Усны мандал дээр
Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.
Би Тэнгэрлэг Эцэгээс миний сэтгэлийн зовнил, шаналлыг холдуулахыг хүсэн, гуйж байлаа. Гэвч эдгээр бэрхшээлгүйгээр Түүний намайг аваачих гэж байсан “амлагдсан нутагт” би хүрч чадахгүй байх байсан биз ээ.
Би коллеж төгсөнөөсөө хойш зургаа орчим сарын дараа сандрал, сэтгэл санааны зовнил, сэтгэлийн хямралд автаж эхлэв. Би эдгээр мэдрэмж хаанаас ирж байгааг мэдээгүй ч тэдгээр нь хүчтэй бөгөөд маш хэцүү байлаа.
Би юунд ч анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байв. Ажил дээр хүлээсэн шинэ үүрэг даалгавар санааг минь зовоож, би тайван ч сууж чадахгүй байв. Оюун санаа минь тогтворгүй болж, зүрх дэлбэрэх гэж буй мэт хүчтэй цохилж байв. Ийм байдал хэдэн өдрөөр үргэлжилж, би ажлаасаа гэртээ ирээд буйдан дээр унаад өгдөг байлаа. Нэг л мэдэхэд үдэш өнгөрч, дахин нэг ажлын өдөр эхэлдэг байв.
Иймэрхүү мэдрэмжүүд хэдэн сар үргэлжилсэн бөгөөд шинэ ажилд орж, мэргэжлийн хүнээс тусламж авсан ч нэмэр болсонгүй.
Би өглөө бүр ажилдаа явах замдаа тухайн өдрийг давж гаран, гэртээ эхнэр, охин хоёр дээрээ ирэх хүч чадлын төлөө залбирдаг байв. Надад тохиолдсон бэрхшээл арилаагүй бөгөөд би ихэнхдээ бууж өгмөөр санагддаг байв. Олон өдөр тэнгэрээс тусламж гуйхад нүдийг минь нулимс бүрхдэг байсан. Би өмнөхөөсөө илүү чин сэтгэлээсээ залбирч, энэ бэрхшээлийг ойлгоход минь тусалж, үүнийг надаас холдуулахыг Тэнгэрлэг Эцэгээс гуйдаг байлаа.
Би Сүнсийг мэдрэхгүй үедээ харанхуйд төөрсөн мэт санагдаж, гуньж гутардаг байв. Гэвч Сүнс намайг найдваргүй байдлаас өргөн гаргах үед би дараагийн залбирал хүртэл тэвчих итгэлийг олдог байсан. Би хоол идэх үеийн юм уу орой бүрийн хайхрамжгүй залбирлаас илүүтэй Тэнгэрлэг Эцэгтээ найдах болсон юм. Үүний ачаар би Түүнтэй илүү ойр дотно болсон билээ.
Давалгаан дээр шидэгдсэн нь
Би сэтгэлийн зовнил, гутрал дунд “агуу гүнийг” (Ифер 2:25) гаталсан жаредчуудын түүхийг дахин уншсан юм. Тэд усан онгоцондоо суух үед чухам юуг хүсэн хүлээж байсныг би зөвхөн төсөөлж л чадна. Тэдний аялал аюултай байсан ч тэд “бүх нутгаас дээгүүр сонгомол нутаг руу” (Ифер 2:15) чиглэн яваагаа мэдэж байсан юм.
Тэдний аяллын талаар бид:
“Мөнхүү улиран тохиох дор Их Эзэн Бурхан, амлагдсан нутгийн зүг усан дээгүүр ширүүн салхи үлээж байхаар болгосон аж; мөн тийн тэд салхины өмнө далайн давалгаанд шидэгдэн явав.
“Мөнхүү улиран тохиох дор тэдний дээр задрах уулс мэт давалгаанууд, мөн түүнчлэн салхины догшноос үүссэн агуу хийгээд аймшигт их шуургануудаас болон далайн гүнд тэд олонтаа автагдсан бөлгөө.
“… Тэд их усанд хучигдсан үедээ Их Эзэнд залбиран гуйж, мөн тэрбээр тэднийг дахин усны мандал дээр гаргаж байв.
“Мөнхүү улиран тохиох дор тэднийг усны мандал дээр байх үест салхи амлагдсан нутаг тийш үлээхээ хэзээ ч зогссонгүй; мөн тийн тэд салхины өмнө урагш туугдсан авай” (Ифер 6:5–8) хэмээн уншдаг.
Эдгээр шүлэг надад дотно болсон юм. Би өөрийнхөө усан онгоцонд байгаа юм шиг мэдэрч байсан бөгөөд намайг зовнилын салхи нүдэж, гутралын давалгаанууд бүрхэн, хямралын гүнд живүүлж байсан мэт санагдлаа. Би усаар “хүрээлэгдсэн” үедээ Их Эзэнд хандан залбирч, усны гадаргуу дээр гарч ирэвч дахиад л живдэг байв.
“Салхи амлагдсан нутаг тийш үлээхээ хэзээ ч зогссонгүй; мөн тийн тэд салхины өмнө урагш туугдсан авай” хэмээн би 8-р шүлгийг дахин уншлаа (онцлон тэмдэглэлт нэмэгдсэн). Тэгээд энэ нь надад хүчтэй нөлөөлөв. Усан онгоцнуудыг нөмрөх уул лугаа адил давалгаанууд жаредчуудыг аяллынх нь үед адисалсан юм. Би Тэнгэрлэг Эцэгээс салхи, давалгааг намжаахыг гуйж байлаа. Гэвч эдгээр бэрхшээл байгаагүйсэн бол Түүний намайг аваачих гэж байсан “амлагдсан нутагт” би хүрч чадахгүй байх байсан биз ээ.
Эдгээр шүлэг миний амьдралыг үзэх үзлийг өөрчилсөн юм. Сэтгэлийн хямрал, зовнил маань миний Тэнгэрлэг Эцэгт найдах найдварыг нэмэгдүүлсэн. Салхи, давалгаа байгаагүйсэн бол би Бурханыг одоо мэдэж байгаа шигээ мэдэж чадахгүй байх байсан, бас жаредчууд амлагдсан нутагт хэзээ ч хүрэхгүй байх байсан.
Харин одоо, энэ туршлагаас хойш хэдэн жил өнгөрөхөд сэтгэл санааны зовнилын салхи үлээхээ больж, хямралын давалгаа намайг нүдэхээ больсон. Гэвч хэрэв шуурга эргэн ирвэл би Их Эзэнийг дуудаж, Түүнд талархах болно, учир нь дөлгөөн тэнгис усан онгоцыг амлагдсан нутаг руу удирддаггүй, шуургатай тэнгис л удирддаг юм.