Айлчлагч багшийн захиас бичиг
Есүс Христийн тэнгэрлэг зорилго: Амийн талх
Энэ материалыг залбирч судлан, хуваалцах зүйлээ мэдэж авахаар эрэлхийл. Аврагчийн амьдрал ба зорилгыг ойлгох нь таны Түүнд итгэх итгэлийг хэрхэн нэмэгдүүлж, айлчлагч багшлалтаар дамжуулан хариуцлага хүлээдэг хүмүүсийн тань амьдралыг хэрхэн адислах вэ? Дэлгэрэнгүй мэдээллийг reliefsociety.lds.org-өөс үзнэ үү.
Есүс “Би бол тэнгэрээс бууж ирсэн амьд талх байна. Хэрэв хэн нэгэн энэ талхнаас идвэл, тэр мөнхөд амьдарна” (Иохан 6:51) хэмээн хэлсэн билээ. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д. Тодд Кристоффэрсон “Бид тухайн өдрийн шаардлагатай тусламж, хоол хүнс буюу өдөр тутмын талхныхаа төлөө Бурханд найдлага тавьдаг байх ёстойг Есүс Өөрийн шавь нар болох бидэнд сургасан юм” хэмээн хэлжээ. “Их Эзэний урилга нь хүүхдүүдийнхээ өдөр тутмын өчүүхэн хэрэгцээ бүрийг сайн мэдэж, тэдэнд нэг бүрчлэн туслах энгүй их хүсэлтэй, хайраар бялхам Бурханд ойртох урилга юм. Тэрбээр ‘Бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч’ Түүнээс бид итгэлээр гуйвал ‘түүнд өгөгдөх болно’ (Иаков 1:5)” хэмээн хэлсэн билээ.1 Есүс Христ бидний хэрэгцээг хангана гэдгийг ойлгосноор бид сүнслэг тэжээлийнхээ төлөө Түүнд хандах болно.
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд биднийг “амийн талхыг авахыг хүссэн Христийн анхны шавь нарын адал явдалтай, эсвээс буцаж явалгүй харин Түүнд ирж, Түүнтэй хамт үлдэж, өөрсдийн аюулгүй байдал ба авралыг олохын тулд очиж болох өөр хэн ч байхгүй гэдгийг ойлгосон тэдэнтэй нэгдэхэд” урьсан билээ.2
Нэмэлт судрууд
Судруудаас
Есүс Христ цугласан 4000 гаруй хүнд зааж байв. Гурван өдрийн дараа Тэр төлөөлөгчдөдөө хандан: “Би хурсан олныг өрөвдөх юм. Тэдэнд ямар ч идэх юм алга:
“Хэрэв би тэднийг гэрт нь өлөн зэлмүүн буцаавал тэд замдаа ядарч унах болно. …
“Шавь нар нь Түүнд -Хэн энэ зэлүүд газар хаанаас эдгээр хүмүүсийг цатгах хангалттай талх олж чадах билээ? гэхэд
“Есүс тэднээс -Та нарт хэдэн талх байна? гэв. Тэд -Долоо гэлээ.”
Тэгээд Христ “долоон талхыг аван талархал өргөөд, хуваан хүмүүст үйлчлүүлэхийн тулд Өөрийн шавь нартаа өгөв. …
“Тэдэнд бас хэдэн жижиг загас байлаа. Есүс тэдгээрийг ерөөгөөд, эднийг ч бас тараа гэлээ.
“Хүмүүс идээд цадав. Тэгээд тэд үлдсэн хэлтэрхийнүүдийг нь цуглуулахад долоон том сагс дүүрчээ” (Maрк 8:1–9-ийг үзнэ үү).