Даруу байдлыг сонгох зориг
2013 оны 5-р сарын 2-нд Бригам Янгийн Их Сургууль дээр болсон эмэгтэйчүүдийн чуулганд хэлсэн үгээс авав.
Ариун журамт сонголтуудынх нь улмаас өөрсдийг нь шоолдог дэлхийд даруу байдлыг сонгох зоригтой байхад нь туслахын тулд бид хөвгүүд, охиддоо юу зааж чадах вэ?
Даруу байдал нь яагаад тийм чухал юм бэ? Яагаад урт, хормой, энгэрийн зах эсвэл футболк Их Эзэнд чухал байдаг вэ? Би таван охин, хоёр хүүгийн эх учраас даруу байдал гэдэг сэдэв манай гэрт үе үе яригддаг. Даруу байдлыг заах хамгийн сайн арга бол үүнтэй холбоотой сургаалыг зааж, сайн үлгэр жишээ үзүүлэх явдал гэдгийг би олон жилийн явцад сурсан юм. Үүнтэй холбоотой сургаал нь даруу байдал нь яагаад тийм чухал болохыг ойлгоход хүүхдүүдэд маань тусалж мөн бидний үлгэр жишээ нь даруу байдлын адислалуудыг аз жаргалтай арга замуудаар харуулдаг.
Даруу байдал гэж юу вэ?
Даруу байдал бол энэхүү мөнх бус амьдралд бие махбодоо зохих байдлаар авч явж сурахад бидэнд туслахаар Бурханаас өгөгдсөн зарчим юм. Даруу байдлыг Итгэлдээ үнэнч байх нь номонд “Төлөв даруу байдал ба хувцаслалт, гадаад төрх, хэл яриа, зан төлөв дэх даруу байдлын хандлага”1 гэж тайлбарлажээ. Даруу байдал нь гангараа эсвэл бардамнал биш. Даруу хүмүүс бие махбод юм уу зан чанараа ашиглан дэлхийн алдар хүндийг эрэлхийлэхийг эсвэл өөрсдийнхөө бодит юм уу төсөөлсөн амжилтуудыг эсвэл хүсүүштэй зан чанаруудаа магтуулахыг хүсдэггүй.
Энд хуваалцаж буй даруу байдлын зарчмууд нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст болон хөвгүүд, охидод аль алинд нь нөлөөлдгийг санаарай. Бид даруу байдлын үлгэр жишээг үзүүлэхийг хичээдэг ч гэсэн богино даашинз өмсөж эсвэл “солонгорсон өнгийн үс ба олон чамин бөгж” зүүхээр сонгодог хүмүүсийг буруушаадаггүйг санаарай.2 Бид Их Эзэний тогтоосон жишгүүдэд үргэлж үнэнч байхын зэрэгцээ бусдад нинжин сэтгэл, Христийнхтэй адил хайрыг үзүүлэх талаар үлгэр жишээ үзүүлдэг.
Даруу гадаад төрх, даруу зан төлөвтэй байхын тулд бидний хийдэг сонголтууд нь бид Бурханы хөвгүүд, охидын хувьд өөрсдийн мөн чанарыг ойлгоход тусалдаг бөгөөд ариун газруудад зогсох сонголт хийсэн гэсэн хүчтэй ойлголтыг төрүүлдэг гэдгийг би гэрчилж байна.
“Та нар өөрсдөө Бурханы сүм мөн бөгөөд Бурханы Сүнс та нарын дотор оршдогийг мэддэггүй юм уу? … Бурханы сүм ариун бөгөөд энэ нь та нар юм” (1 Коринт 3:16–17) гэсэн сударт би дуртай. Бидний бие бол сүнсний маань ариун сүм юм. Бид энэхүү бие махбодын ариун сүмдээ Ариун Сүнсний нөхөрлөлийг урьдаг. Бид даруу хувцаслаж, даруу зантай байхыг сонгосноороо Бурхан Мөнхийн Эцэг ба Түүний Хүү Есүс Христийн тухай гэрчлэлтэй байж, уг гэрчлэлийнхээ дагуу амьдардаг гэдэгт би итгэдэг. Бид гадаад төрх байдлаараа дамжуулан өөрсдийгөө Есүс Христийн дагалдагчид гэдгээ бас Түүний сайн мэдээний дагуу амьдардгаа гэрчилдэг.
Даруу байдал яагаад чухал вэ?
Бид сайн ба муу зүйлс зэрэгцэн оршдог дэлхийд амьдардаг бөгөөд бие махбод нь зөв шударга эсвэл ёс бус зорилгын аль алинд ашиглагдаж болно. Гэхдээ бидний эрхэм бие махбод нь хүн бүрд Бурханаас өгөгдсөн бэлэг гэдгийг бид мэднэ. Бидний бие ариун нандин юм. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар “Авралын төлөвлөгөөг ойлгож мэддэг хүмүүсийн хувьд биеийг бузарлах нь Бурханыг эсэргүүцэж байгаа хэрэг [Moзая 2:36–37-г үзнэ үү] бөгөөд Түүний охид, хөвгүүд хэмээх үнэн дүр төрхөөс ухарч байгаа явдал юм” хэмээн заасан.3 Бид Бурханы мутарт зэмсэг болж, Түүний алдар суут зорилгуудыг тохиолгон авчрахын тулд бие махбодоо халамжилж, хамгаалахаар сонгодог (Aлма 26:3-ыг үзнэ үү). Хэрэв бид Аврагчийн төлөө зогсож, Түүний ажлыг хийх хүсэлтэй бол, хэрэв Аврагч бидний дэргэд зогсож байсан бол бид өмсөж байгаа хувцастайгаа ичихгүй байж чадах байсан болов уу? гэж өөрөөсөө асуух ёстой.
Хувцаслалт, гадаад төрх, бодол санаа ба зан төлөвийн хувьд даруу байх нь хийсэн гэрээнүүд маань биднийг адисалж, хамгаалан, Түүний оршихуйд буцаж очиход бэлтгэх хүч чадлыг бидэнд өгдөг гэдгийг бид ойлгодгийн нотолгоо юм. Бид баптисм хүртэхдээ дэлхийгээс гарч, Бурханы хаант улс руу орсон билээ. Бидний хувьд бүх зүйл өөр байх ёстой. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс: “Бид Түүний хаант улсад байхыг сонгосноороо өөрсдийгөө дэлхийгээс бүрмөсөн тусгаарлах биш харин зайтай байлгадаг. Бидний хувцаслалт даруу, бодол санаа ариун, хэл яриа цэвэр байх болно” гэж заажээ.4
Даруу байдал нь биднийг Бурханы оршихуйд очихоор өгсөх үед биднийг гэрээний зам дээр аюулгүй байлгах зарчим юм. Хувцаслалт, гадаад төрх, бодол санаа, зан төлөвөөрөө даруу байх нь бидэнд ариун сүмийн эрхэм нандин гэрээнүүдийг хийж, сахихад тусална. Адам, Ева хоёрыг адисалж, хамгаалахын тулд Бурхан тэдэнд ямааны арьс өгч, тэднийг цэцэрлэгээс гаргахаасаа өмнө хувцасласан юм. Үүнтэй адил, Бурхан мөнх бус амьдралд бидэнд гэрээний хувцсыг өгсөн бөгөөд бидний ариун сүмийн гармент үүнийг төлөөлдөг.
Даруу байдлын адислалууд юу вэ?
Цэвэр бөгөөд ариун журамт сонголтуудынх нь улмаас өөрсдийг нь шоолдог дэлхийд даруу байдлыг сонгох зоригтой байхад нь туслахын тулд бид хөвгүүд, охиддоо юу зааж чадах вэ? Тэд биднийг бие махбодоо ашиглан бусдын анхаарлыг татах гэж байна гэж боддог уу эсвэл Бурханыг алдаршуулах гэж байгааг хардаг уу?
Бодол санаа, үг яриа, гадаад төрх, зан төлөвөөрөө даруу байх нь бидэнд хүч чадал, өөдрөг бодол санаа өгдөг гурван адислал олж авахад тусалдаг.
1. Даруу байдал нь Ариун Сүнсний байнгын нөхөрлөлийг урьдаг. Ахлагч Хэйлс “Сүнсийг хүлээн авахуйц зохистой байхад даруу байдал зайлшгүй чухал юм” гэж заажээ.5
“Өгүүлшгүй Ариун Сүнсний бэлгийг” (С ба Г 121:26) үгүйсгэх ямар ч зүйлийг хийх ёсгүй гэдгээ ойлгоход нь хүүхдүүддээ тусалцгаая. Сүнсний эрхэм ариун нөхөрлөлтэй хамт үнэ цэнэтэй хийгээд хүчирхэг сүнслэг бэлгүүд ирдгийг мэдэхэд нь тэдэнд тусал. Бурхан “Оюуныг чинь гэгээрүүлж, сүнсийг чинь баяраар дүүргэх Сүнснээсээ би чамтай хуваалцах болно; … эсвээс зөв шударга ёсны зүйлүүдэд хамаарах юуг ч бай бүх зүйлийг чи хүлээж авна гэсэн итгэлээр итгэн чи надаас хүсвэл чи үүгээр мэдэх болно” (С ба Г 11:13–14) хэмээн амласан билээ. Бид хүүхдүүдээ даруу амьдарч, Ариун Сүнстэй хамт байхуйц зохистой байхад урих үедээ тэдэнд амлаж болох агуу адислалуудын зарим нь мэдлэг, мэргэн ухаан, гэрчлэл, баяр баясал, амар амгалан ба аз жаргал юм.
Даруу хувцастай холбоотой бэрхшээлүүдийн нэг нь хувцасны загвар болон нийгмээр хүлээн зөвшөөрөгдсөн зан төлөв байнга өөрчлөгддөг явдал мөн. Их Эзэний жишгүүд хэзээ ч өөрчлөгддөггүй. Юу өмсөх, юу хэлэх, юу хийхээ сонгох үедээ Сүнсэнд мэдрэмтгий байхыг залуу эрэгтэй, эмэгтэйчүүдэд заа. Тэд Сүнстэй ойр дотно амьдарч байгаа үедээ тэдэнд дэлхийтэй адилхан байх хэрэгцээ гарахгүй.
Бидний хүүхдүүд Ариун Сүнсний бэлгийг хүлээн авсан бөгөөд тэд өөрсдийг нь ариун сүм рүү удирдах хийгээд Бурханы оршихуйд буцаан аваачих гэрээний замаар аялж байна. Тэд Ариун Сүнсийг хүлээн авахуйц зохистой амьдарвал түүгээр удирдагдаж, хамгаалагдан, тайтгаруулагдаж, цэвэршүүлэгдэх болно гэдгийг бид батлан хэлж, тэдэнд үлгэр жишээ үзүүлэх хэрэгтэй.
2. Даруу гадаад төрх болон зан төлөв нь биднийг дэлхийн хөнөөлт нөлөөнүүдээс хамгаалахад тусалдгийг бид хөвгүүд, охиддоо зааж чадна. Бидний эсрэг хэрэглэгддэг хамгийн их хууран мэхлэгч аргуудын нэг нь ёс суртахууныг дээдэлнэ гэдэг бол хоцрогдсон хуучинсаг үзэл гэсэн нийгмээр хүлээн зөвшөөрөгдсөн хандлага юм. Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дахь: “Гэрлэхээсээ өмнө … бэлгийн харьцааны мэдрэмжүүдийг өдөөх зүйлсийг бүү хий” гэсэн үгсийг сонс.6 Даруу бус гадаад төрх ба зан төлөв нь бэлгийн харьцааны сэрлийг олонтоо өдөөж, хоригийг сулруулан, ариун явдлын хуулийг зөрчих илүү хүчтэй уруу таталт руу хөтлөх болно.
Ахлагч Хэйлс: “Бодол санаа, үйлдлээрээ цэвэр бөгөөд ариун журамтай байхын ноён нуруу нь даруу байдал юм. Тиймээс энэ нь бидний бодол санаа, зан төлөв, шийдвэрийг удирдаж, эдгээрт нөлөөлдөг учраас даруу байдал бидний зан чанарын үндэс суурь юм” хэмээн заажээ.7 Залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүддээ өөрсдөд нь буй нөхөн үржихүйн хүчээ хамгаалахад бэлтгэлтэй байхад нь туслахын тулд даруу байдлыг тэдэнд зааж, энэ талаар үлгэр жишээ үзүүл. Гэрлэлт дэх нөхөр, эхнэр хоёрын хооронд байх ёстой хайрын илэрхийллийг ариун байлгаж, хамгаалахад нь тэдэнд тусал.
3. Даруу байдал нь бидэнд “ямар ч үед Бурханы гэрчлэгч болж зогсох” (Moзая 18:9) боломжийг олгодог. Аврагч: “Дэлхийд туяарч болохын тулд гэрлээ өгөгтүн. Болгоогтун би бол та нарын өргөх тэрхүү гэрэл билээ” (3 Нифай 18:24) хэмээн заажээ. Дэлхийд гэрэл байж, сайн мэдээний дагуу амьдрахаас ирдэг баяр баяслыг харуулах, зөв шударга байдлыг заах болон дэлхий дээр Бурханы хаант улсыг байгуулах онцгой үүрэг бидэнд байдаг. Бид даруу бөгөөд цэвэр ариун байж, зарлигуудыг сахиснаар бидний хүн нэг бүр Есүс Христийн гэрлийг харуулдаг. Даруу байдал нь Аврагчийн болон Есүс Христийн сайн мэдээний талаарх бидний гэрчлэлийн баталгаа юм.
Ариун Сүнсээр удирдуулж, өөрсдийгөө дэлхийн нөлөөнөөс хамгаалж, дэлхийд Бурханы гэрчлэгч болж зогсдог хүмүүс хэчнээн үзэсгэлэнтэй хийгээд адислагдсан байна вэ. Сионы бүх хөвгүүн, охинд даруу байдлын сургаалыг зааж, энэ талаар үлгэр жишээ үзүүлдэг хүмүүс адислагдсан юм.
Бид Аврагчийг дагах гэрээ хийж мөн Түүний Цагаатгалын адислалуудын бүрэн байдлыг амьдралдаа хүлээн авах хүсэлтэй байгаа бол бидэнд хамаатай ганцхан л өмсгөл байдаг. Моронай “Мөн сэрэгтүн, мөн шорооноос өндийгтүн, … тийм ээ, мөн үзэсгэлэнт өмсгөлөө өмс, Ай Сионы охин; … Мөнхийн Эцэгийн … та нартай хийсэн гэрээнүүд биелэгдэж болохын тулд” (Moронай 10:31; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн) хэмээн цэдэглэжээ.
Үзэсгэлэнт өмсгөлүүд нь зөв шударга байдлын нөмрөг бөгөөд гэрээгээ сахидаг хүмүүс үүнийг өмсдөг юм. Бид хүүхдүүдээ эдгээр үзэсгэлэнт өмсгөлийг өмсөхөд бэлтгэж байна уу?
Аврал Христэд байдаг бөгөөд гэрээгээ сахидаг хүмүүс “өөрсдийн жаргал, мөн өөрсдийн зөв шударга үйлүүдийн төгс мэдлэгтэй байх болно, цэврээр хувцасласан байсны, тийм ээ, бүр зөв шударгын орхимжтой байсны учир болой” (2 Нифай 9:14) гэдгийг би гэрчилж байна.