2014
Итгэлийн залбирал
аравдугаар 2014


Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг

Итгэлийн залбирал

A young woman kneeling by her bed in prayer.  There is a copy of the Book of Mormon on the bed in front of her.

Залбирал нь бидний Бурханд хандан хэлдэг үгсээс ч илүү чухал зүйл юм. Энэ нь Бурхан болон Түүний хүүхдүүдийн хоорондын хоёр талт харилцаа мөн.

Бид зохих ёсоор залбирсан үедээ зүрх сэтгэлийнхээ мэдрэмжийг энгийн үгсээр илэрхийлдэг. Тэнгэрлэг Эцэг ерөнхийдөө бидний оюун санаанд мэдрэмж төдийгүй бодол төрүүлэх замаар хариулдаг. Бид Түүнээс ямар ч хариулт авсан, энэ нь хэзээ ч ирсэн бай, Түүнд дуулгавартай байхыг амласан чин сэтгэлийн залбирлыг маань Тэр үргэлж сонсдог.

Мормоны Номыг уншиж, үүний талаар залбирдаг бүх хүнд Их Эзэн:

“Мөн та нар эдгээр зүйлийг хүлээн аваад, та нар Бурхан, Мөнхийн Эцэгээс, Христийн нэрээр, эдгээр зүйлүүд үнэн эсэхийг асуухыг та нарт ухуулъя би; мөн хэрэв та нар Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуух аваас, тэрбээр үүний үнэнийг Ариун Сүнсний хүчээр та нарт мэдүүлэх болно.

“Мөн Ариун Сүнсний хүчээр та нар бүх зүйлийн үнэнийг мэдэж болно” (Moронай 10:4–5) гэсэн амлалтыг өгдөг.

Энэхүү амлалт баттай юм. Сая сая хүн амьдралыг нь баяр баясал, мөнхийн аз жаргалаар дүүргэсэн адислал хүлээн авснаар залбирлын тухай энэхүү гайхалтай амлалтыг биеэр эдэлж, нотолсон юм. Тэрхүү амлалт нь бидний төлөөх Бурханы оюун ухаан, тааллыг мэдэх гэсэн бидний бүх залбиралд хамаатай байдаг. Бидэнд удирдамж өгөх эрх мэдэл бүхий Бурханы үйлчлэгчээс зөвлөгөө авах бүрдээ бид үүнийг хэрэгжүүлж чадна. Жишээ нь, бид Ерөнхий чуулганы үгсийг сонсоод тэдгээрт найдаж болно. Бид амьд бошиглогчдоор дамжуулан Бурханаар дуудагдсан даруухан номлогчдоор заалгах үедээ үүнийг хэрэгжүүлж болно. Мөн энэ нь бидний бишопоосоо эсвэл салбарын ерөнхийлөгчөөсөө авдаг зөвлөгөө ч байж болно.

Залбирлыг амьдралдаа хэрэгжүүлэх дүрмүүд нь энгийн юм. Бид Есүс Христийн нэрээр Эцэгт хандан залбирч, чухам юу үнэн болохыг мэдэхийн тулд асуух ёстой. Бид чин сэтгэлээсээ асуух нь зүйтэй бөгөөд Бурхан үүнд хариулахдаа биднээс шаардах юуг ч болов хийх болно гэсэн шударга хүсэлтэй байх ёстой. Мөн бидний чин хүсэл нь Есүс Христэд итгэх итгэлээс маань гарах ёстой.

Мормоны Номыг уншдаг сонирхогч баптисм хүртэж, гишүүнээр батлагдахаасаа өмнө уг ном нь үнэн бөгөөд Иосеф Смит үүнийг Бурханы хүчээр орчуулсан гэсэн гэрчлэлийг хүлээн авч болно. Бид сүмийн гишүүнээр батлагдсаныхаа дараа Ариун Сүнсний нөхөрлөлтэй хамт байж, энэ нь бидэнд бусад үнэнийг баталдаг. Тэгээд бид итгэлтэй залбирах бүрдээ Ариун Сүнс бидэнд Есүс бол Христ, Бурхан Эцэг амьд бөгөөд Тэд бидэнд болон Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдэд хайртайг гэрчилнэ хэмээн найдаж болно.

Энэ бол Ариун Сүнс бидэнд Есүс бол Христ гэдгийг гэрчлэх үед бид зүрх сэтгэлдээ энэрэлтэй байх болно гэсэн амлалт Мормоны Номонд байдгийн нэг шалтгаан нь юм. “Хэрэв хүмүүн хүлцэнгүй даруу мөн зүрх сэтгэлдээ номхон, мөн Ариун Сүнсний хүчээр Есүс бол Христ гэдгийг хүлээн зөвшөөрдөг аваас, түүнд энэрэл байх нь гарцаагүй” (Moронай 7:44).

Мацгийн ням гараг бүр нь сүнслэгээр өсөж хөгжих агуу боломж юм. Мацгийн ням гараг нь бидэнд мөнхийн үнэнийг мэдэхийн тулд залбирч, мацаг барихад мөн ингэснээрээ лэмэнчүүдэд хүч, эрх мэдэл, хайраар заах боломжтой байсан Мозаягийн хөвгүүдийн болон Алмагийн туршлагыг ойлгоход тусалж чадна (Aлма 17:3, 9-ийг үзнэ үү).

Бид мацгийн ням гарагт залбиран, мацаг барьдаг. Ядуусыг адислахын тулд бид идэхээс татгалзсан хамгийн багаар хоёр хоолны үнэтэй тэнцэх мацгийн өргөлийг бишоптоо юм уу салбарын ерөнхийлөгчдөө өгдөг. Бидний бодол санаа, залбирал Аврагч руу болон сүнслэг ба материаллаг хэрэгцээг нь хангах замаар үйлчлээсэй хэмээн Түүний хүсэж буй тэр хүмүүс рүү чиглэдэг.

Бид илүү хүлцэнгүй, заалгахад хялбар бөгөөд хайраар дүүрэн болохын тулд мацаг барьснаар бидний залбирал ба хүсэл Аврагчийнхтай илүү адилхан болдог. Мөн Түүнтэй адил бид Эцэгийн бидний талаарх хүслийг мэдэж мөн хийхийн төлөө залбирдаг.