Дахиад донтохгүй:Порнографыг ялсан миний замнал
Би залуу эмэгтэйн хувьд порнографтай тэмцэнэ гэж хэзээ ч бодож байгаагүй.
Би порнографт донтох нь охидод асуудал уддаг гэж хэзээ ч бодож байсангүй. Намайг 16 настай байхад миний буруу гэдэг нь нотлогдсон юм. Нэг удаа би порнографын видео бичлэгтэй байж таараад, ганцаараа байсан болохоор сонирхоод үзчихэв. Түүнээс хойш би тийм видео бичлэгийг өдөр бүр үзмээр санагддаг боллоо. Тэгээд би порнографт донтсон юм.
Порнограф үзэх нь надад муухай санагддаг болов. Би үүнийг буруу гэдгийг мэдсэн ч өөрчлөгдөх талаар юу ч хийсэнгүй. Би хэзээ ч аз жаргалтай байсангүй, Сатаны бузар уруу таталт надад халдварлаж, олиггүй муухай мэдрэмж сэтгэл эмзэглүүлдэг байсан ч л хүслээ хангахын тулд порнограф үзсээр байлаа. Донтолт намайг улам бүр буруу үйлдлүүд рүү хөтөлж байв. Би хүн бүхэнд: ахдаа, ээждээ, хамгийн муухай нь Их Эзэнд болон өөртөө худлаа хэлдэг болов. Би дахиад ганц кино үзэхэд эсвэл дахиад ёс суртахуунгүй ганц түүх уншихад надад муу юм юу л болов гэж хэмээн өөртөө хэлдэг байлаа.
Би сүм, мючел болон семинарт явдаг байсан ч надад Сүнс ч, зөв хандлага ч байсангүй. Дургүйд хүчгүй гэгчээр би хичээлээс юу ч олж авч чадсангүй. Би аравны нэгээ төлөх, залбирах бас судар уншихаа болилоо. Би гэм буруугаа мэдэрч байсан ч хаяж чадахгүй хэвээрээ байлаа. Тэгээд би гэдэг хүн өдөр ирэх тутам дордсоор байв.
Яваандаа порнограф үзэх миний боломж хязгаарлагдав. Эхэндээ порнограф үзэхгүй бол утгагүй, хоосон, донгио юм шиг санагддаг байсан ч би бас юмс сайнаар өөрчлөгдөж байгааг анзаарсан юм. Миний байдал өөрчлөгдөж эхэллээ. Би өдөр бүр порнограф үзэхээ болив. Порнограф үзэх хүсэл надад байсаар байсан ч би үүнийг эсэргүүцэхдээ яггүй сайн болсон юм. Эцэст нь би хоёр жилийн турш порнографт донтсоны дараа хүч чадлын төлөө үргэлж залбирч, порнограф үзэхээ бүрмөсөн больсон ч дотор сэтгэлээс минь олиггүй муухай мэдрэмж арилахгүй болсон байв. Би бишоптой ярилцах хэрэгтэй гэдгээ мэдэж байсан ч нэг л болж өгөхгүй байв.
Эцэст нь, олон хүн наманчлалын үйл явцаар дамжуулан, сорилт бэрхшээлээ даван туулсан тухайгаа ярихыг сонсоод би бишоптойгоо үнэхээр уулзах хэрэгтэй гэж бодлоо. Түүнчлэн би cүм дэх нэгэн агуу адислал болох патриархын адислалаа аваагүй байгаагаа ухаарлаа.
Би бишоптойгоо уулзахаар цаг товлов.
Ярилцлага болох орой би бишопынхоо өрөө рүү орохоос гэрэвшээд байлаа. Тэр над руу хараад л миний нөхцөл найдваргүй бөгөөд намайг гарч чадахааргүй нүх өөртөө ухсаныг хэлэх байх гэхээс би айж байсан. Тэр над руу хэзээ ч өмнөх шигээ харахгүй болов уу гэхээс л би айгаад байлаа. Гэвч би түүнд бүх түүхээ ярихад тэр над руу элэгсгээр инээмсэглэн, анхааралтай сонсов. Бишоп надад үнэхээр чин сэтгэлээсээ санаа тавьж байлаа. Бишоптойгоо ярилцаж, хэдэн зүйл дээр ажилласны дараа, эцэст нь тэр намайг цэвэр ариун болсныг хэллээ.
Порнографт донтсон жилүүд амьдралын минь хамгийн хүнд үе байсан ч бишопын өрөөнөөс цэвэр ариун мэдрэмжтэй гарч ирэхэд надад үнэхээр сайхан байсан шүү. Олон жил үүрсэн ачаа дарамт мөрөн дээрээс минь авагдчих шиг санагдаж билээ. Би патриархын адислалаа авч, ариун ёслолоос зохистойгоор хүртэн, Сүнстэй дахин хамт байх болсондоо баяртай байлаа. Би чухамдаа шинэ хүн болсон юм шиг мэдрэмж төрж байсан. Хүмүүс намайг хэрхэн өөр болсныг бас өмнө нь байгаагүй өөр гэрэл цацарч байгааг хүртэл хэлдэг байв. Би үргэлж аз жаргалтай байж, бүх зүйл дээр илүү сайн хандлагатай байх болсон.
Бид Их Эзэний тусламжтайгаар өөрчлөгдөж, донтолтыг даван туулж чадна гэдгийг би мэднэ. Мөн бид бишоптойгоо уулзахаас санаа зовох хэрэггүй, учир нь түүнийг бидэнд наманчлахад туслах үед бид Есүс Христийн Цагаатгалаар дамжин, дахин цэвэр ариун болж чадна.