2014
Хэрхэн утга учиртай асуултууд асуух вэ
аравдугаар 2014


Хэрхэн утга учиртай асуултууд асуух вэ

Зөв асуулт асуух нь хүмүүст үнэний тухай гэрчлэлд зүрх сэтгэлээ нээхэд нь тусалж чадна.

Head with gears.

Автобусан доторх нэг минутын яриа, сүм дээрх хичээл, интернэт дээрх коммент юм уу найзтайгаа ганцаарчлан хийх гүнзгий яриа аль нь байхаас үл хамааран эргэн тойрныхоо хүмүүст заах боломж та нарт байдаг.

Тиймээс ямар ч нөхцөлд үр дүнтэй заах зөвлөгөөг хэлье: асуултууд асуу.

Сайн асуултууд нь сайн ойлголт руу хөтөлдөг бөгөөд аз болоход сайн асуулт асуух дадлыг та нар судалж, дадлага хийснээр сайн сурч чадна. Хэрхэн хийхийг үзүүлье.

Утга учиртай асуултууд асуу

Утга учиртай асуултууд нь та нарыг бодолд оруулж, гүн мэдрэмж төрүүлэн; үнэн рүү болон гэрчлэл, өөрчлөлт рүү хөтөлдөг. Тэдгээр нь маш өргөн хүрээтэй сэдвийг хамардаг ч ихэвчлэн нэлээд хэдэн нийтлэг шинжтэй байдаг: (1) асуулт нь хийсвэр эсвэл зөвхөн баримт төдий байдаггүй (хэдийгээр энэ нь баримттай асуултад хүргэж болох ч), (2) асуулт нь бидний өдөр тутмын амьдралтай ямар нэг байдлаар холбоотой байдаг, (3) асуулт нь биднээс урьдчилан төлөвлөсөн хариултаас илүү зүйл өгөхийг шаарддаг.

Бид яагаад асуулт тавьдгийг сана

Асуултууд нь бидний оюун бодол нөхөхийг хүсэж байгаа орон зайг танилцуулах замаар бидний анхаарлыг татдаг. Тодорхой хэлбэл, хувийн бодлыг өдөөх асуултууд асууснаар дараах үйл явц өрнөж болно:

  1. Хүмүүс таны ярьж буй зүйлийг сонирхож эхэлдэг.

  2. Тэд бодож, хариулахын тулд сонгох эрхээ ашигладаг.

  3. Сонгох эрхээ ингэж ашиглах нь үнэнийг тэдэнд гэрчлэх боломжийг Ариун Сүнсэнд олгодог.1

Энэ үйл явцыг санаснаар та нар ямар төрлийн асуултууд асуух болон ямар асуултуудаас зайлсхийх вэ гэдгээ мэдэх болно.

Та зүгээр л хичээлийг заадаггүй харин хүмүүст зааж байгаа гэдгээ санаарай

Хэрэв та зааж буй хүмүүсээ мэддэг бөгөөд тэдний хэрэгцээний талаар бодож үзвэл ямар нэг санааг зүгээр ойлгуулах гэж биш харин тэдэнд туслахад чиглэсэн асуултуудыг сонгох болно.

Судалж мөн гүн гүнзгий бод

Сайн мэдээг заахаар бэлтгэхдээ судруудыг болон орчин үеийн бошиглогч, төлөөлөгчдийн заасан зүйлсийг судалж, залбир. Ингэснээр Ариун Сүнс тантай болон таны зааж буй хүмүүстэй хамт байж чадна (С ба Г 42:14; 50:21–22-ыг үзнэ үү).

Хэрэв та хүмүүсээс тэднийг үнэхээр бодолд оруулах асуулт асуухыг хүсвэл, та ч бас өөрөө адилхан ихийг бодох ёстой. Судалж буй зүйлээ тунгаан бод. Таныг хамгийн их бодоход хүргэдэг зүйл нь таны өөрөөсөө асуудаг асуулт гэдгийг та олж мэдэх болно. Өөрийг тань үнэхээр бодоход хүргэдэг асуултуудад анхаарлаа хандуул. Эдгээр нь илүү сайн ойлголт болон гэрчлэл рүү хөтөлдөг асуултууд юм. Та бусдад сайн мэдээний талаар сурахад нь тусалж байгаа үедээ яг ийм асуултуудыг асууж болно.

Гүнзгий асуултууд руу аажим ор

Зарим үед илүү их бодуулж, тунгаан дүгнэх асуулт тавихаасаа өмнө хялбархан зүйл асуух нь хамгийн шилдэг арга байдаг. Та эхлээд хариулахад амархан оршил асуулт тавьсны дараа илүү гүнзгий бодуулах хариулт бүхий нэг эсвэл үүнээс олон асуулт тавьж болно. Санаа авч болох зарим нэг жишээг дор өгөв:

Оршил асуулт

Давтах асуулт

Иосеф Смит ариун төгөл рүү явах үедээ хэдэн настай байсан бэ?

Та хэзээ Иосеф Смит шиг чин хүсэлтэйгээр Тэнгэрлэг Эцэгт хандан залбирсан бэ?

Та Бурханд итгэдэг үү?

Бурхан таны амьдралд ямар үүрэгтэй вэ?

Та сүүлийн үед бусдад үйлчлэхийн тулд юу хийсэн бэ?

Бид бүгдээрээ Бурханы хүүхдүүд гэдгийг мэдэх нь үйлчлэлийн талаарх таны бодлыг хэрхэн өөрчилдөг вэ?

Та асуухдаа Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлбэл зөв асуултуудыг зөв цагт асуух магадлал өндөр байх болно. Энэ нь өөр хэн нэгний амьдралыг өөрчилж болохыг та хэлж мэдэхгүй шүү дээ.

Эшлэл

  1. “Та өөртөө заах эрх мэдлийг Сүнсэнд олгохын тулд сонгох эрхээ ашиглах ёстой” (Ричард Г.Скотт, “Сүнсний удирдамжийг олж авахын тулд,” Лиахона, 2009 оны 11-р сар, 8).

Ням гаргийн хичээлүүд

Энэ сарын сэдэв: Христтэй илүү адил болох нь

Хэрэгслүүдийн зургийг Сергей Марков/Hemera/Thinkstock; толгойн зургийг johavel/iStock/Thinkstock

Гарын зураг чимэглэлийг ilyast/iStock/Thinkstock