Индексжүүлэх нь маш чухал
Индексжүүлэх нь илүү олон бүртгэлийг онлайнаар ашиглан, улмаар гишүүд гэр бүлийнхнийхээ нэрсийг олж, ариун сүм рүү авч явах боломжтой болгодог.
Компьютерын гар дээр “Энэ компьютерийг Самуэл өглөөний 5:00 цагт захиалсан” гэсэн жижиг зурвас байв. Гадасны ерөнхийлөгчийн гадсандаа нэг сая нэр индексжүүлэх уриалгын хариуд Ютагийн 14 настай Самуэл Б. өглөөний 5:00 цагт босдог болсноор хичээлээсээ өмнө индексжүүлэх боломжтой болсон аж. Гэртээ нэг компьютертой мөн гэрийн даалгавраа хийх зургаан ах дүү байдаг учир Самуэл компьютер ашиглахын тулд нойроо золиослох хэрэгтэй болжээ.
Гэвч Самуэлийн идэвх зориг гэр бүлийнх нь үлдсэн гишүүдэд “тархав.” Удалгүй ах Нэтэн нь сагс тоглох, эмэгтэй дүү Айвилин нь ном унших цагаа индексжүүлэхэд зориуллаа. Самуэлийн аав “Би хүүхдүүдээсээ хэзээ ч ийм их урам дэмийг хүлээн авч байсангүй. Тэднийг индексжүүлэхэд оролцож эхлэхээс өмнө би үүнийг их хэцүү ажил гэж бодож байлаа. Хүүхдүүд маань надад индексжүүлэх нь хялбар бөгөөд хөгжилтэй болохыг заасан юм” гэжээ. Дараагийн шинэ жилийн өмнөх үдэш хүүхдүүд нь шөнө болохоос өмнө индексжүүлэх жилийн зорилгоо дуусгахаар яарцгаав.
Олон мянган километрийн чанад дахь Гватемала дахь Ланузагийн гэр бүлд мөн ийм идэвх зориг өрнөжээ. Таван хүүхэд, ээж, аав, эмээ, өвөө гээд энэ гэр бүлийн есөн хүн дундаа нэг компьютертой ажээ. Хүүхдүүд нь компьютер дээр гэрийн даалгавраа хийж, ээж нь их сургууль дахь хичээлээ дуусгах гэж шамдан, аав нь ажлаа хийх ба компьютер байнга өндөр ачаалалтай байдаг бөгөөд гэр бүлийн гишүүн бүр индексжүүлэхээр ээлжлэн суудаг байв. 2011 онд эднийхэн хамтдаа 37,000 гаруй бүртгэл индексжүүлжээ.
Эдгээр хүүхдүүд болон тэдний гэр бүлийнхэн 2011 оны 10-р сард cүмийн өсвөр үеийнхэнд Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын өгсөн урилгыг биелүүлсэн юм.
Та нарын ихэнх нь гэр бүлийн түүхийн ажлыг насанд хүрсэн хүмүүс л хийх ёстой гэж боддог байж магадгүй. Гэхдээ судар болон сүмийн удирдагчдын заавруудад энэ чухал үйлчлэлийг зөвхөн насанд хүрэгчид хийх ёстой гэж заасан байхыг би үзээгүй. …
“Елиагийн Сүнсний талаар сурч, үүнийг мэдрэхийг cүмийн залуучуудаас би хүсч байна.”1
Гэр бүлийн түүхийг хурдан бөгөөд хялбар хийх нь
Индексжүүлэх нь хүн бүрийн хувьд гэр бүлийн түүхийг эхлэх болон Елиагийн Сүнсийг мэдрэх хялбар арга юм. Засгийн газар болон сүмүүд олон зууны турш хүмүүс ба гэр бүлүүдийн бүртгэлийг хадгалж ирсэн, гэвч эдгээр бүртгэлүүд нь ашиглахад хэцүү, хайлт хийхэд цаг их зарцуулдаг байна. Саяхан өвөг дээдсийнхээ нутгаас алс хол амьдардаг хүмүүс ядаж нэг ч гэсэн гэр бүлийн нэр олно гэсэн баталгаагүйгээр тэдгээр газрууд руу очиж, бүртгэлүүдийг хайдаг байлаа.
2006 оны FamilySearch индексжүүлэлтийн удиртгал нь гэр бүлийн түүхийн хайлтын ажлыг эрчимжүүлсэн юм. Гараар бичсэн бүртгэл болон агуулахад хадгалагдсан нэрсүүдийг одоо хуулан бичиж (индексжүүлж), компьютероос түргэн шуурхай хайж олох боломжтой болсон. Үүнийг хийж гүйцээхийн тулд сайн дурын индексжүүлэгчид гэрийнхээ компьютер дээр 10-50 нэр багтаасан “багц” бүртгэлүүдийг татаж оруулна. Тэд нэр, огноо болон бусад мэдээллийг FamilySearch-ийн мэдээллийн санд оруулснаар хайх боломжтой цахим индексийг үүсгэдэг.
FamilySearch индексжүүлэлт хэрэгжиж эхлэхээс өмнө нэрс гарган авах техникийг ашиглан, зөвхөн ганцхан багц бүртгэлээс хайх боломжтой индексийг бий болгоход л хэдэн жил зарцуулдаг байв. FamilySearch-ийн индексжүүлэлтийг хариуцсан менежер Майкл Жадсон чөлөөлөгдсөн хүмүүсийн банкны бүртгэлүүдийг (Нэгдсэн Улсын банкинд данс нээлгэсэн, чөлөөлөгдсөн боолуудын буртгэлүүд) индексжүүлэхэд 11 жил болсон гэж хэллээ. Харин одоо тэр үүнд хэдхэн сар л шаардагдана гэж үзэж байна.
Дэлхий даяарх сайн дурынхан 2006 оноос хойш нэг тэрбум гаруй нэрийг индексжүүлсэн ч дахиад хийх ажил маш их байна. Дахиад хэдэн тэрбум бүртгэл Ютагийн Солт Лэйк хотын Боржин уулын бүртгэл хадгалах агуулахад индексжүүлэхээр хүлээгдэж байна. Үүнээс гадна дэлхий даяарх архивуудад бусад бүртгэлүүд байгаа бөгөөд Гэр бүлийн түүхийн алба сар тутам 35 сая орчим зураг авч байна.
Тодорхой нөхцөл байдал, онцгой адислалууд
Тэргүүн Зөвлөл “Гишүүдийг гэр бүлийн түүх болон ариун сүмийн ажилд маш чухал зүйл болох FamilySearch индексжүүлэлтэд оролцоход уриалж байна” хэмээн мэдэгджээ.2 Дэлхийн даяарх гишүүд энэхүү зөвлөмжид хариулснаар гайхалтай адислалуудыг хүлээн авч байна.
Украйн дахь гэгээнтнүүд Зүүн Европ дахь гэр бүлийн түүхийн хайлтын ажилд дөхөм үзүүлэх цахим индексүүд үүсгэхээр шаргуу ажиллаж байна. Киев дэх Рүдэнкогийн гэр бүл онцгой жишээ үзүүлж байгаа аж. Тэд хүүхдүүдийнхээ хамт интернетийн төлбөр төлж, золиослол хийснээр нэрсийг индексжүүлэх боломжтой болжээ. Рүдэнко эгч гэрийнхээ зөөврийн компьютерыг гал тогооныхоо ширээн дээр тавьсан гэнэ. Тэгснээрээ тэр өдрийн чөлөөт цагаараа индексжүүлэх ажлыг хийх боломжтой байдаг. Тэр бяцхан хүүхдээ нэг гартаа тэврэн, нөгөө гараараа компьютер дээр бичдэг байна. Тэдний 16-тай хүү, 12-той охин хоёр нь мөн байнга индексжүүлэлт хийдэг болжээ. Тэд бас заримдаа гэр бүлээрээ улсын архив орж, гэр бүлийн нэрсээ хайдаг. Рүдэнкогийн гэр бүл ариун сүмд нэрс тогтмол илгээн, тэдгээр нэрсээр ёслолуудыг нь гүйцэтгэдэг бөгөөд заримдаа долоо хоногт бүр хэд хэдэн удаа ариун сүмд очдог аж.
Рүдэнко эгч гэр бүлийн түүхийн ажлаар дамжуулан, хүлээн авсан адислалуудынхаа тухай “Индексжүүлэлт болон гэр бүлийн түүхийн ажил нь биднийг хамгаалдаг гэдэгт би итгэдэг. Миний патриархын адислалд энэ ажлыг хийснээр би хүүхдүүдийнхээ хамт хамгаалагдана хэмээн надад амласан. Хүүхдүүдийн минь оюун санаа цэвэр байж, энэ дэлхийн муу нөлөөнүүдийг даван туулах боломжтой байх болно. … [Хүүхдүүд маань] энэхүү ажлаас Бурханы хүчийг хүлээн авах болно” гэжээ.
Индексжүүлэх нь ур чадвар эсвэл нөхцөл байдлаас үл хамааран, үйлчлэх боломж олгодгийг олон гишүүд мэддэг болж байна. АНУ-ын Юта дахь Малинда Пэрри 24 настайдаа машины осолд орж, хүзүүнээсээ доош мэдээ алджээ. Пэрри эгч амьдралын шинэ хэв маягт дасахдаа үйлчилж болох арга замын талаар залбирчээ. Гадасны Нийгмийн Халамжийн eрөнхийлөгчийн зөвлөлийн Рэйлин Андэрсон тэднийд ирж, түүнд хэрхэн индексжүүлэхийг зааснаар тэр залбирлын хариугаа авсан гэнэ. Пэрри эгч одоо өдөр бүр компьютерын ард хэдэн цаг суудаг бөгөөд гартаа савх барин, дөнгөж шивж чаддаг болжээ. Тэр өдөр бүр нэг багц нэрс индексжүүлдэг.
Пэрри эгч “Би өөртөө анхаарал тавьдаг байсныхаа оронд одоо анхаарлаа бусдад үйлчлэхэд хандуулсан. Би Их Эзэнд хайртай бас индексжүүлэлтээр дамжуулан, Түүний адислалуудыг бусдад хүргэхдээ ч дуртай” гэж ярилаа.
Английн Чорли дахь гадасны ерөнхийлөгч Дэвид Пикап гэр бүлийн түүхийн танилцуулгыг сонсоод, индексжүүлэх нь гадасныхаа гишүүдийн ариун сүмд шүтэн бишрэх хүслийг нэмэгдүүлэх болно гэдгийг мэдэрчээ. Гэвч тэр нийтлэг нэг өгөгдөл оруулах нь хүмүүсийг ариун сүм рүү хэрхэн хөтлөх билээ? хэмээн гайхсан гэнэ.
Тэр өөрөө индексжүүлэхийг хичээхээр шийдсэн нь түүний амьдралд Елиагийн Сүнсийг илүү ихээр мэдрүүлжээ. Түүний хувьд индексжүүлэх нь “цэвэршүүлэх” ажил болов. “Та зөвхөн индексжүүлж буй нэрсээ бус харин өөрийнхөө гэр бүлийн нэрсийг бодохгүйгээр индексжүүлэх ажлыг хийж чадахгүй” гэж тэр хэлжээ.
Ерөнхийлөгч Пикап гадасныхаа гишүүдэд гэр бүлийн түүхийн ажилд оролцох арга болгож, индексжүүлэлтийг ашиглахыг уриалжээ. Тэрээр гадасныхаа бусад удирдагчдын хамт богино хугацааны дотор ариун сүмийн эрхийн бичиг авахуйц зохистой байхад мөн ариун ёслолын цуглааны ирцэд бодит өсөлт гарч эхэлснийг ажигласан байна. Индексжүүлэхэд оролцсон гишүүд гэр бүлийнхээ нэрсийг ариун сүмд аваачих хүсэл нь нэмэгдэж байгааг тэд ажиглав.
17 настай Мэкэнзи Х. eрөнхийлөгч Пикапын уриалгыг чин сэтгэлээсээ хүлээн авч, индексжүүлж эхлэн, эгч дүүс, эцэг эх болон эмээ өвөөдөө бас оролцоход нь тусалжээ. Мэкэнзи 2 жил хүрэхгүй хугацаанд 44 000 гаруй нэр индексжүүлсэн байна. Хамгийн чухал нь, Мэкэнзи болон түүний гэр бүлийнхэн нь өөрийнхөө гэр бүлийн нэрсийг хайж, тэднийг ариун сүмд аваачин, авралын ёслолуудад оролцохоор сүнслэгээр нөлөөлөгдсөн явдал юм.
Индексжүүлэлт нь Чорли гадасны гишүүдэд амьдралдаа Сүнсийг илүү их мэдэрч, гэр бүлийнхээ нэрсийг ариун сүмд аваачихад шаардлагатай тоног төхөөрөмжтэй болоход тусалсан. Ерөнхийлөгч Пикап “Та индексжүүлэхийн тулд ариун сүмд орохоор зохистой байх шаардлагагүй, гэвч индексжүүлж эхлэхэд энэ нь таныг ариусгаж, та ариун сүмд орохоор зохистой байхыг хүсэх болно. Мөн та ариун сүмд очиж, өвөг дээдсийнхээ төлөөх ажлыг хийхийг хүсэх болно. … Би үүнийг мэднэ, учир нь энэ нь надад тохиолдсон юм” гэж ярилаа.
Индексжүүлэх нь хүн бүрд тусалдаг
Их Эзэн “Болгоогтун , бибээр өөрийн ажлыг зохих цагт нь яаравчлуулах болно” (С ба Г 88:73) хэмээн амласан билээ. Индексжүүлэлт нь Их Эзэн энэ амлалтаа биелүүлж байгаа нэг арга зам юм. Индексжүүлэх нь хүн бүрд гэр бүлийн түүхийн хайлтыг хялбарчилж, хурдасгадаг бөгөөд энэ нь тэдэнд болон бусдад өвөг дээдсээ олох боломж олгодог. “Их Эзэн нэрс олж тогтоох агуу боломж олгогч технологийг бидэнд өгсөн.” “Та одоо зөвхөн өөрийн гэр бүлийн түүх дээр ажиллаж байгаа бус, индексжүүлэх нь Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдүүдэд туслах хамтын хичээл зүтгэл юм” хэмээн Жадсон ах хэллээ.