2013
Би баптисм хийлгэнэ!
оны 2013


Би баптисм хүртэнэ!

Роё Аткин, Калифорни, АНУ

Христийн мэндэлсний баярын үе байлаа. Зузаан цас газрыг хучжээ. Хамтрагч бид хоёр хэдэн сарын турш Германы хүйтэн өвлийг сөрөн, хаалга тогшиж, Мормоны Номыг тараадаг байв. Дэлхийн II Дайн дуусаад 15 жил өнгөрсөн ч олон герман хүн америкчуудаас цэрвэдэг байв.

Харин тэр орой Ингэборг Бинмүллэр баптисм хүртэх гэж байлаа. Нэгдсэн Улсын Агаарын Цэргийн бааз руу автобусаар явах нь хол ч гэсэн тэр эмэгтэй тайван байлаа. Түүний улам уйтгарлан, гуниглахыг би ажиглалаа.

Биднийг автобусны буудалд ирэхэд Ингэборг бидэн рүү эргэж хараад “Надад хэчнээн хэцүү байгааг та нар мэдэж байна уу? Холбоотны цэргүүд дайны үеэр нөхрийг минь алсан. Бас тэд агаараас бөмбөгдөж, манай гэр бүлийн бусад олон гишүүдийн амийг хөнөөсөн юм шүү дээ” гэлээ.

Тэр хөлөндөө гараа хүргээд “би хүхрийн бөмбөгний хэлтэрхийнд өртсөн юм. Миний энэ хөл огт эдгэрэхгүй. Би цэргийн бааз руу орох эсэхээ мэдэхгүй л байна шүү” гэх нь тэр.

Бид түүний хэлснийг дотроо эргэцүүлэн бодож, чимээгүй сууж байтал автобус хүрч ирэв. Индэборг суусаар л байв. Миний зүрх түг түг цохилж эхэллээ. Тэр эмэгтэй айдсаасаа болж, шийдвэрээ бүү өөрчлөөсэй хэмээн би залбирлаа.

Гэтэл тэр суудлаасаа босч, “Тэнгэрлэг Эцэг надад cэргээлт үнэн гэдэг гэрчлэлийг өгсөн. Би Мормоны Ном үнэнийг мэднэ. Би баптисм хүртэнэ! Ахлагч Аткин, явахад минь туслаач” гэв.

Бид хаалга хүртэл удаан алхлаа, тэгээд биднийг харуулуудын дэргэдүүр өнгөрөх үед Ингэборг хүндээр амьсгаадаж байлаа. Бид цагаан хувцсаа сольж өмсөөд зоорийн давхар дахь усан сан руу очлоо. Тэр усан сан бидний хувьд ариун газар болж, амар амгалан бидэнд мэдрэгдэв. Ингэборгийг ус руу орох мөчид түүний нүүрэн дэх уйтгар гуниг баяр баясгалангаар солигдон, тэр баптисм хүртэж, сүмийн гишүүн болсон билээ.

Биднийг гэр рүүгээ буцаж явах үед Ингэборг “Ахлагчид Мормоны Номыг надад үлдээж явсан тэр үдэш миний сэтгэл үнэхээр их догдолсон шүү” гэж хэлэв. “Би орой болтол унталгүй Мозая 18–р бүлгийг хүртэл уншсан. Тэнд Алма хүмүүсийг баптисм хүртэхэд урьж, “Болгоогтун, Мормоны Ус энэ байна … мөн эдүгээ, та нар Бурханы хороонд орж … мөн түүний хүмүүс гэж нэрлэгдэх хүсэлтэй байж … баптисм хүртэхэд юу нь та нарт болохгүй байх билээ?” гэж хэлсэн байдаг. (Moзая 18:8, 10).

Тэр аяархнаар цааш үргэлжлүүлэн, “Би эдгээр үгсийг уншиж байгаад унтчихсан. Тэгээд нэг зүүд зүүдэлсэн. Би Мормоны Устай адил нэгэн үзэсгэлэнтэй их усны дэргэд зогсож байх юм. Усны нөгөө талд цагаан хувцастай хүмүүс—гэр бүлийнхэн маань зогсож байна! Дайнд үрэгдсэн нөхөр маань над руу инээмсэглэн хараад намайг баптисм хүрт гэж толгой дохисон” гэлээ.

Тэр орой Бинмүллэр эгч Вүрзбүрг салбарт гишүүн болсноор айдсаа ялж, cүмд нэгдсэн олон германчуудын нэг болсон билээ.

Хэвлэх