2014
Дээшээ хар
аравдугаар 2014


Дээшээ хар

“Дээшээ хар,” Лиахона, 2013 оны 11-р сар, 102-оос авав.

“Залбирч, ямагт сэргэг байгтун” (Лук 21:36).

Намайг найман настай байхад биднийг хоёр үеэлтэй маань хамт гэр бүлийнхээ хүнсийг бэлдүүлэхээр ойролцоох тосгон руу явуулсан юм. Одоо эргэн санахад авга, нагац, эмээ нар маань бидэнд ямар их итгэдэг байсанд би гайхдаг. Бид гурвыг морио унаад аян замд гарах үед өглөөний тэнгэр цэлмэг, нартай байлаа.

Хээр талаар явж байтал гэнэт мориноосоо бууж, шилэн бөмбөлгөөр тоглох гайхалтай санаа бидэнд төрөв. Тэгээд бид нэлээн удаан тоглосон. Бид тоглоомондоо улайраад хар үүл бүрхэн, тэнгэр муухай болохыг огт анзаараагүй юм. Юу болох гэж буйг ухаарсан тэрхэн мөчид бидэнд мориндоо мордох ч боломж гарсангүй. Аадар бороо орж, мөндөр биднийг нүүр нүдгүй балбаж байсан учир бидний хийж чадах зүйл нь ердөө л эмээлээ аваад дор нь толгой хоргодох л байлаа. Тэгтэл морьд алдуураад давхичихав.

Морьдоо алдаж, норж даарсан бид аяллаа үргэлжлүүлэн, чадлынхаа хэрээр хурдан явахыг хичээж байв. Бид нэг айл олж, хаалгыг нь тогших үед орой болсон байв. Тэднийх бидний хувцсыг хатаан, буурцагтай амтат ороомог өгч, бохир шалтай нэг өрөөндөө бидэнд ор засаж өгөв.

Биднийг өглөө сэрэхэд тэнгэр цэлмэг, нартай сайхан байлаа. Төөрсөн гурван хөвгүүнийг хайж ирсэн нэг хүн хаалга тогшлоо. Харих замдаа харсан зүйлүүдээ би хэзээ ч мартахгүй. Олон хүн тэр шөнө биднийг хайсан байжээ. Биднийг тосгонд орж ирэхэд маш олон хүн биднийг хүлээж байлаа. Тэдний урд талд хайртай эмээ, авга, нагац нар маань байлаа. Тэд төөрсөн хүүхдүүдээ олсондоо магнай хагартлаа баярлаж, биднийг тэврэн, уйлж байв.

Энэ бол хайрт Тэнгэрлэг Эцэг минь биднийг нэг бүрчлэн мэддэг гэдгийг надад үргэлж сануулдаг гайхалтай сануулга юм. Тэр биднийг гэртээ эргэн ирэхийг сэтгэл зовнин хүлээдэг билээ. Бидний эргэн тойронд сүнсний шуурга шуурах төлөвтэй байна. Дээшээ харж, өдөр бүр гэрчлэлээ хүчирхэгжүүлэх замаар өөрсдийгөө бэлтгэцгээе.

Зураг чимэглэлийг Шона Тэнни