Асуулт, хариултууд
“Би уруу таталтыг хэрхэн эсэргүүцэх вэ?”
Сонин сонсогдож болох ч уруу таталт нь бидний сүнслэг байдлын өсөлт хөгжилд шаардлагатай зүйл юм. Хэрэв бид уруу татагддаггүй бол сайныг муугаас ялган, сонгох боломжгүй байхсан (С ба Г 29:39-р шүлгийг үзнэ үү). Хэрвээ бид сонголт хийх шаардлагатай болоход сайныг сонгож чадахгүй бол бид сүнслэг байдлын хувьд өсч чадахгүй (2 Nephi 2:11-30-р шүлгүүдийг үзнэ үү).
Уруу таталтыг эсэргүүцэх нэг түлхүүр нь чанд дуулгавартай байдал юм. Хэрэв та зарим үед бууж өгвөл ирээдүйн уруу таталтуудыг эсэргүүцэхэд улам хэцүү болно. Харин та тууштай эсэргүүцвэл улам хүчтэй болж, ирээдүйд уруу таталтуудыг эсэргүүцэх нь хялбар байх болно. Эсэргүүцэх хүч чадлын ихэнх нь Аврагчийн цагаатгал амьдралд тань хэрэгжсэнээр ирдэг. Та Аврагчийн сургаалуудыг судалж, тэдгээрийг дагахын тулд чадах бүхнээ хийсэн үед Их Эзэн таныг уруу таталтуудын эсрэг зогсоход хүчирхэгжүүлнэ.
Судрууд уруу таталтыг эсэргүүцэх өөр аргуудын талаар заадаг:
“Ялан дийлэгч болж гарахын тулд чи ямагт залбир; тийм ээ, чи Сатаныг ялж гарахын тулд” (С ба Г 10:5).
“Бурханы үгийг анхааран сонсох, мөн үүнээс зууран барих хэн боловч, тэд хэзээ ч эрсдэх нь үгүй; бас хортны уруу таталтууд хийгээд галт сумнууд, тэднийг … давамгайлах нь ч үгүй” (1 Нифай 15:24).
“Диаволыг эсэргүүц. Тэгвэл тэр та нараас зайлна. Бурханд ойртогтун. Тэгвэл Тэр та нарт ойртоно” (Иаков 4:7–8).
Түүнчлэн уруу татагдах нь буруу зүйл биш гэдгийг ойлгох нь чухал. Есүс хүртэл уруу татагдаж байсан шүү дээ. “Тэрээр уруу таталтуудад орсон хэдий ч тэдгээрт анхаарал тавьсан нь үгүй” (С ба Г 20:22). Та туслалцаа авахын тулд Түүний үлгэр жишээг бас судрууд дахь бусад олон хүмүүсийн жишээг ашиглаж болно.
Хүч чадлын төлөө залбир
Бид уруу таталтыг сөрөн зогсохын тулд эхлээд зөв зүйлийг сонгох чин хүсэлтэй байх хэрэгтэй. Нөхцөл байдлыг урьдаас төсөөлж, дараа нь зөв зүйлийг сонгох нь надад тусалдаг. Надад тусалдаг өөр нэг зүйл бол залбирал. Хэрэв бид хүч чадлын төлөө залбирч, сүнслэг тэжээлийг эрэлхийлэн, хаагуур явахаа болгоомжтойгоор сонговол Ариун Сүнс бидний байнгын хамтрагч байж, биднийг сэрэмжлүүлж чадна.
Истэр Г., 18 настай, Доод Саксон, Герман
Бие биедээ тусал
Бид судруудаас өдөр бүр уншиж, залбиран, өөрийгөө хянаж сурахын зэрэгцээ бошиглогчийн үгсийг дагавал уруу таталтуудыг эсэргүүцэж чадна гэж би боддог. Уруу таталтуудыг эсэргүүцэх нь таны итгэлийг хүчирхэгжүүлж, Тэнгэрлэг Эцэгтэй хийсэн гэрээгээ дагах амлалтыг тань харуулдаг. Сүмд найзуудтай байх нь бас бидэнд тусалдаг, яагаад гэвэл бид бие биеэ тулж, дэмжиж чадна. Үгүй гэж хэлэхэд маш их зориг шаарддаг. “Бурхан бидэнд айдсын сүнсийг бус, харин хүч, хайр ба биеэ захирахын сүнсийг өгсөн” (2 Тимот 1:7) гэдгийг санаарай. Бид уруу таталтыг эсэргүүцсэн үедээ Есүс Христ болон Тэнгэрлэг Эцэгтээ илүү ойртдог.
Нэнси С., 19 настай, Тултитлан, Мексик
Итгэдэг зүйлээ хуваалц
Ахлах сургуулийн ангийн маань ихэнх хүүхдүүд намайг согтууруулах ундаа ууж, порнограф үзэхэд урьдаг байсан. Би үргэлж үгүй гэдэг, учир нь би Аврагч намайг юу хийгээсэй гэж хүсдэгийг мэднэ. Би Түүнийг санаж, гэрээнүүдээ сахидаг. Заримдаа найзууд болон ангийнхан маань намайг уруу татдаггүй, яагаад гэвэл тэд намайг ямар сүмд явдгийг аль хэдийн мэддэг болсон. Итгэдэг зүйлс болон гэрчлэлээ бусадтай, ялангуяа найз нар, ангийнхан, хөршүүд болон гэр бүлтэйгээ хуваалцах нь бидний эргэн тойрон дахь уруу таталтыг багасгадаг. Бид сайн мэдээний дагуу амьдарснаар өөрсдийн амьдрал дахь уруу таталтуудыг ялж чадна гэдгийг би мэднэ.
Ромео Р., 19 настай, Баруун Нэгрос, Филиппин
Ариун Сүнсийг сонс
Уруу таталт ирэхэд Ариун Сүнс бидэнд зөв зүйлийг сонго хэмээн анхааруулдгийг би мэдсэн. Сүнсийг өөртэйгөө хамт байлгаж, залбирах, судар унших гэх мэт зүйлсийг хийж, Ариун Сүнс орших боломжгүй газруудаас зайлсхий.
Рахел О., 13 настай, Пэнсилвани, АНУ
Ариун газруудад зогсогтун
Ах минь надад “Ариун газруудад зогс” гэж үргэлж хэлдэг. Энэ нь уруу таталт бага эсвэл их биш газар байхыг хэлнэ гэж би ойлгодог. Манай гадасны ерөнхийлөгч “Уруу таталттай зөвхөн тэмцэх төдийгүй, түүнээс зайлсхий” гэж хэлдэг байсан. Уруу таталттай тэмцэх үе танд тохиолдох ч уруу таталтууд таныг сорихоор хажууд чинь байхгүй бол сайн мэдээгээр амьдрах нь илүү амар хялбар байдаг.
Аарон Л.,18 настай, Юта, АНУ
Бид үргэлж шийдэх хэрэгтэй болдог
Ариун Сүнсний бэлэг бидэнд сайн муугийн хоорондох ялгааг ойлгуулж, уруу татагдсан үедээ түүнийг ялган танихад тусалдаг. Уруу таталт бол сорилт бөгөөд энэ нь бид хэзээ зөв мөн буруу зүйл хийж байгааг мэдэхэд тусалдгийг бид санах ёстой. Хэрэв бид Их Эзэнийг дагавал Тэрээр хэр чадлаас минь хэтэрсэн сорилтод биднийг оруулахгүй гэдгийг мэдэх хэрэгтэй (1 Коринт 10:13-р шүлгийг үзнэ үү). Бид үргэлж сайн замыг сонгох уу эсвэл мууг нь сонгох уу гэдгээ шийдэх хэрэгтэй болдог.
Жуан Т., 19 настай, Монтэвидео, Уругвай
Зөвийг сонгох жүжигчилсэн тоглолт
Би сонголттой учрахаасаа өмнө юуг сонгохоо шийдэх нь чухал гэж боддог. Би санамсаргүйгээр нэг адармаатай нөхцөл байдалтай тулгарсан юм. Гэвч би аль хэдийн жишгээсээ ухрахгүй гэсэн шийдвэр гаргасан байсан болохоор үр дүн нь сайн болсон. Хэдийгээр надад заримдаа хэцүү байдаг ч манай гэр бүл тийм нөхцөлд байгаа тухай жүжигчилсэн тоглолт хийж харуулдаг учраас би уруу таталттай тулгарсан үед юу хэлэх, юу хийхээ мэддэг.
Эмилин П., 14 настай, Вайомин, АНУ
Сайн найзуудтай бай
Зөвийг сонгодог сайн найзуудтай байх нь уруу таталтыг эсэргүүцэхийн тулд чиний хийх нэг зүйл юм. Сайн найз нар сайн үлгэр жишээ үзүүлдэг. Хэрэв чи уруу таталтад орвол тэднийг дуудаж болно. Тэд зөвийг сонгоход чинь тусална. Сайн найзууд танд залбирч, судраас уншин, дуулгавартай байхыг сануулж чадна.
Сэм И., 17 настай, Вашингтон, АНУ