2013
Хүүхдүүдэд Ариун Сүнсийг танин мэдэхэд туслах нь
оны 2013


Бидний гэр орон, гэр бүл

Хүүхдүүдэд Ариун Сүнсийг танин мэдэхэд туслах нь

Энэхүү өгүүллийн зохиогч АНУ-ын Калифорнид амьдардаг.

Бид хүүхдүүддээ гэрчлэлээ хөгжүүлэхэд нь туслахын тулд Ариун Сүнс бидэнтэй харилцдаг олон өөр аргуудыг ашиглаж болно.

Нөхөр бид хоёр дөрвөн хөвгүүний эцэг эхийн хувьд хүүхдүүддээ Сүнсийг мэдэрч, гэрчлэлтэй болоход нь туслах арга замуудыг үргэлж хайдаг билээ. Бид энэ зарчмыг ер бусын арга замаар ойлгоход чухал амжилт олсон юм. Сүнсний өдөөлт ирэхэд би дэлгүүрт байлаа.

Том хүүгийн маань нийгэм судлалын хичээлийн дүн буурсан байв. Энэ талаар бид түүнтэй ярьж, улам шаргуу суралцахад нь тусалж дэмжсэн ч сурлага нь сайжирсангүй. Бид түүнд тусалж болох санаа олж мэдэхийн төлөө залбирсаар байв. Нэг өдөр намайг номын дэлгүүрт байх үед хямдрал зарласан номуудаас нэг ном худалдаж авах хэрэгтэй гэсэн хүчтэй сэтгэгдэл төрлөө.

Тэр номд бид сурах арга барилаараа хэрхэн өөр өөр байдаг тухай өгүүлсэн байлаа. Ихэнх хүмүүс харж суралцдаг суралцагчид байдаг. Энэ нь тэд харсан зүйлээсээ хамгийн их юм сурдаг гэсэн үг. Ийм суралцагчид нь ихэвчлэн уран зурагт болон уншихад дуртай байдаг. Зарим хүмүүс сонссон зүйлээ хамгийн сайн сурдаг. Тэд мэдээллийг сонсож, ойлгон, ой тойндоо хадгалснаар сайн сурч чаддаг ажээ. Ийм хүмүүс ихэвчлэн хөгжимд дуртай байдаг. Эцэст нь, зарим хүмүүс юмсын хөдөлгөөнийг хараад эсвэл өөрсдөө хөдөлж байж, сайн суралцдаг байна. Тэд хөдөлгөөн эсвэл үйл ажиллагаанд оролцож байж, хамгийн сайн сурдаг ажээ. Ийм суралцагчдыг багш нар нь хөдөлгөөнгүй суулгах гэж зарим үед шахдаг учраас сургуульд сурах нь бэрхшээлтэй байдаг. Тэд хааяагүй хөдөлж, явж байхдаа хамгийн сайн сурдаг байна.

Хариулт нь үүнд л байлаа! Хүү маань яахын аргагүй сонсож, сурдаг. Тэр хөгжимд болон ярилцахад дуртай байлаа! Бид түүнийг нийгэм судлалын хичээл дээр өөр зүйл хийж байхад нь багш нь ихэнхдээ ангиас гарган, хичээлээ гэртээ унш гэдэг байсныг мэдсэн юм. Ангиараа ярилцах ярилцлагыг сонсож чадахгүй байсан учраас түүнд хэцүү байж. Бид үүнийг нэгэнт ойлгосон болохоор түүнийг даалгавраа чанга уншаад дараа нь бидэнтэй ярилцахад нь урамшуулан дэмжсэнээр түүний сурлага хурдан сайжирсан юм.

Сүнслэг туршлагыг дэмжих нь

Суралцах хэв маягийн тухай бидний ойлголт тэгээд зогсоогүй билээ. Бид үүнийг илүү ихээр судалж, хүүхдүүдээ ажигласнаар Ариун Сүнс хүүхдүүдэд маань тэдний хамгийн сайн сурч чадах аргаар заадгийг ухаарсан юм. Сүнс бидэнд бидний ойлгож чадах аргаар, бидний хэлээр бидэнтэй ярьдаг болохыг бошиглогч Иосеф Смит заасан. Ариун Сүнс Өөрийнхөө хэлээр хүн бүгдэд, тэр ч байтугай бяцхан хүүхдүүдэд хүртэл ойлгомжтой байхаар тохируулан ярьдаг. “Бидний Тэнгэрлэг Эцэг бидэнд үргэлж нээлттэй байдаг. Тэрээр бидний ойлголтын түвшинд тохируулан ярьдаг. ‘Хэрэв Тэр бяцхан хүүхэд дээр ирвэл, Өөрийгөө тэр бяцхан хүүхдийн хэл болон чадварт тохируулан өөрчлөх болно’ (Иосеф Смит, History of the Church, 3:392).”1

Сүнс бидэнд тохируулан харьцдаг. Үүнийг мэдэх нь эцэг эхчүүдийг хүүхдүүдийнхээ хувьд Ариун Сүнсний заах зүйлсийг хамгийн сайн ойлгож чадах аргаар сонсох боломж бий болгоход урамшуулан дэмждэг. “Бүх хүүхдүүд чинь Их Эзэнээр сургагдах болно; мөн хүүхдүүдийн чинь амар амгалан агуу байх болно” (Исаиа 54:13).

Өмнө нь дурдсанчлан, том хүүгийн маань суралцах үндсэн арга нь сонсох байв. Том болон гурав дахь хүү хоёр маань хоёулаа хөгжимд дуртай, тиймээс бид гэртээ Мормоны Табернеклын найрал дуу болон сонгодог хөгжмийг ихэвчлэн тоглодог байлаа. Тэд ийм орчинд Сүнсийг маш сайн мэдэрдэг байлаа. Бид түүнчлэн сайн мэдээний талаар олон удаа ярилцсан бөгөөд энэ нь тэдэнд Сүнсээр баталгаажсан үнэнүүдийг сурахад тусалсан билээ.

Бас нэг хүү маань голдуу харсан зүйлээ сайн сурдаг байв. Манай тэр хүү унших дуртай байсан бөгөөд судар болон сайн мэдээнд төвлөрсөн номуудаас уншихдаа Сүнсийг хамгийн сайн мэдэрдэг байсан. Бид түүнд унших олон ном өгнө. Энэ нь түүнд Сүнс мэдэрч, гэрчлэлтэй болоход нь тусалсан. Түүнчлэн бид сайн мэдээг тусгасан зураг болон хэллэгүүдийг ханан дээрээ байрлуулснаар гэр маань харж суралцах хангалттай орчин болсон юм.

Хоёр дахь хүү маань харж мөн хөдөлгөөнөөр сурдаг байлаа. Манай тэр хүү үнэхээр их хөдөлгөөнтэй. Тэр аавтайгаа ууланд дугуйгаар эсвэл явган явахдаа жинхэнэ жаргалаа эдэлдэг байлаа. Бид түүнийг гадаа байж, явж, хөдөлж байхдаа Сүнсийг хамгийн их мэдэрдгийг олж мэдсэн юм. Бид гэр бүлээрээ олон удаа зугаалж, зугаалгынхаа үеэр Есүс Христ, бүтээлт болон авралын төлөвлөгөөний талаар ярилцдаг байлаа. Эдгээр үйл ажиллагаануудын үеэр захиасууд хоёр дахь хүүд маань илүү хүчтэйгээр хүрдэг байсан.

Нөхөр бид хоёр хөдөлгөөнөөр сурах арга нь үйлчлэл хийж байхад мөн илэрдгийг анзаарсан. Тиймээс хүүхдүүд маань харж, сонсож, оролцож болохын тулд бид үйлчлэлийн олон үйл ажиллагаа зохиодог болсон. Энэ нь манай бүх хөвгүүдэд энэрэл үзүүлэх болон Христийнхтэй адил үйлчлэл хийж сурах гайхалтай орчныг бүрдүүлсэн бөгөөд эдгээр бүх төслүүд ялангуяа хоёр дахь хүүд маань илүү их нөлөөлсөн юм.

Сонсох ба ойлгох нь

Бид түүнчлэн хүмүүс олон янзын арга замаар Ариун Сүнсийг “сонсдог” болохыг мэдсэн. Би шинэхэн хөрвөгчдөд ням гарагийн ангийн хичээл зааж байхдаа тэднээс “Та Ариун Сүнсийг яаж мэдэрдэг вэ?” гэж асуудаг байлаа. Тэдний хариулт үнэхээр санаа авууштай байлаа. Нэг нь “Би бодол санаандаа маш тодорхой мэдэрдэг” гэлээ. Өөр нэг нь “Би дотроо дулаахан мэдрэмжийг мэдэрдэг” гэхэд бас нэг нь “Би амар амгалангийн гүн гүнзгий мэдрэмжийг мэдэрдэг” гэсэн. Гишүүн болоод хэдхэн сар болж байгаа нэг эмэгтэй “Би бүх биеэрээ хатгуулж байгаа юм шиг болдог” гэлээ. Мөн нэлээд хэдэн хүн тэд заримдаа өөрт нь хандан ярих дуу хоолойг “сонсдог” эсвэл тэдэнд шинэ санаанууд төрдөг гэж хэлэв.

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Даллин Х.Өүкс: “Илчлэлт болон сүнслэг удирдамж нь үгсээр эсвэл оюун ухаантай нэгдэн нийлсэн бодол санаагаар илүү танил хэлбэрээр (Инос 1:10; С ба Г 8:2–3-р шүлгүүдийг үзнэ үү), гэнэтийн гэгээрлээр (С ба Г 6:14–15-р шүлгүүдийг үзнэ үү), төлөвлөсөн үйлдлийн тухай эерэг буюу сөрөг мэдрэмжээр эсвэл сүнслэгээр нөлөөлөх үзүүлбэр ба урлагийн тоглолтоор дамжин ирдэг. … ‘Сүнслэг удирдамж нь дуу хоолой гэхээсээ илүү мэдрэмжээр ирдэг’” гэж заасан юм.2

Бидний хүн нэг бүр Ариун Сүнсний харилцааг янз бүрийн арга замаар сонсож, мэдэрдэг нь тодорхой. Бид хүүхдүүддээ дулаахан мэдрэмжийг мэдрүүлэхийн тулд энгийнээр заах хэрэгтэй, эсвээс тэд уг мэдрэмжийг мэдрэхгүй өнгөрч магадгүй. Хүүхдүүд сүнслэг удирдамжийг өөр өөрөөр хүлээн авч болно.

Далын eрөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн асан ахлагч Жэй И.Жэнсэн нэгэн номлолоор ирсэн Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын нэг гишүүний тухай дараах түүхийг ярьжээ. Тэр Төлөөлөгч бүсийн чуулгануудын хооронд, өмнөх чуулган дээр үг хэлсэн Далын гишүүнд хандаж, “Би таныг өөрөө ч шийдэж чадахааргүй улам олон асуудлыг бий болгосон нэгэн санааг номлогчдын оюун бодолд үлдээсэн юм биш үү гэж бодож байна. Би cүм даяар аялах үедээ цээжин бие дотроо шатах лугаа адил мэдрэмжийг мэдэрсэн цөөн хүнтэй таарч байсан. Хэрэг дээрээ олон хүн надад удаан хугацааны турш мацаг барьж, залбирсан ч тийм мэдрэмжийг огт мэдэрдэггүйдээ бухимддаг тухайгаа ярьсан” гэж хэлжээ. Ахлагч Жэнсэн цааш нь: “Би олон жилийн турш Их Эзэний Сүнс ажилладаг өөр өөр арга замуудыг сурахыг хичээсэн. Бурхан үнэхээр тэнгэрээс ярьдаг гэвч Тэрээр гэрчлэл, баталгаа эсвэл удирдамжийг олон янзын арга замаар өгдөг” гэж ярьжээ.3 Бид хүүхдүүддээ Сүнсний тэдэнд хандан ярьдаг арга замуудаар Түүнийг сонсож сурах хэрэгтэй гэдгийг заах нь маш чухал юм.

Бид хүүхдүүддээ заахдаа итгэл, наманчлал, баптисмын зарчмууд ба Ариун Сүнсний бэлгийн талаар хуваалцдаг. Тэдэнд ирдэг сүнслэг өдөөлтүүдийг хэрхэн сонсож, ойлгохыг заах нь тэдний сүнслэг байдлын өсөлтөд туйлын чухал юм. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910-2008): “Тэд тантай хамт байгаа үед [хүүхдүүддээ] өөрийн тань өгч чадах бүх хүч чадал, итгэл тэдэнд хэрэгтэй байх болно. Мөн тэдэнд илүү дээд хүчнээс ирдэг илүү агуу хүч чадал бас хэрэгтэй байх болно” хэмээн зөвлөсөн билээ.4

Ариун Сүнсээр дамжуулан Тэнгэрлэг Эцэгээсээ удирдамж, чиглүүлэл авах нь бидний амьдралд агуу адислал болдог. Бид эдгээр өдөөлт, мэдрэмж болон зааварчилгаануудыг хэрхэн хүлээн авч, анхаарал хандуулахыг хүүхдүүддээ заах үед тэд өөрсдөд нь ирээдүйд хүч чадал өгөх хувийн гэрчлэлтэй болдог. Ариун Сүнс тэдний байнгын хамтрагч байснаар тэд Түүнийг илүү бүрэн дүүрэн сонсох боломжтой болно. Эцэг эхчүүд бид энэхүү үйл явцаар дамжуулан, хүүхдүүдээ адислахад тусалж чадна.

Эшлэл

  1. Жэральд Каусэ, “Бүр хүүхэд ч гэсэн ойлгож чадна,” Лиахона, 2008-оны 11-р сар, 39-р хуудас.

  2. Даллин Х.Өүкс, “Илчлэлтийн найман шалтгаан,” Лиахона, 2004 оны 9-р сар, 8-р хуудас.

  3. Жэй И.Жэнсэн, “Have I Received an Answer from the Spirit?” Ensign, 1989 оны 4-р сар, 21-22 -р хуудсууд.

  4. Гордон Б.Хинкли, “Бидний эдгээр бяцхан үрс,” Лиахона, 2007 оны 12-р сар, 7-р хуудас.