Хойд тэнгист байхдаа хийсэн миний залбирал
Олаф Торлиф Жэнсэн, АНУ, Юта
Намайг 17 настай байхад бид Норвегийн умард хэсэгт орших Андабелоя гэдэг арал дээр амьдардаг байлаа. Аав минь Андабелояд Сүмд хөрвүүлэгдсэн бөгөөд би тэнд далайд баптисм хүртсэн.
Тэр үед би загасчин байсан болохоор завь жолоодох туршлагатай болсон байлаа. Аав минь тэр хавийн хүмүүсийн хэрэглэдэг байсан мэритайм гэдэг таксины үйлчилгээг хариуцах ажлыг надад даалгасан байв.
1941 оны нэгэн өдөр бид өмнөд хэсэгт орших Флэккэфиордад байдаг эмчээс дуудлага хүлээн авлаа. Завиар хоёр цаг орчим явж хүрэх газар амьдардаг нэгэн эмэгтэйд яаралтай эмнэлгийн тусламж хэрэгтэй болсон байлаа. Доктор Хоффман тэр эмэгтэйг үзэхээр өөрийг нь аваад явж чадах эсэхийг надаас асуухад аав, ээж хоёр Өмнөд тэнгист эхэлж байгаа шуурганд санаа нь зовж байв. Бид юу хийх ёстойгоо Тэнгэрлэг Эцэгээс асууж залбирахаар шийдэв. Тэгээд бид явах ёстой гэсэн хариулт авсан юм.
Би Триг гэдэг 10 метрт загасчилдаг завиа тэнгист гаргахад цаг агаар муу, давалгаа ихтэй байв. Эмчийг аваад би задгай тэнгис рүү гарлаа. Бид далайн шуургаараа болон усан онгоц сөнөөдгөөрөө алдартай Норвегийн чулуурхаг умард эргийн дагуу Листагаас өмнө зүгт орших нэг жижиг суурин руу явах хэрэгтэй байлаа.
Би шуурган дундуур залуурдаж байгаад 12 метр урттай нэгэн хадархаг тохойд орж ирлээ. Шуурга биднийг очих ёстой газар руу тууж эхлэв. Давалгаа маш өндөр байсан учраас би завиа тохой дундуур сэлүүрдэж чадахгүй байлаа. Давалгаа тохой руу хүрхрэн орж, хад мөргөж байв.
“Бид яах ёстой вэ?” гэж эмч шуургыг сөрөн асуухад
“Бид залбирах хэрэгтэй” гэж би хариулав.
Би түр зогсоод залбирч, Тэнгэрлэг Эцэгээс удирдамж хүслээ. Намайг амен гэж хэлмэгц хариулт нь тодорхой ирэв. Би гэнэт нэгэн ахмад загасчны ярьсан түүхийг саналаа. Тэрээр нэг удаа хүчтэй шуурганы үеэр энэ хавьд загасчилж байгаад эрэг рүү хүрч чадахгүй болсон байжээ. Загасчин шуурга намдахыг хүлээж байхдаа хүрхрэн ирж буй давалгаануудад нэгэн хэмнэлийг олж харсан аж. Гурван маш том давалгаа ирсний дараа түр зуур нам гүм болж байв. Ийнхүү түр зуур нам гүм болсон үед тохой руу амжиж орж болохоор байлаа.
Би энэ хавьд олон удаа загасчилж байсан ч, давалгааны ийм хэмнэлийг хэзээ ч анзаарч байсангүй. Гэсэн ч би завиа тохойн аманд авчраад, бид тэндээ хүлээж, гурван том давалгаа ирэхийг харлаа. Үнэхээр ч гэнэт нам гүм болов. Би завиа зугуухан сэлүүрдэж, тогтуухан усан дээгүүр хөвсөөр Хоффман эмчийг эрэгт аюулгүй хүргэсэн юм. Намайг залбиралд минь хариулсан Тэнгэрлэг Эцэгтээ талархаад, завиндаа хүлээж байх хооронд тэрээр өвчтэй эмэгтэй рүү яаран явлаа.
Эмч цаг орчмын дараа эргэж ирээд “Бид түүний амийг аварч чадлаа!” хэмээн хэллээ.
Би энэхүү баярт мэдээнд болон сайжирч буй цаг агаарт сэтгэл амарч, завиа гэр рүүгээ осол эндэлгүй сэлүүрдэн хөдөлж билээ.
Тусламж хэрэгтэй болсон үед бид залбирах ёстой гэдгийг би гэрчилж байна. Тэнгэрлэг Эцэг хариулна гэдгийг би мэднэ.