Бид бэлгээ авахаар ирлээ
Волтэр Эмилио Посада Родригэз, Коломб
Би дүүргийнхээ ерөнхийлөгчийн зөвлөлд байхдаа гишүүддээ Коломбын Соачад амьдардаг ядуу хүүхдүүдэд зориулсан тоглоомын хандивын үйл ажиллагааг зохицуулахад тусалсан юм. Бүх гишүүд бидэнд гайхалтай хариу үйлдэл үзүүлсэн. Бүх бэлэг цоо шинэ биш ч ихэнх нь бараг л шинээрээ байлаа.
Биднийг хот руу хүргэх автобусанд бэлгүүдээ ачиж дуусч байхад нэгэн жаахан охин маш их элэгдэж, зурагдсан хуванцар бөмбөгтэй над дээр ирлээ. Би бөмбөгийг гартаа барьж үзээд хэн ингэтлээ элэгдсэн бөмбөгийг хандивладаг байна аа гэж бодлоо. Тэгээд би бага зэрэг дургүйцэн, бөмбөгийг суудал доогуур шидэв.
Биднийг хүрэх газартаа очиход залуус маань Христийн мэндэлсний баярын дууллууд дуулж эхлэв. Тэдний хөгжим болон Христийн мэндэлсний баярын малгай олон хүүхдийн анхаарлыг татлаа. Биднийг бэлгээ тарааж эхэлтэл тэнд байсан хүүхдүүд өөр хүүхдүүдийг дуудаж ирүүлэв. Удалгүй бид бүх бэлгээ тарааж дуусав.
Биднийг явах гэж байтал найм орчим настай нэг хүү бяцхан дүүгээ хөтлөн, бидэн рүү гүйж ирэхийг би харлаа. Тэд ирээд наймтай хөвгүүн нь “Бид бэлгээ авахаар ирлээ” гэлээ. Түүний гэнэн цайлган зан намайг хэлэх үггүй болгож, сэтгэлийг минь уяраав.
Би түүнд бэлэг дууссан гэж хэллээ. Тэр хариуд нь “Надад бол хамаагүй, бэлэг өгөхгүй ч байж болно, харин дүүд минь бэлэг өгөөч” гэлээ.
Тэгэхэд л би суудал доогуур шидсэн нөгөөх бөмбөгийг саналаа. Би хөвгүүдэд нэг бэлэг байгаа нь ч байгаа, гэхдээ тун даруухан даа гэв.
“Юу ч байсан хамаагүй ээ” гэж хөвгүүн хэллээ. “Энэ л дээ” гэж би хэлээд
автобусанд орж, нөгөөх бөмбөгийг гаргаж ирэв. Намайг бяцхан хүүд бөмбөгийг өгөхөд тэр баярлан, сүйд болов. Хүү баярлан дэвхэрч, “Бөмбөг! Бөмбөг! Энэ чинь надад өгөхийг Христээс миний гуйсан бэлэг мөн байна” гэв. Тэр бяцхан хөвгүүн баярлан, харайж, бүжиглэн, дэвхэцсээр үнэ цэнэтэй бэлгээ тэврэн, ахтайгаа хамт аваад явав.
Амар амгалан болон талархлын мэдрэмж намайг эзэмдэн, би тэнд нулимс асгаруулан, зогсож үлдсэн юм. Бяцхан хөвгүүн өөрийгөө үл хайхран, дүүгийнхээ төлөө анхаарал халамж тавьсан нь намайг уярааж орхилоо. Тэр хөвгүүн дүүгээ адисалсан шиг би ч бас бусдыг адислахдаа соргог байх хэрэгтэй юм байна гэж дотроо бодлоо.
Хоёр бяцхан хөвгүүнийг холдон явахад биднийг хайрладаг Аврагчийн хайрыг би саналаа. Тэрбээр Христийн мэндэлсний баяраар бөмбөг гуйсан хөдөөгийн бяцхан даруухан хүүг хүртэл мартаагүй юм.