2012
Дан Жонс (1810–62)
2012 оны аравдугаар сар


Агуу хүмүүсийн амьдрал мартагддаггүй

Дан Жонс (1810–62)

Сүмийг зохион байгуулагдсанаас хойш нэг саяас илүү номлогчид дуудагдсан боловч Дан Жонс саяд нэг тохиох ховор номлогч байлаа. Уэльсийн номлогчдын талаар Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008) ийн хэлсэн юм “Хөрвүүлсэн хүмүүсийнхээ тоогоор бол Дан Жонс Сүмийн түүхэн дэх хамгийн үр бүтээлтэй таван номлогч нарын нэг юм”.1

Тэр номлогч болохоосоо өмнө Уэльсээс Америкийн Нэгдсэн Улсад цагаачилсан байсан ба Миссури мөрөнд маш олон Хожмын Үеийн Гэгээнтнүүдийг Иллинойгийн Наувуд авчирсан Maid of Iowa нэртэй хөлөг онгоцонд ахмадаар ажиллаж байсан юм. Тэрээр 1843 онд Сүмд нэгдсэн бөгөөд Бошиглогч Иосеф Смиттэй дотно найзууд болсон ажээ.

Данийн номлол Иосеф Смитийн хамгийн сүүлд бичиглэсэн бошиглолыг гүйцэлдүүлжээ. Бошиглогч Иосеф Смит хөнөөгдөхийнхөө өмнөх орой Картейжийн шоронгийн цонх руу буудах буун дууг сонссон учраас шалан дээр унтахаар шийджээ. Түүний дэргэд Дан Жонс байлаа. Бошиглогч Дан Жонсоос үхэхээс айсан эсэхийг нь асуужээ. Тэр “Үхэх цаг нь ирсэн гэж бодож байна уу? Ийм агуу ажил хийж байгаа хүний хувьд надад үхэл тийм аймшигтай санагдахгүй байна” гэж хариулсан байна. Тэгээд Иосеф “Чи хэзээ нэгэн цагт Уэльсийг харах болно. Мөн чамд тохоогдсон номлолыг чи нас барахаасаа өмнө хийх болно” хэмээн бошигложээ.2

Бошиглогчийн амлалт Дан эхнэр Жейнийхээ хамт Уэльст үйлчлэхээр дуудагдах үед 1845 онд биеллээ олсон байна. Дан сайн мэдээг агуу итгэл үнэмшилтэйгээр заахад өөрийн авьяас билгийг ашигласан билээ. Тэрээр Уэльс ба Англи хэл дээр ус цас ярьдаг байсан төдийгүй хоёр хэлээр сургаалыг зааж, сонирхогчдын анхаарлыг олон цагийн турш татаж чаддаг байснаараа бичиглэсэн бошиглолын гэрч болжээ.

Уэльст байхдаа Дан Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн сэтгүүл, товхимол, номнуудыг Уэльс хэл дээр хэвлэж гаргасан байна. Дан Жонсын удирдлага дор Уэльс дэх номлогчид 29 салбарыг зохион байгуулж, түүний номлолын эхний жилд 1000 хүнд баптисм хүртээжээ. Тэрээр 1852 онд Уэльст хоёр дахь номлолоо хийхээр дуудагджээ. Тэр үед Сүмийнхнийг улам ихээр хавчиж, дарамталж байсан ч дөрвөн жилд 2000 хүн баптисм хүртээсэн байна.

Юта руу буцахдаа тэрээр маш олон Уэльс хөрвөгчдийг Ютад авчирчээ. Тэрээр 51 настайдаа нас барахдаа ойролцоогоор 5000 хүнийг АНУ-н барууны мужуудад ирэхэд нь тусалсан билээ.

Эшлэл

  1. Гордон Б.Хинкли, “The Thing of Most Worth,” Tambuli, 1994 оны 3-р сар, 8; Ensign,1993 оны 9-р сар, 7.

  2. Иосеф Смит, History of the Church, 6:601.

Зүүн гар талаас: Уэльс номлогч Дан Жонсийн хөрөг зураг. Хөлөг онгоц, Иллинойгийн Наувуд газардсан Дан Жонсын удирдсан хөлөг онгоцны загвар. Дан Жонс Уэльс хүмүүст цагаачлахад нь тусалжээ.