийг бүү олго. Үүнээс зайлсхий. Сүнсний өвчнийг тэр дор нь эдгээ. Шаардлагатай бол наманчил. Дайсан чамайг эрхшээлдээ оруулж чадахгүй болтол дахин дахин бас дахин наманчил.

Байнга наманчилснаар өнө удаан үргэлжлэх амар амгалан ирдэг

Амьдралд сорилт бэрхшээл, алдаа мадаг ээжлэн ирдэг. Хийх зүйлсийн жагсаалтандаа “байнга наманчлах” гэдэг үгийг нэмж бич. Энэ нь дэлхийн ямар ч үнээр худалдаж авч чадахгүй өнө удаан үргэлжлэх амар амгаланг та нарт авчрах болно. Цагаатгалыг ойлгох нь та нарын хувьд насны залууд сурч мэдвэл зохих хамгийн чухал үнэнүүдийн нэг байх ёстой.

Өөрийг чинь өсөн төлөвшихөд сайнаар нөлөөлөхийн оронд уруу татдаг хүмүүстэй нөхөрлөдөг бол тэднээс даруй салж, өөр найз нөхөдтэй бол. Та нар зарим үед ганцаардаж, уйтгарладаг байж магадгүй. “Ганцаараа байгаа үед ч гэсэн бидэнд нэг сайн нөхөр байдаг биш үү?” гэсэн асуултыг өөрөөсөө асуух нь чухал юм.

Өөрийг чинь эрхшээлдээ оруулсан муу зуршлаас салах нь хэцүү байж болно. Гэвч тэрхүү муу зуршлыг үлдэн хөөх хүч та нарт байгаа. Бүү цөхөр. “Бие махбодтой бүх хүмүүс бие махбодгүй тэднийг захирах хүчтэй байдаг” хэмээн Бошиглогч Иосеф Смит сургажээ.3 Бид уруу таталтыг эсэргүүцэж чадна!

Бид дайсантай яг нүүр тулан учрахгүй. Тэр өөрийгөө бидэнд харуулдаггүй. Харин тэр биднийг уруу татаж, сорихоор ирлээ ч гэсэн бид үргэлж давуу талтай байдаг. Хэрэв бид сонгох эрхээ ашиглавал тэр биднийг орхин зайлахаас аргагүйд хүрнэ.

Семинараас ирдэг адислалуудын ашиг тусыг хүрт

Та нар бол эгэл жирийн бус, онцгой, гайхалтай хүмүүс. Би үүнийг яаж мэддэг вэ? Есүс Христийн сайн мэдээ та нарын гэр орон болон Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн сургаал, үйл ажиллагаануудаар дамжин амьдралд чинь ирэх тийм цаг үе, тийм газарт та нар төрсөн учраас би үүнийг мэддэг юм. Энэ Сүм бол Их Эзэний Өөрийнх нь хэлснээр “бүх дэлхийн гадаргуу дээрх цорын ганц үнэн бөгөөд амьд сүм” (С ба Г 1:30).

Та нар жагсаалтан дээрээ нэмж болох өөр зүйлүүд бий. Гэвч амьдралдаа юу хийх ёстой, юу хийх ёсгүйг та нар мэднэ шүү дээ. Та нар юу зөв, юу буруу болохыг мэднэ. Тиймээс юм болгонд тушаал, заавар бүү хүлээ.

Семинарын жилүүдийг бүү дэмий үр. Сүмийн болон бошиглогчдын сургаалуудыг судалж мэдэхээс ирдэг агуу адислалуудыг олж авах боломжийг бүү алд. Хамгийн үнэ цэнэтэй зүйлсийг сурч мэд. Энэ нь та нарыг болон ирээдүйн олон үеийн үр удмыг тань адислах болно.

Цөөхөн жилийн дараа та нар гэрлэн, үр хүүхэдтэй болж, ариун сүмд гэрлэлтээ лацдан холбуулна. Та бүхнийг цаг нь болоход амьдралд хөлөө олон, тойрог,салбартаа амар тайван амьдрахын төлөө бид залбирдаг.

Итгэл, найдвараар жигүүрлэн урагш тэмүүл

Ирээдүйгээс бүү ай. Итгэл, найдвараар жигүүрлэн урагш тэмүүл. Ариун Сүнсний ер бусын гайхамшигтай бэлгийг санагтун. Үүгээр заалгаж сур. Үүнийг эрэлхийлж сур. Үүгээр амьдарч сур. Есүс Христийн нэрээр үргэлж залбирч сур (3 Нифай 18:19–20-ийг үз). Их Эзэний Сүнстэй нөхөрлөснөөр та бүхэн адислагдах болно.

Бид та бүхэнд туйлын их итгэдэг.

Намайг залуу байхад ирсэн гэрчлэлээ би та бүхэнтэй хуваалцъя. Та нар надтай л адилхан бөгөөд бусдаас юугаараа ч өөр биш юм. Та нар бусдын нэгэн адил энэхүү гэрчлэлийг олж авах эрхтэй билээ. Хэрэв та нар чин сэтгэлээсээ хичээвэл энэ гэрчлэл та нарт ирэх болно. Их Эзэний адислалууд буюу гэрчлэлийн адислалуудыг амьдралд тань байж, аз жаргалтай ирээдүйгээ цогцлон байгуулахад тань та нарыг удирдахад би урьж байна.

Эшлэл

  1. “Гэр бүл дэлхий дахинаа өргөх тунхаг,” Лиахона, 2010 оны 11-р сар, 129; мөн Moсе 3:5; Aбрахам 3:22–23-ыг үз.

  2. Гордон Б.Хинкли, “What Are People Asking About Us?” Ensign, 1998 оны 11-р сар, 71.

  3. Сүмийн Ерөнхийлөгчдийн сургаалаас: Иoсеф Смит (2007), 211.

Зураг чимэглэлийг Кари Хенри

Скотт Греерийн зураг чимэглэл