2013
Түүний залбирлын хариу
оны 2013


Түүний залбирлын хариу

Линзи Ливитт, Невада, АНУ

Би Христийн мэндэлсний баярын уур амьсгалыг мэдэрсэнгүй. Би ахлах сургуулийнхаа сүүлчийн жилийн арванхоёрдугаар сард коллежид элсэх өргөдлөө бөглөж, явуулах, Лаурэлын сүүлчийн төслөө бичиж дуусгах хэрэгтэй байлаа. Би Лаурэл ангийн төсөлд оролцсон тухайгаа мөн энэ төслөө коллежид элсэх өргөдөлдөө оруулж, ашиглахын тулд сайн дурын туслагч олж чадна гэдэгт итгэлтэй байлаа. Аз болоход, манай сурагчдын зөвлөлийн зөвлөх миний найз Жэссика бид хоёроос орон нутгийн энэрлийн нэг байгууллагад сургуулиас тоглоом хандивлах ажлыг зохион байгуулахыг хүсэв.

Би төслийн хороонд ихэнх ажлыг хариуцуулав. Тэднээр би хандивласан тоглоомын тоог заах том термометрийг дүрсэлсэн зарлалын самбар хийлгэлээ. Бид үүнийг хангалттай сурталчилгаа гэж үзэн, өдрийн цайны цаг бүрийг хандив цуглуулахад зориулдаг байв. Сурагчид цөөн тоглоом хандивласан болохоор термометрийн заалт доогуур байлаа.

Хачирхалтай нь, манай зөвлөгч зарим тоглоомуудыг ялгаж эхлэв. Жэссика бид хоёр түүнээс яах гэж байгааг асуухад тэр бидэнд сургуулийн нэг багш саяхан хорт хавдраар өвчилсөн гэлээ. Эмчилгээнийхээ хажуугаар хичээл заах нь хүнд байсан учраас тэр ажлаасаа чөлөө авахаар шийдсэн гэнэ. Баяр дөхөж, түүний эмчилгээний хөлс бөөгнөрсөн учраас гэр бүл нь Христийн мэндэлсний баярыг тэмдэглэх зүйл багатай байлаа. Зөвлөгч маань биднийг тэдэнд зориулж, тусад нь бэлэг боохыг зөвлөв.

Миний сэтгэл их догдоллоо. Би үйлчлэлийн төслөө бусдад биш зөвхөн өөртөө үйлчлэх юм шиг бодож байсан юм. Би хандивын тоглоомын тоо хэмжээг гурав дахин их болгохоор шийдэн, багш болон түүний гэр бүлд зориулж, мөнгөн хандив цуглуулж эхэллээ.

Жэссика бид хоёр ангиудаар явж, сэдсэн үйлсээ сурталчлав. Асар их үр дүн гарлаа. Багш, ажилчид болон сурагчид тэр гэр бүлд туслахаар тоглоом, мөнгө хандивлав. Удалгүй бид тоглоом цуглуулах зорилгоо давуулан биелүүлж, энэрлийн байгууллагынхныг гайхшируулсан юм. Бид түүнчлэн уг гэр бүлд зориулж, 1000 гаруй доллар цуглуулсан байв.

Биднийг цуглуулсан болон худалдаж авсан бэлгүүдээ нямбайлан боож байхад миний хүлээн авсан үйлчлэлийн гэрчлэл нь бидний өгөх гэж буй бэлгүүдтэй адил агуу зүйл гэдгийг би ойлгосон юм. Бидний нэрээ нууцлан, довжоон дээр нь үлдээсэн бэлгүүдийг тэр гэр бүл хэрхэн олж буйг нууцаар харсан үедээ би үгээр илэрхийлэх аргагүй мэдрэмжийг мэдэрсэн юм.

Хэдэн сарын дараа Жэссика бид хоёроос үйлчлэлийн төслийнхөө талаар семинарт хичээл заахыг хүслээ. Бид нөгөөх багшийн нэрийг хэлэлгүй, хийсэн зүйлээ ярьж өглөө. Гэтэл нэг охин гараа өргөн, босоод ярих үед нүднээс нь нулимс урсаж эхэллээ. Тэр багш түүний авга ах нь байсан бөгөөд бидний үйлчлэл түүнд ямар их үнэ цэнэтэй байсныг тайлбарлалаа. Энэ нь түүний залбирлын хариу байсныг тэр охин хэлэв.

Тэр баярын үеэр бид чин сэтгэлийн үйлчлэлд сэтгэл нийлэн цугласан нь том өөрчлөлт авчирсныг мэдэх нь ямар их баяр баясал байсан гээч.

Хэвлэх