Ахлагч М. Рассэлл Баллард Европ дахь гэгээнтнүүдэд хандан, үг хэлэв
Бурханы хаант улс болон сүмийг хөгжүүлэх хожмын үеийн гэгээнтнүүдийн хүч чармайлтад Европын эхэн үеийн анхдагчдын үзүүлж байсан итгэл өнөө үед шаардлагатай байна хэмээн Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч М. Рассэлл Баллард Швед, Дани, Финлянд болон Норвеги дахь сүмийн гишүүдэд зориулсан шууд нэвтрүүлгийн үеэр хэлжээ.
“Одоогоос 20 жилийн дараа танай оронд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм ямар байх вэ?” хэмээн ахлагч Баллард асуужээ. “Хэрэв бидний итгэл, урам зориг, үйлдэл тэднийх шиг биш байгаа бол, хэрэв бид сүмийн тойрог, салбар, гадас, дүүрэг бүрийг хүчирхэгжүүлэхийн төлөө чадах бүхнээ хамгийн сайнаар хийсэн хэмээн сүнсний дэлхий дэх Скандинавын анхны гишүүдэд тайлагнаж чадахгүй юм бол бид тэдэнд юугаа хэлэх билээ дээ?”
Энэхүү нэвтрүүлэг нь Шведийн Стокгольм, Английн Лондон мөн Францын Парист хийсэн ахлагч Баллардын саяхны айлчлалын нэг хэсэг байв.
Ахлагч Баллард Шведэд үйлчилж буй номлогчидтой уулзан, Стокгольмын ганц бие залуучуудад хандан үг хэлсэн юм. Энэхүү цуглааныг Европын бүс дэх 402 цуглааны байранд нэвтрүүлэн үзүүлжээ. Тэрээр гэрлэлтийн ач холбогдлын тухай ярьж, сайн мэдээний зарчмуудаар амьдрахаар залуучуудын хийдэг сонголт сүмийн ирээдүйг тодорхойлох болно гэдгийг онцлон тэмдэглэжээ. Тэрээр энэ жилийн эцэс гэхэд хүн бүр хэн нэгнийг сүмд нэгдэхэд нь эсвэл дахин идэвхтэй болоход нь туслах хэрэгтэй хэмээн уриалан дуудсан юм.
Түүнчлэн ахлагч Баллард Швед, Дани, Финлянд болон Норвегийн бүх цуглааны байруудад үзүүлсэн шууд нэвтрүүлгээр Скандинавын чуулганд оролцсон сүмийн гишүүдэд хандан үг хэлжээ. Скандинавын орнуудад сүмийн гишүүнчлэл 23 000-аас давсан бөгөөд тэд 123 нэгжид цугларч байна.
Английн Лондонд ахлагч Баллард болон Европын бүсийн ерөнхийлөгч Хосе Тэйксэйра нар Лондон ба Өмнөд Лондоны номлолуудад үйлчилж буй номлогчидтой уулзлаа. Олон зуун номлогч ахлагч Баллардын гэрчлэлийг сонсож, номлолын ажлын төлөөх түүний урам зоригийг мэдэрчээ.
Ахлагч Баллард Францын Версаль дахь номлогчидтой уулзав. Түүнчлэн тэрээр 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулганаар зарлагдсан Францын Парисын ариун сүмийн газар дээр очиж үзжээ.