2012
Ням гарагт ажиллах уу эсвэл сүмдээ явах уу?
2012 оны аравдугаар сар


Ням гарагт ажиллах уу эсвэл сүмдээ явах уу?

Кеня Иший, Япон

Эхнэр бид хоёр 1981 онд Японы Токиогийн Ариун сүмд гэрлэсэн. Гэрлэсний дараа бидний амьдрал эхний үед амар байгаагүй. Би ажилтай болсондоо баяртай байсан ч гэр бүлийнхээ зарлагыг нөхөхөд бидэнд бэрхшээл тохиолдлоо. Бид Тэнгэрлэг Эцэгээс тусламж гуйсан бөгөөд хэрэгцээгээ хангаж, аравны нэгээ төлж чаддаг болохын тулд чадах бүхнээ хийсэн юм. Хэрэв бид Их Эзэнд итгэх юм бол Тэр биднийг хэрэгцээт зүйлсээр хангах болно гэдгийг бид мэддэг байлаа.

Нэг долоо хоногт манай эхнэр, найз хоёр сонины нэг жижигхэн хайчилбарыг надад авчирч өглөө. Бүрэн цагийн англи хэлний багш ажилд авна гэсэн зарлал байлаа.

Тэгээд намайг тэр компанид товч намтраа явуулахад ирж ярилцлаганд орно уу гэв. Ярилцлага хийсэн хүн төгсгөлд нь “Та товч намтартаа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд сайн дураараа номлолын ажил хийсэн гэж бичжээ. Ингэхлээр та бүтэн сайн өдөр бүр сүмд явдаг гэсэн үг үү? Хэрэв та ням гарагт сүмд явах, ажиллах хоёрын аль нэгийг сонгох боллоо гэвэл алийг нь сонгох вэ?” гэж асуусан юм.

Надад илүү сайн ажил хэрэгтэй байсан болохоор энэ хэцүү асуулт байлаа. Гэвч би түр зуур бодсоны дараа “Би сүмдээ явна” гэж хариулав.

Ярилцлага хийгч инээмсэглэснээ “Аан, ойлголоо” гэв. Тэгээд компани тэр өдрийн орой гэхэд шийдвэрээ гаргана. Тиймээс хариугаа мэдэхээр утасдаарай гэж надад хэллээ. Өрөөнөөс гарч явахдаа ярилцлага амжилтгүй болсон юм байна гэж би бодлоо.

Орой нь утасдах цаг болоход би ихэд айж, нөгөөх компани руу залгалаа.

“Ярилцлагын дүн юу болсон бол?” гэж би нарийн бичгийн даргаас асуув. “Би унасан биз, тийм үү?”

Би хариугаа сонсоод мэл гайхсан ч баяртай байлаа.

“Бид таныг манайд ажиллахыг хүсч байна” гэж тэр хэллээ.

Сар орчмын дараа намайг яагаад ажилд авсныг би мэдсэн. Ярилцлага хийгч Хожмын Үеийн Гэгээнтэн бүрэн цагийн номлогчдын зэргэлдээх хаалганд амьдардгийг нарийн бичгийн дарга надад хэлсэн юм. Тэрээр өглөө бүр дугуйгаа унаж, ажилдаа яаран явдаг номлогчдыг олонтоо хардаг байсан гэнэ.

“Таныг тэр сүмд явдаг болохоор сүмийнхээ төлөө номлогчид нь шаргуу ажилладаг шиг бидэнтэй хамт бас тэгж шаргуу ажиллах байх гэдэгт тэр итгэлтэй байсан” гэж нарийн бичгийн дарга ярьжээ. “Та их азтай хүн шүү!”

Тэр цагаас хойш бидэнд хэрэгтэй бүх зүйл манайд үргэлж байдаг болсон.

Би энэ явдлыг бодох бүрдээ урам зориг орж, тайтгарлыг мэдэрдэг билээ. Бурхан хүүхдүүдээ адислахын тулд бусад хүмүүсийг олонтоо ашигладгийг би мэднэ. Сонины тэр зарлалыг надад авчирч өгөхөөр сүнслэгээр нөлөөлөгдсөн эхнэр, найз хоёртоо, ажилдаа үнэнч шаргуу номлогчдын агуу үлгэр жишээний төлөө, түүнчлэн бидний хичээл зүтгэлийг бидний сайн сайхны төлөө адислах хүчтэй, энэрэл хайраар дүүрэн, бидэнд үргэлж анхаарал тавин халамжилж байдаг Тэнгэрлэг Эцэгтээ талархлаа хэрхэн илэрхийлэхийг би мэдэхгүй байлаа.