Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг
Гэр бүл ба найзууд үүрд мөнх
Та хаана ч амьдардаг бай, танд Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээгээр амьдрах үед ирдэг агуу аз жаргалыг эрж буй найзууд байдаг. Энэхүү аз жаргалыг үгээр дүрслэх боломжгүй ч хэрэв тэд үүнийг таны амьдралаас харвал таньж чадна. Тэд энэхүү аз жаргал юунаас эхтэйг мэдэх их хүсэлтэй байх болно, ялангуяа тэд таныг өөрсөдтэй нь адил бэрхшээлүүдийг даван туулдгийг харах болно.
Та Бурханы зарлигуудыг дагаснаараа аз жаргалыг мэдэрдэг байсан. Энэ бол сайн мэдээгээр амьдарсны төлөө танд амлагдсан адислал юм (Мозая 2:41-р шүлгийг үзнэ үү). Та бусад хүмүүст харагдах гэж Их Эзэний зарлигуудыг итгэлтэйгээр дагадаггүй харин таны аз жаргалыг харсан хүмүүс сайн мэдээний сэргээлтийн баярт мэдээг сонсохын тулд Их Эзэнээр бэлтгэгддэг билээ.
Танд өгөгдсөн адислалууд өөрт тань гайхалтай боломж мөн үүрэг хариуцлагуудыг бий болгодог. Та Есүс Христтэй гэрээ байгуулсан шавь нь учраас бусдад, ялангуяа найзууд болон гэр бүлийнхээ гишүүдэд улам аз жаргалтай амьдрах боломжийг олгох үүрэгтэй.
Их Эзэн таны боломжийг харж, “сэрэмжлүүлэгдсэн хүн болгон хөршөө сэрэмжлүүлэх” гэсэн зарлигаар Сургаал ба Гэрээ 88:81-р шүлэгт үүргийг тань тайлбарласан билээ.
Хэрэв та Есүс Христийн сайн мэдээг хүлээн авч, үүгээр амьдарвал Их Эзэн зүрх сэтгэлд тань гарах өөрчлөлтөөр дамжуулан дээрх зарлигийг дуулгавартай дагахыг хөнгөвчилж өгнө. Үр дүнд нь бусдыг хайрлах хайр тань өсөн нэмэгдэж, өрөөл бусдыг өөрсдийнхөө адил аз жаргалтай байлгахыг хүсдэг болно.
Энэхүү өөрчлөлтийн нэг жишээ нь Их Эзэний номлолын ажилд туслах боломжийг та хэрхэн баяртай хүлээж авах явдал юм. Бүрэн цагийн номлогчид жинхэнэ ёсоор хөрвөсөн нэгнээс найрсаг хариу авахыг хүсэн хүлээж болно гэдгийг удалгүй ойлгодог. Харин хөрвөгч нь найз нар болон гэр бүлийнхээ гишүүдэд өөрийн мэдэрсэн аз жаргалыг хуваалцахыг хүсдэг.
Танай тойргийн номлолын удирдагч эсвэл номлогчид заах боломжтой хүний нэрийг танаас асуувал энэ нь таны хувьд агуу нэр төрийн хэрэг юм. Найз нар тань таны аз жаргалыг харсан учраас тэд сайн мэдээг сонсож, хүлээн авахаар бэлтгэгдсэнийг номлогчид мэддэг. Мөн тэд найз нар нь хаант улсад ирэхэд та тэдэнд хэрэгтэй гэдэгт итгэлтэй байдаг билээ.
Та найз нараа номлогчидтой уулзахад урьсан бол тэднийг алдана гэхээс айх хэрэггүй. Номлогчидтой уулзахаас татгалзсан найзууд надад бий л дээ. Гэвч би тэдэнд өөрийнхөө хувьд эрхэм үнэ цэнэтэй зүйлийг санал болгосны төлөө тэд олон жилийн турш надад талархалтай байдаг билээ. Учир нь миний санал болгосон зүйл надад маш чухал болохыг тэд мэддэг байсан юм. Та хүмүүст сайн мэдээг санал болгосноор тэдэнтэй үүрдийн найзууд болж чадна. Учир нь сайн мэдээ танд аз жаргал авчирсныг тэд мэддэг. Найзыгаа, ялангуяа гэр бүлийн аль нэг гишүүнээ аз жаргалын төлөвлөгөөг дагахаар сонгоход урих боломжийг хэзээ ч бүү алдаарай.
Ариун сүмд урих тэрхүү урилгаас илүү агуу боломж гэж үгүй. Тэнд Их Эзэн авралын ёслолуудыг амьдралдаа авч чадаагүй бидний өвөг дээдэст тэдгээрийг санал болгож чадна. Тэд дээрээс хайр болон итгэлээр таныг харан, хүлээж байдаг билээ. Тэд Их Эзэний хаант улсад орох боломжтой хэмээн Тэрбээр амласан (Сургаал ба Гэрээ 137:7-8-р шүлгүүдийг үзнэ үү) бөгөөд тэднийг хайрлах хайрыг та нарын зүрх сэтгэлд суулгасан юм.
Та нараас олон нь номлогчдод уулзаж ярилцах боломжтой хүмүүсийн нэрийг өгөхдөө мэдэрдэг шиг тийм баяр баяслыг ариун сүмийн ёслолуудыг бусдад санал болгохдоо мэдэрч байсан байх. Та нар өвөг дээдсийнхээ төлөө ёслолууд гүйцэтгэхдээ бүр ч илүү баяр баясгаланг мэдэрч байсан шүү дээ. Бид гагцхүү ариун сүмийн төлөөлөн гүйцэтгэх ёслолуудаар дамжуулан өвөг дээдсээ адислах арга замыг санал болгосноор л бидний мөнхийн аз жаргал боломжтойг бошиглогч Иосеф Смитэд илчилсэн билээ (Сургаал ба Гэрээ 128:18-р шүлгийг үзнэ үү).
Христийн мэндэлсний баярын үе бидний зүрх сэтгэлийг Аврагч руу болон Түүний бидэнд өгсөн сайн мэдээний баяр баясал руу эргүүлдэг. Бид тэрхүү аз жаргалыг бусдад санал болгосноор Түүнд талархлаа хамгийн сайнаараа илэрхийлдэг билээ. Бид номлогчдод нэрс санал болгож, ариун сүмд өвөг дээдсийнхээ нэрсийг авч очсоноор талархал нь баяр баясал болж хувирдаг. Бидний талархлын энэхүү нотолгоо нь найз болон гэр бүлүүдийг үүрд мөнх болгодог билээ.