2013
Хамгийн агуу гайхамшиг
оны 2013


Хамгийн агуу гайхамшиг

Эллэн Нэлл, Юта, АНУ

Есдүгээр сарын нэгэн цэлмэг өдөр манай бага охин Эрика машины ноцтой осолд орсон юм. Түүнийг нисдэг тэргээр эмнэлэгт хүргэсэн ч олон цаг үргэлжилсэн мэс заслын дараа бид эмгэнэлт мэдээ сонслоо. Гоо үзэсгэлэнтэй, сэргэлэн цовоо 17 настай охин минь хорвоог орхижээ.

Үүнээс хойших хэдэн сар бидэнд туйлын хүнд байлаа. Бид түүний төрсөн өдөр болон Талархлын баярыг тэвчин өнгөрүүлж, Христийн мэндэлсний баярыг анх удаа түүнгүйгээр угтав. Хүмүүс бидэнд баяр тэмдэглэх нь хэцүү байх болно гэдгийг анхааруулж байсан боловч хэчнээн ч олон анхааруулга нь биднийг сэтгэлзүйн бэлтгэлтэй болгож чадаагүй юм.

Дааж давшгүй уй гашуу, цөхрөл гутралаас гадна би баяраа хамтдаа жаргалтайгаар тэмдэглэж байгаа гэр бүлүүдэд атаархдаг байлаа. “Яагаад бидэнд ийм явдал тохиолдов? Яагаад бидэнд бусдын ярьдаг шиг гайхамшиг тохиодоггүй юм бэ?” хэмээн би гомдолтойгоор боддог байлаа.

Би уй гашуу болон цөхөрч явахдаа манай тойрогт болсон “Бетлехем дэх Христийн мэндэлсний баяр” сэдэвт үйл ажиллагааг саналаа. Тойргийн гишүүд Есүсийг төрөх үед хүмүүсийн өмсдөг байсантай адил хувцас өмсөж ирсэн байлаа. Тэр үед дөрвөн настай байсан Эрика маань хуучин урт хувцас өмсөөд толгойгоо хүзүүний ороолтоор ороосон байв. Тэр үдшийн оргил хэсэг нь тэвш болон бухал өвсөөр чимэглэсэн малын хиймэл хашаан дахь Христийн төрөлтийн үзэгдэл байлаа. Нэг залуу хос саяхан төрсөн хүүхэдтэйгээ хамт Мариа, Иосеф мөн бяцхан Есүсийн дүрд тоглосон.

Бид уг үзүүлбэрийг үзэхээр тойрон цуглах үед би Эрика хажууд минь байхгүй байгааг харлаа. Би түүнийг үзүүлбэрийн ойролцоо цагаан хувцастай байхад нь олж харах хүртлээ айн сандарч билээ. Би өмнө нь охиныхоо төлөө тэвдэн сандарсан бол одоо үзүүлбэрийг үзэхэд нь бусдад саад болох вий гэхээс айх болов. Би охиноо дуудах гэснээ түүнийг малын тэвш рүү явахыг нь хараад болив.

Эрика Мариагийн хажууд өвдөглөн суугаад түүнээс зөвшөөрөл хүсэх мэт түүн рүү харав. Тэгээд Эрика унтаж буй бяцхан хүүхэд рүү дөхөж очин, түүнийг зөөлхөн иллээ. Үүнийг ажигласан хүн ганц би биш байлаа. Бусад хүмүүс удалгүй чимээгүй болж, түүнийг бяцхан хүүхдийн дэргэд өвдөглөн суухыг харцгаав. Эрикагийн хувьд тэр бяцхан хүүхэд Христ болохыг хүмүүс ойлгоод, зүрх сэтгэл нь хайрын энхрийхэн мэдрэмжээр дүүрсэн нь лавтай.

Би уй гашуугийнхаа хажуугаар бяцхан охиныхоо гүнзгий итгэл бишрэлийг эргэн санах агшинд Христийн мэндэлсний баярын энэхүү дурсамж надад амар амгалан ба тайтгарлын мэдрэмжийг авчирлаа. Оюун бодол минь Эрикаг хорвоог орхихоос хаа хамаагүй өмнөх үеийн өдий төдий асуулт, амьдрал ба үхлийн тухай олон асуултаар дүүрэв. Би Христийн aмилалт ба цовдлолтын тухай тунгаан бодоод Мариаг ойлгосон юм шиг санагдлаа. Тэр дөнгөж саяхан мэндэлсэн Хүүдээ хэчнээн их хайртай байсан бол? Харин тэр хожим нь Түүний зовлон шаналал, үхлийг хараад аймшигтайгаар тарчлан шаналж, сэтгэл нь шархалсан юм. Христ загалмай дээрх өвдөлтөөс аврагдаагүй, Мариа ч бас уй гашуугаас чөлөөлөгдөөгүй юм.

Бид Христийн мэндэлсний баярыг дэлхий дээр Аврагчийн амьдрал эхэлснийг бэлгэдэн тэмдэглэдэг. Харин миний хувьд төрөлт, Түүний зовлон шаналал, үхэл ба амилалт нь цагаатгалтай ямагт холбоотой юм. Аврагч үхлийн хүлээсийг тасалсан учраас Эрикагийн үхэл эцсийнх биш гэдгийг би мэднэ. Энэ бол талархалтай байхын гайхамшиг, бүх цаг үеийн хамгийн агуу гайхамшиг юм.