2013
Христийн мэндэлсний баярын дуртай дуу
оны 2013


Христийн мэндэлсний баярын дуртай дуу

Энэхүү өгүүллийн зохиогч АНУ-ын Вашингтонд амьдардаг.

Би түүнийг хэнд хандан дуулж байгааг нь ойлгох хүртлээ түүний дуунд талархсангүй.

Зураг
Illustration of Christmas decorations.

Зураг чимэглэлийг Дан Бөрр

Би үүнийг байдаг л нэг тойргийн Христийн мэндэлсний баярын үдэшлэг байсныг санаж байна: улаан, ногоон бүтээлэгтэй ширээнүүд, цаасан тавган дахь оройн хоол, гүйлдсэн жаахан хүүхдүүд, тойргийн гишүүдийн ярилцах баяр хөөртэй дуу чимээ. Хэн нэг нь чимээ шуугианыг намжаан, хоолоо адисалж, тэгээд хүн бүр идэцгээлээ. Хөтөлбөр эхлэх дөхөж байв.

Энэ тойрог манай тойрог биш байсан юм. Би найзтайгаа хамт тойргийнх нь үдэшлэгт ирсэн учраас олон хүнийг танихгүй байв. Бид эртхэн явахыг хүссэн ч найзын маань ээж биднийг хөтөлбөрийг үзээч гэж ятгав.

Хөтөлбөрийн эхний дугаар нь Хүүхдийн хэсгийн хүүхдүүдийнх байлаа. Тэд толгойдоо гялтганасан алтан цагираг өмсөн, тайзан дээр гарч ирэв. Хүүхдүүд дуулж дуусаад жижигхэн алтан одод унагаж, бие бие рүүгээ харайн, хөхрөлдсөөр тайзнаас буулаа.

Дараа нь хоёр төгөлдөр хуурч баяр хөөртэй дуу тоглов. Эхний төгөлдөр хуурч “Oh, Come, All Ye Faithful” (Hymns, no. 202) дууг нэг ч ноот алдалгүй тоглолоо. Нөгөө төгөлдөр хуурч, жаахан хүү төгөлдөр хуурын ард суугаад ээж рүүгээ сэтгэл түгшсэн янзтай харснаа хэмнэлээ чимээгүй тоолж эхлэв. Хүү санаа алдан, хөгжим рүүгээ эргээд “Up on the Housetop” дууг байдаг чадлаараа тоглолоо.

Дараагийн хөтөлбөр нь миний дуртай дуунуудын нэг—“Христийн мэндэлсний баяр” байсан юм.

Би харахаар өндийтөл бөгтөр мөртэй, нэг гараа биендээ наасан эгч эв хавгүй алхлан, төгөлдөр хуурын дэргэд ирж, зогсов. Тэр эгч хазгай зогсоод, эхлэхээсээ өмнө гилжийн, инээмсэглэлээ. Би түүний дуу сайхан байх болов уу гэж бодсон нь буруу байжээ.

“Намайг залуу байхад Христийн мэндэлсний баяр гайхалтай сайхан болдог байлаа” хэмээн тэр дууллаа. Дуу цааш үргэлжлэн, хүүхэд хэрхэн Христийн мэндэлсний баяр гэдэг үгийг хэлж сурдаг мөн энэ баяр чухам юуны тухай болохыг хэрхэн олж мэддэг тухай өгүүллээ.

Түүний уруул нэг тийшээ унжсан нь дуу дуулахад хэцүү байв.

Би өрөөн дэх гишүүдийн нүүрийг гярхай ажиглалаа. Хэн ч ичиж зовсон шинжгүй байв. Харин ч тэд инээмсэглэн, баяртайгаар сонсож байлаа.

Тэр эгч дуулахаа үргэлжлүүлэн, толгойгоо өргөөд, таазны нэг цэг рүү эгцлэн харж байлаа. Хэдэн хормын дараа би ч бас дээшээ хартал зөвхөн тааз л харагдлаа. Би эргээд түүн рүү хартал түүний нүдэнд нулимс цийлэгнэж байгааг ажиглав.

Түүнийг дуусахад хүн бүр алга ташлаа. Түүний хацар улайсан байв. Түүнийг суудал руугаа явж байхад тойргийн гишүүд гар мөрөнд нь хүрч, чин сэтгэлийн талархлаа илэрхийлж байлаа. Миний ойролцоо сууж байсан нэг эгч түүнийг сайхан дууллаа шүү гэхэд “Баярлалаа, Түүнд миний дуу таалагдсан гэдэгт найдаж байна” гэж нөгөөх эгч хариулав.

Түүнд ээ? Тэр хэнд зориулж дуулсан юм бол? гэж би өөрөөсөө асуулаа. Хариултыг нь би мэдэж байлаа. Тэр эгч танхимд байсан хүмүүсийн хэнд нь ч хандаж дуулаагүйг би ойлголоо. Тэр үзэгчдийн сайшаалыг авахын тулд дуулаагүй юм. Тэр Аврагчийг бишрэн шүтэхийн тулд дуулжээ.

Тэр тойргийн үдэшлэгээс хойш олон ч Христийн мэндэлсний баяр болж, би “Христийн мэндэлсний баяр” дууг сайн бэлдсэн олон хүн дуулахыг сонссон. Гэвч тэр нэгэн Христийн мэндэлсний баяраар эгэл жирийн тэр нэгэн эгчийн дуулсан үнэнхүү чин сэтгэлийн нөгөөх дууг би тодоос тод санадаг билээ.

Хэвлэх