2013
Зүгээр нэг туслагч биш
оны 2013


Зүгээр нэг туслагч биш

Чи гэрийн багшлалт хийхдээ өөрийгөө хамтрагчийнхаа зүгээр л нэг туслагч гэж боддог уу? Дахиад нэг бодоод үз дээ.

Young man with shovel.

“Би хэрхэн найз бөгөөд гэрийн багш байхыг мэднэ. Би бусдад туслахын тулд юу хийж болохыг мэдэхэд дуртай.”

Зураг чимэглэлийг Сал Вэллуто

Та дараах дүр зургийг ном эсвэл киноноос олон удаа үзсэн биз ээ. Холоос нүүгэлтэн дөхөх аянгын бараан үүлс лүгээ адил айдас төрүүлэм хүнд асуудал, бэрхшээл бий болоход гай зовлон, гамшиг аюул зайлшгүй мэт санагдана. Тэгтэл нэгэн баатар эр гарч ирээд дайснаа дарж, дархан цолоо мандуулна.

Ийм баатрууд ихэвчлэн туслагчтай байдаг. Тэрхүү туслагч ихэвчлэн багахан чадалтай ч сайхь баатарт аюул учрах үед түүнд тусалдаг.

Гэрийн багшлалтад бага хамтрагч нь өөрийгөө ахлах хамтрагчдаа зөвхөн туслах үүрэгтэй гэж бодвол энэ нь уруу таталт болж мэднэ. Эцэст нь, насанд хүрсэн хамтрагч тань гэрийн багшаар чамаас илүү олон жил ажилласан, илүү туршлагатай байгаа. Тиймээс асуудлыг шийдэхэд зөвхөн тэр л баатрын үүргээ биелүүлэх ёстой гэсэн үг үү?

Яг тийм биш.

Гэрийн багшлалтад ямар ч гарамгай баатар (таны ахлах хамтрагч), түүний туслагч (чи) гэж байхгүй. Харин хоёул хамтдаа дэлхийг үнэхээр өөрчилж чадах хоёр гарамгай баатар л бий.

Чамайг хэн гэдэг, ямар мэргэжил боловсролтой вэ? гэдгээс үл хамааран, айлчилж очдог хүмүүсийнхээ амьдралыг ихээхэн хэмжээгээр өөрчлөхөд шаардлагатай зүйлс чамд байгаа.

Үүнээс илүү агуу дуудлага байхгүй

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон (1899–1994) “Гэрийн багшийн дуудлагаас илүү агуу ямар ч дуудлага cүмд байхгүй” гэжээ.1

Гэрийн багш нар зөвхөн сүнслэг захиас хуваалцахаас илүү чухал ажил хийдэг. Тэд гэр бүл болгонд тусламж хүсч хандах найзууд бий гэдгийг мэдэхэд нь тэдэнд тусалдаг.

Ерөнхийлөгч Томас С.Монсон “Найз бол сар бүрийн үүрэгт айлчлалаас илүү ихийг хийдэг. … Найз санаа тавьж, хайрлан, анхааралтай сонсож бас тусалдаг” гэж хэлжээ.2

Мэдээж хэрэг, аль ч насанд агуу нөхөрлөл үүсэн бий болж болно.

Найзын хувьд үйлчлэх нь

АНУ-ын өмнөд Ютагийн 16 настай Шоон С., хэрхэн найз бас гэрийн багш байхыг мэддэг. Шоон ковбой уралдаан мөн барилдаан, мал маллах, машин засах зэрэг олон зүйлийг сонирхдог ажээ. Тэр бас гэрийн багшлалтаар очиж, заадаг хүмүүстэйгээ нөхөрлөн, найз болох дуртай.

“Би хүмүүстэй ярилцаж, тэдэнд тусалж болох зүйл хайх дуртай” гэж Шоон хэллээ.

Түүний гэрийн багшийн хамтрагч нь тойргийнх нь бишоп аж. Тэдний очдог нэг айлын эхнэр нь cүмийн гишүүн, харин нөхөр нь гишүүн биш байв. Шоон анхны айлчлалаараа л түүний нөхөр Флойдтой нөхөрлөж амжжээ. Флойдыг өөрийнхөө жийпний тухай ярьж эхлэхэд Шоонд тэр дороо сонирхолтой санагдсан. “Бид зүгээр л хоорондоо эвтэй байсан” гэж Шоон хэллээ.

Шоон, бишоп хоёр Флойдын гэр бүлд гэрийн багшаар очдог байсан тэр жил Шоон тэдэнтэй нөхөрлөлөө улам бэхжүүлжээ. Тэрээр Флойдод хөдөлгүүр засварлахад нь хааяа тусалдаг байв.

Шооны дуртай судруудын нэгд: “Та нар бусдадаа үйлчилж байгаа нь та нар зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа” (Мозая 2:17) гэж заасан.

“Хүн бүр бусдад үйлчлэх арга зам хайж байх хэрэгтэй” гэж Шоон хэлжээ.

Таны сүнсний бэлгүүд

Бид бүгдэд сүнсний бэлэг болон авьяас чадвар байдаг. Түүнээс гадна бидэнд онцгой сонирхол ба хобби бий. Бидний хүн нэг бүрд бусадтай яг адилхан хийж чадахгүй өвөрмөц зүйл байдаг.

Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх eрөнхийлөгч Хэнри Б.Айринг “Хүн бүр ялгаатай бөгөөд оруулах хувь нэмэр нь ч бас өөр өөр байдаг. Хэн ч бүтэлгүйтэхээс ангид төрдөггүй” гэж заасан.3 Гэрийн багшлалт нь таны хувьд бэлгүүдээ бусдад туслахын тулд ашиглах боломж байж болно.

Жишээ нь, сүнслэг захиас хуваалцах таны ээлж болоход та айлчилдаг хүмүүстээ хамгийн хэрэгтэй юуг хэлж болохыг мэдэхийн тулд урьдаас залбирч болно.

Тухайн гэр бүлд заахаар өгөгдсөн сэдвийн тухайд танд ихэвчлэн хувийн туршлага байгаа. Гэрлээ гэрэлтүүл! Мэддэг зүйлээ хуваалц.

Та түүнчлэн айлчилдаг гэр бүлүүддээ үйлчлэх үр өгөөж, утга учиртай аргуудыг хайн олж болно. Жишээ нь: Гэрийн багшаар томилогдсон гэр бүлүүдийн чинь нэгэнд гитар сурахыг хүсдэг нэг хүн байна гэж бод. Та олон жил гитар тоглож байгаа нь энэ тухайд азтай тохиолдол юм. Ийм нөхцөлд хөгжмийн талаарх зөвлөгөөг үе үе өгөх нь зам дээрх цасыг нь цэвэрлэж, модыг нь тайрч өгсөнтэй адил тэдэнд хэрэгтэй байж болно.

Гэрийн багшлалт хийхэд ахлах хамтрагч тань үнэхээр сүнсний цахилгаан станц байж болох л доо. Гэхдээ бүү эргэлз. Та Бурханы хүүхэд бөгөөд гэрийн багшийнхаа хувьд үүргээ биелүүлэхдээ эн тэнцүү.

Гэрийн багшлалтад хувь нэмрээ оруулах гайхамшигтай ямар нэг зүйл өөрт тань үргэлж байдаг.

Эшлэлүүд

  1. Эзра Тафт Бэнсон, “To the Home Teachers of the Church,” Ensign, 1987 оны 5-р сар, 50.

  2. Томас С.Монсон, “Home Teaching—a Divine Service,” Ensign, 1997 оны 11-р сар, 47-р хуудас.

  3. Хэнри Б.Айринг, “Өндөр зорилго тавихад нь хүүхдүүддээ тусал,” Лиахона, 2012 оны 11-р сар, 74-р хуудас.

  4. Линда К.Бөртон, “Эхлээд ажигла, тэгээд үйлчил,” Лиахона, 2012 оны 11-р сар, 93-р хуудас.