2013
Хоёр дахь ирэлтэд бэлтгэх нь
оны 2013


Хоёр дахь ирэлтэд бэлтгэх нь

“Terror, Triumph, and a Wedding Feast,” 2004 оны 9-р сарын 12-нд залуучуудад зориулсан Сүмийн Боловсролын Системийн галын дэргэдэх ярилцлагаас. Англи хэлээрх бүрэн эхийг: speeches.byu.edu-аас үзнэ үү.

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

Өнгөрсөн үеийн агуу эрэгтэй, эмэгтэйчүүд өөрсдийгөө бус харин та нарыг амжилтад хүрнэ гэдгийг мэдэж байсан учраас тэд үргэлж урагшилж, гэрчлэн, бүхнийг хамгийн сайнаар хийхийг хичээж байсан юм.

Зураг
Jesus Christ dressed in a red robe walking among people who are reaching out to him.

Christ in a Red Robe, Минэрва Тэйчэрт © IRI, Сүмийн Түүхийн Музейн зөвшөөрлөөр нийтлэв.

Бид хүн төрөлхтөнд өгөгдсөн сайн мэдээний хамгийн агуу эрин үед мөнх бус амьдралд ирсэн бөгөөд энэ үеийг хамгийн сайнаар ашиглах хэрэгтэй.

Би бошиглогч Иосеф Смитийн хэлсэн дараах үгэнд дуртай. Эртний бошиглогч, санваартан болон хаад “өдгөө бидний амьдарч байгаа үеийг баяртайгаар хүсэн хүлээж, тэнгэрээс Cүнсээр нөлөөлөгдөн, манай өнөө үеийг үзэлгүйгээр хорвоог орхисон юм.”1 Ерөнхийлөгч Вилфорд Вүдрафф үүнтэй адилаар нотлон хэлэхдээ: “Бурханы мэлмий болон ариун бошиглогчид биднийг харж байгаа. Энэ бол дэлхийн эхлэлээс яригдаж байсан агуу эрин үе билээ” гэжээ.2

Надад эртний эрин үеүдэд амьдарч байсан удирдагч, гэр бүл болон хүмүүсийн тухай бодит үзэл бодол байдаг. Би тэдний тухай болон тэдэнд тулгарсан сүйрлийн нөхцөл байдлын талаар боддог байсан. Тэд аймшигтэй хүнд цаг үеийг туулсан бөгөөд ихэнх нь өөрсдийн эрин үедээ амжилтад хүрээгүй юм. Үнэндээ энэхүү хожмын өдрүүд дэх сайн мэдээний сэргээлтийн бүхэл үзэл санаа нь сайн мэдээ тэрхүү эртний үеүдэд тэсэн үлдэх боломжгүй байсныг харуулдаг. Тиймээс энэ нь эцсийн ялгуусан эрин зуунд сэргээгдэх ёстой байв.

Ялагдашгүй эрин үе

Товчхондоо, ямар нэг урвалт болон сүйрэл нь цаг хугацааны бүхий л үеийн туршид байсан ерөнхий эрин үе бүрийн эцсийн хувь тавилан байлаа. Гэвч энд би өөрийн үзэл бодлыг тайлбарлая. Миний үзэл бодол бол өнгөрсөн үеийн агуу эрэгтэй, эмэгтэйчүүд болон удирдагчид өөрсдийгөө бус харин та нарыг амжилтад хүрнэ гэдгийг мэдэж байсан учраас тэд үргэлж урагш давшиж, гэрчлэн, чадах бүхнээ хийхийг хичээж байсан гэдэг явдал юм. Сайн мэдээ ялан дийлэхийг харах шийдэмгий хичээл зүтгэлтэй, дэлхий даяарх олон зуун мянган залуусын сүр жавхлант цугларалтаас та нарын авдаг шиг тийм агуу урам зориг, найдварыг тэд өөрсдийн нөхцөл байдлаас тийм ч ихээр авдаггүй байсан гэдэгт би итгэдэг.

Моронай өөрийнх нь нь цэдгийг эцсийн өдрүүдэд хүлээн авах бидэнд хандан хэлэхдээ:

“Болгоогтун, та нарын дунд эдгээр зүйлс гарч ирэх тэр өдөр, удахгүй ирэх ёстой түүний талаар Их Эзэн надад агуу хийгээд гайхамшигт зүйлийг үзүүлсэн болой.

“Болгоогтун, хэдийгээр та нар үгүй ч, та нар өмнө минь буй мэтээр би та нартай ярьж байна. Гэвч болгоогтун, Есүс Христ та нарыг надад үзүүлсэн, мөн би та нарын үйлийг мэднэ” (Moрмон 8:34–35) гэжээ.

Аль ч талаас нь авч үзсэн, бүх бошиглогч болон эртний төлөөлөгчид амжилт муутай цаг үедээ тэдэнд урам зориг өгч байсан үзэгдэлд манай өнөө үеийг харж байсан гэж би үнэхээр боддог. Тэдгээр эртний ах нар биднийг гайхмаар үй олуулаа болно гэдгийг мэдэж байжээ. Мосе, Нифай, Жаредын ах зэрэг бошиглогчид хожмын өдрүүдийг үзэгдэлд үнэхээр гайхмаар нарийн тодорхой харсан юм. Тэдний харсан зүйлсийн зарим нь тийм ч таатай байгаагүй ч эртний бүх эрин үеүд эцсийн эцэст ялагдашгүй нэгэн эрин үе байх болно гэсэн мэдлэгээс урам зориг, итгэл найдвар авч байсан юм.

Тэдэнд “тэнгэрлэг, баяр хөөртэй хүсэн хүлээлтийг” өгч, ялалтыг дуулж мөн бошиглоход хүргэсэн тэр өдөр нь тэднийх бус харин бидний өдөр байсан юм. Цаг хугацааны эхлэлээс бид бүгдийн тухай бошиглогчид харсаар ирсэн бөгөөд эртний тэдгээр ах нар биднийг зоригжуулан, дэмжсэн хэвээр байгаа өнөө үе бол бидний үе! Тэд өөрсдийн бүхий л амжилтыг бидний итгэлтэй байдал болон ялалтад нөлөөлөх болно гэж үздэг байсан нь үнэхээр бодитой юм. Алма, Абинадай нар болон тэдний гуйн залбирдаг байсан зүйлсийг бас Петр, Паул хоёр болон тэдний хийсэн золиослолуудыг санан, эцсийн өдрүүдийн тулалдаанд оролцох тухай санаа надад таалагддаг. Түүхийн үйл явдлыг ийм байдлаар дүрсэлсэнд та сэтгэл догдлохгүй байж чадна гэж үү!

Зураг
Ancient and modern depictions of missionary work.

Христийн cүмийг Түүний ирэлтэд бэлтгэх нь

Манай эрин үеийн хэтийн төлвийн талаар энэхүү үзэл бодлын өөр нэг талыг би энд дурдья. Бүх эрин үеүдээс эцсийн бөгөөд хамгийн агуу нь манай эрин үе учраас, бүх зүйлс бидний үед төгсгөлдөө орж, биелэгдэх учраас эрт үеийн cүмийн гишүүдийн мөрөн дээр байгаагүй нэг тодорхой үүрэг хариуцлага өнөөгийн cүмийн гишүүд бидэнд ноогдож байна. Абрахам ба Мосе, Исаиа ба Езекиел эсвэл бүр Шинэ Гэрээний Иаков болон Иоханы үеийн cүмтэй адилгүй нь, Бурханы Хургыг Хаадын Хаан, Эздийн Их Эзэний үүргээ Мянган жилд гүйцэтгэхээр Өөрийн биеэр, ялгуусан алдар суундаа залран ирэхэд нь хүлээн авахын тулд Бурханы Хурганы cүмийг бэлтгэх үүрэг хариуцлага бидэнд ноогдож байна. Өөр ямар ч эрин үед ийм үүрэг байгаагүй.

Судруудын хэлээр, бид бол сүйт бүсгүйг Хүргэн хүүгийн ирэлтэд бэлтгэж, хуримын найрын урилгад зохистой байх ёстой, бүх түүхийн туршид томилогдсон хүмүүс билээ (Матай 25:1–12; 22:2–14; С ба Г 88:92, 96-р шүлгүүдийг үзнэ үү). Дүгнэж хэлэхэд,бид өөрсдийн амьдралын үед байна уу эсвэл хүүхэд, ач, зээ нарынхаа амьдралын үед байна уу ялгаагүй, ер нь хэдийд ч гэсэн сүмийн хувьд ч, гишүүдийн хувьд ч, Христ бидэн дээр ирж, мэндчилэн, биднийг тэврэн хүлээн авахаар зохистой байх нь бид бүгдийн үүрэг хариуцлага мөн. Тэрхүү ариун мөчид Түүнд толилуулах бидний амьдрал Түүний хувьд зохистой байх ёстой!

Бид Түүгээр хүлээн авагдахуйц байх ёстой

Би өөрийн амьдралыг (бас чадахынхаа хэрээр cүмийн гишүүдийн амьдралыг бэлтгэхэд туслах) тэрхүү урт удаан хугацааны туршид бошиглогдсоор ирсэн өдрийн төлөө, эрх мэдлийн шилжүүлэлтийн төлөө бид Түүний cүмийг Өөрт нь танилцуулахаар бэлтгэх ер бусын үүрэг хариуцлагынхаа сэтгэл догдлом мэдрэмжээр дүүрэн байна.

Христийг ирэхэд Түүний cүмийн гишүүд үнэхээр Түүний cүмийн гишүүд шиг харагдаж мөн тийн үйлдэх ёстой. Мөн бид Түүнд хүлээн авагдахуйц харагдаж бас тийн үйлдэх ёстой билээ. Бид Их Эзэний ажлыг хийж, сургаалуудын дагуу амьдардаг байх ёстой. Тэгвэл Тэр биднийг үнэхээр Өөрийнх нь шавь нар гэдгийг хурдан бөгөөд хялбар таних болно. Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх асан ерөнхийлөгч бага Ж.Рэүбэн Кларк (1871–1961) зөвлөхдөө: “Бидний итгэлийг танин мэдэхэд хэцүү байх ёсгүй” гэжээ.3

Тийм ээ, хэрэв бид тэрхүү агуу хийгээд эцсийн хоромд бид итгэгчид хэмээн хэлснээс үүнийгээ үйлдлээр харуулах нь дээр. Хоньчин хонио мэддэг. Харин бид тэрхүү агуу өдөр Түүний дагалдагчид гэдгээ үг хэл ба үйлдлээрээ таниулах ёстой.

Хайрт залуу найз нар минь, энэ бол хожмын өдрүүд бөгөөд та бид бүгдээрээ хамгийн шилдэг хожмын үеийн гэгээнтнүүд байх ёстой. Гэгээнтнүүд гэдэг үгэнд онцгой анхаарал хандуулна уу.

Өнөөгийн юм бүхэн хэзээ дуусч, Христ хэзээ олон түмэнд ялгууснаар харагдаж, Мянган жил эхлэх вэ? Би мэдэхгүй. Миний мэдэх зүйл бол тэрхүү үйл явдлын эхлэлийн агшин 193 жилийн өмнө эхэлсэн нь юм. Тэрхүү Анхны үзэгдэл болон түүний дараа тохиосон зүйлсийн үр дүнд өмнө нь байгаагүй бөгөөд итгэлтэй мөн цэвэр ариунаар амьдрахын тулд бидэнд өгөгдсөн үй олон адислалын үед бид аж төрж байна. Иймээс эцэст нь Хүргэн хүү ялгууснаар ирээд биднийг хуримын найранд зүй ёсоор, Өөрийн биеэр урих болно гэдгийг би мэднэ.

Хайрт залуу ах, эгч нар минь ээ, би та бүхэнд өөрийн хайрыг болон Бурхан зөвхөн амьд төдийгүй бас бидэнд хайртай гэсэн гэрчлэлээ үлдээе. Тэр та нарт хайртай. Түүний хийдэг юм бүхэн бидний сайн сайхны төлөө, биднийг хамгаалахын төлөө байдаг. Дэлхий нүгэл хилэнц, гай гамшгаар дүүрэн байдаг бол Түүнд ямар ч гэм нүгэл, хорон санаа байдаггүй. Тэр бидний Эцэг—төгс эцэг бөгөөд шуурганаас биднийг хамгаалах болно.

Бид чухамдаа нэг зүйлийн талаар л санаа зовох хэрэгтэй гэж би боддог. Бидний хүн нэг бүрд бас бидний нөлөөлдөг хүмүүсийн амьдралд энэхүү агуу эрин үеийн бүх адислалууд ирэхийн төлөө бид хэрхэн илүү бүрэн дүүрэн, илүү их итгэлтэйгээр амьдарч чадах вэ?

“Бүү ай, бяцхан сүрэг. … Санаа бодол болгондоо [Христ рүү] харагтун; бүү эргэлз, бүү ай.” “Хэчнээн агуу адислалуудыг Эцэг … та нарын төлөө бэлтгэснийг та нар хараахан ойлгоогүй байгаа билээ” (С ба Г 6:34, 36; 78:17).

Бидний эрин үе ялагдахгүй бөгөөд Христийн сургаалуудаар амьдарч, Түүний ажлыг хийдэг хүмүүс Хүргэн хүүг ирэхэд хуримын найрын урилгад тэнцэхээр зохистой байх болно гэдгийг мөн төлөөлөгчийн хувьд би эдгээр зүйлс үнэн гэдэг гэрчлэлээ, адислал болон хайрынхаа хамт үлдээж байна.

Эшлэлүүд

  1. Иосеф Смит, History of the Church, 4:609-610-р хуудсууд.

  2. Вилфорд Вүдрафф, Жэймс Р.Кларкийн эмхтгэл, Messages of the First Presidency of The Church of Jesus Christ of Latter-day Saints, 6 боть. (1965–75), 3:258; мөн Гордон Б.Хинкли, “The Dawning of a Brighter Day,” Ensign, 2004 оны 5-р сар, 83-р хуудас.

  3. Бага Ж.Рэүбэн Кларк., The Charted Course of the Church in Education, хянан тохиолдуулсан хувилбар (1994), 7-р хуудас.

Хэвлэх