2013
Есүсийг хүлээсэн нь
оны 2013


Есүсийг хүлээсэн нь

“Учир нь Хүний Хүү тэнгэр элч нарын хамт Эцэгийнхээ алдрын дотор ирнэ” (Матай 16:27).

Кэти юм хадгалдаг хайрцгаа ухаж төнхөн, үрчийсэн боодлын цаасан дунд нэг зүйлийг няхуур хайж байлаа. Гэвч тэр хайж байгаа зүйлээ олж чадсангүй.

Тэрээр бүгдийг нь хайрцаг руу буцааж хийгээд ээжийгээ хайлаа.

Кэти төгөлдөр хуурын араар, буйдангийн доор, бүр Томасын орон дотор хүртэл хайв. Алга болчихож дээ. Тэр ээждээ хэлэх хэрэгтэй байлаа.

“Ээж ээ, бяцхан Есүс алга болчихож”

гэж Кэти хэлээд ээжийгээ зочны өрөөн дэх Христийн төрөлтийн сэдэвтэй баримал руу дагуулж очив. Тэнд Иосеф, Мариа хоёр бас хоньчид байлаа. Мэргэн хүмүүс, бүр тэмээ, илжиг хоёр ч тэнд байв. Эдгээр баримлууд бүгдээрээ хоосон тэвшний эргэн тойронд байлаа.

“Тийм ээ, алга болсон бололтой” гэж ээж хэллээ.

Тэр “Би Түүнийг хайгаад хайгаад хаанаас ч олсонгүй” гэв. Бяцхан Есүсгүйгээр энэ бүгд хэрэггүй байв.

Ээж номын тавиур руу очоод дээшээ гараа сунгаж, тавиур дээрээс нэг юм авангаа “Тэр алга болоогүй байна” гэлээ.

Кэти гүнзгий амьсгаа аваад “Өө, Тэр байна шүү дээ! Би түүнийг тэвшинд нь тавилаа” гэв.

Кэти баримлыг авах гэтэл ээж нь буцаагаад тавиур дээр тавьчихав. “Энэ жил бид бяцхан Есүсийг Христийн мэндэлсний баярын өглөө тэвшинд нь тавих болно. Энэ бол аавын чинь Францад сурсан заншил” гэж ээж хэллээ.

Намайг “Яагаад? Бүгд гунигтай байна шүү дээ” гэхэд ээж маань

“Би тэдний гунигтай эсэхийг нь мэдэхгүй байна. Гэхдээ надад бол “Тэд хүлээж байгаа юм шиг л харагдаж байна” гэлээ.

Кэти баримлуудыг ажиглав. Тэр бяцхан Есүсийн тэвш хоосон байгааг харлаа. Зарим баримлууд хоосон зай руу тэмүүлж байв.

Кэти “Тийм юм шиг байна” гэлээ.

“Томасыг төрөхөөс өмнө чи дүүтэй болно гээд ямар их баярлаж байснаа санаж байна уу?” гэж ээж асуув.

Кэти хөнжил дээр тоглож байсан бяцхан дүү рүүгээ инээмсэглээд “Тийм ээ, яг л үүрд хүлээх юм шиг санагдаж байсан шүү” гэлээ.Ээж

“Бошиглогчид Түүнийг ирж, биднийг Тэнгэрлэг Эцэгтэй амьдрахаар эргэж очиход маань туслахын тулд ирэхийг нь хэдэн мянган жил хүлээснийг чи мэдэх үү?” гэж асуув.

Кэти Хүүхдийн хэсэгтээ нэгэн бошиглогч Аврагчийн төрөлтийн тухай бичиж байгаа зургийг харснаа санаад “Тийм байх аа” гэлээ.

“Исаиа шиг бошиглогчид Аврагч ирээд юу хийх тухай боддог бас бичдэг байсан. Тэд Түүний төрөхийг насан туршдаа хүлээсэн юм. Христийн төрөлтийн ийм баримлыг гэртээ тавьсан шалтгаан нь олон хүн Аврагчийн ирэхийг өнө удаан хүлээснийг сануулахын тулд юм” гэж ээж хэллээ.

“Би бүх амьдралынхаа турш хүлээхээс залхах байх даа” хэмээн Кэти Есүсийг хүлээж буй хоньчдыг харах зуураа хэлэв.

“Гэхдээ бид Түүнийг хүлээх нэг шалтгаан бас байгаа шүү” хэмээн ээж нь хэллээ.

“Юу билээ?”

“Бид Хоёр дахь ирэлтийн тухай гэр бүлийн үдшээрээ ярилцаж байсныг санаж байна уу?”

Тэр хэсэг бодсоноо “Тэр чинь Есүс дахин ирэх үе гэсэн үг үү?” гэхэд

Ээж нь “Тийм ээ” гэв.

“Энэ чинь хэзээ болох юм бэ?”

“Бид мэдэхгүй. Харин бид яг энэ баримал дахь хоньчид болон эртний бошиглогчдын адилаар Есүсийг хүлээж байна. Энэ чинь бид ч бас Есүсийг хүлээж байгааг санахын тулд бяцхан Есүсийг Христийн мэндэлсний баяр хүртэл тэвшинд нь тавихгүй гэсэн шалтгаан байхгүй юү.”

“Тэр дахиад тэвшинд ирэх үү?” гэж Кэти асуулаа.

“Үгүй дээ, хонгор минь, Тэр тэгэхгүй. Есүс дараагийн удаа ирэхдээ амилсан байх болно. Гэхдээ энэ баримал дахь хоосон тэвш чамайг Христийн мэндэлсний баярын өглөөг хүлээж байгаа шиг мөн хүмүүс бас Есүсийг дэлхийд ирэхийг хүлээж байсан шиг бид одоо Түүний эргэж ирэхийг хүлээж байгааг сануулж байгаа юм. Бид бяцхан Есүсийг алдаагүй. Энэ чинь манай гэр бүл Түүнийг санаж байгаа гэсэн үг.”

“Бид тэгвэл хүлээх хэрэгтэй болж дээ” гээд Кэти инээмсэглэв.

Ээж нь “Тийм шүү, хүлээх

зуураа хоёулаа чихэртэй жигнэмэг хийх үү?” гэлээ.