“Амиа хорлох,” Зөвлөгөө өгөх эх сурвалж (2020).
“Амиа хорлох,” Зөвлөгөө өгөх эх сурвалж.
Амиа хорлох
ChurchofJesusChrist.org эсвэл Сайн мэдээний номын сан аппликэйшны “Амиа хорлолт” хэсэгт зочилж, дэлхийн өнцөг булан бүрээс үнэ төлбөргүй тусламжийн утас, амиа хорлохтой холбоотой хямралтай тэмцэж буй хүмүүст туслах эх сурвалжуудыг хайж олоорой.
Амиа хорлох нь дэлхий нийтийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал бөгөөд ихэнхдээ үүнээс урьдчилан сэргийлэх боломжтой байдаг. Амиа хорлох талаар бодож байсан ихэнх хүн үхэхийг хүсдэггүй ба зүгээр л бие бялдар, оюун санаа, сэтгэл хөдлөл, сэтгэлийн шаналлаасаа ангижрахыг хүсдэг. Гэсэн хэдий ч тэд бусдад дарамт болж байна гэж итгэх; үхэл болон өвдөлтийг мэдрэх мэдрэг чадвараа алдаж, үл тоодог болох эсвэл амьдрах шалтгаанаа олж чадахгүй байх үедээ итгэл найдвараа алдаж, зовлон шаналлаасаа гарах шийдлийг олж чадахгүй байснаар эгзэгтэй байдалд хүрч магадгүй юм.
Гэр бүлийн гишүүд, найз нөхөд, тойргийн гишүүд, сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд хамтран, амиа хорлохтой тэмцэж буй хүмүүст туслах нь амиа хорлох эрсдэлийг бууруулж болно. Хүн бүр амиа хорлох эрсдэлт хүчин зүйлс, анхааруулах шинж тэмдгүүдийг мэдэж авсны дараа амиа хорлох гэж байгаа хүнд туслахыг эрэлхийлэх хэрэгтэй. Амиа хорлох тухай хэн нэгэнд ярих нь түүний амиа хорлох мэдрэмжийнхээ дагуу үйлдэх магадлалыг нэмэгдүүлдэггүй.
Аливаа хүн амиа хорлох тухай бодож байгаагаа хэлэх эсвэл илэрхийлэх мөн хайртай хүн нь амиа хорлох эрсдэлтэй байгааг мэдэгдэх, илэрхийлэх нөхцөл байдал бүрийг нухацтай авч үзэх хэрэгтэй. Энэ асуудалтай тэмцэж байгаа хүмүүсийг болон тэдний гэр бүлийн гишүүдийг тайвшруулж, зоригжуулан, тэдэнд санаа тавихын тулд хүн бүр хайрын үндсэнд туслах хэрэгтэй.
Харамсалтай нь, бид хэчнээн их хичээсэн ч амиа хорлохоос тэр болгон урьдчилан сэргийлж чаддаггүй. Ийм зүйл тохиолдвол энэ нь гэр бүлийн гишүүд, хайртай хүмүүсийнх нь зүрх сэтгэлийг гүн шархлуулж, сэтгэл санааг өөрчлөн, хариултгүй асуултуудыг тэдэнд үлдээдэг. Ийм нөхцөлд удирдагчид болон тойргийн гишүүд тухайн гэр бүл, хайртай хүмүүсийг нь зоригжуулж, дэмжихийг эрмэлзэх ёстой.
Ахлагч Дэйл Г.Рэнланд “[Амиа хорлох нь нүгэл, амиа хорлосон хүнийг там руу үүрд зайлуулна … гэсэн хуучин шашны ойлголт [огт] худлаа юм” гэж хэлсэн (Дэйл Г.Рэнланд, “Амиа хорлолтыг ойлгох нь” [видео бичлэг]).
Ахлагч М.Рассэлл Баллард дараах тайвшруулах үгсийг хэлсэн байдаг.
“Мэдээж хэрэг, бид амиа хорлолт бүрийн бүх нөхцөл байдлыг бүрэн дүүрэн мэдэхгүй. Зөвхөн Их Эзэн бүх зүйлийг мэдэх бөгөөд Тэр л ганцаар дэлхий дээрх бидний үйлдлийг шүүх болно.
Тэр биднийг шүүх үедээ бидний генетик, химийн найрлага, оюун санааны байдал, оюуны чадавх, хүлээж авсан сургаалууд, эцэг өвгөдийн уламжлал, эрүүл мэнд гэх мэт бүх зүйлийг анхаарч үзэх болно гэж бодож байна.” (“Амиа хорлох: Зарим зүйлийг бид мэддэг, заримыг нь мэддэггүй,” Ensign, 1987 оны 10-р сарын 8).
Ойлгохыг эрэлхийл
Хувь хүнтэй ярилцахдаа Аврагчийн адил хайрлах, өрөвдөх сэтгэлээ илэрхийлэхээ мартуузай. Амьдралын туршлага, нөхцөл байдал хүн бүрд харилцан адилгүй байдаг. Хэрэв та гишүүнийг амиа хорлох эрсдэлтэй гэж бодож байвал түүний асуудал, хэрэгцээг илүү сайн ойлгоход туслах дараах асуултуудыг тавих талаар залбирч байгаад авч үзээрэй. Үүнд:
-
Та надад таны яг одоо юу мэдэрч, туулж байгааг ойлгоход тусалж чадах уу?
-
Та сэтгэцийн эрүүл мэндийн байдлаа оношлуулж байсан уу? Та энэ нөхцөл байдалдаа эмчийн тогтоосон ямар нэгэн эмчилгээг хийлгэж байгаа юу?
-
Та амьдралынхаа нөхцөл байдлыг сайжирна гэж найдаж байна уу?
-
Та ямар учир шалтгааны төлөө амьдарч байгаа вэ?
-
Өмнө нь үүнийг даван туулахад ямар эх сурвалж тусалсан бэ?
-
Та өмнө нь өөрийгөө гэмтээх гэж оролдож байсан уу? Саяхан ийнхүү оролдсон уу?
-
Та одоо амиа хорлох тухай бодож байна уу?
-
Танд амиа хорлох төлөвлөгөө байна уу? Та цаг, байршил, аргын талаар бодож үзсэн үү?
-
Таны гэр бүл, найз нөхөд эсвэл бусад хүн таны бодлыг мэддэг үү?
-
Та яг одоо тусламж авахад хэр нээлттэй байна вэ?
Хувь хүнд тусал
Хувь хүнд туслахыг хичээхдээ дараах зөвлөмжийг анхаар.
Аврагч Есүс Христээр дамжуулан гишүүнд итгэл найдвар, эдгэрлийг олоход тусал.
-
Тэр хүнд Есүс Христийн боломж олгогч, гэтэлгэгч хүчийг ойлгоход тусал.
-
Тухайн хүнд өөрийг нь Бурханы хүүхэд, үнэ цэнтэй хүн гэдгийг ойлгоход нь тусал.
-
Юу ч болж байсан Бурхан түүнд хайртай гэдгийг мэдэхэд түүнд тусал.
-
Эдгэрэх нь энэ амьдрал дахь сэтгэцийн өвчнийг эмчлэх гэсэн үг байнга биш байж болохыг уг гишүүнд ойлгуул. Дэлгэрэнгүй мэдээллийг сэтгэцийн эрүүл мэндийн талаарх эх сурвалжаас авна уу.
-
Сүмийн удирдагчид тогтмол очихоос гадна тухайн хүнтэй болон түүний гэр бүлийнхэнтэй тогтмол уулзах талаар бодож үзээрэй.
-
Тухайн хүнийг тодорхой асуултууддаа хариулт олж авч чадах ChurchofJesusChrist.org дээрх “Амиа хорлох,” “Сэтгэцийн эрүүл мэнд” зэрэг Сүмийн бусад эх сурвалжтай холбож өг.
-
Амиа хорлохоос сэргийлэх лавлах утасны эх сурвалжийн талаар уг хувь хүн мэддэг байх, хямралын үед тусламж авах боломжтой байхад анхаар.
Мэргэжлийн эх сурвалжуудтай зөвлөлд.
-
Хэрэв та хэн нэгний аюулгүй байдалд санаа зовж байгаа эсвэл хэн нэгэн амиа хорлохыг завдаж магадгүй гэж бодож байгаа бол тэр даруй орон нутгийн яаралтай тусламжийн үйлчилгээ эсвэл Гэр бүлийн үйлчилгээний албатай холбоо бариарай (боломжтой бол). Сүмийн удирдагчид энэ асуудлаар тусламж авахаар бол Сүмийн тусламжийн утастай холбоо барьж болно.
-
Эдгээр эх сурвалж нь тухайн хүнд тусалж чадах орон нутгийн мэргэжилтнүүдийг эсвэл байгууллагуудыг олж мэдэхэд тусална.
Хувь хүний сэтгэцийн эрүүл мэндийн байдалд тохирсон эмчилгээ хийлгэхэд тусална уу.
-
Гэр бүлийн үйлчилгээ эсвэл эмнэлгийн яаралтай тусламжийн газраас санал болгосон нөөц боломжийг ашиглахыг тухайн хүнд зөвлөөрэй. Та түүнд зөвлөгөө өгөх хуваарь гаргахад эсвэл хамгийн ойрын эмнэлгийн яаралтай тусламжийн өрөөнд очиход тусалж болно.
-
Тухайн хүний зөвшөөрлөөр тухайн нөхцөл байдлын талаар гэр бүлийн зохих гишүүдэд мэдэгдээрэй. Хувь хүний аюулгүй байдлыг хангахын тулд хэрхэн төлөвлөх талаар сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдээс чиглэл авахыг тэднээс хүсээрэй. Үүнд тухайн хүнд хохирол учруулж болзошгүй арга хэрэгслийг хязгаарлах зэрэг нь орно.
-
Тохиромжтой бол эмчилгээний явцад сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд эсвэл гэр бүлийн гишүүдтэйгээ тогтмол холбоотой байгаарай.
-
Хэрэв хувь хүн тусламж хүлээн авахаас татгалзаж, өөрийгөө хохироох төлөвлөгөөтэй, үүнийгээ хэрэгжүүлэх зорилготой байгаа бол орон нутгийн яаралтай тусламжийн газартай (иргэний эрх бүхий байгууллагууд гэх мэт) нэн даруй холбоо барьж, тухайн хүнийг яаралтай тусламжийн үйлчилгээ авах хүртэл гэр бүлийн гишүүд нь дагалдан явах хэрэгтэй.
Гэр бүлийг дэмж
Амиа хорлохыг оролдож байгаа хувь хүн гэр бүлийнхээ гишүүдийн амьдралд нөлөөлдөг. Эцэг эх, хань ижил, гэр бүлийн бусад гишүүн ихэвчлэн хямралд орсон хайртай хүндээ хэрхэн туслахаа мэддэггүй. Тэд ихэвчлэн хэт их сэтгэлээр унасан байдаг бөгөөд анхааруулах тэмдгүүдийг анзаарахгүй өнгөрч магадгүй. Гэр бүлийн гишүүдэд туслахыг хичээхдээ дараах зөвлөмжийг анхаарч үзээрэй.
Аюул заналхийлэл ойрхон байгаа, нөхцөл байдал нь насанд хүрээгүй хүүхэдтэй холбоотой эсвэл хувь хүн болон гэр бүлийнхэн нь танд бусадтай ярих зөвшөөрөл олгосон үед нөхцөл байдлын талаарх нууцлалыг хадгал.
Гишүүний нөхцөл байдал түүний гэр бүлд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлж, гэр бүлийн гишүүд нь тухайн хүнд дэмжлэг үзүүлэх, удирдамж өгөхөд шаардагдах эх сурвалжийг тогтооход тэдэнд туслаарай.
-
Тухайн хүний хэрэгцээний талаар мөн түүнд болон өөрсдөдөө туслах боломжтой эх сурвалжуудыг хэрхэн ашиглах талаар хамтдаа зөвлөлдөхөд гэр бүлийг уриалан дэмж.
-
Хэрэв гэр бүл хүсвэл, тэдэнтэй уулзаж (эсвэл тохиромжтой бол Сүмийн өөр удирдагчидтай уулзахыг санал болго), аюулгүй байдлыг төлөвлөх болон хайртай хүндээ шаардлагатай мэргэжлийн болон сүнслэг тусламжийг авахад нь дэмжлэг үзүүлэх зэргээр тэдний хэрэгцээг хангах цогц төлөвлөгөө боловсруул.
Гэр бүлийн гишүүдэд ганцаарчилсан мэргэжлийн тусламж эсвэл зөвлөгөө авахыг санал болгох талаар бодож үзээрэй.
-
Сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд зохистой бөгөөд тохиромжтой гэж үзвэл эхнэр нөхөр, эцэг эх, гэр бүлийн бусад гишүүнийг тухайн хүнтэй зөвлөлдөх уулзалтад оролцоход урь.
Гадас, тойргийн нөөц бололцоог ашигла
Хувь хүн, гэр бүлд туслахын тулд гадас, тойргийн нөөц бололцоог ашиглахыг хичээхдээ дараах зөвлөмжийг анхаар. Тухайн хүн эсвэл гэр бүлийнхэн нь танд бусадтай ярих зөвшөөрөл олгоогүй бол нөхцөл байдлын талаарх нууцыг хадгалахаа бүү мартаарай.
Сүмийн удирдагчид эсвэл итгэл хүлээсэн бусад хүнээс тухайн хүнд тасралтгүй дэмжлэг, удирдамж, туслалцаа үзүүлэхийг хүс.
Тухайн хүнтэй тогтмол уулзаж чадах итгэл хүлээсэн хүнийг тодорхойлоод, тэр хүнээс үргэлжлүүлэн уулзаж байхыг хүс.
-
Энэхүү сонгогдсон хүн нь тухайн хүний хувьд тааламжтай хүлээж авах хүн байх ёстой.
-
Тэр хүн мэдрэмжтэй, сэтгэл хөдлөлийн хувьд тогтвортой байх ёстой бөгөөд тохинуулагч эгч, ах байж болно.
Амиа хорлохоос урьдчилан сэргийлэх талаар гадас, тойргийн зөвлөлийн гишүүдэд сургалт зохион байгуулах талаар бодож үз.
-
Suicide.ChurchofJesusChrist.org дээрх зөвлөгөө өгөх эх сурвалжуудаас “Амиа хорлолт” хэсгийн материалыг ашиглаарай.
-
Ойролцоох олон нийтийн нөөцийн хөтөлбөрийн мэргэжилтнийг туслуулахаар урихыг бод. Гэр бүлийн үйлчилгээний алба (боломжтой бол) эсвэл орон нутгийн яаралтай тусламжийн үйлчилгээ нь ийм эх сурвалжуудыг тодорхойлоход тусална.