2012
Ньюел К.Витней (1795–1850)
2012 оны аравдугаар сар


Агуу хүмүүсийн амьдрал мартагддаггүй

Ньюел К.Витней (1795–1850)

Ньюел Кимбалл Витней 1795 оны 2-р сарын 5-нд АНУ-ын Вермонтод төржээ. Тэрбээр авьяаслаг бизнесмен байсан бөгөөд Сидни Гилберттэй нөхөрлөж, бизнесийнх нь түнш болжээ. Бизнесийнхээ эхний жилүүдэд тэд олон удаа томилолтоор явдаг байв. Ньюел нэг удаа бизнесийн томилолтын үеэрээ Огайогийн Көртландад Элизабет Анн Смиттэй танилцжээ. Ньюел Анн хоёр гурван жил болзож уулздаг байсан бөгөөд 1823 онд гэрлэжээ.

Ньюел, Анн хоёр үнэнийг хамтдаа эрж, эртний Христийн шашныг сэргээх зорилготой хэмээн мэдэгддэг байсан Кампбеллийн хөдөлгөөнд нэг хэсэг оролцдог байв. Нэг орой Ньюел, Анн хоёр “Ариун Сүнсний бэлгийг хэрхэн олж авч болохыг Их Эзэнээс асууж мэдэхийн тулд” залбирчээ. Залбиралдаа үзэгдлээр хариу авсан тухайгаа Анн ийн дүрсэлсэн байдаг: “Сүнс бидэн дээр оршиж, манай гэрийг үүл нөмөрлөө. … Тэгтэл: ‘Их Эзэний үгийг хүлээн авахад бэлтгэ, учир нь тэр үг ирнэ’ хэмээн үүлнээс гарах дууг бид сонслоо.’”1

Залбирлын энэ хариунаас хойш удалгүй 1830 оны 10-р сард Хожмын Үеийн Гэгээнтэн номлогчид Көртландад ирсэн ажээ. Арваннэгдүгээр сард Ньюел, Анн хоёр баптисм хүртэв. Хэдхэн сарын дараа Иосеф Смит, Эмма Смит хоёр Витнейнхний хаалгыг тогшжээ. Иосеф Ньюелийг нэрээр нь дуудаж, мэнд усыг нь мэдэхэд Ньюел Бошиглогчийн нэрийг мэдэхгүйгээ хэлж чадсангүй. Тэгэхэд нь Иосеф, “Би Бошиглогч Иосеф байна; та миний төлөө энд залбирсан шүү дээ. Одоо надаас юу хүсэхсэн бол?” гэж асуусан гэдэг.2 Витнейгийхэн тэгэхэд Смитийнхнийг хэдэн долоо хоног гэртээ байлгаж, 1832 оны есдүгээр сард тэднийг орон байраар хангасан аж.

Ньюел Смитийнхнийг орон байраар хангаснаас гадна дэлгүүрийнхээ дээд давхрыг бүхэлд нь Сүмд ашиглуулж байжээ. Витнейн дэлгүүрт Сүмийн удирдагчид хурал цуглаан хийж, Бошиглогчдын сургуулийг хичээллүүлж байв.

1831 оны 12-р сард Ньюел Сүмийн хоёр дахь бишопоор дуудагдсан бөгөөд хожим нь Сүмийн санхүүгийн үйл ажиллагааны менежерээр үйлчилж, мөнгөн хөрөнгөө эрхлэн зарцуулж, өрнөөс гарахад нь Сүмд тусалсан ажээ. 1838 оны намар Витнейгийн гэр бүл Миссурийн Фар Вестэд шилжиж ирэхэд Ньюел дахин бишопоор дуудагдав. Түүнээс хойш 10 жилийн дараа тэр гэр бүлийнхээ хамт хээр талыг туулан Солт Лейк уруу аян хийж, тэнд Сүмийн Тэргүүлэх Бишопоор үйлчилж байв.

Ньюел 1850 оны 9-р сарын 24-нд Солт Лейк хотод амьсгалын замын өвчнөөр нас баржээ.

Эшлэл

  1. Элизабет Анн Витни, Эдвард Таллижийн The Women of Mormondom (1877), 41–42-т эш татжээ.

  2. Иосеф Смит, Элизабет Анн Витнейгийн “A Leaf from an Autobiography,” Woman’s Exponent, 1878 оны 8-р сарын 15, 51-д эш татжээ.

Доод талд, зүүн дотор талд: Ньюел К.Витнейн сийлбэр хөрөг зураг. Доод талд, баруун талын оруулга: Огайогийн Көртланд дахь Витнейн дэлгүүрийн дээд давхар. Энэ дэлгүүрт Бошиглогчдын сургууль хичээллэж, Сүмийн цуглаанууд болдог байжээ. Доод талд: Витнейгийн дэлгүүр.