Байх ёстой газраа олсон минь
Дорота Мюзиал, Польш
Сүмд элсэхээс өмнө миний амьдрал золгүй явдлаар дүүрэн байлаа. Аав, ээж хоёр салсны дараа намайг долоон настай байхад аав минь шоронд оров. Ээж минь архинд орж, үнэ цэнэтэй юм бүхнээ алдлаа. Намайг өнчин хүүхэд өсгөн хүмүүжүүлдэг нэг айлд өгөв.
Би эдгээр золгүй явдлуудаас болж үе тэнгийнхнээсээ илүү түргэн өсч том болсон юм. Нийгэмд байр сууриа олж чадна гэдэгт огт итгэдэггүй байснаас би үргэлж уцаартай, цухалдангуй байдаг байлаа. Бүр бага байхаасаа би тамхи татаж, Мэргэн Ухааны Үгэнд харш гэдгийг нь одоо мэддэг болсон бусад зүйлүүдийг хийж эхэлсэн. Би гэдэг хүн амьдралд хөлөө олохоос өнгөрсөн юм шиг санагддаг байлаа.
Гэр орныг нь цэвэрлэж хүмүүст туслах эсвэл амьдралынх нь түүхүүдийг сонсох нь надад баяр баяслыг авчирдаг байлаа. Хүмүүс надад итгэж болно гэдгийг мэддэг байхыг би юунаас ч илүү хүсдэг байлаа. Би нэг жил амралтаараа нэгэн настай эмэгтэйтэй танилцаж, үгийг нь сонсон, түүнд үйлчлэхээр шийдэв. Тэр эмэгтэй Христэд итгэгч байсан болохоор шашны тухай надад ярив.
Би Бурханд ерөөсөө итгэдэггүй байлаа. Бурхан үнэхээр байж болох юм, гэвч би амьдралд маань тохиолдсон олон таагүй зүйлд Түүнийг буруутгадаг байв. Гэвч тэр эмэгтэй Бурханд итгэхийн чухлыг тодорхой тайлбарлахад надад сонирхолтой санагдаж эхлэв. Тэр эмэгтэй намайг явахаас өмнө “Мормончууд Бурханы зарлигуудыг дагадаг” гэж хэлсэн нь миний сонирхлыг бүр ч их татлаа.
Мормончуудын тухай би огт сонсоогүй болохоор гэртээ ирээд интернет орж, хайлт хийлээ. Тэгээд би Mormon.org-т орж, үнэгүй Мормоны Номыг захиалав. Хэд хоногийн дараа номлогчид Мормоны Номыг надад авчирч өглөө.
Би Бурханд итгэдэг болно гэдэгтээ төдийлөн итгэхгүй байсан ч зөвхөн Түүнд итгээд зогсохгүй бас Түүнийг мэдэхэд номлогчид надад тусалсан билээ. Мормоны Номыг залбирч, судалдаг болсноор би аз жаргалыг олох, сайхан аянд гарсан юм. Би тамхи татахаа больсон юм. Бурханыг буруутгахаа больж, амьдралд минь өгсөн сайн сайхан зүйлийн төлөө Түүнд талархал өргөдөг болов. Түүний Хүү миний нүглийн төлөө бас миний амссан бүх уй гашуугийн төлөө зовон шаналсныг би мэдсэн. 2007 оны 10-р сарын 28-нд би Сүмд баптисм хүртсэн.
Хэрэв би урам хугаралтаас аз жаргалд хүргэсэн өөрчлөлтийг биеэрээ туулаагүй бол энэ нь боломжтой гэдэгт итгэхгүй байсан биз ээ. Өнөөдөр би Хүүхдийн Хэсэг дэх дуудлагадаа дуртай. Польшийн ганц бие залуу насанд хүрэгчдийн чуулганы үеэр үйлчлэлийн төсөл зохион байгуулах боломж олдсонд баяртай байна. Есүс Христийн сайн мэдээнээс миний олсон аз жаргал дээр Сүмийн үйлчлэлээр дамжуулан бусдад тогтмол туслах боломж нэмэгдлээ. Би Есүс Христийн ачаар эдүгээ хийдэг бүх зүйлээ цэвэр хайраар хийдэг болсон. Бидэнд сорилт бэрхшээл тохиолдлоо ч хэрэв бид Аврагчийг дагах юм бол алдахгүй, амьдрал сайхан гэдэгт би итгэдэг.
Бурханд итгэх итгэлтэй байх нь туйлын чухал гэж миний танилцсан эмэгтэйн хэлсэн нь үнэн байлаа. Хэрэв бид Түүнийг мэдэхгүй бол энэ дэлхийд байр сууриа олж чадахгүй. Эцэстээ би байх ёстой газраа олсондоо баяртай байна.