Би зоригтой байхын төлөө залбирсан
Фи Тианаривело, Мадагаскар
Манай аав, ээж хоёр Сүмийн гишүүн ч, идэвх султай. Гэр бүлийн цаг бүхнээс илүү чухал, сүмд явах, дуудлагаа сайн биелүүлэх болон бусад үйл ажиллагаанаас илүү чухал гэж аав, ээж хоёр үздэг учраас заримдаа үүнээс болж бидний дунд зөрчил гардаг.
Би Хүүхдийн Хэсэгт удирдагч бөгөөд тойргийн найрал дууны гишүүн учраас Сүмийн цуглаанууд заримдаа миний гэр бүлийн үүрэгт ажилд саад болдог. Нэг өдөр намайг Антананариво дахь цуглааны байранд болох ерөнхий чуулганы шууд нэвтрүүлгийг үзэхээр бэлтгэж байтал, аав ээж хоёр манайд зочид ирчихээд байгааг надад санууллаа.
“Чи гэр бүл, Сүм хоёрынхоо аль нэгийг сонгох хэрэгтэй шүү. Нэг бол чи гэртээ бидэнтэй хамт бай, чуулганд бүү оролц, нөгөө бол чи тэр чуулгандаа яваад шийтгүүлээрэй” гэж ээж надад хатуухан сануулав.
Би ээжтэйгээ ам муруйхыг хүссэнгүй. Тэгэхийн оронд Тэнгэрлэг Эцэгт хандан зориг, хүч чадал өгөхийг бас яах ёстойг мэдэхэд надад туслахыг Түүнээс гуйлаа. Би гэр бүлтэйгээ гэртээ байх уу эсвэл сүмд очиж, бошиглогчийн дуу хоолойг сонсох уу?
Залбирч дуусмагцаа би Ариун Сүнсийг мэдэрлээ. Чуулганд оролцож, бошиглогчийн үгийг сонсох нь надад хэчнээн чухал болохыг ээждээ тайлбарлах зоригийг Сүнс надад өгснийг би мэдэрсэн. Би өнөөдрийнхөө амьдралын талаар төдийгүй ирээдүйнхээ талаар чухал зөвлөгөө авах болно гэдгийг ээждээ хэлэх ёстойг мэдэрсэн юм.
Бурхан гайхамшгийг үйлдэж чаддаг, тиймээс аав, ээж хоёрын зүрх сэтгэлийг зөөлрүүлж, тэд намайг шийтгэлгүйгээр ерөнхий чуулганд оролцохыг зөвшөөрсөн билээ. Энэ бол миний амьдралд тохиолдсон гайхалтай үйл явдал байлаа. Энэ нь “Ариун Сүнсний хүчээр [бид] бүх зүйлийн үнэнийг мэдэж болно” (Moронай 10:5) гэсэн сударт өгүүлдэг үнэнийг надад батлан харуулсан юм.
Хэрэв бид үйлдлээ сайн мэдээний зарчмууд дээр төвлөрүүлж, Сүнсийг сонсох юм бол хийсэн сонголтууддаа үргэлж баяртай байж чадна. Энэ туршлага Бурхан бидэнд тусалдаг, Ариун Сүнс бидний амьдралд тусалдаг тухай миний гэрчлэлийг бэхжүүлсэн билээ.