Тойрог эсвэл салбарын дуудлагууд
Порнограф хэрэглэгчдийн хань ижилд дэмжлэг үзүүлэх


“Порнограф хэрэглэгчдийн хань ижилд дэмжлэг үзүүлэх,” Зөвлөгөө өгөх эх сурвалж (2020).

“Порнограф хэрэглэгчдийн хань ижилд дэмжлэг үзүүлэх,” Зөвлөгөө өгөх эх сурвалж.

Порнограф хэрэглэгчдийн хань ижилд дэмжлэг үзүүлэх

3:53

Порнографын хэрэглээ ихэвчлэн хэрэглэгчийн эхнэр, нөхөрт ихээхэн нөлөөлдөг. Эхнэр, нөхөрт нь уур бухимдал төрж, хүчин мөхөстөх мэт санагдаж, тухайн хэрэглэгчид хууртсан мэт мэдрэмж төрж магадгүй. Түүнчлэн айж балмагдах, цочролд орох, хүчтэй өвдөлт мэдрэх, уй гашууд автах, гуньж гутрах, уурлаж уцаарлах, хямрах зэрэг мэдрэмжүүд ихэвчлэн төрдөг. Эхнэр, нөхөр нь ихэвчлэн ичгүүртэй мэдрэмж авч, өөрсдийнхөө үнэ цэнд эргэлзэж эхэлнэ. Зарим эхнэр, нөхөрт зүрх, цээжээр нь тодорхой бус өвдөлт мэдрэгдэх, толгой өвдөх, унтаж чадахгүй болох зэрэг бие махбодын шинж тэмдгүүд илэрдэг.

Тэдэнд мөн Бурхан өөрсдийг нь орхисон мэт санагдаж, Тэр үүнийг яаж зөвшөөрөв өө хэмээн гайхширч магадгүй. Бүх эхнэр, нөхөр ижил хариу үйлдэл үзүүлэхгүй. Гэрлэлтийн бусад асуудал эсвэл порнограф хэрэглэх давтамж, үргэлжлэх хугацаа зэрэг нь тэдний хариу үйлдэлд нөлөөлөх боломжтой.

Эхнэр, нөхрүүд сэтгэл хөдлөл, сүнслэг байдлаараа тэмцэлдэж буйгаа хэнд ч ярихыг хүсэхгүй байж магадгүй бөгөөд тусламж, дэмжлэг авахын оронд чимээгүйхэн шаналахыг сонгодог. Тусламж эрэлхийлэх үед нь тэдэнд анхааралтай сонсох, тус дэм болох, өрөвдөж хайрлах хүн хэрэгтэй байдаг. Эхнэр, нөхрүүд уг асуудалд ямар нэгэн байдлаар өөрсдийгөө буруутгадаг тул тухайн хэрэглэгчийн үйлдэлд буруугүй гэдгээ ойлгоход нь туслах хэрэгтэй байж магадгүй.

Ойлгохыг эрэлхийл

Порнограф хэрэглэдэг хүний эхнэр, нөхөрт өөрсдийг нь сонсож, ойлгосон гэдгийг мэдрэхэд туслах нь таны өгөх ямар нэгэн зөвлөгөөтэй адил чухал байж болох юм. Тэдний оронд өөрийгөө тавьж сонсох нь хайрлагдсан, хүлээн зөвшөөрөгдсөн, халамжлагдсан гэсэн хүчтэй сэтгэгдлийг төрүүлэх болно. Аврагчтай адил хайрлах, бусдын өнцгөөс аливааг харах чадварыг харуулахыг эрэлхийл. Ханийнх нь нөхцөл байдлыг илүү сайн ойлгож, хэрэгцээг нь олж мэдэх асуултуудыг тавих талаар залбирч бодоорой. Эхнэр, нөхөр нь айж, эргэлзэж, санаа зовж байгаагаа илэрхийлэх үед зүгээр л сонсох цаг гаргахад бэлэн бай.

Найз, эцэг эх эсвэл итгэж болох Сүмийн удирдагч нь хамт байгаа тохиолдолд эхнэр, нөхөр нь нөхцөл байдлын талаар ярихад илүү тохиромжтой байх болно. Тухайн эхнэр, нөхөр өөрийг нь дэмжих хүн байлцуулж болно гэдгийг мэдэж байгаа эсэхэд анхаар. Дараах асуултуудыг тавихдаа мэдрэмжтэй байж, хайрлах сэтгэлээр асуугаарай. Үүнд:

  • Таны нөхцөл байдал одоо ямар байгаа вэ? Танд ямар зовлон бэрхшээл учирч байна вэ?

  • Ханийн тань хувьд порнографын хэрэглээний хамгийн их сэтгэл зовоосон тал юу вэ?

  • Яг одоо гэрлэлтийнхээ юунд хамгийн их санаа зовж байна вэ?

  • Порнограф танд болон танай гэр бүлд хэрхэн нөлөөлсөн бэ (гэр бүлийн болон эрүүл мэндийн асуудал гэх мэт)?

  • Та одоогоор ямар дэмжлэг үзүүлэх эх үүсвэрт хандаад байгаа вэ?

  • Порнографын асуудалд хань тань хэр нээлттэй, шударга ханддаг вэ?

  • Ta энэ асуудлыг ханьтайгаа хэр зэрэг нээлттэй ярилцаж байна вэ эсвэл нээлттэй ярилцахад бэлэн үү?

  • Нөхцөл байдлын талаар би өөр юу мэдэх ёстой вэ?

  • Энэ сорилтыг тэсэж гарахад Их Эзэн танд хэрхэн тусалсан бэ?

Хэрэв та ямар нэгэн түрэмгийлэл, гэр бүлийн хүчирхийллийн талаар эсвэл хүүхдийн порнограф үзэх, худалдаж авах, тараах талаар мэдэж авбал иргэний эрх бүхий байгууллагуудтай холбоо бариарай. Бишопуудын хувьд эдгээр нөхцөл байдалд залгаж асууж болох нэмэлт тусламжийн утас бий.

Хувь хүнд тусал

Эхнэр, нөхөрт нь туслахын тулд дараах зөвлөмжийн заримыг ашиглах талаар бодож үз.

Порнограф хэрэглэгчийн хань ижилд зориулсан, хувь хүнийг эдгээх Аврагчийн чадварын талаар онцол (Алма 7:11 ба Maтай 11:28–30-ийг үзнэ үү).

  • Христ зовлон бэрхшээлийг даван туулж буй хүмүүст хэрхэн тохинуулсан, түүнийг эдгээхэд хэрхэн тусалж болох талаар судлахад эхнэр, нөхрийг урь.

  • Санваарын ёслолуудыг, ялангуяа ариун сүмийн ёслолуудыг ойлгож, итгэлтэй байхад нь эхнэр, нөхөрт тусал.

  • Санваарын адислал авахыг эрэлхийлэхэд эхнэр, нөхрийг нь дэмж.

Сэтгэлийн шаналал, сэтгэл хөдлөлөө удирдахад нь тус дэм үзүүл.

  • Түүнд болон түүний хань, үр хүүхдүүдэд тус тусад нь хайр, халамжаа илэрхийл.

  • Порнограф хэрэглэгчийн гаргасан шийдвэр Бурхан хувь хүнийх нь хувьд өөрсдийг нь хэрхэн хардгийг өөрчлөхгүй гэдгийг эхнэр, нөхөрт ойлгуул.

  • Тэрээр эхнэр, нөхрийнхөө порнографын хэрэглээ эсвэл базаахгүй зан байдлын өмнөөс хариуцлага хүлээхгүй бөгөөд хүчирхийлэгч зан байдлыг нь тэвчих шаардлагагүй гэдгийг тодруулж хэл. Хэрэв та ямар нэгэн хүчирхийлэл байгааг олж мэдвэл тэр даруй иргэний эрх бүхий байгууллагатай холбогд.

  • Эхнэр, нөхрүүдэд өөрийнх нь үнэ цэнийг сануул.

  • Бишоптой уулзаагүй бол тэднийг уулзахад уриал.

Эхнэр, нөхрийг нь ChurchofJesusChrist.org-оос “Addressing Pornography” дээрх хань ижил, гэр бүлд зориулсан эх сурвалжуудыг судлахад урь.

Гэр бүлийн харилцааны талаар, гэр орондоо тодорхой хил хязгаар хэрхэн тогтоох тухай олж мэдэхийн тулд өөрсдөө хэрхэн сүнслэг удирдамж авч болох талаар ойлгоход эхнэр, нөхөрт тусал.

  • Амьдрал, гэр орноо цэгцлэхэд тус болох хил хязгаарыг хэрхэн тогтоох талаар ойлгоход нь тэдэнд туслахын тулд Support Guide: Help for Spouses and Family of Those in Recovery (ChurchofJesusChrist.org дээрх “Addiction Recovery” хэсгээс олж болно) дахь “8-р зарчим: Гуйвшгүй, тууштай бай”-г судлахад урь.

  • Эхнэр, нөхөрт нь үнэнч шударга байж, гэр орноо порнограф хэрэглэдэггүй, амар амгалан, эв нэгдэлтэй байлгах эрхтэй гэдгээ ойлгоход тусал.

  • Түүнд порнографын хэрэглээний талаар (асуудлын мөн чанар, үргэлжлэх хугацаа, ноцтой байдал гэх мэт) мэдэхийг хэр их хүсэж байгаагаа эхнэр, нөхөртэйгөө ярилцаж мөн шийдэж болно гэдгийг ойлгоход тусал. Бүрэн ил тод болгох юм бол эдгэрэх явцад нь нэмэр болж магадгүй юм.

Амьдралаа амар амгалан, тогтвортой байлгахыг эрмэлзэж байхад нь байнгын ач холбогдол бүхий дэмжлэг үзүүлж чадах найдвартай найз эсвэл гэр бүлийн гишүүнээ олоход эхнэр, нөхөрт тусал.

  • Тохиромжтой үед, хань ижлээ порнограф хэрэглэдэг гэж доорд үздэггүй, судалж үзэлгүйгээр шүүмжлэхийг эсвэл яаран сандран шийдвэр гаргахыг уриалдаггүй хүмүүстэй ярилцахад урамшуул.

  • Хэрэв боломжтой бол ханийнх нь болон гэр бүлийнх нь дэмжлэг өгөх уулзалтууд ихэнхдээ тухайн хэрэглэгчид дэмжигдсэн, сонсогдсон, хүлээн зөвшөөрөгдсөн мэдрэмж төрүүлэх, түүнчлэн Христийн Цагаатгалын хүчээр дамжуулан Түүн дотор хүч чадал олж авах тохиромжтой газар байдаг.

Ханиа уучлах явдал нь үйл явц бөгөөд тэд энэ үйл явцыг хэрхэн, хэзээ эхлүүлэхээ мэдэж авах өөрийн сүнслэг удирдамжийг хүлээн авч чадна гэдгийг ойлгуул.

  • Ханийнхаа сэтгэл хөдлөлийн болон оюун санааны эдгэрэх үйл явцад мэдрэмжтэй хандахад уриал. Үүнд цаг хугацаа орох бөгөөд хэрэглэгчийн эдгэрэлтээс тусдаа асуудал юм. Яарах юм уу ингэ тэг гэж зааварлахыг бүү хичээ. Уучлах талаар ярилцахаас өмнө түүнд нөхцөл байдалтай холбоотой мэдрэмжтэйгээ ажиллахыг болон саад бэрхшээлээ даван туулахыг нь зөвшөөр.

  • Уучлах нь итгэнэ гэсэн утгыг дандаа илэрхийлдэггүй гэдгийг эхнэр, нөхөрт сануул. Ирээдүйн сонголт, зан байдлаас хамааран итгэл хожим ирж эсвэл хэзээ ч ирэхгүй байж ч магадгүй. Порнограф хэрэглэгч өөрийгөө эдгээхийн төлөө ажиллаж, хань ижил нь түүний өөрчлөгдөхийн тулд гаргаж буй хичээл зүтгэл, амлалтыг харснаар итгэлцэл дахин төрнө.

Сүмийн удирдагчид хосын урьд өмнөх дотно харилцаа нь эхнэр, нөхөр хоёрын аль нэг нь порнографтай холбогдсонтой албан ёсны ямар нэгэн холбоотой гэж дүгнэхээс болгоомжил. Гэсэн ч порнограф хэрэглэх нь дотно харилцаанд сөргөөр нөлөөлдөг. Сүмийн удирдагчид дотно асуудлаар зөвлөгөө өгөхөөс татгалзаж, ийм тусламж шаардлагатай үед Гэр бүлийн үйлчилгээний алба эсвэл нийгмийн болон сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх бусад мэргэжилтэнтэй зөвлөлдөж, хосыг зохих мэргэжилтэн рүү хандуулах нь зүйтэй.

Гэр бүлийг дэмж

Гэрлэлт, гэр бүлд үзүүлэх нөлөөг тодорхойлж, аливаа асуудалд анхаарлаа хандуул.

Хэрэв гэрлэсэн хүмүүст нэмэлт тусламж хэрэгтэй бол гэрлэсэн хосынх нь хувьд туслахын зэрэгцээ ганцаарчлан туслалцаа авахад уриал.

Хэрэв гэр бүлд энэ асуудлыг нь мэддэг хүүхдүүд байвал тэдэнд тохинуулах үүргээ ухамсарлаж, шаардлагатай бол хүүхдүүддээ туслахад эцэг эхийг нь уриал.

Порнограф хэрэглэгчийг сүнслэг байдлын хувьд эдгэрэхэд нь дэмжлэг үзүүлэхийг хичээ. Порнографын хэрэглээ, addiction зэргийн талаарх эх сурвалжууд, ChurchofJesusChrist.org дээрх “Addressing Pornography” хэсэг ба Addiction Recovery Program-ийн вэбсайт порнографтай тэмцэж буй хүнд зан байдлаа засаж, үүрэг хариуцлагаа ухамсарлахад туслах болно.

Порнограф хэрэглэгчийг өөрийн үйлдэлд хариуцлага хүлээдэг, ханиа дэмждэг байхад урамшуулан дэмж. Дэлгэрэнгүй мэдээллийг порнографын хэрэглээний тухай эх сурвалжаас авна уу.

Гадас, тойргийн нөөц бололцоог ашигла

Нөхцөл байдлыг бусадтай ярилцахын тулд порнограф хэрэглэдэг хүнээс болон ханиас нь зөвшөөрөл авсны дараа тойргийн удирдагчид эсвэл бусад итгэж болох хүнээс байнгын дэмжлэг, удирдамж, туслалцаа үзүүлэхийг хүсэх талаар бодож үзээрэй.

Порнограф хэрэглэгчийн эхнэр, нөхөрт түшиг тулгуур болж болох итгэлтэй хүнийг тодорхойл. Ийм дэмжлэг үзүүлэх хүн үүнтэй ижил төстэй сорилтыг амжилттай даван туулсан байвал илүү тохиромжтой. Гэхдээ сүнслэг байдлын хувьд төлөвшсөн ямар ч хүн энэрэнгүй сэтгэлээр дэмжлэг үзүүлж чадна.

Хань ижил, гэр бүлийн гишүүдийг орон нутгийн дэмжлэг үзүүлэгч бүлэгт хамрагдахад урь.

  • Visit the Addiction Recovery Program website (”Addiction Recovery” section on ChurchofJesusChrist.org) to find a local spouse support group meetings, which are held either in-person or through a phone-in meeting.

  • Хэрэв уулзалт байхгүй бол бишоптой холбоо барьж, уулзалтыг эхлүүлэхийг хүсэх юм уу олон нийтийн дэмжлэг үзүүлэх бүлгийг ашиглах тухай бодож үз.

Порнограф хэрэглэгчийн хань ижилд мэргэжлийн тусламж эсвэл зөвлөгөө авахыг санал болго. Сайн мэдээний зарчмуудын дагуу үйлчилгээ үзүүлдэг орон нутгийн эх сурвалжуудыг олж мэд.