Бид юунд итгэдэг вэ?
Алсын хараатай амьдрал биднийг ирээдүйд бэлтгэдэг
Бэлтгэлтэй бөгөөд бие даах чадвартай байхад Хожмын Үеийн Гэгээнтнүүд итгэдэг. Бид ажилтай болохын тулд боловсролтой болж, санхүүгийн хямрал тохиолдсон хүнд үед, байгалийн болон бусад гамшгийн үед бэлтгэлтэй байхад итгэдэг. Хамгийн чухал нь бид Бурхан Эцэгтэйгээ Тэнгэрт дахин хамт амьдрахын төлөө мөн Есүс Христийн Хоёр дахь Ирэлтэд сүнслэг байдлын хувьд бэлтгэлтэй байхад итгэдэг. Юм бүхэнд ийнхүү бэлтгэлтэй байхыг алсын хараатай амьдрал гэдэг.
Алсын хараатай амьдрал нь бидний мөнхийн мөн чанарт тусгалаа олсон юм: Бид “[өөрсдийн төлөө] үйлдэх бөгөөд бусдаар өөрсөд дээрээ үйлдүүлэх нь үгүй болой” (2 Нифай 2:26). Их Эзэн биднээс хариуцлагатай бөгөөд бие даах чадвартай байхыг хүсдэг (С ба Г 78:14-ийг үз). Бид алсын хараатай амьдарснаар хариуцлагатай, өгөөмөр сэтгэлтэй, буурь суурьтай, нинжин сэтгэлтэй болох учраас Тэрбээр биднийг тийнхүү амьдрахыг хүсдэг. Бид хэдий чинээ бие даах чадвартай байна, төдийчинээ гэр бүлдээ болон бусдад тусалж чадна. Хэрэв бид өөрөө өлсгөлөн байвал өлссөн хүмүүсийг яаж тэжээх юм бэ? Хэрэв бид өөрсдөө мэдлэгээр дутмаг байвал яаж мэдлэгээ бусадтай хуваалцах юм бэ? Хэрэв бид өөрсдөө итгэлээр дутуу дулимаг байвал яаж бусдад итгэлээ хөгжүүлэхэд нь туслах юм бэ?
Алсын хараатай амьдралын зарчмуудад дараах зүйлс орно:
-
Бэлтгэл. “Бэлтгэгтүн та нар, ирэх тэр зүйлийн төлөө бэлтгэгтүн та нар, учир нь Их Эзэн ойрхон байна” (С ба Г 1:12).
-
Ажилсаг чанар. “Чи залхуу байх ёсгүй” (С ба Г 42:42).
-
“Бүр судлахаар мөн тэрчлэн итгэлээр, суралцахыг эрэлхийлэгтүн (С ба Г 88:118).
Сүмийн гишүүд өөрсдийнхөө төлөө өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийсэн ч үндсэн хэрэгцээгээ хангаж чадахгүй бол юуны өмнө гэр бүлийнхнээсээ тусламж хүсэх ёстой. Хэрэв гэр бүлийн гишүүд нь туслах боломжгүй бол Сүм тусалж болно. Бишоп болон салбарын ерөнхийлөгч гишүүдэд туслахын тулд “Их Эзэний агуулахын” нөөцөөс ашиглаж болно (С ба Г 82:18–19-ийг үз). Сүмийн аливаа тусламж нь гишүүдэд бие даах чадвараа дээшлүүлж, ажил хийж, амьдралаа өөд татахад нь туслах зорилготой юм.
Бид бие даах чадвартай болохын төлөө дараах зүйлс дээр ажиллах хэрэгтэй:
-
Сүнсний хүч чадал: Их Эзэнд итгэн, зарлигуудыг дуулгавартай дагаж, өдөр бүр залбирч, судруудыг судал; бусдад үйлчил.
-
Бие бялдрын эрүүл мэнд: Мэргэн Ухааны Үгийг дагаж, биеийн тамирын дасгал хийж бай; хангалттай унтаж амран, хувийн ариун цэвэр, эрүүл ахуйг сайн сахь.
-
Боловсрол: Бичиг сурч, ажлын ур чадвар эзэмш; “шилдэг номуудыг” (С ба Г 88:118) уншиж судал.
-
Ажил эрхлэлт: Өөрийнхөө болон гэр бүлийнхээ хэрэгцээг хангахын тулд ажил хий.
-
Гэрийн нөөцлөлт: Ундны цэвэр ус нөөцөлж, байнга болон урт хугацаанд хэрэглэх үр тариа, вандуй зэрэг хүнсний нөөцийг аажмаар бүрдүүл.
-
Санхүү: Аравны нэг болон бусад өргөлүүдийг төл; шаардлагагүй өр зээлээс зайлсхий; санхүүгийн нөөцийг аажмаар бүрдүүл.