Гэр бүлээрээ нэг баг
Зохиогч нь Канадын Альбертад амьдардаг.
Хүн бүр нэгдэн тоглож байгаа үед хожих амархан.
“Бид тусалж байхдаа аз жаргалтай байдаг” (Children’s Songbook, 198).
Аммон аавтайгаа хамт хөл бөмбөгийн тэмцээнээс явах үедээ санаа алдаад, “Би нэг л зүйлийг ойлгохгүй байна” гэв. “Бидэнд маш олон сайн тоглогч байгаа. Гэтэл бид яагаад оноо авч чадахгүй байгаа юм бэ?”
Аав нь сайн хөл бөмбөгчин болохоор хариултыг нь хэлж өгч магадгүй.
Аав нь “Чи багаар ажиллахыг сурах хэрэгтэй гэж би бодож байна” гэж хэлэв. “Та нар бүгдээрээ гоол оруулахыг хүсэж байгаа биз дээ?”
Аммон “Тийм” гээд “Гэхдээ бид оноо авахын тулд бүгд нэг байж чадахгүй байна. Таны хэлэх гээд байгаа санаа энэ юм уу?” гэж хэлэв.
Аав нь толгой дохив. “Чи ганцаараа гоол оруулж чадахгүй. Эхлээд хамгаалагчид эсрэг багаас бөмбөгийг авах хэрэгтэй биз дээ?”
Аммон инээд алдан “Хэрэв бөмбөг байхгүй бол оноо авахад нэлээн хэцүү байх болно” гэв.
“Яг зөв” гэж аав нь хэлээд “Тэгээд хамгаалагчид бөмбөгийг оноо авч чадах хүнд дамжуулдаг. Хэн ч үүнийг ганцаараа хийж чадахгүй шүү дээ” гэлээ.
“Тийм байх л даа” гэж Аммон хэлэв.
Тэднийг гэртээ ирэхэд ээж нь нялх дүүг нь тэврэнгээ оройн хоолоо хийж байв. “Тэмцээн юу болсон бэ?” гэж тэр асуув.
“Бид дахиад л хожигдчихсон. Гэхдээ бид дараагийн удаа сайн тоглоно” гэж Аммон хэлэв.
“Наадах чинь сайн хэрэг байна” гэж ээж нь хэллээ.
Самуэл, Люкас хоёрын хамт Мигуэл гүйн орж ирээд “Би өлсөж үхлээ!” гэж хашгирав.
“Хөвгүүд ээ, та нар ширээ засаж, тоглоомууд хураахад тусалж чадах уу?” гэж ээж нь асуув.
Дөрвөн хөвгүүн бүгд урвайлаа.
“Би энэ тоглоомуудаар тоглоогүй шүү дээ” гэж Самуэлыг хэлэхэд,
“Энэ чинь их удна шүү дээ!” гэж Мигуэл дуу алдав.
Аав нь инээд алдан, “Манай гэр бүлд Аммоны багт байгаатай адил асуудал байна гэж би бодож байна” гэлээ.
“Тэр чинь юу юм бэ?” гэж Самуэлыг асуухад
“Бид хамтдаа ажиллахгүй байгаа” гэж Аммон хэлээд “Бид бүгдээрээ оройн хоол идэж, оноо авахыг хүсэж байна. Гэхдээ бид бүх ажлаа ээжид үлдээгээд байна шүү дээ” гэв.
“Яг зөв!” гэж аав нь хэлэв. “Бид хэрхэн багаар ажиллаж чадах вэ?”
Аммонд нэг санаа байлаа. “Самуэл бид хоёр ширээ засвал яаж байна? Бусад нь тоглоомуудыг хурааж болно шүү дээ.”
“Гайхалтай санаа байна!” гэж аав нь хэлэв.
Удалгүй оройн хоол бэлэн болов. Аммон залбирахаар гараа атгалаа. Гэр бүл нь багаар ажилласанд тэр баяртай байв. Хөл бөмбөгийн баг нь ч бас ингэж чадна гэж тэр найдаж байлаа.