2014
Чили дэх хөрвөлт ба өөрчлөлт
аравдугаар 2014


Газар бүрийн анхдагчид

Чили дэх хөрвөлт ба өөрчлөлт

Анхны баптисмууд 1956 онд болжээ. Өдгөө сүм Чилид 1 ариун сүм, 9 номлол, 74 гадастай бөгөөд бараг 600 000 гишүүнтэй болоод байна.

Día de Templo.  A woman and a young girl playing on a wall outside the Santiago Chile Temple.

Түүхийн 58 жилийн турш Чили дэх Сүмийн гишүүд чиглэлээ өөрчилж, амьдралаа бошиглогчдын чиглүүлсэн зүг рүү хандуулах чадвараа нотлон харуулсан юм. Энэхүү хандлага нь өнгөрсөн хагас зууны турш энэ улс дахь Сүмийн гайхалтай өсөлт хөгжилтөд хувь нэмрээ оруулсан байна. Өнөөдөр Чили бараг 600 000 гишүүнтэй байгаа бөгөөд 30 чили хүн тутмын 1 нь Сүмийн гишүүн болоод байна.1

Төлөөлөгч Чилид айлчилсан нь

1851 онд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Парли П.Пратт (1807–1857) Сүмийг зохион байгуулах санаа өвөрлөн, Валпараисод иржээ. Гэсэн ч тэр өөрөө болон түүний хамтрагчид испаниар ярьдаггүй байлаа. Тэд санхүүгийн тун хомсхон эх үүсвэртэй байв. Мөн тус улсад шашны эрх чөлөө байгаагүй учраас сүмийг зохион байгуулах боломж тэдэнд байсангүй.

Ахлагч Пратт ерөнхийлөгч Бригам Янгад (1801–1877) “Мормоны Ном болон зарим хямдхан хэвлэмэл материалыг испани хэлэнд орчуулж, хэвлэх хэрэгтэй байна. Ингэснээр амьд санваар тэдэнд зориулсан ямар нэг унших зүйл болох Бурханы амлалт, эртний хүмүүсийн залбирлууд, итгэл болон Бурханы Сүнсний хүч зэрэг нь Израилийн угсааг сэргээх үйлсэд тэдэнтэй хамт ажилласнаар түлхүүр нь энэ үндэстэн рүү эргэх болно” гэсэн саналыг хэлсэн байна.2

Сүм зохион байгуулагдав

Ахлагч Пратт чармайсан хэдий ч Чилид Сүм албан ёсоор зохион байгуулагдах хүртэл 100 гаруй жил өнгөрсөн байна. 1956 онд ахлагч Жозеф Бэнтли, Вэрлэ Аллрэд хоёр Аргентины номлолоос Чилид сайн мэдээг номлохоор илгээгдсэн бөгөөд энэ үед шашны эрх чөлөө нэлээд бэхэжсэн байлаа. Сантьягод Панамаас нүүж ирэн, номлогчдыг ирээсэй хэмээн найдаж байсан Фодерингхамын гэр бүл эдгээр номлогчид дэмжлэг туслалцаа үзүүлж байв.

photo of first baptism in Chile in 1956 First missionaries in Chile, Joseph C. Bentley and Verle M. Allred.

Чили дэх анхны баптисмууд 1956 оны 11-р сарын 25-нд Сантьягогийн нэгэн клубт болсон байна. Ахлагч Аллрэд “Бид нар мандахаас өмнө клубт очсон бөгөөд үйл ажиллагаагаа залбирал, богино ярилцлагатай хийв. Би Гарсиа ахтай хамт усанд орж, эхлээд түүнд, дараа нь найман хүнд баптисм хүртээсэн. Энэ маш онцгой тохиолдол байлаа. Бид бүгдийн мэдэрсэн зүйл мартагдашгүй. … Гарсиагийн болон Салданогийн гэр бүл бас Ланзаротти эгч зэрэг эдгээр гишүүн Чили дэх сүмийн анхдагчид болсон бөгөөд тэд бүгдээрээ нас барах хүртлээ итгэлтэй хэвээр үлдсэн гэдэгт би итгэлтэй байна” гэж дурсан ярьсан юм.3

Удирдагчдыг дуудав

1959 оны 2-р сард Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Спэнсэр В.Кимбалл (1895–1985) Чилид айлчилж, орон нутгийн удирдагчдыг хөгжүүлэх хэрэгтэй байгааг онцолсон байна. Орон нутгийн анхны удирдагчдын нэг нь Карлос Сифуэнтэс байсан бөгөөд тэрээр номлолын ерөнхийлөгч Робэрт Бөртоны зөвлөх байсан юм. Хожим нь Бүсийн далын гишүүн болсон ахлагч Жулио Жарамилло: “Би баптисм хүртсэнийхээ дараа санваарын нэгэн хуралд уригдаж очихдоо Сифуэнтэс ахтай анх танилцсан. Хурал эхлэх үед тэрээр индэр дээр гарч ирсэн бөгөөд миний харсан ганцхан зүйл бол түүний бохир, хар хумснууд байв. Би дотроо ‘Энэ эрэгтэй бохир гартай байж яаж номлолын ерөнхийлөгчийн хажууд хурал хөтөлж чадаж байна аа?’ гэж бодлоо. Түүнийг ярих хүртэл би ингэж бодож байсан бөгөөд түүний сүнсийг мэдэрсний дараа би бүх зүйлийг мартсан. Энгийн үгсээр тэр бидэнд агуу санааг ойлгуулсан юм. Тэрээр хүнд машин механизмын засварчин байсан ба тэр бямба гарагт оройтож ажиллаад дараа нь гараа цэвэрлэдэг ч мухлагт нь хомс байдаг зүйлүүдийн улмаас тос маслоо бүрэн арилгаж чаддаггүй байв. Тэр үед, яг тэндээс би хүмүүсийг гадаад төрхөөр нь шүүх бус харин хэн бэ гэдгээр нь үнэлэхийг сурсан юм” гэж туршлагаа хуваалцжээ.4

Өсөж буй үеийнхнийг хүчирхэгжүүлэх нь

1960-1970-аад онд Чили дэх Сүм өсөн нэмэгдэж буй туршлагатай орон нутгийн удирдагчдаар төдийгүй шинэ барилга, боловсролын хөтөлбөрүүдээр хүчирхэгжсэн билээ. Энэ нь сүмийн цуглааны болон сургууль, семинар, институтийн байруудыг барьсан явдал байв.

1964 оны 3-р сард сүмийн эзэмшлийн анхны хоёр бага сургууль Чилид байгуулагдав. Удалгүй хэд хэдэн сургууль нээгдэж, элсэгчдийн тоо 2600-гаас давлаа. 1970 оны сүүлч, 1980-аад оны эхэн үе гэхэд улсын сургуулиудын тоо хангалттай олон болсон учраас Сүм Чили дэх сургуулиудаа хааснаа зарласан юм.

Боловсролын хөтөлбөрийн талаар Бүсийн далын гишүүн асан, ахлагч Эдуардо А.Ламартинэ “Чили дэх сургуулиуд нь мянга мянган хүүхдийн боловсрол болон сүнслэг байдлын сургалтад маш их нөлөө үзүүлсэн бөгөөд тэд дараагийн жилүүдэд төрөн гарсан удирдагчид болон номлогчдыг бэлтгэхэд хувь нэмрээ оруулсан юм” хэмээн хэлжээ.5

Чилид институт, семинарын хөтөлбөр 1972 онд хэрэгжиж эхэлжээ. Эхэндээ суралцагчид долоо хоногт нэг удаа цугладаг гэрийн семинарын хөтөлбөрт хамрагдаж байв. Удалгүй илүү ойр ойрхон цугладаг ангиуд зохион байгуулагдав. Эдгээр хөтөлбөр нь тус улсын залуучуудыг адисалж, тэднийг бүрэн цагийн номлогчоор үйлчлэхэд бэлтгэхэд нь тусалсан юм. Далын гишүүн асан, ахлагч Эдуардо Аяала анхны семинарын багш нарын нэг байсан бөгөөд хожим нь Чилийн сүмийн боловсролын системд ажиллажээ. Тэрээр “Их Эзэн тухайн үед тэнд байсан залуучуудыг сонгосон бөгөөд тэдний олон нь эргэж ирсэн номлогчид ба сайн гэр бүлтэй агуу удирдагчид юм. … Миний хувьд институт, семинар нь эх оронд маань үймээн самуунтай байсан үед авралын од байсан бөгөөд би боловсролын системд ажиллаж байгаадаа баяртай байна” гэж хэлжээ.6

Group photo of fourth grade students at Church school in Santiago known as Colegio A. D. Palmer and Chilean teachers at school.  This photograph is one of a twenty-five-page photocopy of Flora Decker's photograph album containing snapshots she accumulated while serving in Chilean Mission during presidencies of Carl J. Beecroft and Robert H. Burton. Most images in album include some identifying information. Copies of twenty-seven images from album and index providing additional information about those items are also included

Анхны гадас

1972 оны 11-р сард тухайн үед Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч байсан Гордон Б.Хинкли (1910–2008) Чилийн Сантьяго гадсыг зохион байгуулж, Карлос Сифуэнтэсийг ерөнхийлөгчөөр нь дуудав.

Гадас зохион байгуулах бэлтгэл нь Чилийн гэгээнтнүүдийн зан чанарыг болон бошиглогчдыг дагах хүслийг харуулсан юм. Ахлагч Хинкли гадас зохион байгуулахын тулд хэдэн сарын өмнө Чилид ирсэн байна. Гэвч ярилцлагууд хийгдсэний дараа энэ ажил хойшлогдсон юм. Тэр үед олон хүн санхүүгийн асуудалтай байснаас гадна зарим гишүүн аравны нэгийн хуулийн дагуу амьдрах тал дээр асуудалтай байв.

Ахлагч Хинкли “Би зургаан сарын дараа эргэж ирээд ярилцлага хийж байхдаа итгэл цэцэглэж байгааг олж харсан. Тэд Их Эзэний өмнө шударга алхаж байсан учраас гадас зохион байгуулагдаж, түүнээс хойш тэд өсөж, дэгжсэн юм” хэмээн тайлбарлажээ.7

Хил дээрх анхдагчид

Өнөөдөр Чилийн хойд хязгаар дахь хот Арикад хоёр гадас байна. Арикагийн анхны хөрвөгчид болох Гладис ба Жуан Бэнавидезын түүх нь Чили даяар Сүмийг зохион байгуулахад илэрсэн анхдагчийн сүнс болон тэнгэрлэг нөлөөний жишээ юм.

Бэнивадез ах 1961 онд Сүмтэй танилцсан бөгөөд хэсэг цаас түүн рүү хийсэж ирсэн байна. “Эдгээр нь Reader’s Digest Selections сэтгүүлийн хуудсууд байсан ба ‘мормончуудын’ болон тэдний амьдрал, итгэл бишрэлийн тухай нэлээд нухацтай бичсэн өгүүлэл байсан” гэж тэр хэлжээ.

Үүнээс хойш удалгүй түүнд нэгэн хүнд өвчин туссан бөгөөд Сантьягод очиж эмчлүүлэх шаардлагатай болсон байна. “Тэнд байхдаа би эгч дээрээ айлчлан очиж, түүнийг сүмийн гишүүн болсон гэдгийг нь мэдсэн” гэж тэр хэлжээ. “Эгч маань намайг онцгой чуулганд урьсан. Би нээлтийн залбирлыг сонсож мөн үгсийг нь оюундаа дагах үед би бүхэл биеэрээ агуу баяр баяслыг мэдэрсэн бөгөөд Ариун Сүнсний нөлөөг таньсан юм. Чуулганы дараа номлогчид айлчлан ирсэн эрх мэдэлтэн болох, тухайн үед Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн байсан ахлагч Эзра Тафт Бэнсонтой (1899–1994) намайг гар бариулахаар авч явлаа.”

Бэнивадез ах Арикад буцаж очоод өөрийнхөө туршлагыг найз охин буюу одоогийн эхнэр Глэдис Агуилартай хуваалцжээ. Хэдэн өдрийн дараа Глэдис хоёр номлогчийг байшингийнх нь хажуугаар явахыг харсан байна. “Бид бушуухан тэдний араас явсан” хэмээн Бэнивадез ах хэллээ. “1961 оны 7-р сарын 1-нд бид эхнэрийнхээ гэр бүлтэй хамт баптисм хүртсэн. Өнөөдөр бидэнд сүмд төрсөн хүүхдүүд, ач зээ нар байна. Сүмийн талаарх мэдээллийг надад хүргэж ирсэн тэр салхины төлөө би Их Эзэнд талархдаг.”8

Хүнд үе

1970 оны сонгуулиар доктор Сальвадор Аллэндэ ерөнхийлөгч болж, марксист засгийн газар байгуулжээ. Сүмийн гишүүд хүнсний болон эмийн хомсдол, номлогчдыг өдөж хоргоох болон хэвлэл мэдээллийн сөрөг хандлага зэргээс болж ихээхэн хүндрэлийг туулжээ.

1973 онд санхүү, нийгмийн эмх замбараагүй байдал нь армийн эрх барилт ба дарангуйлал бий болоход нөлөөлсөн бөгөөд энэ тогтолцоо 1990 он хүртэл үргэлжилсэн байна. Хэдийгээр өнөөдөр Чили улс хөгжин цэцэглэж буй ардчилсан улс ч гэлээ, өнгөрсөн тэрхүү хорин жил гишүүдийн хувьд хүнд үе байсан юм. Армийн дарангуйллыг эсэргүүцэж байсан бүлэглэл сүмийн цуглааны байр руу болон гишүүд рүү дайралт хийдэг байв. Учир нь Сүмийг Америкийн Нэгдсэн Улсын засгийн газрын ашиг сонирхлыг төлөөлдөг хэмээн тэд боджээ. Тухайн үед гадасны ерөнхийлөгч байсан ахлагч Аяала “Бид ерөнхий эрх мэдэлтнүүдтэй уулзахад тэд ‘Мэргэн ухаантай байж, их залбиран, зөв зүйлийг хийгээрэй, ингэснээр гишүүд цугларагсдын дунд дэг жаягтай байх болно’ гэж бидэнд хэлдэг байсан” гэжээ.9

1980-аад онд улсын санхүүгийн хүндрэл болон Чили орныг нийгмийг хагаралд хүргэсэн улс төрийн зөрчилдөөн байсан ч гэсэн Сүм хурдацтай өссөн юм. 1985–1970 оны хооронд Чили дэх Сүмийн гишүүдийн тоо 15728-аас 169361 болж нэмэгдсэн байна.

Сантьягогийн ариун сүм

The Santiago Chile Temple

1980 онд гишүүд Чилийн Сантьягод ариун сүм баригдах болно гэсэн зарлалаар адислагдсан юм.

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл ариун сүмийн газрыг онцгойлон адислахдаа тухайн үедээ бие нь маш сул дорой байсан ч уг айлчлал 1959 оноос хойш хамт ажиллаж ирсэн Өмнөд Америкийн гэгээнтнүүдийг хайрлах түүний хайрыг харуулсан юм. Тухайн үед Кимбалл эгчийн хэлмэрч байсан Адриана Гуэрра дэ Сэпулвэда эгч “Би тэнгэр элчийн төрхтэй жижигхэн биетэй бошиглогчийг хараад уйлж эхэлсэн. Түүнтэй ярих үг ч олдохгүй байв. Энэ нь миний хувьд амьд бошиглогчийн дэргэд зогссон анхны тохиолдол байсан юм. Их Эзэний тослогдсон үйлчлэгчийг дэлхий дээр, тэр тусмаа эх орондоо харах нь гайхалтай зүйл байсан” гэжээ.10

Тэр ариун сүм 1983 онд онцгойлон адислагдсан бөгөөд Өмнөд Америкийн хоёр дахь, испани хэлтэй оронд баригдсан анхны ариун сүм болсон юм.

Ахлагч Жэффри Р.Холланд Чилид

2002 оны 8-р сард Тэргүүн Зөвлөл Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын хоёр гишүүнийг Сүмийн хоёр бүсийг тэргүүлүүлэхээр томилжээ. Ахлагч Даллин Х.Өүкс Филиппинд, харин ахлагч Жэффри Р.Холланд Чилид томилогдсон байна. Ахлагч Холландын Чилид хийсэн тохинуулал болон үзүүлсэн нөлөө нь хэмжээлшгүй бөгөөд үүний үр нөлөө нь олон үеийнхнийг адислах болно.

Ахлагч Холландын гол анхаарал нь Их Эзэний арга замаар удирдах жишээг харуулах явдал байв. Тэрээр шинэ удирдагчдыг сургахад тусалж мөн олон зуун тойрог ба хэдэн арван гадасны дахин зохион байгуулалт, хаалт, нэгдэх зэрэг ажлыг хариуцсан байна. Сүм энэ улсад хурдацтай хөгжиж байсан учраас тэр үеийн дахин зохион байгуулалт болон сургалтууд хэрэгтэй байсан юм. Түүний удирдлага нэгжүүдийг хүчирхэгжүүлэхэд тусалсан бөгөөд Чили дэх Сүмийг ирээдүйд зориулан бэлтгэсэн юм.

Үүний зэрэгцээ ахлагч Холланд Чилид хэд хэдэн чухал холбоог бий болгосон байна. Далын гишүүн, Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөх, ахлагч Карл Б.Пратт эдгээр чухал харилцааны заримыг дүрсэлж, “Ахлагч Холланд Рикардо Лагос [Чилийн ерөнхийлөгч] болон түүний эхнэртэй ойрын харилцаа тогтоосон юм. Тэд хэд хэдэн хүмүүнлэгийн тусламжийн төслийг хэрэгжүүлжээ. Ахлагч Холланд Апостолик Нунсиотой [Католик сүмийн дээд албан тушаалтан] мөн Чили дэх өөр чухал хүмүүстэй танил болсон” гэжээ.11

Ирээдүйд итгэ

Ахлагч Парли П.Пратт, Жэффри Р.Холланд нарын хүчин чармайлт, Сантьягод ирсэн анхны номлогчдын золиослолууд, Карлос Сифуэнтэс зэрэг удирдагчийн болон Чилийн анхдагчдын хичээнгүй үйлчлэл ба тавь гаруй жилийн турш Сүмд нэгдсэн олон зуун мянган хүний итгэл хийгээд үйлчлэл нь Чили дэх Сүмийг хүчтэй суурьтай болгосон. Өнөөдөр уг улс нь нэг ариун сүм (дахин нэг баригдахаар зарлагдсан), нэг номлогчийг бэлтгэх төв, 9 номлол болон 74 гадасны өлгий нутаг болсон юм. Ирээдүй нь бүхнийг Христэд ирэхэд урих сүнслэг ажлын хувьд хязгааргүй боломжуудаар дүүрэн байна.

Эшлэлүүд

  1. Deseret News 2013 Church Almanac, 454-ийг үзнэ үү.

  2. Aхлагч Парли П.Праттын намтар, хянасан Скот Фэисэр Проктор, Mаурин Жэнсэн Проктор нар (2000), 504.

  3. Вэрлэ Аллрэд, Нэстор Курбэло, ХҮГ Өмнөд Америкт: Чили Сур, боть 1 (2008), 6.

  4. Жулио Жарамилло, Нэстор Курбэло, ХҮГ Өмнөд Америкт: Чили, боть 1 (2006), 4–5.

  5. Эдуардо Адриан Ламартин Агуила, зохиогчид түүхэн хураангуй баримт өгөгдсөн, 2013 оны 11-р сар.

  6. Эдуардо Аяала, Нэстор Курбэло, ХҮГ Өмнөд Америкт: Чили, боть 1 (2006), 44, 45.

  7. Гордон Б.Хинкли, Родолфо Ачивидо A., Alturas Sagradas: Templo de Santiago de Chile, 100.

  8. Нэстор Курбэло, “Blossoming in the Desert,” Church News, 1996 оны 11-р сарын 9, 8–9.

  9. Эдуардо Аяала, Нэстор Курбэло, ХҮГ Өмнөд Америкт: Чили, боть 1 (2006), 33.

  10. Aдриана Гуэрра дэ Сепуледа, Нэстор Курбэлогийн, ХҮГ Өмнөд Америкт: Чили (2006), 16-д.

  11. Карл Б.Пратт, Нэстор Курбэлогийн, Colombia: investigación histórica, боть 1 (2010), 16-д.

  12. Хорхе Ф.Зэбаллос, зохиогчид илгээсэн захидалд, 2014 оны 1-р сар.

Энэхүү өгүүлэлд орсон олон гэрэл зураг Нэстор Курбэлогийн зөвшөөрлөөр нийтлэгдэв. Зүүн дээд талд: гэрэл зургийг filipefrazao/iStock/Thinkstock; доод талд: гэрэл зургийг kavram/iStock/Thinkstock

Багш нар болон тэдний дөрөвдүгээр ангийн сурагчид сүмийн эзэмшлийн сургууль Колежиод. А.Д.Палмэр, ойролцоогоор 1966 оны үед.

Темуко дахь шашны институт нь Чилийн 50 институтийн нэг юм.

Зүүн талд: гэрэл зургийг Флора Декэр Доналдсон; ахлагч Мэлвин Ж.Баллардын гэрэл зургийг С. В.Экэр © IRI

1996 онд ерөнхийлөгч Гордон Б.Хинкли Сантьягод болсон чуулган дээр Чилийн 48000 хожмын үеийн гэгээнтэнд хандаж үг хэлэв.

2010 онд болсон газар хөдлөлтийн дараа Чилийн өсвөр үеийнхэн болон залуучууд Мормон тусламжийн гар болон эрүүл ахуйн иж бүрдлийг хамтад нь хүргэв.

графикийг Marcelo Silva/iStock/Thinkstock