Тойрог эсвэл салбарын дуудлагууд
Хүчирхийлэл (Хохирогчид үзүүлэх тусламж)


“Хүчирхийлэл (Хохирогчид үзүүлэх тусламж),” Зөвлөгөө өгөх эх сурвалж (2020).

“Хүчирхийлэл (Хохирогчид үзүүлэх тусламж),” Зөвлөгөө өгөх эх сурвалж.

Хүчирхийлэл (Хохирогчид үзүүлэх тусламж)

Тусламжийн утас

Бишоп, салбарын ерөнхийлөгч, гадасны ерөнхийлөгчид хүчирхийллийн талаар олж мэдэх бүрдээ Сүмийн тусламжийн утас руу яаралтай залгах хэрэгтэй. Энэхүү эх сурвалж нь хохирогчдод туслах, тайлагнах шаардлагыг хангахад тусалдаг. Тусламжийн утасны дугаар болон нэмэлт мэдээллийг Тусламжийн утасны дугаарууд руу орж авна уу.

Сүмийн ямар ч удирдагч хүчирхийллийн мэдээллийг хэрэгсэхгүй өнгөрөхийг эсвэл гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаар мэдээлэхгүй байхыг хэзээ ч хүвь хүнд зөвлөх ёсгүй.

АНУ ба Канадад

Хэрэв бусад гишүүн хүчирхийллийн талаар мэдсэн бол хуулийн байгууллагад нэн даруй хандах ёстой. Тэд мөн хохирогчдод туслах, тайлагнах шаардлагыг хангахад чиглэсэн хүчирхийллийн тусламжийн утас руу залгах бишоп эсвэл гадасны ерөнхийлөгчтэйгөө зөвлөлдөх хэрэгтэй.

АНУ, Канадаас бусад улс оронд

Хүчирхийллийн талаар хэзээ хэрхэн мэдээлэх талаар мэдэж ав. Гадасны ерөнхийлөгч, бишоп нь тухайн улсад байдаг тусламжийн утас руу шууд залгаж, заавар зөвлөгөө авах хэрэгтэй. Тусламжийн утас байдаггүй орнуудад хүчирхийллийн талаар мэдсэн бишоп гадасны ерөнхийлөгчтэйгөө холбоо барих ёстой. Гадасны ерөнхийлөгч тухайн бүсийн албаны хуулийн зөвлөхөөс заавар зөвлөгөө авах болно (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь (2020), 38.6.2.1, ChurchofJesusChrist.org). Бусад гишүүн хууль ёсны тайлагнах үүргээ биелүүлж, бишоптойгоо зөвлөлдөх хэрэгтэй.

Хүчирхийллийг тэвчих ёсгүй

Хүчирхийлэл нь бие махбод, сэтгэл санааны эсвэл бэлгийн замаар хохирол учруулах байдлаар бусадтай хүний ёсоос гадуур харьцаж эсвэл тэднийг дорд үзэж байгаа хэрэг юм. Сүмийн байр суурь бол аль ч хэлбэрийн хүчирхийллийг тэвчихгүй байх явдал бөгөөд хүчирхийлэл үйлдэгчид Бурханы өмнө буруутай. Хэн нэгэн хүчирхийллийн хэргээр шийтгэгдсэн эсэхээс үл хамааран гэмт хэрэгтнүүд Сүмийн сахилгын хурлаар орж, Сүмийн гишүүнчлэлээ алдаж болно (Матай 18:6; Марк 9:42; Лук 17:2-ыг үзнэ үү).

Хүчирхийллийн асуудалд Сүмийн гүйцэтгэдэг анхдагч үүргүүд бол 1) хүчирхийлэлд өртсөн хүмүүст нинжин сэтгэлээр, мэдрэмжтэй арга замаар туслах, 2) ирээдүйд хүчирхийлэлд өртөж болзошгүй хүмүүсийг хамгаалах явдал юм. Зарим төрлийн хүчирхийлэл бие махбодод хор хөнөөл учруулж болзошгүй боловч хүчирхийллийн бүх хэлбэр оюун ухаан, бодол санаанд нөлөөлдөг. Хүчирхийлэл нь ихэвчлэн итгэлийг үгүй хийдэг ба хохирогчид сандрал, эргэлзээ, үл итгэх байдал, гэм буруу, айдас төрүүлдэг. “Recognizing Patterns of Abuse” болон “What are signs that someone is being abused?” гэдгийг үзнэ үү.

Хохирогчид хүчирхийлэгчийн үйлдэлд хариуцлага хүлээхгүй бөгөөд хүчирхийллийн зан авирыг тэвчих ёсгүй гэдгийг ойлгоход нь тусал.

Хүчирхийлэгч нь зальтай, нарийн аргатай, хуурмаг байж болох тул үйл явдлын хувилбар нь хохирогчийнхоос өөр байж болохыг анхаар. Бүх тохиолдолд хохирогчийн аюулгүй байдал, хамгаалалтыг эн тэргүүнд анхаарч үзээрэй.

Сүмийн удирдагчдыг хүчирхийлэлтэй холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай хүмүүсийг оношлох эсвэл эмчлэхийг нь дэмждэггүй бас уриалдаггүй. Шаардлагатай бол тухайн хүнийг мэргэжлийн хүнээс тусламж авахад уриал. Гэр бүлийн үйлчилгээний алба (байдаг бол) нь удирдагчдад зөвлөх, тэдний орон нутаг дахь эх сурвалжуудын талаар мэдээлэл өгөх боломжтой.

Дараах мэдээллийг уншихдаа эдгээр зөвлөмжийг хохирогчийн нөхцөл байдалд нийцүүлэн өөрчлөх аргыг эрэлхийл. Хохирогч нь эхнэр нөхөр, хүүхэд, өндөр настай эцэг эх, хөгжлийн бэрхшээлтэй хүн байвал энэ нь өөрчлөгдөж болно.

Ойлгохыг эрэлхийл

3:28

Хохирогчид өөрийг нь сонсож, ойлгож байгааг мэдрүүлэх нь таны өгч чадах зөвлөгөөний нэгэн адил чухал байж болох юм. Хохирогчидтой ярилцахдаа Аврагчийн адил хайрлах, энэрэх сэтгэлээ илэрхийлэхийг хичээ. Хүчирхийллийн талаар ярилцах нь хохирогчоос маш их зориг шаарддаг бөгөөд түүнд дэмжлэг, тайтгаруулалт хэрэгтэй байж магадгүй юм.

Тайван байж, хохирогчийн айдас, эргэлзээ, зовнилыг сонсох цаг гаргахад бэлэн бай. Хохирогчийн нөхцөл байдлыг илүү сайн ойлгож, түүний хэрэгцээг олж мэдэхэд туслах дараахтай төстэй асуултуудыг эелдэг, мэдрэмжтэй байдлаар асуух талаар залбирч байгаад бод. Хохирогчоос лавлан асуухаас илүүтэй нөхцөл байдлыг өөрийн үгээр дүрслэх боломжийг хохирогчид олгоорой.

  • Юу тохиолдсон бэ?

  • Танд хэр аюулгүй санагдаж байна вэ?

  • Таны эргэн тойрны хүмүүс хэр аюулгүй байдаг вэ?

  • Энэ талаар та өөр хэнтэй ярилцсан бэ (гэр бүл, эцэг эх, Сүмийн удирдагч эсвэл иргэний эрх бүхий байгууллага гэх мэт)?

  • Танд яаралтай хэрэгтэй байгаа зүйлс юу вэ?

  • Энэ хүчирхийллийн талаар миний мэдэх ёстой өөр зүйл байгаа юу?

Хүчирхийлэлд өртсөн хохирогч Сүмийн удирдагчдаас сүнслэг эдгэрлийн төлөө тусламж хүсэж болно. Хэрэв найз, эцэг эх, итгэдэг Сүмийн удирдагч хажууд нь байгаа бол эмэгтэйчүүд, өсвөр насныханд бишоптой эсвэл бусад удирдагчтай уулзахад илүү тухтай байж болно. Хохирогч өөрийг нь дэмжих хүнийг хамт байлцуулж болно гэдгийг мэдэж байгаа эсэхэд анхаар.

Хувь хүнд тусал

Хохирогчдод тусламж, дэмжлэг үзүүлэхдээ дараах зөвлөмжийг дагахыг бодож үз. Зөвлөмж өгөхдөө энэрэнгүй, хайраар дүүрэн байхаа сана.

Аврагч болон Түүний Цагаатгалаар дамжуулан хэрхэн эдгэрч болохыг ойлгоход нь тусал (Алма 7:11–12; 2 Нифай 9:21; Сургаал ба Гэрээ 88:6-г үзнэ үү).

Хүчирхийллийн талаар хуваалцахаар зориглосонд нь сайшаа.

Хүчирхийлэлд өртсөнийхөө төлөө наманчлах шаардлагагүй гэдгийг хохирогчид ойлгуул.

Санваарын адислал авахыг эрэлхийлэхэд урамшуулан дэмж.

Хохирогчийн ихээхэн цаг хугацаа шаардаж магадгүй эдгэрэх үйл явцад мэдрэмжтэй хандаарай. Яарах юм уу ингэ тэг гэж зааварлахыг бүү хичээ.

Хэрэгтнийг уучлах талаар тухайн хүнд зөвлөгөө өгөхөөс өмнө хохирогчид хүчирхийлэлтэй холбоотой өөрийн мэдрэмж, бэрхшээлийг даван туулах боломж олгоорой.

Тухайн хүнд аюулгүй байдлыг мэдрэхэд нь туслаарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг “How do I stay safe?” нийтлэлээс үзнэ үү.

Хохирогчийг итгэдэг хүнээсээ тусламж, дэмжлэг хүсэн, бусадтай холбоо барихад, шаардлагатай бол мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахад уриал.

Гэр бүлийг дэмж

Хүчирхийлэл нь хувь хүнд төдийгүй гэр бүлийн гишүүдэд нөлөөлдөг. Тухайн хүний хань ижилд эсвэл гэр бүлд үзүүлэх нөлөөллийг тодорхойлж, тэдгээр асуудалд анхаар. Та хохирогчдод хайр халамжаа үзүүлдэг шиг зовж шаналж буй гэр бүлийн гишүүдэд нь хайр, халамжаа үзүүлээрэй.

Зөвлөмж эсвэл туслалцаа шаардлагатай байж болзошгүй гэр бүлийн гишүүдэд зориулсан орон нутгийн эх сурвалжаас эсвэл мэргэжлийн тусламж авах талаар бодож үз.

Аврагч хэрхэн биечлэн эдгэрэхэд нь тусалж болохыг ойлгоход гэр бүлийн гишүүдэд тусал (Алма 7:11, Матай 11:28–30-ийг үзнэ үү).

Хохирогчийн гэр бүлд байнгын дэмжлэг үзүүл.

Гадас, тойргийн нөөц бололцоог ашигла

Хэрэв хүчирхийлэлд өртсөн хүн танд нөхцөл байдлыг бусадтай хуваалцах зөвшөөрөл олговол дэмжлэг, удирдамж, туслалцаа тасралтгүй үзүүлж чадах тойргийн удирдагчид, бусад итгэлтэй хүнийг олохын тулд бишопын удирдлаган доор ажиллаарай. (Дэлгэрэнгүй мэдээллийг “Preventing and Responding to Abuse” зааварчилгаанаас үзнэ үү.)

Хувь хүн эсвэл гэр бүлийг хэрхэн дэмжих, нөхцөл байдалд эерэг байдлаар хэрхэн хариу үзүүлэх талаар бишоптой ярилц.

Боломжит эх сурвалжууд эсвэл мэргэжлийн тусламж хайж олох, холбоо барихад нь хохирогчдод тусал. “Should I get professional help?”-г үзнэ үү.

  • Эх сурвалжид хоргодох байр, зөвлөх, эмнэлгийн үйлчилгээ, хууль зүйн үйлчилгээ болон бусад дэмжлэг орж болно.

  • Нөхцөл байдал хэр ноцтойгоос шалтгаалан тухайн хүн иргэний эрх бүхий байгууллагуудыг оролцуулах эсвэл хууль эрх зүйн хамгаалалт авах талаар бодож үзэх шаардлагатай байж болно.

Хохирогчийн хэрэгцээний талаар болон тохинуулагч ах, эгчээр томилогдох хүмүүсийн талаар залбирч, мэдрэмжтэй хандаарай. Боломжтой бол хохирогчийг шийдвэр гаргахад оролцуулах талаар бодож үз. Зарим хохирогч хоёр тохинуулагч ахаас илүү тохинуулагч хостой илүү тав тухтай байж болох юм.

Тойргийн зөвлөлийн хурал эсвэл өөр уулзалтаар удирдагчдыг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах талаар сургахад цаг зарцуулахын тулд бишоптой хамтран ажиллахыг бод.