2013
Замын төгсгөлөөс харагдах байдал
оны 2013


Залуучуудын бат бөх байдлын төлөө

Замын төгсгөлөөс харагдах байдал

Зураг
Ахлагч Брэдли Д.Фостэр

Замын төгсгөлөөс ирэх захиас тун тодорхой: “Та үүнийг хийж чадна. Тэгээд та үүнийг хийвэл бүх зүйл сайжрах болно.”

Зураг
drawing of young man looking down a road

Зураг чимэглэлийг Грэг Ньюболд

“Бишоп оо, би таныг хэзээ ч мартахгүй. Та миний амьдралыг аварсан шүү дээ.”

Өнөөдөр ийм үг хэлж байгаа хүнд эхний үед ийм мэдрэмж төрдөггүй. Тэр өсвөр насны хүүхэд байхдаа айдаг байжээ. Тэрээр наманчлах хэрэгтэйгээ мэдэж байв. Тэр үед би түүний бишоп байсан. Тиймээс бид ярилцах хэрэгтэйг тэр мэдэж байсан ч маш их эргэлзэж байлаа.

“Бишоп миний тухай юу гэж бодох бол?”

“Тэр үүнийг нууцлах болов уу?”

“Би түүний нүүрийг дахиад яаж харах юм бэ?”

Иймэрхүү санаа зоволтууд үнэхээр хэцүү бөгөөд энэ нь наманчлалын замаар аялах зоригтой байдлыг бараг боломжгүй болгодог.

Замыг харах нь

Гэвч тэр зам руу хараад үзье л дээ. Наманчлалын зарим хэсгүүд бусдаасаа хавьгүй хялбар байдаг. Эхний алхам нь хүлээн зөвшөөрөх. Бид буруу зүйл хийж байгаагаа ихэвчлэн мэддэг ба Ариун Сүнс бидэнд үүнийг мэдрэхэд тусалдаг. Бид өөрчлөгдөх ёстой. Өөрчлөгдөх хүсэл ихэнхдээ их хүчтэй байдаг.

Харин дараачийн алхмууд илүү хэцүү юм. Их Эзэн биднийг гэм буруугаа хүлээсний дараа үүнийгээ орхи гэдэг. Бид Тэнгэрлэг Эцэгт хандсан залбирлаараа дамжуулан, нүглээ хүлээх нь нэлээд амар хялбар юм. Бид энэ замаар уучлалыг эрэлхийлж, бусдад учруулсан хохирлыг арилган, зан төлвөө сайжруулах замаар чадах бүхнээ хийснийг Сүнс батлах хүртэл олон нүглээ залруулж чадна.

Гэвч зарим тохиолдолд гэм буруугаа хүлээхдээ бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчтэйгээ ярилцахыг шаарддаг. Энэ залуу эрэгтэй чухам ингэх хэрэгтэй байлаа. Түүнд өөрийнх нь чадвараас илүү тусламж хэрэгтэй байсан бөгөөд наманчлалын замаар аялах нь боломжтойг тэр мэдэх хэрэгтэй байв.

Наманчлалын зам дээрх найдвар

Наманчлалын замаар аялсан хүмүүс танд хэлэх болно, энэхүү аялал боломжтой төдийгүй та тэнд очоод эргээд харвал дараах зүйлийг харах болно:

Та нар үүнийг хийж чадна! Тэгээд та үүнийг хийвэл бүх зүйл сайжрах болно.

Их Эзэн бидэнд хайртай учраас бидэнд наманчлахыг зарлиг болгодог юм. Их Эзэн цагаатгалаараа дамжуулан, бидний нүглийн төлөөсийг төлсөн учраас наманчлал биднийг нүглээс чөлөөлдгийг Тэр мэддэг билээ. Өөрт нь хандсан хүн бүрийг Тэр хүчирхэгжүүлэх болно. Бид цагаатгалын давуу талыг ашиглахын тулд хүн бүр наманчлах ёстойг Алма заасан билээ (Алма 5:33–34-р шүлгүүдийг үзнэ үү). Энэ зам хэцүү байж болох ч бишоп тантай хамт уг замаар алхах болно. Тэр замын дагуу тусламж бий.

Таныг наманчилж эхэлмэгц сэтгэл санаа тань хөнгөрөөд явчихна.

Бишопдоо хандагтун. Тэр өөрийг тань хайрлаж, хүндлэх болно. Бишопдоо найдах таны бий болгосон найдвар бат бөх юм. Энэ нь танд үүрд оршиж, ирээдүйд бусад бишопуудаас ч өөрийнхөө талаар ийм найдварыг мэдрэхэд тань туслах болно. Адармаатай асуудлууд бий болох нөхцөл байдлаас хамааран, хэтийн төлөв тань өөр байх болно. Бишоп мэргэн ухаан ба туршлагаараа түүнчлэн Их Эзэний сүнсний нөлөөгөөр танд дэлхийн төгсгөл гэх мэт боломжгүй хэмээн бодож байсан зүйл тань магадгүй зөвхөн зам дээрх ердийн нэг овгор байсныг ойлгоход тань туслах болно.

Аврагч бол үнэхээр Дэлхийн Гэрэл гэдгийг ойлгоход тань бишоп тусална. Цагаатгалын давуу талыг ашигласнаар амьдрал тань гэрэл гэгээтэй, ирээдүй тань бат найдвартай болж, Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлийг хөгжүүлэх нь дэлхий дээр ирж амьдарсны хамгийн агуу зорилгуудын нэг гэдгийг та ухаарах болно.

Энэхүү үйл явцаар дамжуулан, бишоп тань танд туслах болно. Та түүнийг хайрладаг болж, тэгээд хэзээ ч мартахгүй.

Хүнд хэцүү цагт танд тусалсан хүмүүс тантай сэтгэл зүрхээрээ холбогддог гэдэгт би бат итгэдэг. Тэгэхээр бишоп таны сүнслэг байдлын хямралд цэг тавихад тусалснаараа тантай үүнээс ч илүү их холбоотой болох биш үү? Их Эзэн бишопын нинжин сэтгэл хийгээд өөрийг тань удирдан залах түүний чадварыг өсгөн нэмэгдүүлж чадна. Бишоп тань таны үүрдийн найз байх болно.

Тэгэхээр залуу эрэгтэйчүүд минь, нэгэн өдөр та нар өөрсдөө бишоп бас гадасны ерөнхийлөгчид болоход бишоптойгоо хамт туулсан туршлага тань магадгүй та нарыг сайн бишоп эсвэл гадасны сайн ерөнхийлөгч болоход бэлтгэх болно.

Би нөгөөх залуу эрэгтэйтэй уулзсан тухайгаа дахин хэдэн үг хэлээд яриагаа дуусгая. “Бишоп оо, та миний ярих зүйлээс болоод намайг үзэн ядна даа. Та над руу хэзээ ч дахиж харахгүй бас хэрвээ та миний хэлснийг хэн нэгэнд хэлбэл би амиа хорлох болно” гэж тэр хэлж билээ.

Би түүнд “Би чиний итгэлээс хэзээ ч урвахгүй гэж амлая. Би чиний хэлснийг үүрд дотроо хадгална” гэлээ.

Тэр надад ач холбогдол багатай зарим жижиг сажиг нөхцлүүдийн тухай яриад миний юу гэхийг ажиглав. Намайг түүнд “Би чамд ямар байгааг мэдэж байна. Би чамд тусалж чадна” гэхэд тэр яг ярихыг хүссэн зүйлдээ ортол тун аажуухан ярилаа. Тэр залуу гэм нүглээ хүлээж, өөрчлөгдөхийг үнэхээр хүсч байгаад нь бахархаж байгаагаа би түүнд дахин дахин хэлэв. Хэдийгээр тэр хэзээ ч гүйгээд явчихад бэлэн байдалтай харагдаж байсан ч бид хамтдаа түүний хуваалцах хэрэгтэй зүйлсийг ярилцаж амжив.

Энэ нь тийм ноцтой хэрэг явдал байв уу? Түүнд л тийм байсан. Гэвч тэр надтай ярилцах үедээ Их Эзэн чин сэтгэлээсээ наманчилдаг хүмүүст нигүүлсэнгүй ханддагийг илүү сайн ойлгосон юм. Түүний анхны уулзалтаас хойш бид хамтдаа ажиллаж, цаг хугацаа өнгөрөхөд түүний наманчлал бүрэн болсон билээ. Өнөөдөр ч гэсэн тэр над руу утасддаг ба бидний яриа аз жаргалтай байдаг.

Бид бүгдээрээ цагаатгалаас хамааралтай байдгийг ойлгоход нь би түүнд туслах боломжтой байв. Тэр залуугийн амьдралыг аварсан Есүс Христийг магтан дуулах түүний магтаалд би тийнхүү дуу хоолойгоо нэгтгэсэн юм.

Хэвлэх