Айлчлагч багшийн захиас бичиг
Бурханы Төрсөн Ганц Хүү, Есүс Христийн тэнгэрлэг зорилго
Энэ материалыг залбирч судлан, хуваалцах зүйлээ мэдэхийн тулд эрэлхийлж хай. Аврагчийн амьдрал ба зорилгыг ойлгох нь Түүнд итгэх итгэлийг тань хэрхэн өсгөж, айлчлагч багшаар дамжуулан өөрийн тань харж хандан, анхаарал тавьдаг хүмүүсийн амьдралыг хэрхэн адислах вэ? Дэлгэрэнгүй мэдээллийг: reliefsociety.lds.org-аас үзнэ үү.
Бидний Аврагч, Есүс Христ Төрсөн Ганц Хүү хэмээн нэрлэгддэг. Учир нь Тэрээр энэ дэлхий дээр мөнх бус эх, мөнхийн Эцэг хоёроос төрсөн цорын ганц хүн юм. Тэр Өөрийн Эцэг, Бурханаас бурханлаг хүчийг өвлөн авсан бол эхээсээ өлсөх, цангах, ядрах, өвдөх болон үхэх зэрэг мөнх бус шинжүүдийг өвлөн авсан билээ.1
Есүс Христ Эцэгийн Төрсөн Ганц Хүү учраас Өөрийн амийг өгч мөн эргүүлээд авах боломжтой байв. Судруудад бид “Христийн Цагаатгалаар” “амилуулалтыг олж болно” (Иаков 4:11) хэмээн заасан байдаг. Түүнчлэн хэрэв бид “итгэсэн” бол “үхэшгүй байдалд мөнх амьдралд босч болох бөлгөө” (С ба Г 29:43) гэдгийг мэддэг.
Бид Есүс Христ Эцэгийн Төрсөн Ганц Хүү гэсэн нь юу гэсэн утгатайг илүү бүрэн ойлгосон үед Христэд итгэх итгэл маань өсөх болно. Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Д. Тодд Кристоффэрсон “Есүс Христэд итгэх итгэл нь (1) Тэр бол Бурханы Төрсөн Ганц Хүү болох нь Түүний жинхэнэ байдал, (2) Түүний хязгааргүй цагаатгал болон (3) Түүний aмилалтын үнэмшил ба баталгаа мөн” гэж хэлжээ.2 Энэ үеийн бошиглогчид “[Есүс Христ] … бие махбодод Төрсөн Ганц Хүү, дэлхийн Цагаатгагч байсан” хэмээн гэрчилдэг.3
Судруудаас
Бидний түүхээс
Бид Шинэ Гэрээнээс Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлсэн; Түүний сургаалуудыг судалж, тэдгээрийн дагуу амьдарсан; Түүний үйлчлэл, гайхамшгууд болон сүр жавхланг гэрчилсэн нэрийг нь мэдэх болон үл мэдэх эмэгтэйчүүдийн тухай уншдаг. Эдгээр эмэгтэйчүүд авралын ажлын үлгэр жишээ шавь нар, чухал гэрчүүд болсон юм.
Жишээ нь: Марта Аврагчийн бурханлаг чанарын тухай хүчтэй гэрчлэлээ хуваалцан, “Та бол Бурханы Хүү болох Христ, ертөнцөд ирэх Нэгэн мөн гэдэгт би итгэсэн” (Иохан 11:27) гэжээ.
Аврагчийн бурханлаг чанарыг гэрчилсэн анхны гэрчүүдээс Түүний эх Мариа болон үеэл Елизабетийг нэрлэж болно. Тэнгэр элч Габриел Мариа дээр айлчилсны дараа удалгүй Елизабетийнд очжээ. Елизабет Мариагийн мэндийг сонсонгуутаа “Ариун Сүнсээр дүүрч” (Лук 1:41), Мариаг Бурханы Хүүгийн эх болно хэмээн гэрчлэв.