Бусад сүмүүдтэй хамтран ажиллахад оролцох замаар улам сайн гэгээнтэн болох нь
Энэхүү өгүүллийн зохиогч АНУ-ын Ютад амьдардаг.
Бид бусад сүмийн хүмүүстэй хамтран үйлчилснээр зөвхөн эв нэгдлийг бий болгож, тэдэнтэй харилцаагаа сайжруулаад зогсохгүй бас улам сайн шавь нар болдог.
Сүмийн удирдагчид гишүүдийг шударга хүмүүстэй тэдний шашин шүтлэгийг үл харгалзан, үйлчлэл болон ёс суртахууны асуудалтай холбоотой зүйлсэд хамтран оролцохыг байнга урьдаг билээ. Мөн cүмийн удирдагчид ихэвчлэн өөрсдөө үлгэр жишээ болдог. Саяхан eрөнхийлөгч Дийтр Ф.Угдорф эхнэр Харриэтын хамт Католик Шашны Нийгмийн Үйлчлэл байгууллагын “Оны Энэрэнгүй Үйлстэн” шагналыг хүртсэн билээ. Тэрээр “өмнө нь Лютерийн шүтлэгтэй байсан хоёр герман хүн эдүгээ бат итгэлтэй мормончууд болж, Америкийн Нэгдсэн Улс дахь католикчууд тэдэнд хүндэтгэл үзүүлснийг” хошигнон, тэмдэглэжээ.1
Дэлхий даяарх гишүүд бусад байгууллагуудтай мөр зэрэгцэн үйлчлэх урилгыг сайшаан дэмжиж, хариулсан юм. ХҮГ тойргууд нийтийн эзэмшлийн цэцэрлэгүүдийг байгуулан, ёс суртахууны эрхэмлэх зүйлсийн талаар бусад сүмүүдтэй хамтран хурал чуулган зохион байгуулж, олон нийтийг хамарсан цэвэрлэгээ хийдэг тухай түүхүүдийг сонсоод миний сэтгэл их хөдөлдөг.
Бусад сүмүүдийн хүмүүстэй хамтран үйлчлэх тухайд, Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Квинтин Л.Күкийн “Өөр сүмийн хүмүүстэй хамтран хүндэтгэлтэй, чин сэтгэлийн үйлчлэл хийх нь бидний эв нэгдлийг хөгжүүлээд зогсохгүй бас бидэнд хамтдаа болон хувиараа Бурхан ба Түүний хүүхдүүдийг хайрлах хайрыг өсгөн нэмэгдүүлэх боломжийг олгодог” гэсэн урам хайрласан үгс үнэн гэдгийг би мэдсэн билээ.2
Дэлхийг сайжруулах нь
Хэдэн жилийн өмнө Пресбитериан шашны нэг үйлчлэгч манай бүсэд нүүж ирсэн юм. Тэр зөвхөн өөрийнхөө сүмийнхэнд төдийгүй бүх хөршүүддээ туслахыг хүсдэг байв. Тэр эмэгтэй ихэнх нь ХҮГ гэр бүлүүдээс бүрддэг манай хөршүүдэд нөхөрсгөөр хандаж, хөршүүддээ урилга болон тусламж хүргэхэд тойргийн гишүүд түүний сүмийн үйлчлэлийн төслүүдэд оролцдог болсон байна. Тэр эмэгтэй болон өөр шашин шүтлэгтэй хөршүүд нь хандив цуглуулж, эмчилгээний зардлаа яаралтай төлөх шаардлагатай болсон ХҮГ нэг гэр бүлд тусалжээ.
Төлөөлөгч Оорсон Ф.Витни (1855–1931) “Бурхан өөрийн агуу хийгээд гайхамшигт ажлыг гүйцэлдүүлэхийн тулд зөвхөн нэг бүлэг хүмүүсийг биш харин илүү олон бүлгүүдийг ашигладаг. … Энэ нь ганц хүнээс хэтэрхий ахадсан, хүнд ажил юм” хэмээн хэлжээ.3 Сайн хүмүүс хүч чармайлтаа нэгтгэсэн үед агуу зүйлс гүйцэлдэх боломжтой юм. Манай хөрш үйлчлэгчийн хичээл зүтгэл, манай гадасны Нийгмийн Халамжийн бүлгийг бусад сүмүүдтэй холбоо байгуулан, дүрвэгчдийн байгууллагуудыг ариун цэврийн иж бүрдэл болон номоор хангах асуудлаар эмэгтэйчүүдийн чуулган зохион байгуулахад хүргэсэн юм. Шашин хоорондын эдгээр хэлхээ холбоо дүрвэгчдийн томоохон бүлгийг хооллоход өөр нэг сүмийнхэнд туслахын зэрэгцээ орон гэргүй нэг хүнийг орон байртай болгоход нэмэлт сайн дурынхан хэрэгтэй болсон өөр нэг сүмд туслах боломжийг гадасны гишүүдэд олгосон ажээ.
Ерөнхийлөгч Томас С.Монсон “Бид бусад сүм болон байгууллагуудтай хамтран ажиллах … үүрэгтэй” гэж гишүүдэд хандан хэлсэн 4 бөгөөд түүний энэ үг дэлхийг хүмүүнлэгийн үйлчлэлээр чамгүй адисалсан билээ. Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р. Холланд Нэгдсэн Улс дахь Христийн шашны удирдагчдад хандаж үг хэлэхдээ Бригам Янгийн Их Сургууль дээр болсон ХҮГ гишүүд болон Эвангелист Христийн шашинтны хамтарсан цуврал ярилцлагуудыг тайлбарлажээ.5 Эдгээр чуулгануудын нэг үр дүн нь олны танил нэгэн шашны удирдагч өөрийнх нь сүмийн зарим хүмүүс Мормоны шашны тухай буруугаар тайлбарладаг байсны төлөө ХҮГ Сүмээс уучлал гуйсан явдал юм.6 Ийм хэлхээ холбоо бий болгох талаар ахлагч Холланд “Би тусалж чадахгүй ч өнөөгийн хүнд бэрх цагт энэ нь үйл ажиллагаануудын тэнгэрлэг бүтцийн хэсэг байхад итгэдэг” гэж хэлжээ.7
Харилцаагаа сайжруулах нь
Бид бусадтай хамтран үйлчлэхдээ бидний харилцааг илүү утга учиртай болгож, бусдыг гомдоохоос зайлсхийхэд тодорхой удирдамжууд бидэнд тусалж чадна. Би урьд нь нэгэн том хотод амьдарч байсан бөгөөд орон нутгийн сүмийн олон нийтэд нээлттэй багшлах хөтөлбөрт сайн дураараа бүртгүүлэв. Энэ нь тус хөтөлбөрийг хариуцсан хүн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд миний гишүүн байгаа нь уг хөтөлбөрт багшлахад тохирохгүй гэж үзсэнийг мэдэх л гэсэн байжээ. Тэр явдал хэн нэгний хувь нэмрийг ямар шашин шүтдэгийг нь (эсвэл шашин шүтдэггүйг) үл харгалзан, үнэлдэг байхад намайг итгүүлсэн. Сүмийн тухай мэдэх гэсэн хэний ч бай сонирхлыг би талархан хүлээж авахын сацуу хожмын үеийн гэгээнтнүүд бид тусламж хүлээн авагч болон бидэнтэй хамт үйлчилдэг хүмүүсийг cүмд хөрвөхийг нь хүсэн хүлээлгүйгээр хөршөө хайрлаж, нүцгэнийг хувцаслан, өлссөнийг хооллож, хоригдсоныг эргэж оч гэсэн Есүсийн тушаалд нухацтай ханддагийг би бас мэднэ (Матай 25:34–36-р шүлгүүдийг үзнэ үү). Шашин хоорондын харилцаан дахь чин сэтгэлийн, хүндэтгэлтэй байдал нь аливаа бүлгээс, түүний дотор манай сүмээс, итгэлээ орхих буюу үгүйсгэхийг хэзээ ч шаарддаггүй. Харин энэ нь оролцогчдыг “сүмийн эсрэг бүү тэмц” (С ба Г 18:20), “өөрсдийгөө энэрлийн холбоогоор хувцаслагтун” (С ба Г 88:125) хэмээн уриалдаг.
Өөр нэгэн ашиг тустай удирдамжийг ХҮГ-үүд зонхилдог нутгийн нэгэн гадасны ухаалаг удирдагч санал болгосон юм. Тэр бусад сүмийнхэнтэй хамт үйлчилдэг гишүүддээ шийдвэр гаргах болон удирдахад давамгайлахгүй харин зөвлөлдөж, “тэгш боломжтой байх” (С ба Г 88:122) боломжийг бүх хүмүүст олгож ажиллахыг зөвлөжээ. Бусад сүмүүдтэй харилцах асар их туршлагатай энэ удирдагч түүнчлэн гишүүдээ сайн хөршийн харилцааг хөгжүүлэхэд урамшуулан дэмжжээ. Хожмын үеийн гэгээнтнүүдтэй хамтарч ажилласан зарим хүмүүс тэднийг ажилч хичээнгүй, сайхан зантай хүмүүс гэдгийг мэддэг ч тэдэнтэй харилцаагаа хөгжүүлэхээсээ илүү ажлаа шалавхан дуусгах сонирхолтой байдгийг тэр олж мэдсэн.
Олон нийтийн болон боловсролын салбар дахь туршлага минь янз бүрийн хүмүүс зөв зорилгод нэгдсэн үед Сүнс хүчтэй байдгийг ойлгуулсан юм. Ах дүүсэг ёсны хайр, эрүүл саруул сэдэл нь ажилд дэмжлэг болохоосоо илүү бидний үйлчлэлд тусалдаг.8
Өөр сүмийн чуулган дээр үг хэлсэн нэгэн ХҮГ бусадтай хэлхээ холбоо бий болгох нь биднийг илүү сайн ойлгоход нь бусад сүмийн гишүүдэд тусалдгийг ажигласан байна.9 Өөр шашны нэг эрдэмтэн Америкийн нэгэн алдартай их сургуулийн семинарт Мормоны шашны тухай хичээл заадаг байв. “ХҮГ Сүм бол үндсэндээ … хэт туйлширсан, уламжлалт биш шашин гэдэгт итгэж өссөн ч Мормон найз нар болон хамт ажиллагсдынх нь зан байдал тэдний тухай хэвшмэл ойлголттой тохирдоггүй учраас” оюутнууд нь энэ cүмийн тухай мэдэхийг хүсдэгийг тэр багш олж мэджээ.10
Өөрсдийгөө сайжруулах нь
Бусадтай хамт үйлчлэх нь биднийг ойлгоход тэдэнд туслаад зогсохгүй түүнчлэн тэднээс суралцаж, Бурхан “хүмүүсийг ялгаварлан нүүр тал харагч биш” (С ба Г 1:35) гэдгийг ойлгоход бидэнд тусалдаг. Тэрбээр бүх шашин болон соёлын сайн хүмүүст Түүний хүүхдүүдийн амьдралыг сайжруулах хүч чармайлт гаргахад нь тусалдаг билээ.
Ийнхүү бусад хүмүүсээс сайн зүйлсийг олж харах нь сүнслэг байдлын хувьд бардам зан гаргасных нь төлөө Есүсийн буруушаасан фарисайчууд (Матай 23-р бүлгийг үзнэ үү) эсвэл Мормоны Ном дахь зорамчуудын бусдыг хавчин гадуурхдаг дээрэнгүй занг дүрсэлсний (Алма 31-р бүлгийг үзнэ үү) эсрэгээр биднийг даруу байхад тусалдаг. Бусдад байгаа сайн зүйлийг мэдэж, түүнээс суралцах нь бидэнд илүү сайн хүмүүс болох боломжийг олгодог билээ.
Бид зөвхөн гэр бүлийнхээ гишүүд, найз нарыгаа төдийгүй, бүх хөршүүд, тэр ч бүү хэл дайснуудыг ч хайрлах ёстой. Дэлхийн II дайны дараахан Япон дахь Америкийн цэрэгт алба хааж байсан cүмийн нэг гишүүн япончуудыг үзэн ядах хорсолтойгоо хэрхэн тэмцсэн тухайгаа ярьжээ. Түүнийг япон тосгоны хүмүүсийн ариун дуганд урьж, элэгсэг дотноор хүлээн авснаас хойш тэрээр “тэдний сүнс өөрт нь нөлөөлж, япончуудын талаарх үзэл бодолд нь гайхалтай өөрчлөлт гарсныг мэдэрсэн” байна. Үзэн ядалт нь арилж, алга болсон гэнэ. … Би тэр дуганд болсон явдал болон тэндхийн хүмүүсийн талаар мэдэрсэн гайхалтай өөрчлөлтийн тухай боддог болсон.”11
Үүн лүгээ адил, бид өөрсдийнхөө дунд бусдыг чин сэтгэлээсээ урихад тэд ч бас өөрчлөлтийг мэдрэх болно. Бригам Янгийн Их Сургуулийг төгссөн нэгэн Протестант Христийн шашинтан ХҮГ оюутнуудаас өөрийгөө анх хэрхэн хамгаалж байсан тухайгаа тайлбарлаж, нэг өгүүлэл бичжээ. Гэвч эцэстээ утга учиртай нөхөрлөл бий болсны дараа тэр эмэгтэй талархан, “Хожмын үеийн гэгээнтнүүд даруу байдлаараа Бурханд ойр байдгийг би мэдэрсэн. Би Бурханы агуу мөн чанарыг оюун санаандаа хадгалах гэж хичээснээрээ Бурханыг өөртөө ойр байлгахыг үл ойшоож байснаа ойлгож эхэлсэн бөгөөд энэхүү ойлголт надад гүнзгий нөлөөлсөн юм” гэжээ.12
Ахлагч Холланд Христийн шашны удирдагчдад хандан хэлсэн үгэндээ “ямар нэг шинэ зүйлийг сурч мэдэхтэй холбоотой эрсдлийг хүлээн зөвшөөрч, шинэ ойлголт нь хуучин үзэл бодолд нөлөөлснөөр дэлхийг ойлгох бидний ойлголтыг шинэчлэн, эрэмбэлж, шинэ байдлаар эргэцүүлэн бодоход зайлшгүй хүргэдэг” гэжээ.13 Би бусад сүмийн хүмүүстэй нөхөрлөхдөө ихэвчлэн тэдэнд байдаг аливаа ариун журамтай юм бүхэнд, тэдний санал болгодог сайн сайхан зүйлсэд талархахын зэрэгцээ бидний хоорондын болон сургаалын ялгаанаас соёл заншлын ялгаанд дүн шинжилгээ хийхийг олонтоо хичээдэг. Үнэндээ, хичээл зүтгэл нь заримдаа эрсдэлтэй мэт санагдавч ашиг тустай зүйл юм. Би юмсын учир начрыг ялгаж, салган авч үзэх явцдаа өөрийн соёлын чиг хандлагын зарим хэвшсэн зүйлийг орхин, сайн мэдээний мөн чанарт илүү ойр байх болсноо ухаарсан билээ.
ХҮГ-ийн нэлээд хэдэн бүлэг шашны ажилтан нэг найзыг минь “Шашны ялгааг үл харгалзан, хөршөө хайрлах нь” сэдвээр үг хэлэхэд урьсан бөгөөд ярилцлагад оролцсон олон хүн түүнийг хүлээн зөвшөөрсөн юм. Хариуд нь тэрээр намайг болон өөр хэдэн хожмын үеийн гэгээнтнүүдийг өөр шашны цуглаанууд дээр мөн дээрх сэдвээр ярихыг урив. Үүний дараа цуглаанд оролцогчид надтай ярилцахыг хүсч, намайг тэврэн, чин сэтгэлийн хайр болон харилцан ойлголцсондоо бүр нулимс дуслуулж байлаа. Би иймэрхүү туршлагуудаас ахлагч Холландын дараах дүгнэлт үнэн болохыг мэдсэн юм:
Бид хүмүүсийн арьс, өнгө, угсаатны болон нийгмийн бүлэг, сүм, синагог, лалын шашинтны сүм хийд, итгэл үнэмшил ба сүсэг бишрэлээс цаашлуулан харах үед, мөн тэднийг чухам хэн болохыг буюу нэг Бурханы хүүхдүүд гэдгийг харахыг хичээснээр эрхэм болоод үнэ цэнэтэй зүйлс бидэнд тохиож, үүгээр бид бүгдийн Эцэг, Бурханд илүү ойртдог билээ.”14