Итгэдэг зүйлийнхээ төлөө зогсох нь
Бидний амьдарч буй дэлхийд олон хүн хилэнцийг сайн гэж харин сайныг хилэнц хэмээн хардаг бөгөөд харин бид сайны төлөө зогсох ёстой. Дараах гэрчлэлүүд нь итгэдэг зүйлийнхээ төлөө зогссон залуучуудын гэрчлэл юм. Тэд маргалдаж эсвэл уураар болон найрсаг бус байдлаар хариу үйлдэл үзүүлээгүй юм. Тэд “зоригтой бас найрсаг”1 байсан бөгөөд үүний үр дүнд бусдыг хүчирхэгжүүлсэн юм (3 Нифай 12:44–45-ыг үзнэ үү).
Миний ах оргилуун дарс уухаас татгалзсан
Франц улсад цэргийн алба хаах нь хүн бүрийн үүрэг. 20 настай дүү Лоик маань дэслэгч болохын тулд Холбооны офицеруудын сургуульд суралцахаар шийдсэн юм. Сургууль төгсөхийн өмнөхөн шинэ офицеруудын тангараг өргөх ёслол болсон. Хүн бүр тогтсон уриаг цээжээр ээлж дараагаар уншсаны дараа дотроо сарнайтай, хундага оргилуун дарсыг сарнайтай нь хамт уух ёстой байв. Энэ уламжлал нь Наполеон Бонапартоос эхэлсэн бөгөөд үүнээс хойш нэг ч офицер уг ёслолд оролцолгүй өнгөрч байгаагүй юм.
Лоик өөрийнх нь шашны зарчмууд согтууруулах ундаа уухыг зөвшөөрдөггүй гэж хурандаад хэлжээ. Сарнайтай дарс уухаас татгалзсан Лоикийн хүсэлтийн дараа түр зуур нам гүм болов. Хурандаа бослоо. Тэрээр Лоикийг оргилуун дарсыг уу гэж хүчлэхийн оронд, дарамт шахалтыг үл тоон өөрийнхөө зарчмуудыг сахиж байгаад нь баяр хүргээд, ийм үнэнч шударга хүнийг бүрэлдэхүүндээ хүлээн авч байгаадаа бахархаж байна гэв. Тэд оргилуун дарсыг сольж, Лоик ч тангараг өргөх ёслолд оролцсон ажээ.
Пиерре Антиан, Франц
Утгагүй үдэшлэгт уригдсан минь
Коллеж төгссөнийхөө дараа миний эгч Грейс бид хоёр хэдэн хожмын үеийн гэгээнтэнтэй хамт нэг компанид ажиллаж байлаа. Ажил олгогчид маань сүмийн гишүүд биш байв. Эгчийг маань сүй тавих үед манай ажил олгогч түүнд зориулан сүйт бүсгүйн шоу хийж гэнэтийн бэлэг барихаар төлөвлөсөн юм. Дарга маань бидний жишгүүдийг хүндэтгэх байх гэж би найдаж байсан ч тэр ликёр дарс, эрэгтэй тайчигч болон ичгүүртэй кино захиалсан байв.
Сүйт бүсгүйн шоуны өмнө би Ариун Сүнсний шивнээг мэдэрсэн бөгөөд намайг даргадаа өөрсдийнхөө жишгүүдийг сануул хэмээн урамшуулж байлаа. Би залуу эмэгтэйчүүдийн бүлгийн медалиа атгаад, залуу эмэгтэйчүүдийн бүлэгт байхдаа хувийн хөгжил дэвшлийн төслөө гүйцээхийн тулд гаргасан бүх хүчин чармайлт, хийсэн золиослолуудаа бодлоо. Би энэ мөчид илүү өндөрт зогсох болтугай хэмээн залбирлаа. Би даргыгаа гомдож магадгүй гэж бодон, санаа зовж буйгаа түүнд мессежээр бичив. Гэсэн хэдий ч миний хамгийн агуу хүсэл бол Тэнгэрлэг Эцэгийг баярлуулах явдал байсан юм.
Үдэшлэг эхлэхэд дарга надтай ярилцсангүй, тэр ч бүү хэл над руу харж инээмсэглэсэн ч үгүй. Гэсэн ч тэр тайчигч, кино хоёрыг захиалахаа больсон байлаа.
Үдэшлэгийн дараах өдрүүдэд дарга маань үдэшлэгийн өмнөх шигээ надтай ярьж бас хамт инээхгүй байв. Гэсэн хэдий ч миний хийсэн зүйлд Бурхан баяртай байгаа гэдгийг мэдсэн учраас би тайван байлаа. Нэг долоо хоногийн дараа дарга бид хоёрын харилцаа хэвийн байдалдаа орсон юм. Бурхан түүний зүрхийг зөөллөж, намайг итгэдэг зүйлийнхээ дагуу амьдардгийг ойлгоход түүнд тусалсныг би мэднэ.
Лэми Лабитаг, Филиппин, Кагаяан Валли
Би ангидаа доромжилсон үгс сонссон
Би 18 орчим настай байхдаа оёдлын хичээлд суусан юм. Нэг өдөр надаас зайтай сууж байсан гурван охин доромжилсон үгс хэлж эхлэв. Би зөрчилдөөнөөс зайлсхийхийн тулд тэднийг хайхрахгүй байх уу эсвэл жишгүүдийнхээ төлөө зогсож, тэдэнд энэ яриагаа зогсоо гэж хэлэх ёстой юу гэдгээ мэдэхгүй байлаа. Эцэст нь би маш найрсгаар “Намайг өршөөгөөрэй, гэхдээ та нар хэл яриагаа цэгнэж болох уу?” гэж хэллээ.
Охидын хамгийн том нь над руу хяламхийснээ “Бид хүссэнээрээ л ярих болно” гэв.
Би “Гэхдээ та нар заавал хараалын үг хэлэх ёстой юм уу? Энэ чинь надад маш эвгүй байна” гэж хэлэв.
Тэр “Тэгвэл зүгээр л битгий сонс” гэлээ.
Намайг “Та нарыг чанга ярьж байхад сонсохгүй байх арга алга даа” гэж тэдэнд бухимдан хэлэхэд
“Тэгвэл тэвчихээс өөр яахав дээ” гэж нөгөөх охин хэлэв.
Би бууж өглөө. Би тэр охидод бухимдсан ч өөртөө илүү их бухимдаж байлаа. Би дууны өнгөө өндөрсгөж ярьсандаа итгэж ч чадахгүй байв. Охид урьдын адил хараалын үг хэлж байсан болохоор энэ үед бид бүгд ууртай байсан юм.
Би тайвширсныхаа дараа нөгөө охидын оёдлын машин ажиллахгүй байгааг харлаа. Надад өмнө нь ийм асуудал тохиолдсон учраас би юу нь болохгүй болсныг мэдэж байв. Тэгээд би тэдэнд оёдлын машиныг яаж засахыг үзүүллээ. Би хамгийн том биетэй охины царай өөрчлөгдөхийг харав. Тэр “Хөөе, биднийг уучлаарай” гэв. Түүнийг уучлал гуйж байгаад би итгэж чадахгүй байсан ч “Намайг ч бас уучлаарай. Би тэгж их уурлах ёсгүй байсан юм” гэж түүнд хэлэв.
Би оёдлын машин дээрээ буцаж ирээд дахин хараалын үг сонсоогүй юм. Бидний үгс бусдын хандлагыг өөрчилж чадахгүй байж болох ч бидний сайхан сэтгэл болон үйлчлэл үүнийг өөрчилж чадна гэдгийг энэ туршлага надад заасан юм.
Кати Паик, АНУ, Юта
Би номлолд үйлчлэхээр хатуу шийдсэн байв
Би 19 настайдаа Сүмд нэгдсэн юм. Би гурван хүүгийн дундах нь бөгөөд гэр бүлдээ цорын ганц хожмын үеийн гэгээнтэн байлаа. Баптисм хүртээд удалгүй би номлолд үйлчлэхийг хүсэх болов. Нэг жилийн дараа Сүнс надад номлолд явах ёстой гэж хэлсэн. Намайг ээжтэйгээ ярилцахад тэр намайг явах нь зөв биш гэж бодсон юм. Би нэг жил хойшлуулсан ч номлолд үйлчлэх хүсэл маань намайг орхиогүй юм. Тэр жилийн туршид би судруудыг судалж, мөнгөө цуглуулан, өргөдлөө бэлтгэж, эрүүл мэндийн бүх үзлэгт орж, бүх зүйл бүрэн болсны дараа Их Эзэнийг хүлээлээ. Удалгүй би Бразилийн Кампинас номлолд үйлчлэх дуудлага хүлээн авав.
Аав, ээж хоёр эсэргүүцсэн хэвээр байлаа. Би мацаг барьж, илэн далангүй залбирч, Тэнгэрлэг Эцэгт өөрийнхөө бүх айдсын тухай хэлэв. Би Түүнээс дэлхийн аавын минь зүрх сэтгэлийг өөрчлөхийг гуйлаа. Хачирхалтай нь, намайг явахын өмнөх бямба гарагт найзуудын маань надад зориулан бэлтгэсэн үдэлтийн үдэшлэгт аав оролцлоо. Тэгээд даваа гарагт нь аав намайг нисэх буудалд хүргэж өгсөн билээ.
Би номлолынхоо туршид сайн мэдээг номлож явахдаа Бурханы хайрыг мэдэрдэг байлаа. Ээж минь ээж байхаа болиогүй бөгөөд намайг гэртээ буцаж ирэхэд хамгийн түрүүнд тэврэн авч билээ.
Номлолд үйлчлэх нь аливаа үүрэг хариуцлагаас илүү чухал зүйл гэдгийг би ойлгосон. Энэ бол онцгой боломж бөгөөд өсөж хөгжих, суралцах гайхалтай хугацаа юм.
Клэисон Вэллингтон Аморим Брито, Бразил, Параиба
Би Бурханы тухай гэрчлэлээ хуваалцсан
Улсынхаа хамгийн шилдэг их сургуульд шинээр элсэн орсон оюутан миний хувьд хамгийн сайнаараа байх ёстой гэсэн мэдрэмж надад төрдөг байлаа. Хавчлага гарч, профессорууд маань “бодит байдал” хэмээн өөрсдийнхөө бодсон зүйлүүдийг заах үед би сайн мэдээнд итгэх итгэлдээ эргэлзэж эхэлсэн юм. Энэ нь ангийн олон оюутанд нөлөөлөв. Ийм уур амьсгалын дунд сүмийн заадаг зүйлүүдийг хамгаалах нь амаргүй байлаа. Би сургуулиасаа гарах талаар бодсон ч үлдсэн нь дээр гэж шийдсэн юм. Хэрэв би энэ их сургуульд тэнцсэн цөөн хүний нэг юм бол бас тэр цөөн хүн доторх хожмын үеийн гэгээнтнүүдийн нэг нь юм бол би эндээ үлдэж, үнэний төлөө зогсох ёстой гэсэн дүгнэлтэд хүрсэн юм.
Өөрийгөө шашингүй үзэлтэн хэмээн мэдэгддэг биологийн багш маань шинжлэх ухааныг ямар нэг Агуу Бүтээгчид итгэх итгэлгүйгээр заадаг байв. Гэвч би үүнийг сонсох тусам эдгээр бүх зүйлийг бүтээсэн Агуу Хүмүүн—бидний Бурхан Эцэг байдаг гэсэн бодол илүү их төрж байв. Зарим хүн энэ санаа бол утгагүй зүйл хэмээн маргаж байв. Бидний ярилцлага илүү ноцтой болж байлаа. Бурхан бол Бүтээгч гэдэгт итгэдэг гэдгээ тайлбарлах гэж гараа өргөхдөө би сандарч байлаа.
Саналаа хэлэх мөч ирлээ. Сургууль дээр хүмүүс бусдын хэлсэн зүйлд алга ташиж, хашгирах юм уу доромжлох нь хэвийн зүйл байсан юм. Би зоригтой зогсож мөн эсэргүүцэгч талынханд хандан: “Бурханд итгэх нь яг одоо та нарт утгагүй зүйл мэт санагдаж байж магадгүй, гэхдээ энэ зүйл надад тодорхой байгаатай адил та нарт ч бас утга учиртай болох өдөр ирнэ” гэж тов тодорхой хэллээ.
Тэр цагаас хойш би итгэдэг зүйлийнхээ төлөө зогсохдоо хэзээ ч доромжлуулаагүй. Түүнээс хойш би сурлага, нийгмийн идэвх, сүнслэг байдлаараа өссөн юм. Би оюутны үйл ажиллагаануудад идэвхтэй оролцож, сургуулийн хэд хэдэн албанд сонгогдов.
Үнэний төлөө ганц удаа ч болов зогсох нь бидний ирээдүйд гаргах шийдвэрүүдэд асар их нөлөөлдгийг би ойлгосон юм.
Бага Винс A.Молэхан, Филиппин, Минданао