—Гэр бүлийн түүх—Би үүнийг хийж байгаа
Хийж эхлэх нь амархан бас хөгжилтэй байж болно. Дэлхий даяарх өсвөр үеийнхэн гэр бүлийн түүхийн ажлыг хийснээрээ өөрчлөлт бий болгож байна.
Хаанаас эхлэх вэ? Та нар магадгүй хамаатнууд чинь хийх ёстой бүх ажлыг хийсэн гэж бодож байж магадгүй. Эсвэл та нар энэ ажлыг шинээр хийж эхэлж байгаа эсвэл энэ нь өөрсдөөс чинь ахадсан юм шиг санагдаж болох юм. Та нар хувийн тэмдэглэл хөтөлж, ариун сүмд зориулан нэрс бэлтгэж эсвэл амьд буй хамаатнуудаасаа суралцахын алийг нь ч хийж эхэлж байгаа бол та нар гэр бүлийн түүхийн ажилд хөгжилтэй, утга учиртай арга замуудаар оролцож чадна.
Хувийн тэмдэглэл хөтлөх: Адислалуудаа санах нь
Тэмдэглэл хөтлөх нь амар биш. Бид ихэвчлэн хэтэрхий завгүй эсвэл их ядарсан эсвэл миний амьдралд бичээд байх сонирхолтой юм байхгүй шүү дээ гэж өөртөө хэлдэг. Хэдэн жилийн өмнө би тэмдэглэл хөтлөх нь хэцүү байх шаардлагагүй, тэмдэглэл хөтлөх дуртай болох юм байна гэдгийг ойлгосон юм.
Би өдөрт нэг зүйл бичиж эхэлсэн юм. Энэ зүйл нь маш урт эсвэл сэтгэл хөдөлгөм байх шаардлагагүй байсан. Би зүгээр л дотроо бодсон зүйлээ эсвэл тэр өдөр тохиолдсон зүйлийн тухай бичдэг байв. Энэ нь миний амьдралыг аль хэдийн адисалсан байлаа.
Нэг өдөр гэр бүлийн маань нэг гишүүн хүнд байдалд ороход би түүнд юу хэлэхээ сайн мэдэхгүй байсан ч өдрийн тэмдэглэлээсээ түүнд уншиж өгөх санаа төрлөө. Тэмдэглэлийн хар дэвтэртээ бичсэн өөрийнхөө бяцхан хэсгийг хуваалцах боломж надад олдсон юм. Миний хуваалцсан зүйл түүний санаа сэтгэлийг бага ч болов хөнгөлөхийг би харж билээ.
Хэрэв та нар өдөрт нэг л зүйл бичиж эхлэх юм бол энэ нь та нарын амьдралыг адисална гэдгийг би баталж байна. Хэр жижиг эсвэл хэр том гэдгээс үл хамааран амьдралдаа авч буй адислалуудаа бичих нь тэдгээрийг санахад та нарт тусалж чадна.
Жэнтри В., АНУ, Юта
Гэр бүлийн түүхийн ажилд баяр баяслыг олох нь: Өвөг дээдсээ хайх нь
Би баптисм хүртэх үедээ гэр бүлийн түүхийн талаар маш их сонссон боловч үүнийг хэрхэн хийхийг эсвэл үүнийг хийж чадах эсэхээ мэдэхгүй байсан. Би энэ талаар залбирахаар шийдсэн бөгөөд гэр бүлийн түүх дээр тэр даруй ажиллаж эхлэх ёстой гэсэн мэдрэмж хүлээн авлаа. Өвөг дээдсүүд маань намайг энэ ажлыг хийж эхлээсэй гэж догдолж байсан ба тэд надад ёслолуудад шаардлагатай мэдээллүүдийг олоход туслах болно гэсэн мэдрэмж надад төрж байсан юм.
Би гэр бүлийн түүхийн ангид сууж үүнийг эхлүүлсэн бөгөөд богино хугацааны дараа гэр бүлийн түүхийн зөвлөхөөр дуудагдсан. Би энэ талаар их зүйл мэдэхгүй байсан болохоор сандарч байсан ч дуудлагыг хүлээн авсан юм.
Нэг өдөр би эмээгийнхээ эгч дээр айлчилж очсон. Түүнд элэнц эмээгийн минь талаарх баримтууд байлаа. Тэдний гэр бүлд нас барсан хамаатнуудынхаа талаар ярьдаггүй уламжлал байсан учраас тэр дэлгэрэнгүй мэдээлэл хуваалцахыг хүсэхгүй байв. Маргааш нь элэнц эмээгийн минь нас барсан өдөр байсан бөгөөд тэр бүх бичиг баримтыг нь устгах гэж байснаа надад хэлсэн юм. Би эхлээд тэдгээрээс хэсэг мэдээлэл авч болох эсэхийг асуухад тэр зөвшөөрөв. Тэгэхэд би Тэнгэрлэг Эцэг надад судалгаагаа үргэлжлүүлэн хийхэд тусална гэдгийг мэдсэн.
Би ариун сүмийн ойролцоох гэр бүлийн түүхийн төвд үйлчилж байхдаа гэр бүлийнхээ талаар илүү ихийг олж мэдсэн. Элэнц эмээгийн маань өвөө, эмээ нарын хоёр нь Италиас цагаачилж ирсэн бөгөөд Бразилийн Сао Паолод фермтэй байсныг олж мэдсэн юм. Гэр бүл маань ферм дээрх хамаатнуудтай холбоо тасарсан ч би манай гэр бүлийн удмын бичгийн талаар ном бичиж байсан нэг үеэлтэйгээ танилцсан билээ. Тэр есөн жил зарцуулж байж бичсэн номоо надад өгөв. Тэр яагаад уг номыг бичих ёстойгоо мэдээгүй ч энэ нь ирээдүйд хэн нэгэнд тус болно гэдгийг мэдэрсэн гэж хэлэв. Елиагийн сүнс түүнийг өдөөснийг би мэднэ.
Бид ариун нандин ажил хийж байгаа гэдгийг миний туршлага надад заасан юм. Өвөг дээдэс маань бидний тусламжийг хүлээж байгаа бөгөөд бидэнд туслахаар бидний талд байдаг.
Габриэл Д., Бразил
Ариун сүмийн ажил хийх нь: Ариун нандин ёслолууд
Би хөрвөгч бөгөөд гэр бүлээсээ ганцаараа Сүмийн гишүүн. Ариун нандин ёслолуудын нэг нь нас барагсдын төлөө хийгддэг баптисм гэдгийг би ойлгосон. Би нэгэн аяллаар ариун сүмд очиж, ёслолуудын талаар хөтчийн ярьж байхыг сонсох зуур нэгэн намуухан зөөлөн дуу хоолой гэр бүлийн түүхийн төв рүү очиж, нас барсан ээжийнхээ төлөө ариун сүмийн ёслолын хүсэлт явуул гэж надад хэлэхийг мэдэрсэн юм. Дараа нь FamilySearch буюу Гэр бүлийн хайлт бүртгэлд түүний ариун сүмийн ажил дууссан гэж батлахыг хараад би маш их баярласан. Энэ нь миний гэрчлэлийг хүчирхэгжүүлсэн бөгөөд бид энэ дэлхий дээр байгаа шалтгаануудын нэг нь өвөг дээдэстээ Есүс Христийн үнэн сайн мэдээг хүлээн авахад нь туслах явдал гэдгийг би мэднэ.
Марвин С., Филиппин
Сүнслэг өдөөлтүүдийг дагах нь: Амьд байгаа хамаатнуудаасаа суралцах нь
Намайг ахлах сургуулиа төгссөний дараа хоёр талын өвөө, эмээ нар дээрээ айлчилж очих ёстой гэсэн мэдрэмж надад төрсөн. Надад чөлөөт цаг байсан бөгөөд ийм боломж дахин олдохгүй байж магадгүй гэдгийг ойлгоод, өвөө, эмээ нартайгаа нэг долоо хоногийг хамт өнгөрөөлөө.
Би хуучин хайрцгуудыг нээж үзэн, хуучин захиануудыг уншиж мөн хуучин зурагнууд үзэж, цагаа өнгөрөөсөн. Би өвөө, эмээгийнхээ амьдралын түүхийг бичиж тэмдэглэн, оршуулгын газрын эргэн тойронд алхаж; өвөө, эмээгийнхөө болон тэдний хамаатнуудын амьдарч, ажиллаж байсан газруудаар айлчилсан юм. Энэ нь их зугаатай байлаа! Би өвөг дээдэс, өвөө эмээ, эцэг эхийнхээ тухай болон өөрийнхөө талаар маш их зүйлийг сурсан. Хэрэв өвөг дээдэс маань байгаагүй бол би одоогийн амьдралтайгаа байхгүй байх байсан гэдгээ ойлгосон.
Аяллынхаа дараа би өөрийн өвөг дээдсийн 1000 орчим нэртэй буцаж ирсэн бөгөөд тэдний олных нь төлөө ариун сүмийн ажил хийх боломжтой байсан. Ариун Сүнсний өдөөлтийг дагаж; өвөө, эмээ дээрээ айлчилж очсон нь миний гаргасан хамгийн сайн шийдвэрүүдийн нэг байсан юм.
Шэнли П., АНУ, Калифорни
Гэртээ байгаа мэт мэдрэмж: Ариун сүм рүү нэрс авч очих нь
Би хувийн хөгжил дэвшлээ гүйцээхийн тулд гэр бүлийн түүхийн талаар санаа өгөхийг ааваасаа хүссэнд тэр хэдэн жилийн өмнө хэсэг нэр олсон ч цаг зав багатай байсан учраас тэр нэрсээ ариун сүм рүү авч явахаар бэлэн болгож чадаагүй байгаа гэдгээ тайлбарлалаа. Миний тусламж манай гэр бүлийн эдгээр гишүүнд ариун сүмийн адислалуудыг хүлээж авах боломж олгоно.
Түүнээс хойш хэдэн сарын турш би ням гаргийн үдээс хойш болон үдэш нэрсүүдийг компьютерт оруулахын сацуу гэр бүлийн түүхийг ааваасаа мэдэж авсан. Бид бүр дэлгэрэнгүй мэдээлэл олохын тулд микрофич захиалсан юм. Заримдаа хуучин хальснуудыг уншихад хэцүү болох үед би чимээгүйхэн залбирч, тэгээд цаас гаргаж ирээд зургаар нь хөөдөг байв. Тодорхой бус мэдээллээс хүртэл нэрс гарч ирдэг байлаа.
Удалгүй би гэр бүлийн нэрсийн том цуглуулгыг бий болгосон бөгөөд тойргийн маань өсвөр үеийнхэн баптисмуудыг нь гүйцээхэд тусалсан юм. Аав, ээж хоёр болон тойргийн бусад гишүүн ариун сүмийн бусад ёслолыг нь гүйцээхээр нэрийн картуудыг авч явсан билээ.
Хэсэг хугацааны дараа би хувийнхаа хишгийг хүртэхэд бэлтгэж байв. Миний сэтгэл ихэд хөдлөхийн сацуу бас сандарч байлаа.
Биднийг ариун сүм рүү явж байхад аав миний хувийн хөгжил дэвшил төслөөр бэлтгэсэн гэр бүлийн нэрийн картуудын заримыг нь олсноо хэлэв. Хэдэн картыг хаана тавьснаа олоогүй байж. Тиймээс аав нэрийн картуудыг ээж, миний сүйт залуу хоёрт авчирч өглөө. Миний сүйт залуу ёслолуудыг хийж дуусгахаар болов. Тэр тэдний нэрийг надад хэлэхэд би тэднийг төсөл дээр минь байсныг саналаа.
Ариун сүмд эрхэм нандин гэрээнүүд хийж байх үед хөшигний хоёр талд буй хайртай хүмүүсээрээ хүрээлэгдсэн мэт мэдрэмж надад төрж байсан. Би гэр бүлтэйгээ мөнхөд нэгдэж чадна гэсэн мэдлэгтэйгээр асар их амар амгаланг мэдэрсэн юм.
Холли П., АНУ, Айдахо