2012
Зөв шударга байдлыг гэр оронд заах нь
2012 оны аравдугаар сар


Сайн мэдээний сонгомол бүтээл

Зөв шударга байдлыг ОРОН ГЭРТЭЭ заах нь

Ахлагч Делберт Л.Стейпли 1896 оны 12-р сарын 11-нд АНУ-ын Аризонад төржээ. Тэрээр 1950 оны 10-р сарын 5-нд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүнээр дуудагдаж, 1978 оны 8-р сарын 19-нд нас барах хүртлээ уг чуулгад үйлчилжээ. Дараах үгийг тэрээр 1977 оны 2-р сарын 1-нд Бригам Янгийн Их Сургууль дээр хэлжээ. Энэ үгийн англи хэлээрх бүрэн эхийг speeches.byu.edu-гээс уншиж болно.

Ахлагч Делберт Л.Стейпли

Зөв шударга амьдрахыг хүүхдүүддээ зааж, сурган хүмүүжүүлэх нь эцэг эхчүүдийн үүрэг хариуцлага бас тэдэнд өгөгдсөн адислал юм.

Эцэг эхчүүд үр хүүхдийг нь Сатан уруу татах хүчтэй болохоос өмнө буюу тэднийг найман нас хүрч Бурханы өмнө хариуцлага хүлээхээс өмнө тэдэнд зааж, зан араншинг нь төлөвшүүлэх боломжтой юм. … Хүүхэд юу хэлж, юу хийж байгаагийнхаа төлөө хариуцлага хүлээх чадваргүй байдаг, үнэт эрдэнэ лүгээ адил амьдралынх нь анхны жилүүдийг Их Эзэн эцэг эхчүүдэд итгэмжлэл хүлээлгэн даатгасан билээ. Зөв шударга амьдрахыг хүүхдүүддээ зааж, сурган хүмүүжүүлэх нь эцэг эхчүүдийн үүрэг хариуцлага бас тэдэнд өгөгдсөн адислал юм.

Зөв шударга амьдрал болон шүтлэг бишрэлийн тухай гэр оронд заах хамгийн үр өгөөжтэй арга зам бол үлгэр жишээ юм. Эцэг эхчүүд өөрсдөө зөв шударга, цэвэр ариун амьдрах юм бол энэхүү үлгэр жишээгээрээ хүүхдүүддээ зааж, тэднийг сургаж хүмүүжүүлж чадна гэдэгт итгэлтэй байж болно. [Ерөнхийлөгч Давид O.МкКей (1873–1970) ийн сургажээ:] “Хэрэв та Бурханд итгэх итгэлийг заахыг хүсдэг бол Түүнд итгэх итгэлээ өөрөө харуул; хэрэв та залбирахыг заахыг хүсдэг бол өөрөө залбирч бай; … хэрэв та хүүхдээ дөлгөөн тайван зантай болгохыг хүсдэг бол өөрөө тайван дөлгөөн бай; хэрэв та хүүхдээ ариун журамтай, сайхан зантай, биеэ барьж чаддаг болоосой гэж хүсдэг бол эдгээр бүх зүйлээр хүүхдэдээ сайн үлгэр дуурайл үзүүл.”1 Ийнхүү үлгэр дуурайл үзүүлэх нь хүүхдэдээ үр ашигтай заахад тань нөлөөлөх болно. Иймд эцэг эхээсээ удирдамж авсан хүүхдүүд Сатаны уруу таталтын эсрэг өөрийгөө хүчирхэгжүүлж чадна. Сатаны зорилго бол тэднийг хариуцлагын насанд хүрмэгц амьдралыг нь сүйрүүлэх явдал мөн. Эцэг эхчүүд хүүхдээ эелдэг, шударга, тэвчээртэй, бүх цагт зөв зүйлийг хийх зоригтой байхыг хүсдэгчлэн өөрсдөө тийм байх үүрэгтэй. Үлгэр жишээ нь зүгээр заахаас хавьгүй илүү хүчтэй байдаг.

Гэр орны өдөр тутмын амьдрал Сүмийн зарчмууд болон жишгүүдтэй нийцэж байх ёстой. Бидний бизнесийн үйл ажиллагаа бидний шүтлэг бишрэлтэй тохирч байх ёстой. Хүүхдүүд хуурмаг занг маш түргэн анзаардаг. АНУ-ын төрийн зүтгэлтэн, зохиолч Жон Милтон, хоёр нүүр гаргах нь нүгэл бөгөөд үүнийг зөвхөн Бурхан л ялган таньж чадна гэж хэлжээ. Харин хүүхдүүд буруу зүйлд эмзэг ханддаг бөгөөд хуурмагаар дүр эсгэхэд дургүй. Бид заадаг сургаалаасаа илүүгээр амьдралын үлгэр жишээгээрээ хүүхдүүдэд нөлөөлдгөө мэддэг билээ. Эцэг эх нь хүүхдүүддээ үргэлж шударга хандаж, тэдэнд өгсөн амлалтаа биелүүлдэг, үргэлж үнэнийг ярьдаг байх ёстой. Энэ бол хүүхдийнхээ итгэлийг хүлээдэг эцэг эхийн шинж юм. Хүүхэд таныг өөрт нь хүндэтгэлтэй хандаж, итгэдгийг мэдрэх юм бол энэхүү итгэлийг хөсөрдүүлэхгүй бас өөрийг тань хүндлэх болно. …

Эцэг эхчүүд хүүхдийнхээ дэргэд хэзээ ч хэрэлдэж, маргаж болохгүй. Зарим үед эцэг эхчүүд хүүхдийн буруу үйлдлийг залруулах буюу сахилгажуулах гэснээс хэрүүл маргаан үүсдэг. Эцэг эх хоёрын нэг хүүхдээ шүүмжлэхэд нөгөө нь өмөөрдөг. Ингээд хүүхдэд санаа тавих эцэг эх хоёрын нэгдмэл шаардлага байхгүй болдог. Эцэг эхчүүд хүүхдэдээ ямар зөвлөгөө өгөх, юуг анхааруулж хэлэх талаараа нэгдмэл санаа бодолтой байх хэрэтэй. Эс тэгвээс хүүхэд эцэг эхийнхээ зөрүүтэй үгний учрыг олохгүй буруу замд орж болно. “Эцэг эхийн үг, санаа бодол зөрөх нь шударга бус хэрэг бөгөөд хүүхдийг төөрөлдүүлэх, гэр бүлийн суурийг сулруулах муу нөлөөтэй. Хүүхдийн удирдамж, зөвлөгөө авахыг хүсдэг хүмүүс нь өгч байгаа удирдамжиндаа санал нэгдмэл байх ёстой.” гэж Ричард Л.Эванс хэлжээ.2 Хүүхдүүд гэр бүлийнхээ сэтгэл санааны байдалд мэдрэмтгий байдгийг бид мэднэ. Тэд гэр бүл дэх сэтгэл санааны түгшүүртэй байдал, өөрчлөлтийн учир шалтгааныг тэр бүр ойлгодоггүй эсвэл мэддэггүй. …

Хүүхэд гэр орноо өөрийн амьдрах газар, гаднаас ирж болзошгүй дэлхийн аюул, хилэнцээс өөрийг нь хамгаалах газар гэж мэдрэх эрхтэй юм. Хүүхдийн энэхүү хэрэгцээг хангахад гэр бүлийн эв нэгдэл, зарчимч байдал чухал. Энэ амьдралд урт удаан үргэлжлэх, жинхэнэ аз жаргалыг олох газар гэр орноос өөр хаа ч байхгүй. Гэр орныг тэнгэрийн бяцхан хэсэг болгох нь боломжтой зүйл. Би тэнгэрийг энэ дэлхий дээрх бидний төгс гэр бүлийн амьдралын үргэлжлэл гэж боддог.3 …

Бидний заадаг сайн мэдээ үнэн. Христ амьд, Бурхан амьд бөгөөд итгэл бишрэлтэй, бие сэтгэл бүхнээ энэ ажилд зориулдаг Түүний бүх хүүхдүүдэд тэнгэрт гайхамшигтай орд харшууд бэлтгэгдэж байна. Гэр орон, гэр бүл тань ямархуу байхыг, селестиел хаант улс дахь мөнх амьдрал руу гэр бүлийг тань хөтлөх зөв зам дээр үр хүүхдээ байлгаж, хэрэгцээг нь хэрхэн хангахаа одооноос эхлэн төлөвлө. Ах, эгч нар минь, Бурхан та нарыг нэг бүрчлэн адислах болтугай. Энд яригдсан зүйлсийн ихэнх нь та нарт хамаатайг та бүхэн ойлгож байгаа гэдэгт би итгэлтэй байна. Гэр орноо цэвэр ариун байлгаж, энэхүү ариун байдлаа үргэлж ахиулж байх нь амьдралыг тань адислахаар ирэх хойч үеийнхэнд чинь туйлын чухал юм.

Эшлэл

  1. Давид O.МкКей, Secrets of a Happy Life, эмхтгэсэн Ллюлин Р.МкКей (1967), 11.

  2. Richard Evans’ Quote Book (1975), 23.

  3. Давид О.МкКей, Gospel Ideals (1953), 490-ийг үз.

Зураг чимэглэлийг Крейг Даймонд © IRI