2013
Христийн мэндэлсний баярын амлалт
оны 2013


Христийн мэндэлсний баяр-ын амлалт

Зураг
Ахлагч Робэрт Д.Хэйлс

Аврагч Эцэгийнхээ хүслийг биелүүлсэн шиг бид энэ удаагийн Христийн мэндэлсний баярын үеэр Түүний хүслийг биелүүлж, Түүнийг дагах гэрээгээ шинэчлэх цаг гаргах болтугай.

Бид Аврагчийн амьдрал, цагаатгал ба aмилалтын утга учрыг ойлгохгүй бол Христийн мэндэлсний баярын утга учрыг бүрэн ойлгож чадахгүй.

Би Түүний Пилатад хэлсэн “Учир нь би үүнийг гэрчлэхээр төрсөн бөгөөд үүний тулд л ертөнцөд ирсэн” (Иохан 18:37) гэсэн үгсийг бодохгүйгээр Аврагчийн төрөлтийн тухай бодож чаддаггүй билээ.

Христийн мэндэлсний баяр эхлэх үеэр Аврагчийн тухай судрын бошиглолуудыг анхааралтай авч үзэцгээе. Бошиглолууд нь зүгээр нэг тохиолдлын зүйлс биш харин Түүний амьдрал, зорилго ба амлалт, Тэр бидний хүн нэг бүрийн төлөө юу хийсэн тухай баримтат нотолгоо юм.

Түүний ирэлтийн тухай бошиглолууд

Христийн ирэлтийг мянга мянган жилийн турш зөгнөн хэлсэн юм. Есүс Христийн төрөлтөөс 2000 орчим жилийн өмнө Абрахам авралын төлөвлөгөөн дэх Түүний үүргийн тухай заажээ. Түүний төрөлтөөс 1400 орчим жилийн өмнө Мосе мөн дээрхтэй адил гайхамшигтай үнэнүүдийг зааж байлаа. Түүнийг төрөхөөс 700 орчим жилийн өмнө Түүний төрөлт, амьдрал ба үхлийн нөхцөл байдлыг Исаиа ийн илчилжээ:

“Тийм учраас Эзэн өөрөө чамд нэгэн тэмдэг өгнө. Үзэгтүн! Нэгэн онгон бүсгүй хүүхэдтэй болж, хүү төрүүлээд, Түүнийгээ “Иммануел” гэж нэрлэнэ” (Исаиа 7:14).

“Учир нь бидний төлөө хүүхэд төрж, бидэнд хүү өгөгдөнө. Засаглал Түүний мөрөн дээр байх болно. Түүний нэрийг Гайхамшигт, Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон гэж дуудна” (Исаиа 9:6).

“Тэр үзэн ядагдаж, хүмүүсээр орхигдов. Тэр уй гашууны хүн бөгөөд зовлонг мэдсэн. …

“Үнэхээр тэр бидний өвчнийг Өөртөө тээж, бидний уй гашууг даав. Харин бид түүнийг Бурханд яллагдаж, цохигдож, зовсон гэж бодов.

“Гэвч Тэр бидний нүглийн төлөө хатгагдан, бидний гэмийн төлөө бяцарчээ … Түүний шархаар бид эдгэрсэн. …

“… Алагдахаар хөтлөгдөх хурга шиг, хяргагчийн өмнө дуугарахгүй хонь шиг Тэр амаа нээсэнгүй.

“Хавчлага шүүх Түүнийг аваад явлаа. …

“Түүний булш нүгэлт хүмүүстэй хамт байх байсан боловч, Тэр үхэлдээ баян хүнтэй хамт байсан. Тэр хүчирхийлэл үйлдээгүй. Түүний аманд нь ямар ч худал хуурмаг байгаагүй” (Исаиа 53:3–5, 7–9).

Исаиагийн бошиглолын дараа удалгүй бошиглогч Лихай гүн утгатай зүүд зүүдлэн, гэр бүлдээ сурсан зүйлээ заажээ. “Миний эцэг Лихай Иерусалимыг орхисон цагаас зургаан зуун жилийн хойно, Их Эзэн Бурхан иудейчүүдийн дунд нэгэн бошиглогчийг төрүүлэх болно—бүр нэгэн Мессиаг, эсвээс, өөр үгээр, дэлхийн нэгэн Аврагчийг” (1 Нифай 10:4) хэмээн Нифай цэдэглэжээ.

Лихай бас дэлхийн Гэтэлгэгчийн ирэлтийн талаар гэрчилсэн олон бошиглогчийн тухай ярьсан ажээ (1 Нифай 10:5-р шүлгийг үзнэ үү).

Христийн мэндэлсний баярын амлалт

Аврагчийн төрөлтийн өмнө Түүний ээж үеэл Елизабеттэй уулзахаар яаран явсан тухай Лукийн сайн мэдээнд цэдэглэсэн байдаг.

“Елизабет Мариагийн мэндийг сонсмогц хэвлий дэх хүүхэд нь хөдлөв. Елизабет Ариун Cүнсээр дүүрч,

“чанга дуугаар хашхиран, эмэгтэйчүүдийн дундаас ерөөлтэй нь чи мөн. Хэвлий дэх үр чинь ерөөлтэй еэ!” (Лук 1:41–42).

Ариун Сүнс Елизабетэд гэрчилсний адилаар бидэнд ч бас бошиглогчдын үгс гүйцэлдсэнийг гэрчилдэг. Эцэг нь Түүгээр хийлгэхээр илгээсэн ажлыг Аврагч ирж гүйцэтгэсэн юм.

Нифай Аврагчийн тухай:

“Мөн би сайхь онгон бүсгүйг харж, гар дээрээ хүүхэд тэвэрсэн байхыг болгоов.

“Мөн тэнгэр элч надад хандан: Бурханы Хургыг, тийм ээ, бүр Мөнхийн Эцэгийн Хүүг болгоогтун!” хэмээн цэдэглэжээ. (1 Нифай 11:20–21).

Аврагч 12 настай байхдаа ариун сүмд заажээ. Тэрээр санаа нь зовсон эцэг эхдээ Эцэгийнхээ ажлыг хийж байснаа тайлбарласан юм (Лук 2:42–49-р шүлгүүдийг үзнэ үү).

Тэрхүү ажил нь дэлхийд ирсэн зорилгоо гүйцэлдүүлэхээр Түүнийг явахад биелэгдсэн билээ. Аврагч уг зорилгын биелэлтийг дараах сэтгэл догдлом үгсээр тайлбарлажээ:

“Би өөрийнхөндөө ирсэн, гэтэл өөрийнхөн маань намайг хүлээн авсангүй. Мөн миний ирэлтийн талаарх судрууд гүйцэлдсэн болой.

“Мөн намайг хүлээн авсан болгонд, Бурханы хөвгүүд болохыг би тэдэнд зөвшөөрсөн; мөн бүр миний нэрэнд итгэх болгонд би зөвшөөрөх болно, учир нь болгоогтун, надаар гэтэлгэл ирдэг, мөн надаар Мосегийн хууль гүйцэлдсэн бөлгөө” (3 Нифай 9:16–17).

Бид Аврагчид итгэж, Түүнд итгэх итгэлээ ашиглан, Түүнийг дуулгавартай дагаснаар Түүний хөвгүүд, охид болно гэсэн Түүний амлалт биелэгдэх болно. Тийнхүү бид мөнх амьдралын бэлгийг хүлээн авахад бэлтгэгдэх болно.

Тэрээр хэлэхдээ: “Болгоогтун, өөрийн хүмүүсийг гэтэлгэхээр дэлхийн үүслээс бэлтгэгдсэн нь би болой. Болгоогтун, бибээр Есүс Христ. … Надаар бүх хүмүүн төрөлхтөн амьдралыг, бүр миний нэрэнд итгэх тэд мөнхийн түүнийг хүртэх болно; мөн тэд миний охид, мөн миний хөвгүүд болох болно” (Ифер 3:14) гэжээ.

Христийн мэндэлсний баярын утга учир

Христийн мэндэлсний баяр бол бид бусдад бэлэг өгч, тэднийг хүчирхэгжүүлэн, Бурханы хаант улс дахь ажил үүргээ биелүүлэх үе билээ. Энэ нь түүнчлэн бид бусдад хайраа илэрхийлж, Аврагчийн тухай гэрчлэлээ хуваалцах үе юм.

Бид гэрчлэлээ хуваалцах нэг арга зам бол Их Эзэний төрөлтийн талаар ярилцлага өрнүүлэхийн тулд Христийн төрөлтийг харуулах дүрсүүдийг гэртээ тавих буюу үйл явдлыг дүрслэн үзүүлэх явдал юм. Өөр нэг арга нь Жон Вэймэний Харш зэрэг түүхүүдийг ярьж өгөх юм.

Жон Вэймэн амжилттай нэгэн байсан бөгөөд энэрлийн үйлс нь олны анхаарлыг түүнд хандуулж, нэр алдар авчирсан ажээ. Нэг орой тэр өөрийнх нь өгөөмөр сэтгэлийг магтсан сонины баахан хайчилбар өгүүллүүдийг анхааралтай уншсаны дараа Библээ авлаа. Удалгүй тэрээр “Газар дээр өөрсдөдөө эд баялаг бүү хураа. Тэнд хивэн хорхой болоод зэв идэж сүйтгэдэг, хулгайч эвдэж ороод хулгайлан авдаг аж” (Матай 6:19) гэсэн Аврагчийн үгийг уншиж байгаад таг унтчихжээ.

Жон унтаж байхдаа өөрийгөө “тэнгэрийн хотод” очин, бусадтай хамт явж, өөр өөрийн харшийг хүлээн авч байна гэж зүүдэлсэн гэнэ. Хаалганы сахиул хуучин материалаар барьсан нэгэн жижигхэн байшингийн өмнө зогсоод Жонд “Энэ бол чиний харш” гэжээ.

Жон эсэргүүцэн, өөрийнхөө өгсөн өдий төдий хандивыг нотолгоо болгон тоочиж, илүү сайхан харш авах эрхтэй хэмээн мэдэгдсэн гэнэ.

“Энэ бүхэн чинь дэлхий дээр нямбай гэгч нь цэдэглэгдээд чиний алдар нэрэн дээр шагнал болон нэмэгдээгүй гэж үү?” хэмээн хаалганы сахиул асуулаа. “Эдгээрийн төлөө чи шагналаа авчихсан шүү дээ. Чи хоёр дахин төлбөр авмаар эсвэл хоёр дахин шагнуулмаар байна гэж үү?”1

Энэ удаагийн Христийн мэндэлсний баярын үеэр бидний хүн нэг бүр харамгүйгээр өгөх боломжтой байхад би найдаж байна.

Амлалтыг олж авах нь

Бид долоо хоног бүр ариун ёслолоос хүртэхдээ өөрсдийн амьдрал дахь Аврагчийн төрөлтийн амлалтыг шинэчилдэг билээ. Бид Түүний нэрийг өөрсдөдөө авч, дуулгавартай байдлын гэрээ болон Түүнийг үргэлж санана гэсэн амлалтаа шинэчилдэг.

Сургаал ба Гэрээнд цэдэглэгдсэн сайн мэдээнд:

“Ийнхүү тэрээр, бүр Есүс, дэлхийн төлөө цовдлогдохоор, мөн дэлхийн нүглүүдийг үүрэхээр, мөн дэлхийг ариусгахаар, мөн үүнийг бүхий л шударга бус явдлаас нь цэвэрлэхээр дэлхийд ирсэн бөлгөө;

“Түүгээр дамжин бүгдээрээ аврагдаж болох бөлгөө” (С ба Г 76:41–42) хэмээн өгүүлжээ.

Аврагч Эцэгийнхээ хүслийг биелүүлсэн шиг бид энэ удаагийн Христийн мэндэлсний баярын үеэр Түүний хүслийг биелүүлж, Түүнийг дагах гэрээгээ шинэчлэх цаг гаргах болтугай. Бид ингэснээрээ, Аврагчийн төрөлтөөс 125 жилийн өмнө цэдэглэгдсэн Хаан Бэнжамины хүмүүсийн дараах үгс бидэнд өнөөдөр биелэгдэх болно: “Ай нигүүлсэж хайрла, мөн бид нүглүүддээ уучлалыг хүлээж авч болохын тулд мөн зүрх сэтгэл маань ариуссан байж болохын тулд Христийн цагаатгагч цусыг нөлөөлүүлээч; учир нь бид Есүс Христэд, тэнгэр ба газар, мөн бүх зүйлийг бүтээсэн Бурханы Хүүд хүмүүний үрсийн дунд доош ирэх түүнд итгэдэг” (Мозая 4:2).

Аврагч цаг хугацааны голчид ирсэн бөгөөд Тэрээр дахин ирэх болно гэдгийг би гэрчилж байна. Түүний cүм бол Түүний Хоёр дахь ирэлтийн өмнөх эцсийн эрин үед сэргээгдсэн, хожмын үеийн гэгээнтнүүд бидний оролцох ёстой “ер бусын ажил мөн гайхамшиг” (2 Нифай 25:17) гэдгийг би гэрчилж байна.

Эшлэл

  1. Хэнри Ван Дайк, “The Mansion,” Inspirational Classics for Latter-day Saints, эмхэтгэсэн Жэк М.Лион (2000), 54–57, 62-63-р хуудсууд.

Хэвлэх