“Би порнографын хэрэглээний цар хүрээний талаар юуг ойлгох хэрэгтэй вэ?” Зөвлөгөө өгөх эх сурвалж (2020).
“Би юуг ойлгох хэрэгтэй вэ?” Зөвлөгөө өгөх эх сурвалж
Зөвлөгөө өгөх эх сурвалж
Би порнографын хэрэглээний цар хүрээний талаар юуг ойлгох хэрэгтэй вэ?
Порнографын хэрэглээ олон хүчин зүйлээс бүрдэх бөгөөд наманчлах үйл явц гишүүн бүрд ялгаатай байдаг. Гишүүдийн өөрсдийнх нь хандлага ямар байгаа (хандлагыг нь олж илрүүлсэн үү эсвэл тэд өөрчлөгдөхийг хүсэж байгаа юу?), ямар цар хүрээнд хэрэглэдэг болон цаашид урагшлахын тулд хаана, юу хийхийг зорьж байгаа зэргийг илэрхийлэхийг нь сонс.
Хүмүүст тусламж авахаар гарч ирэхэд нь зоригжуулах үүднээс хайрлах, талархах байдлаар эхэл. Найдвар байгаа гэдгийг тэдэнд ойлгуулахыг хичээ. Тэд энэхүү нөхцөл байдлыг даван туулж, Есүс Христийн шавийн хувиар урагшлах боломжтой. Бурханы хүүхдүүдийн хувьд тэнгэрлэг хувь заяатай гэдгийг нь тэдэнд тайлбарлаж өгөөрэй. Өөрсдийгөө үнэн хэрэгтээ хэн болохыг сайтар таньж мэдэх нь тэдэнд ичгүүрээс зугтаж, энэхүү нөхцөл байдлыг хувийн өсөлт хөгжил, өөрчлөгдөх боломж болгож ашиглах боломжийг олгоно.
Бишопууд гишүүдэд наманчлах үйл явцад нь туслах эрхэм нандин итгэл найдвар хүлээсэн байдаг. Тулгарсан сорилтуудаа даван туулахад шаардлагатай хувийн илчлэлт эрэлхийлж, хариулт олж авах нь тэдний үүрэг хариуцлага төдийгүй давуу эрх гэдгийг тэд Израил дахь шүүгчийн хувиар гишүүдэд ойлгуулахад туслах хүсэл тэмүүлэлтэй ажилладаг.
Удирдагчид “Есүс Христийн Сүмийн удирдагчийн хувиар та Бурханы авралын ажил, өргөмжлөлийг гүйцэлдүүлэхэд хувь хүн, гэр бүлүүдэд туслах үүрэгтэй” (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь [2020], 2.0) гэдгийг заах замаар гишүүдийн шавь байх замнал болон итгэлийг бэхжүүлэхэд төвлөрөх нь зүйтэй. (“What doctrines help individuals overcome pornography problems?” хэсгийг үзнэ үү.)
Холбоотой байдлыг үнэлэх
Хэдийгээр Сүмийн албан ёсны сахилгын арга хэмжээнд порнограф хэрэглэснийх нь төлөө наманчлахыг заавал шаарддаггүй ч “Сүм порнографын бүх хэлбэрийг буруушаадаг. Аль ч төрлийн порнографыг хэрэглэх нь хувь хүний амьдрал, гэр бүл, нийгэмд хор хөнөөл учруулдаг. Энэ нь мөн Их Эзэний Сүнсийг холдуулдаг” гэдгийг санагтун (Ерөнхий гарын авлага, 38.6.13). Таны зорилго бол хувь хүмүүст үндсэндээ “зүрх сэтгэлд хүчит өөрчлөлтийг” мэдрэхэд нь туслах явдал (Алма 5:12–14-ийг үзнэ үү) бөгөөд өөрсдийн амьдралд Есүс Христийг, тэр дундаа Түүний Цагаатгалын хүчийг бүрэн хүлээн авахад нь туслах явдал юм. Түүний удирдамж, боломж олгогч хүчийг шаарддаг өөрчлөгдөх үйл явцаар дамжуулан тэд өөрсдийн амьдралд Түүний хүчийг мэдрэх тусам илүү сайн шавь болно.
Та порнограф хэрэглэх нь зүгээр нэг ёс суртахууны доголдлоос илүү ноцтой зүйл гэдгийг ойлгоход хувь хүмүүст тусалснаар тэдний ямар нэмэлт эх сурвалжуудыг ашиглаж болохыг тодорхойлох боломжтой болно. Жишээлбэл, порнографыг ашиглахад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг (биологийн, сэтгэл зүйн, нийгмийн, сүнслэг байдлын гэх мэт). Шаардлагатай эх сурвалжууд нь хувь хүний зан байдлаас болон түүний тухайн асуудлыг хэрхэн шийдвэрлэж буйгаас хамаарах болно.
Та гишүүдэд болон тэдний эхнэр, нөхөрт порнографт хэр хэмжээгээр автсаныг мөн тэдний амьдралд үзүүлж буй нөлөөллийг ойлгоход туслахыг эрэлхийлэхдээ дараах санаануудыг бодолцож үз.
Хувийн үүрэг хариуцлага
Өмнөө буй өөрчлөлт, сонголт, шийдвэрүүд дэх хувийн үүрэг хариуцлагаа хүлээхэд нь гишүүдэд туслахыг эрмэлз. Ирээдүйн талаарх шийдвэрүүд нь тухайн тэмцэж буй хүний болон түүний хань ижлийн хариуцлага гэдэг үнэнийг хэзээ ч мартаж болохгүй. Та бол тэдэнд илчлэлт эрэлхийлэхэд нь тусалж, дэмжих үүрэгтэй.
Порнографын хамрах хүрээ
Та сүнслэгээр өдөөгдсөн асуултууд тавьснаар тухайн асуудалд оролцсон хүмүүст (хувь хүмүүст; хэрэв өсвөр үеийнхэн оролцсон тохиолдолд эцэг эхэд; мөн эхнэр, нөхөрт) порнографыг тухайн хэрэглэгч хааяа хэрэглэдэг, эрчимтэй хэрэглэдэг эсвэл байнга хэрэглэдэг эсэхийг ялган танихад туслах боломжтой болно. Үүнийг ойлгосноор та тэдэнд наманчлах үйл явцыг туулахад болон эхнэр, нөхөртөө эсвэл эцэг эхдээ хэрхэн тохинуулахаа ойлгоход тусална. Түүнчлэн хэрэглэж буй порнографын үндсэн шинж чанарын талаар асуулт тавиарай. Порнограф нь ноцтой байдлын хувьд янз бүр байдаг бөгөөд түүнчлэн бусад зан байдалтай ч холбоотой байж болно.
Хувь хүмүүсийг донтогчид гэж нэрлэхээс болгоомжил. Порнограф агуулсан материал ашигладаг хүмүүсийн ихэнхийг, ялангуяа өсвөр насныхныг донтсон гэж үзэж болохгүй. Өөрсдийгөө порнографт донтогчид гэж нэрлэх нь тэдний өөрчлөгдөх хүчин чармайлтыг сулруулж болзошгүй. Энэ сэдвээр нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл Даллин Х.Өүксийн “Порнографын урхинаас мултрах нь” гэсэн нийтлэлийг 2015 оны 10-р сарын Лиахонагийн 52–55-р хуудаснаас үзнэ үү.
Порнограф хэрэглэх нь ихэнхдээ зүгээр нэг ёс зүйн доголдлоос хавьгүй ноцтой зүйл байдаг
Хувь хүний порнографт автсан байдал ихэнхдээ нарийн төвөгтэй байдаг бөгөөд порнограф үзэх нь дийлэнх тохиолдолд зүгээр нэг сексийн дур хүслээс илүү ноцтой зүйл гэдгийг ойлгох нь чухал. Ихэнх тохиолдолд порнографын хэрэглээ нь хувь хүн бүрийн онцлог бүхий биологи, сэтгэл зүй, нийгэм, сүнслэг байдлын сорилтуудтай уялдаатай байдаг.
Эдгээр дөрвөн хэсгийн аль нэгийг агуулсан эсвэл тэдгээрийг хослуулсан сорилтууд нь хувь хүнийг сул дорой болгож, порнографыг үргэлжлүүлэн хэрэглэхээ болиход хүндрэлтэй болгож болно. Тэд өөрсдийнхөө порнографын асуудлын нарийн төвөгтэй байдлыг ойлгохоор оролдох үедээ, өөрсдөд нь нөлөөлж буй бусад нөлөөллийг танин мэдэж эхэлдэг. Хэдийгээр сүнслэг хүч чадал чухал ч хувь хүмүүсийн хувьд ихэнх тохиолдолд амьдралынхаа биологи, сэтгэл зүй, нийгмийн асуудалд анхаарах нь тустай. Хувь хүмүүсийг эдгээр асуудлыг болон тэдгээрийн болзошгүй нөлөөллийг олж илрүүлэхэд дэмжээрэй. Энэ нь тэднийг порнограф ашиглахаа болиход ихээхэн амжилтад хүргэх нь гарцаагүй.
Авч үзэх дөрвөн хүчин зүйл
Дараах дөрвөн хүчин зүйлээр гишүүдийг порнографт хэр гүнзгий автсаныг үнэлэх боломжтой. Үүнд: давтамж, хугацаа, ноцтой байдал, эрсдэлтэй үйлдэл орно. Эдгээр үзүүлэлтийг ойлгох нь танд төдийгүй хувь хүмүүст мөн тэдний ойрын хүмүүст тулгарч буй сорилтуудынхаа нарийн төвөгтэй байдлыг таньж мэдэхэд тусална.
Давтамж
Давтамж гэдэг нь тухайн хувь хүн ийм зан байдлаа хэр ойр ойрхон үйлдэж байгааг илэрхийлнэ. Порнографыг хааяа үзэх нь арай хөнгөн асуудал боловч мөн л зүй бус үйлдэл юм. Тухайн хүн порнографыг ойр ойрхон үзэх тусам асуудал илүү ноцтой болно.
Хугацаа
Хугацаа гэдэг нь тухайн хувь хүн ийм зан байдлыг хэр удаан үйлдэж байгааг илэрхийлнэ. Хэрэв тухайн хүн олон жилийн турш порнограф үзэхээ зогсоож чадахгүй байгаа бол энэ нь порнографыг зөвхөн богино хугацаанд ашиглаж буйтай харьцуулбал энэ байдлаа ялан дийлэхэд илүү хэцүү байх магадлалтай.
Ноцтой байдал
Ноцтой байдал гэдэг нь тухайн үзэж буй материалын мөн чанарыг илэрхийлнэ. Хэдийгээр бүх порнограф зураг дүрс, агуулгын хувьд зохисгүй байдаг ч зарим төрлийн материал бүр илүү зүй бус байдаг. Та гишүүнд тулгарч буй асуудлын талаар судлахдаа түүний үзэж буй порнографын төрлийг онцолж авч үзэх нь чухал.
Жишээлбэл, бэлгийн харьцааны үйлдлүүдийг харуулсан медиа хэрэгсэл нь нүцгэн эсвэл хагас нүцгэн хүний зургаас илүү ноцтой бөгөөд илүү эрчимтэй гаж сэтгэгдэл төрүүлэхүйц байдаг. Порнографын зарим материал түрэмгийлж хүчирхийлсэн эсвэл хүүхдийг оролцуулсан байдаг. Хэрэв та хүүхдийн порнографыг үзэх, худалдаж авах, тараах талаар ямар нэгэн юм мэдэж авбал иргэний эрх бүхий байгууллагуудтай холбоо бариарай. Түүнчлэн бишопын хувьд энэ асуудлыг зохицуулахдаа тусламжийн утас руу хандах боломжтой.
Эрсдэлтэй үйлдэл
Порнографтай холбоотой эрсдэлтэй үйлдэл гаргах хандлага эсвэл зан байдал нь тухайн асуудал хэчнээн ноцтой болохыг илэрхийлэх өөр нэг үзүүлэлт юм. Тухайн хувь хүн порнограф үзэхийн тулд эрсдэл хүлээхээс буцахгүй байх тусмаа порнографыг үзэхээ болих нь түүний хувьд илүү хэцүү байх болно. Эрсдэлтэй үйлдлүүдэд сургууль, ажилдаа очихгүй байх эсвэл бусад үүрэг амлалтаа биелүүлэхгүй байх; хууль бус, нууц эсвэл шударга бус үйлдэл гаргах эсвэл тэдгээртэй төстэй бусад үйлдэл гаргах зэрэг нь багтаж болно. Насанд хүрэгчдийн гаргаж буй эрсдэлтэй үйлдэл нь ажлаа алдах, гэр бүл салах, гэр бүлийн зөрчил үүсэх эсвэл гэмт хэрэгт оролцох зэрэгт хүргэж болно.