2013
Африк—өөдрөг найдварын тив
оны 2013


Aфрик

Өөдрөг найдварын тив

Африк болон Мадагаскар дахь хожмын үеийн гэгээнтнүүдийн итгэл ба дуулгавартай байдал газар бүрийн cүмийн гишүүдэд үлгэр жишээ болж байна.

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд Либери, Гана, Сиерра Лионд хийсэн айлчлалынхаа үеэр “Африкийн хүмүүсийг хайрлах маш амархан”1 хэмээн Сиерра Лионы Фритаунд байхдаа хэлжээ.

Тэрээр Африкийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сайн мэдээг хайрлах хайраасаа олж авсан итгэл ба дуулгавартай байдал нь cүмийн бүх гишүүдэд үлгэр жишээ болж байна гэжээ.

Ахлагч Холланд хэлэхдээ “Сайн мэдээ тэдэнд хэчнээн чухал зүйл болохыг, тэд сайн мэдээгээр хэрхэн амьдардаг болон үүнийг хэрхэн хайрладгийг мөн тэд аравны нэг төлөх болон үйлчлэлдээ хэчнээн үнэнч шударга байдгийг харсан нь жинхэнэ гайхамшиг байв. Миний бодлоор ариун сүмд явах нь тэдний хамгийн эрхэм дээд зорилго юм. Эцэст нь тэд үр хүүхдүүдээ сүмд өсгөж; хөвгүүд, охидоо номлолд явуулж байгааг харсан нь үнэхээр гайхалтай байлаа. Энэ бол тэдний итгэл бишрэлийн гайхамшигтай нотолгоо мөн” гэжээ.2

Таны нүдний өмнө

Ахлагч Холланд дурдахдаа Өмнөд Африкийг эс тооцвол (тэнд 1970 онд анх гадас зохион байгуулагджээ) сүм Африкт бий болоод 30 хүрэхгүй жил болж байна. Тиймээс Африкийн сүм “таны нүдний өмнө, маш богинохон хугацаанд өсөн өндийж байгаа” бөгөөд “Африк нь таны хувьд Их Эзэний алдар суу, сэргээлтийн гайхамшиг ба гайхалтай зүйлс шууд таны нүдний өмнө бий болж байгааг харж болох газруудын нэг юм” гэжээ.3

Тэр ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008) тэнд ариун сүм барих тухай зарлах үед түүнтэй хамт Ганын Акрад байснаа үргэлж дурсан, санаж явах болно. “[Хүмүүс] баярлацгаан, уйлж, бүжиглэн, бие биенээ тэвэрч байлаа. Тэрхүү баяр талархлын сүнс одоо ч гэсэн үргэлжилсээр байна. Энэ бол африкчуудыг хайрлах миний хайр, энэ бол сайн мэдээнд хязгааргүй баярласан тэдний хөөр баясал юм. Тэдний ихэнх нь ядуу тарчиг амь зуулгатай ч сайн мэдээг бүрэн хүлээн авч дагасан юм. … Тэд одоо ч, бүр өнөөдрийг хүртэл тийм хэвээрээ байна” гэжээ.4

Бошиглолууд биелэгдсэн нь

Африкт ажил үүргээ биелүүлж, тэнд очсон бусад бошиглогч, төлөөлөгчид энэ тивийг Их Эзэний бошиглолууд жинхэнэ ёсоор биелэгдэж байгаа газар гэж хэлсэн юм.

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Ричард Г.Скотт Нигери болон Мозамбик дахь cүмийн гишүүдтэй хийсэн уулзалтынхаа үеэр “Африкчууд сайхан сэтгэлтэй, тэвчээртэй хүмүүс. Тэдэнд зарим зүйлсийг хийх хангалттай орлого байдаггүй эсвэл санхүүгийн эх үүсвэр дутагддаг, тиймээс тэд ийм зүйлсийг ердөө бор зүрхээрээ л хийдэг. Тэд Ариун Сүнсээр өдөөгдсөн ямар нэг зүйлийг хийхийн тулд, энэ ажлыг урагш ахиулахын тулд маш олон, бүр үй олон километрийг алхах болно” гэжээ.5

Сайн мэдээг энэ оронд номлохын тулд ахлагч Скотт 1999 онд Мозамбикийг онцгойлон адислах үед тэнд ердөө 40 гишүүн байсан бөгөөд энэ улс Өмнөд Африкийн Иоханнэсбург Номлолд харьяалагддаг байжээ. 2011 оны нэгдүгээр сард түүнийг хоёр дахь удаагаа айлчлахад Мозамбик дахь cүм 5 000 гаруй гишүүн, 2 дүүрэг, 19 салбартай болж, улс даяар өссөн байв. Мозамбик нь түүнчлэн Ангол улсыг багтаасан Мозамбикийн Мапуто Номлолын удирдах газар юм.6

Залуу байгаа ч гэсэн өсөж байна

“Сүм энд залуугаараа байна”7 гэж Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсон Мадагаскар, Малави, Кенид айлчлах үедээ хэлжээ. Тэрээр “Бид Их Эзэн энэхүү агуу Африк тивд хүмүүсийг … өргөмжлөл ба авралын ёслолуудыг багтаасан сайн мэдээний гэрэл ба үнэнээр адислахаар ажиллаж байгааг харж байна.8 Би Африкийн орон нутгийн сүмийн удирдагчдын хүч чадалд үнэхээр гайхширсан шүү. Бид эдгээр хүмүүсийн амьдралыг адислахаар Их Эзэний үйлчлэлд цаг зав, авьяас чадвараа зориулж буй орон нутгийн удирдагчдад маш их талархаж байна”9 гэсэн билээ.

Ахлагч Нэлсон Африк ба Мадагаскар дахь хүмүүс болон cүмийн ирээдүйн талаар “үнэхээр өөдрөг” сэтгэгдэлтэй байна. Учир нь тэдний итгэл сорилт бэрхшээлээс нь илүү хүчирхэг байна. “Та нар үнэхээр Их Эзэн Есүс Христ болон Бурхан, бидний Мөнхийн Эцэгтэй уулзаж, Тэдний оршихуйд гэр бүлтэйгээ хамт амьдрахаар бэлтгэгдсэн Израилын гэрээт хүүхдүүд, Бурханы хүүхдүүд юм”10 хэмээн Мадагаскар дахь нэгэн уулзалт дээр хэлжээ. Ахлагч Нэлсон бас “Эдгээр хүмүүс бол агуу чадавхтай хүмүүс. Тэд итгэлтэй болжээ. Тэдэнд Их Эзэний хайр болон хүмүүсийг үнэхээр хүчирхэг болгоход шаардлагатай бүх зүйл байна” гэжээ.11

Кенийн Найробид болсон нэг ярилцлагын үеэр ахлагч Нэлсон “Бидэнд хожмын үеийн гэгээнтнүүдийн цуглааны байрууд байна. Бид Найробид нэг гадастай боллоо. Өнөөдөр бид гадасны чуулганаа хийж байна. Хүмүүстэй уулзах нь сэтгэл догдлом сайхан байлаа. Мянга гаруй хүн цуглажээ. Тэд их хүндэтгэлтэй байв. Тайзан дээр гайхалтай сайхан найрал дуу, онцгой сайн гадасны зөвлөл бас патриарх байлаа. Би ийм их өсөлт хөгжлийг хараад баяр хөөрөө хэрхэн илэрхийлэхээ мэдэхгүй байна!” гэж хэллээ.12

Бэрхшээлийг эс хайхран

Африк дахь cүм нь олон сорилт бэрхшээлтэй тулгарсан ч хөгжин дэвжиж байна хэмээн ахлагч Холланд хэлжээ. Тухайлбал: Тэрээр “Зааны Ясан Эрэг улсад иргэний дайн дэгдсэн ч хожмын үеийн гэгээнтнүүд … ариун сүмд ирсээр байна. Энэ нь тэдэнд агуу хүндэтгэл, нэр төрийн хэрэг болж байлаа. Би үнэхээр бишрэн, гайхсан шүү” гэжээ.13

Сиера Лион, Либер хоёрын талаар aхлагч Холланд хэлэхдээ “Энэ хоёр орон саяхан цус урсгасан хэрцгий дайнд нэрвэгдсэн учраас энэ нь сайн мэдээ ийм гайхалтай хурдаар дэлгэрсэн шалтгаануудын нэг болсон юм. Тэд амьдрал ямар байж болохгүйг харсан бөгөөд одоо тэд номлогч болон гишүүдийн гэрчлэлтэйгээр тэд амьдрал ямар байж болохыг харсан. Тэнгэр тэдний зовлон бэрхшээлийг адислал болгон хувиргаснаар тэд өөрсдийгөө улс төрийн тодорхойгүй байдал болон иргэний зөрчилдөөнөөс гаргаж байна” гэжээ.14

Түүнээс гадна, ахлагч Холланд Зимбабве дахь сүм ойрын жилүүдэд хүнд үеийг туулсан ч өсөж хөгжсөөр байгааг онцгойлон, “Сүм хөгжин дэвжлээ. Бид өсөлт хөгжлийг мэдэрч, харж байна. Бид гадас, номлолуудтай боллоо. Энэ бол Африк даяар болж байгаа үйл явц юм” гэж хэллээ.15

Сайн мэдээг номлох нь

“Африк дахь сүмийн амжилтын нэг түлхүүр нь бид улс төр, нийгмийн асуудлуудад илэрхий оролцдоггүйд оршино. Бид сайн мэдээг номлодог бөгөөд шударга ёс, нийгмийн тэгш байдал ба адил тэгш боломжийн төлөө санаа тавьдаг. Гэвч бид эдгээр асуудлуудын хариулт сайн мэдээнд байдаг гэж боддог учраас зөвхөн сайн мэдээг л номлодог. Хүмүүс сайн мэдээний ойлголт, адислал ба гэрлийг амьдралдаа хүлээж авснаар юмс тэр даруй өөрчлөгдөж эхлэн, амьдрал нь адислагддаг нь хаана ч гэсэн үнэн бөгөөд Африкт ч мөн адил юм” хэмээн aхлагч Холланд хэлжээ.16

Их Эзэний амлалт

Ахлагч Холланд “сүүлчийнх нь эхнийх болж, эхнийх нь сүүлчийнх байх болно” (Матай 20:16) гэсэн Аврагчийн үгийг эш татав.

“Зарим талаар сайн мэдээ Африкт оройтож ирсэн ч бид үүнийг Их Эзэний цагт л амжуулж чадсан. Үнэхээр Их Эзэний цагт хэмээн би баталж чадна шүү. Африкчууд номлол ба номлогчид, санваарын адислал гэх мэт зүйлстэй болж эхэлсэн нь харьцангуй саяхан юм. Африк бол том тив бөгөөд бидний туулах зам урт байна. Гэхдээ Африкт бидний харж байгаа өсөлт хөгжилт Их Эзэний амлалтын биелэлтийн хэсэг гэдэгт би итгэдэг. Африкийн хожмын үеийн гэгээнтнүүд итгэлээр жигүүрлэн, урагшилж байна. Тэд замдаа явж байна. Тэд сайн мэдээг хүлээн авч, үр дүнг нь амьдралдаа харагдахуйц болгоход сорилт бэрхшээлтэй тулгарч байгаа” гэж тэрбээр ярилаа.17