2013
Зүнгүс-ээс найз нартаа
оны 2013


Зүнгүгээс найздаа

Ахмад номлогчдын энгийн үйлчлэл хүмүүсийн сэтгэлд хоногшин үлджээ.

Зүнгү модон дээр байна уу? Зүнгү модон дээр юу хийж байсан юм бол? Тэр модны мөчрийг маш хурдан тасдахад ямар багаж ашигласан юм бол?

Гадаад хүн (зүнгү) зайгаар ажилладаг ир нь хоёр тийшээ хөрөөддөг хөрөөгөөр аварга том сүүдэрт модноос өмхөрсөн мөчрийг нь тайрч байхыг харсан угандачуудын оюун санаанд дээрх асуултууд төрнө. Уг багаж нутгийнханд гайхмаар зүйл байлаа. Тэднээс олон нь ийм зүйл өмнө нь огт харж байгаагүй ажээ.

Гэвч тэдэнд илүү гайхалтай нь зүнгү байлаа. АНУ-ын Ютагаас ирсэн ахмад номлогч ахлагч Роналд Харрис модны оройн хэсгээс өмхөрсөн мөчрийг ар араас нь тайрна. Доор зогсох хүмүүс гадаад хүн тэдний нэгд нь ийм ажил хийж өгч байгаад гайхаж байв.

Эцэст нь, Ахлагч Харрисын энгийн үйлчлэл нь cүм болон түүний хүмүүстэй харилцахыг хүсдэггүй хэн нэгэнтэй нөхөрлөх эхлэлийг тавьсан.

Годфритэй танилцсан нь

Ахлагч Роланд Харрис, Жанэт Харрис эгч хоёр 23 сарын номлолоор Угандагийн Кампала номлолд үйлчилж байв. Харрис эгч мэргэшсэн сувилагч бөгөөд номлогчдын эрүүл мэндийн зөвлөгчөөр дуудагдсан ажээ. Ахлагч Харрис хорвоогийн бараг бүх юмсыг засч чадах ур чадвартай, тэтгэвэрт гарсан барилгын хянагч бөгөөд cүмийн барилга байгууламж, тоног төхөөрөмж болон номлолын тээврийн хэрэгслийг хариуцдаг байв.

Ахлагч Харрис, Харрис эгч хоёр Угандад ирээд удаагүй байхдаа орон нутгийн cүмийн гишүүн Мэриг гэрээ цэвэрлэхэд туслуулахаар хөлсөлжээ.

Мэри гурван жилийн өмнө баптисм хүртсэн байв. “Бид түүнд улам хайртай болж байгаа.” “Тэр бидэнд Угандад юмс ямар байдгийг заасан” гэж Харрис эгч ярилаа.

Мэритэй лавхан танилцахын хэрээр тэдний нөхөрлөл гүнзгийрч байлаа. Тэд түүний нөхөр Годфригийн талаар ч бас мэдэж авсан гэнэ. Тэр сайн хүн хэдий ч cүмийн гишүүд, ялангуяа номлогчдоос зай барьдаг байв. “Тэр номлогчдыг гэртээ оруулдаггүй” гэж Харрис эгч хэллээ. Гэсэн ч Мэри нөхрөө тэдэнтэй уулзуулахыг хүссэн хэвээр байлаа.

Мэри Харрисынхныг гэрээрээ нэг ороод гарахыг урьжээ. “Бид ямар нэг юм хүсэн хүлээгээгүй. Бид Годфрид Мэри бол бидний хайртай найз, тиймээс түүний гэр бүлтэй танилцмаар байна гэж л хэлсэн” гэж Харрис эгч хэлжээ. Годфри тэдэнтэй уулзсан ч зөвхөн танил байхаас цааш тэдний талаар мэдэхийг хүсэхгүй байлаа.

Харин ахлагч Харрис цахилгаанаар ажилладаг багаж, шат авчирч, үйлчлэх саналаа хэлэхэд бүх зүйл өөрчлөгдсөн гэнэ.

Эргэлтийн цэг

Годфри, Мэри хоёрын гэрийг дээвэр дээр нь хэзээ хэзээгүй унаж мэдэх өмхөрсөн илүү гарсан мөчрүүдээр дүүрэн өндөр моднууд хүрээлсэн байв.

Ахлагч Харрис шууд л ажилдаа орлоо. Тэр 25 см хүртэл диаметртэй мөчрүүдийг тайран, 4 цагийн турш модны орой дээр байлаа. Мөчир тайрах ажлыг бүр эртнээс хийх хэрэгтэй байжээ. “Би газраас хамгийн багадаа л 6 метрийн өндөрт ажиллаж байлаа” гэж ахлагч Харрис хэлэв. Хажуугаар нь өнгөрсөн хүмүүс харсан зүйлдээ итгэж ядан байлаа.

Годфри ч бас мэл гайхсан гэнэ. “Тэр бидэнд дахин дахин талархсан” гэж Харрис эгч хэллээ. Мод тайрах зэрэг харьцангуй энгийн ажил томоохон аз туршилт байж болно. “Тэдэнд эрүүл мэнддээ анхаарал тавьж, үүндээ зориулах мөнгө байдаггүй” гэж Харрис эгч тайлбарлав. Жишээ нь: Хэрвээ хэн нэг нь модноос унаад хөл, гараа хугалчихвал өөрсдөө л эдгээдэг.

Газар дээрх модны овоолоостой тайрдас дотны нөхөрлөлийн суурийг тавьсан юм. Ахлагч Харрис “Годфри түүнээс хойш гэрээсээ гарч ирэн, бидэнтэй мэндэлдэг болсон” гэв. Годфри, Мэри хоёр бас cүмийн бусад гишүүдийг гэртээ урьдаг болжээ.

Нил мөрнийг гаталсан нь

Цаг хугацаа өнгөрөх тусам ахлагч Харрис, Харрис эгч хоёр Годфри, Мэри хоёрт улам дассаар байлаа. Эцэст нь энэхүү нөхөрлөл номлолынх нь хугацаа дундаа ороод байсан үед Харрисынханд тохиолдсон гэнэтийн гай зовлонд хүч чадал, дэмжлэг тулгуур болсон юм. Тэд хүү Брэд нь хурдны зам дээр ослоор нас барсан гэсэн мэдээг хүлээн авчээ.

Мэри, Годфри хоёр үүнийг сонсмогцоо хамгийн сайхан хувцсаа өмсөөд голын нөгөө талд байдаг хайрт найзууд руугаа очихоор аюултай замд гарсан гэнэ.

Угандад хэдхэн хүн л хувьдаа машинтай ажээ. Тэд нэг бол явган явдаг, нэг бол такси хөлсөлдөг. Тэнд хамгийн өргөн хэрэглэгддэг такси нь бода бода хэмээх хамгийн сайндаа зургаан хүн суулгах багтаамжтай мотоцикл байлаа.

“Харанхуйд бода бода унах нь аюултай шүү” гэж Харрис эгч сануулав. Тэд харанхуйд бода бода-гаар Нил мөрнийг гаталж наашаа ирсэн юм.

Годфри, Мэри хоёр шөнө дунд аюултай замыг гатлан, “гашуудах тэдний хамт гашууда[ж]” мөн “тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулах[аар]” (Мозая 18:9) хүрч ирсэн аж. Тэр орой тэд өрөвч сэтгэл ба хайр энэрлээр үнэхээр дүүрэн байлаа. Тэдэнд үйлчлэл үзүүлсэн хүмүүс бол Мэри, Годфри хоёр байв. Харрис эгч “тэдний үйлчлэл үнэхээр гайхалтай байсан” гэж хэллээ. Мэри бүгдээрээ өвдөг сөгдөн хамт залбирах санал гаргажээ. Годфри өчүүхэн ч эргэлзэхгүйгээр залбиралд нэгдсэн гэнэ.

Ахлагч Харрис, Харрис эгч хоёр Брэдийн оршуулгад оролцохоор АНУ-ын Калифорни руу буцжээ. Дараа нь тэд номлолоо дуусгахаар Угандад эргэж ирэв. Роланд Харрис, Жанэт Харрис хоёр одоо Ютад гэртээ эргэж ирсэн ч Мэри, Годфри хоёртой ойр дотно хэвээр байгаа ажээ.

Үйлчлэл бол бидэнд хаалттай байдаг хаалгыг онгойлгох түлхүүр лүгээ адил юм. Ерөнхийлөгч Томас С.Монсон “Амин хувиа үл хичээсэн үйлчлэл нь хар амиа бодсон чармайлтыг биш, харин Бурханы зорилгыг биелүүлэх хүчийг” гэсэн билээ. (“Үйлчлэх хүсэлтэй мөн зохистой байх нь,” Лиахона, 2012 оны 5-р сар, 74-р хуудас).