Тэр чамд хайртай
Алис Викториа Вэстон-Шэрвүүд, АНУ, Арканзас
Би Мэмфисийн Тэннэссигийн ариун сүмийг онцгойлон адислах үеэр селестиел өрөөний буланд, бадралт баг бишгүүр хөгжмийн ард сууж байлаа. 1995–2007 оны хооронд Тэргүүн Зөвлөлийн гишүүн байсан ерөнхийлөгч Жэймс И.Фауст (1920–2007) ариун сүмийг онцгойлон адислахаар ирсэн байв. Тэрээр бусад хэдэн удирдагчтай микрофоны ард сууж байлаа. Орон нутгийн сүмийн найрал дуучид орж ирээд, тэдний ард зогсов.
Миний айлчлагч багшаар очдог байсан нэг залуу эмэгтэй найрал дуучдын бүрэлдэхүүнд байсан. Цуглааны туршид би тэр охиныг хүлээн авахаар найдаж ирсэн зүйлээ аваасай хэмээн залбирсан юм. Тэрээр Их Эзэний өмнө өөрийнхөө байр суурийг мэдэхийн тулд ариун сүмийн онцгойлон адислалд ирснээ надад өмнө нь хэлсэн. Тэрээр урьд нь ноцтой нүгэл үйлдсэн юм. Тэр наманчилсан ч гэсэн өөрийнхөө талаар таагүй мэдрэмжтэй байв. Мөн найрал дуу дуулахдаа ч онцгүй мэдрэмжтэй хэвээр байжээ.
Би ерөнхийлөгч Фауст руу харж, Тэргүүн Зөвлөл дэх Их Эзэний төлөөлөгчийн хувьд тэр ямар нэг зүйл хийж чадах байх гэж бодож суулаа. Гэвч би үүнийгээ түүнд яахин хэлж чадах билээ, тэгээд ч тэр юу хийх билээ дээ? Цуглааны дараа тэр хэнтэй ч танилцалгүй, хэнтэй ч гар барьж, хэд гурван үг солилгүй, өрөөнд орж ирсэн шигээ яаран гарч явах биз ээ. Би түүнийг завгүй, өөр тийшээ явах хэрэгтэй байх гэдгийг ойлгосон ч, залбирсаар байлаа.
Ерөнхийлөгч Фауст гүн бодлогоширч, над руу түр зуур харах үедээ хөмсгөө зангидсан байлаа. Хурал дуусахад харин царай нь гэрэлтэж, баясгалантай болсон байв.
Тэр над руу дахин нэг харснаа гэнэт босоод, дороо эргэж, гараа урагш нь урт гэгч сунган, миний найз руу заалаа. Тэгээд тэр “Их Эзэн чамд хайртай!” гэж чанга дуугаар баттай хэлэв.
Ерөнхийлөгч Фаустын энэхүү үйлдэл жижигхэн бөгөөд энгийн байсан ч миний түүнд хэлж чадаагүй зүйлийг Ариун Сүнс түүнд хэлсэн нь гарцаагүй юм. Түүний хэлсэн дөрөвхөн үг найзыг маань адисалсан төдийгүй Их Эзэн бидний амьдралын нарийн ширийн зүйлүүдэд санаа тавьдаг бөгөөд “өчүүхэн мөн энгийн зүйлүүдээр агуу их зүйлүүд улиран авчрагддаг” (Aлма 37:6) гэсэн итгэлийг минь үргэлж тэтгэсээр байдаг билээ.