“Үхэл хагацал, уй гашуу,” Зөвлөгөө өгөх эх сурвалж (2020)
“Үхэл хагацал, уй гашуу,” Зөвлөгөө өгөх эх сурвалж
Үхэл хагацал, уй гашуу
Уй гашуу нь дааж давшгүй асар хүнд сэтгэл хөдлөл байж болдог. Үүнийг бараг хүн бүр амьдралынхаа аль ч үед мэдэрдэг. Үхэл бол Бурханы аз жаргалын төлөвлөгөөний нэг хэсэг бөгөөд үүнийг мэддэг хэрнээ олон хүнд хайртай хүнээ алдахад үүсэх сэтгэл хөдлөлөө даван туулахад хэцүү байдаг. Нэмж дурдахад, үхэл бол гашуудах цорын ганц эх үүсвэр биш ба ажлаасаа гарах, салах, эрүүл мэнд муудах гэх мэт бусад төрлийн хор хохирол уй гашууд хүргэдэг. Уй гашуу бол сул дорой байдал эсвэл Бурханд итгэх итгэл, Түүний хайр дутагдсаны илэрхийлэл биш, харин хохиролд үзүүлдэг ердийн хариу үйлдэл бөгөөд баяр баясал руу хөтлөх сэтгэл хөдлөлийн шилжилт юм.
Гашуудаж буй хүмүүст үхэл хагацалд гашуудах цаг хугацаа шаардлагатай байдаг бөгөөд тэд өөрсдөд нь туслах найз нөхөд, гэр бүлтэйгээ хамт байх хэрэгтэй. Уй гашуу байгалийн жамаар эрүүл явагдахад шаардагдах цаг хугацаа хэд хэдэн хүчин зүйлээс хамаарах ба хүн бүрд харилцан адилгүй. Үхэл хагацал нь гэнэт учирсан уу эсвэл сэтгэл зовоон хүлээгдэж байсан уу? Нас барсан тохиолдлын тухайд хэлэхэд, гашуудаж буй хүн талийгаачтай сэтгэл санааны хувьд хэр ойр байсан бэ? Тухайн хүн тохиосон гарз хохиролд өртсөн хэнтэй мөн юутай хэр их хамааралтай байсан бэ? Эдгээр болон бусад хэсэг нь уй гашууд автсан хүнд хэрхэн туслах талаарх бидний ойлголтыг нэмэгдүүлдэг.
Зарим хүн үхэл хагацалыг нь сануулдаг зүйлээсээ хол байх хэрэгтэй байдаг бол зарим нь уг дурсамжаасаа тайвшралыг олдог байж магадгүй. Заримд нь олонтой харилцах, сүмийн цуглаан, үйл ажиллагаанд оролцохоос хол байх хугацаа хэрэгтэй байдаг бол зарим нь нийгмийн харилцаанд орохыг нэн даруй хүсэж болно. Хүн бүр өөр байдаг бөгөөд хувь хүний урагшлах зам ч бас өөр байдаг.
Та уй гашууд автсан хүнд тохинуулахдаа, юун түрүүнд түүнийг хайрлаж байгаагаа илэрхийл. Дараахтай адил мэдэгдлүүд таныг бусдын оронд өөрийгөө тавих чадвараа илэрхийлэхэд тусална. Үүнд:
-
“Би юу хэлэхээ мэдэхгүй байна, гэхдээ танд санаа тавьдгийг маань таныг мэдээсэй гэж хүсэж байна.”
-
“Хэрэв та хүсэхгүй байвал заавал ярих шаардлагагүй, гэхдээ би сонсоход бэлэн.”
-
“Нэг өдөр юм уу өөр цаг мөчид эсвэл хожим хойно гээд өөр өөр цаг мөчид янз бүр мэдрэх нь хэвийн зүйл. Зөв мэдрэх арга зам гэж байдаггүй. Сэтгэл хөдлөлөө зүгээр л байгаагаар нь мэдрээрэй.”
-
“Танд ийм зүйл тохиолдсонд би үнэхээр харамсаж байна.”
Нөхцөл байдлыг ойлго
Уй гашууд автсан хүнд туслах үедээ тухайн хүний асуудал, хэрэгцээ, нөхцөл байдлыг ойлгоход танд туслах доорх асуултуудтай адил асуултыг эелдгээр, хайрласан сэтгэлээр асуугаарай.
-
Та яаж ард нь гарч байна даа?
-
Өдрийг сайхан өнгөрөөх үед танд энэ эерэг өөрчлөлт юуны нөлөө юм шиг санагддаг вэ?
-
Та хаанаас сэтгэл санааны дэмжлэг авдаг вэ?
-
Хүмүүс танд туслах ямар тодорхой зүйлийг хэлж бас хийж өгч байсан бэ? Юу нь нэмэргүй байсан бэ?
Нэмж дурдахад, энэ нь гашуудлын үе шатыг мэдэхэд тусална. Ихэнх хүн уй гашууд автахдаа сэтгэл хөдлөлийн таван үе шатыг туулдаг. Энэ нь үгүйсгэх, уурлах, найдан тохиролцох, сэтгэл гутрах, дасан зохицох зэрэг үе шатууд юм. Эдгээр нь ямар ч дараалалтай байж болох бөгөөд зарим шатыг алгасах юм уу заримыг нь нэг бус удаа давтаж болно. Гашуудлын үйл явцын шат бүр нь туслагчаас өөр арга барил шаардаж магадгүй. Үе шат бүрийн энгийн тодорхойлолтыг энд оруулав.
-
Үгүйсгэх. Үгүйсгэх нь ихэвчлэн уй гашуугийн эхний үе шат байдаг. Үгүйсгэлийг мэдэрч буй хүмүүс болсон үйл явдлыг үгүйсгэж, юу ч мэдрэхээ больж, цочролд орж магадгүй юм. Тухайн хүнийг энэ үе шатыг мэдрэх үед ихэнхдээ өрөвдөх сэтгэлээр ярилцах эсвэл хамтдаа чимээгүй сууж цагийг өнгөрөөх нь дээр байдаг.
-
Уурлах. Энэ үе шатанд хүмүүс Бурханд эсвэл өөртөө болон эргэн тойрныхоо хүмүүст уураа гаргаж болно. Ууртай мэдрэмжүүдийнхээ тухай тэмдэглэл бичихийг уг хүнд уриалахыг бодоорой. Энэ үе шатыг өнгөрсний дараа тэмдэглэлээ устгахаар шийдэж болох ч одоохондоо энэ нь уураа гаргах аюулгүй гарц болж өгнө.
-
Найдан тохиролцох. Тохиролцооны шатанд байгаа хүн Бурхантай тохиролцож, “хэрвээ” гэсэн асуулт тавьж магадгүй (“Би тухайн хүнд илүү сайн хандана гэж амлавал яах вэ?” эсвэл “Хэрэв би долоо хоног бүр сүмд очвол яах вэ?”). Хүмүүс нас барсан хүнийг хамгаалах эсвэл тохиолдсон золгүй явдлаас урьдчилан сэргийлэх чадваргүйдээ өөрсдийгөө буруутгадаг. Нас барсан тохиолдлын үед энэ үе шатыг хэн нэгэн мэдрэх үед нас барсан хүн түүнийг цаашдын амьдралаа үргэлжлүүлэхээр юу хийхийг түүнээс юу хүсэх байсныг асуувал тохиромжтой.
-
Сэтгэл гутрах. Энэ үе шатанд хүмүүст хоосон, арчаагүй, найдваргүй мэт санагдаж, өдөр тутмын амьдралд оролцох сонирхолгүй болох мэдрэмжийг мэдэрч болно. Тэд бусдаас холдож эхэлж магадгүй. Хэрэв хэн нэгэн энэ шатанд удаан хугацаагаар (дөрвөөс зургаан долоо хоног) байвал түүнийг уй гашууг давахад туслах бүлэг эсвэл сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтэнтэй холбож өгөх шаардлагатай болж магадгүй.
-
Дасан зохицох. Энэ үе шатанд хүмүүс аажмаар шинэ хэвийн байдалдаа дасан зохицдог. Тэдний сэтгэл хөдлөл тогтворжиж, уй гашууг даван туулж сурдаг. Дасан зохицох нь хэвийн зүйл бөгөөд нас барсан хүн нь тэднийг аз жаргалтай байгаасай гэж хүсэх болно гэдгийг тэдэнд тайлбарлаж өгч болох юм.
Хувь хүнд тусал
Тухайн хүнд туслахыг эрэлхийлэхдээ дараах мэдээллийг анхаарч үзээрэй.
-
Уй гашууд автах нь зүгээр гэдгийг ойлгож мэдэхэд тухайн хүнд тусал. Зарим нь уй гашууг итгэлийг сулруулж байгаагийн илэрхийлэл гэж ойлгож болох боловч хүмүүс өөрсдийгөө гашуудахыг зөвшөөрөх нь чухал юм. Есүс ч гэсэн уй гашууг хэрхэн мэдэрч байсан талаар ярилцах нь гишүүдэд энэ нь итгэлгүй байдалд орсон гэсэн үг биш гэдгийг ойлгоход тусална (Иохан 11:32–36-г үзнэ үү).
-
Хүн бүр өөр өөр байдлаар гашууддаг гэдгийг ойлгоход тусал. Үхэл хагацалыг даван туулах цорын ганц арга зам гэж байхгүй бөгөөд хүн бүр өөр өөрөөр хариу өгдөг. Тухайн хүн заавал тодорхой арга замаар мэдрэх эсвэл мэдэрч чадаагүйдээ өөрийгөө буруутгах ёсгүй.
-
Хайрлан энэрч буйгаа илэрхийл (үхэл хагацал тохиолдоод өнгөрсний дараа ч үргэлжлүүлэн хайрла).
-
Юу хэлэх талаараа заавар авахын тулд залбир. Хэн нэгнийг тайтгаруулах нь бэрх санагдаж болох ч юу ч хэлэхгүй байснаас тусалж, үг хэлэх нь ихэнхдээ дээр байдаг. Уй гашууд автсан хүмүүст анхаарал халамжаа мэдрүүлж, дэмжихийг хүсэж байгаагаа илэрхийлэх нь чухал.
-
Мэдрэмжтэй байхыг мартуузай. Сайн санааны үүднээс хэлсэн зарим үг уй гашууд автсан хүмүүст өөрсдийг нь ойлгож байгаа мэт санагдахгүй байж магад. Дараах жишээнүүд тустай гэхээсээ илүү хөнөөлтэй байж болох юм. Үүнд:
-
“Энэ бол Бурханы төлөвлөгөөний нэг хэсэг.”
-
“Арга ядахад …”(”Арга ядахад тэд зовж шаналсангүй,” “Арга ядахад та одоо өөр хүнтэй болзож болно,” “Арга ядахад та одоо дуртай ажлаа олж хийж чадна” гэх мэт).
-
“Надад ч бас ийм зүйл тохиолдсон.”
-
“Илүү их үйлчил.”
-
“Цаг хугацаа өнгөрөх тусам байдал сайжирна.”
-
“Чи ингэх тэгэх ёстой …” эсвэл “Чи ингэх тэгэх болно…”
-
“Тэр илүү сайхан газарт байгаа.”
-
-
Үүний оронд та дараах зүйлийг хэлж болно. Үүнд:
-
“Надаас гадна таныг хайрладаг олон хүн байдгийг та мэдэх ёстой гэхээс өөр би юу хэлэхээ мэдэхгүй байна” гэж хэлээрэй.
-
Мөн “Би таны төлөө залбирч байгаа” гэж хэл.
-
Уй гашууд автсан хүнд түүний тухай бодож байгаа зүйлээ үг, үйлдлээрээ дамжуулан мэдэгд. Харилцаа тогтоох нь бичвэр мессеж илгээхээс илүү энгийн байж болно.
-
Уй гашууд автсан хүнтэй цагийг хамт өнгөрөө.
-
-
-
Сонс. Зөвлөгөө өгөх эсвэл тухайн хүнтэй ярилцах нь туслах цорын ганц арга зам биш юм. Хэрэв та сонсож мөн тухайн хүнд мэдэрч буй зүйлээ илэрхийлэхийг нь зөвшөөрвөл дохио зангаа ихэвчлэн сайн үйлчилж, ашиг тусаа өгөх болно. Тухайн хүний хажууд зүгээр л хамт суух нь дэмжлэг үзүүлэх аман бус арга байдаг. Зүгээр сонсоход хэцүү байж болно, учир нь танд зовлон шаналлыг анагаах хангалттай зүйл хийхгүй байгаа мэт санагдаж магадгүй ч сонсох нь дэмжлэг үзүүлэх ач тустай үйлдэл юм.
-
Хариу бүү үзүүл. Хүмүүс уй гашуугийн сэтгэл хөдлөлийн үе шатыг даван туулахдаа өөр зүйлсийг хэлж эсвэл хийж болно. Тэвчээртэй байгаарай, иймэрхүү зан авир нь тухайн хүнийг уй гашуугийн ямар шатанд байгааг харуулдаг.
-
Үхэл хагацал болоод өнгөрсний дараа үргэлжлүүлэн дэмж. Сүмийн удирдагчид, тохинуулагч ах эгч, тойргийн гишүүд, найз нөхөд нь болсон явдлын дараа нэлээд удаан хугацааны туршид сэтгэл санааг нь үргэлжлүүлэн дэмжээрэй. Уй гашуу бол хэдэн сар, бүр хэдэн жил ч үргэлжлэх үйл явц.
-
Амиа хорлох шинж тэмдэг бүхий сэтгэгдэл, зан байдалд сэрэмжтэй соргог бай. Хэрэв уй гашууд автсан хүн амиа хорлох тухай яривал үүнийг нухацтай авч үзээрэй. Зөвлөгөө өгөх эх сурвалж дээрээс Амиа хорлолтын тухай хуудсыг үзнэ үү. Хэрэв та хэн нэгний аюулгүй байдалд санаа зовж байгаа бол орон нутгийн яаралтай тусламжийн үйлчилгээ эсвэл Гэр бүлийн үйлчилгээний албатай (байдаг бол) холбоо бариарай. Сүмийн удирдагчид энэ асуудлаар тусламж авахаар Сүмийн тусламжийн утастай холбогдож болно. Suicide.ChurchofJesusChrist.org эсвэл Сайн мэдээний номын сан апп-ын Амиа хорлолтын тухай хэсэгт зочилж, амиа хорлохтой холбоотой хямралтай тэмцэж буй хүмүүст туслах дэлхий даяарх үнэ төлбөргүй тусламжийн утас, эх сурвалжуудыг хайж олоорой.
Хайртай хэн нэгэн нь нас барсан тохиолдолд тухайн гэр бүлд оршуулах ёслолд туслах нь гашуудлын үйл явцад орно. Оршуулах ёслолыг төлөвлөх, үүнд оролцох зэрэг нь гашуудаж буй хүмүүст хэцүү байж болно. Дэмжлэг үзүүлж, тайтгаруулахдаа тэдний хэрэгцээнд мэдрэмжтэй хандах нь чухал. Оршуулах ёслолын ажиллагаа болон холбогдох бусад үйлчилгээний мэдээллийг Ерөнхий гарын авлага : Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь-ийн 29.6-р хэсгээс авна уу (ChurchofJesusChrist.org). Санаж явбал зохих хэд хэдэн нэмэлт удирдамж өгье.
-
Оршуулах ёслол нь талийгаачийн амьдралыг хүндэтгэх, уй гашууд автсан хүмүүст тайтгарал, амар амгаланг олоход туслах зорилготой. Оршуулга нь гашуудах үйл явц дахь цааш урагшлах зайлшгүй чухал хэсэг юм. Иймд уй гашууд автсан хүмүүс эсвэл гэр бүлийн гишүүдийн хэрэгцээ, хүсэлд мэдрэмжтэй хандах нь чухал байдаг. Авралын төлөвлөгөөний тухай болон Есүс Христийн тайтгаруулах хүчийг ярьж хэлэлцэх нь тустай байж болох юм. Талийгаачид хүндэтгэл үзүүлэх, түүний харилцаа хандлага, эерэг зан чанарыг санан дурсах хангалттай цаг хугацааг зарцуулах нь чухал.
-
Гашуудаж буй хүмүүс үг хэлж эсвэл хэлэхийг хүсэхгүй байх мөн ёслолд оролцож эсвэл оролцохыг хүсэхгүй байж болно. Энэ бол тэдний хувийн сонголт юм.
-
Оршуулгын ёслол дээр аливаа нөхцөл байдалд энэрэх сэтгэлээ илэрхийлэхээ мартуузай. Ярьж буй бусад хүнийг (Сүмийн удирдагчид, тохинуулагч ах, эгч нар, хөршүүд гэх мэт) мэдрэмжтэй, анхааралтай байхад уриал.
Оршуулах ёслол үйлдэхэд болон үүний дараа санхүүгийн байдал асуудал үүсгэж магадгүй юм. Хувь хүн эсвэл гэр бүл тэжээгчээ алдсан бол тэд цааш амьдрах санхүүгийнхээ талаар санаа зовж магадгүй. Сүмийн тусламж эсвэл хөтөлбөрүүд эдгээр зарим асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг талаар бодож, сүнслэг удирдамж эрэлхийл.
Гэр бүлийг дэмж
Нөхцөл байдлаас шалтгаалан гэр бүлийн гишүүд болон бусад ойр дотнын найз нөхөд нь уй гашууд автаж магадгүй. Ялангуяа уй гашуу нь хайртай хүнээ алдсантай холбоотой бол. Гэр бүлийн гишүүн, дотнын найз бүрд нь зориулсан “Хүмүүст туслах” гэсэн хэсгийн мэдээллийг үзээрэй.
Гэр бүлийн зөвхөн нэг гишүүн уй гашууд автаж байсан ч гэр бүлийн бусад гишүүний байдал ямар байгааг шалгаарай. Зовж байгаа гэр бүлийнхээ гишүүнд туслахад нь тэдэнд дэмжлэг хэрэгтэй байж магадгүй.
Гадас, тойргийн нөөц бололцоог ашигла
Тохиромжтой бол тойргийн ахлагчдаас эсвэл итгэлтэй бусад хүнээс байнгын дэмжлэг үзүүлэхийг хүсэх талаар бодож үз. Нөхцөл байдлын талаар бусадтай ярилцахаас өмнө тухайн хүнээс зөвшөөрөл ав.
-
Тухайн хүний хамаатан садан болон тохинуулагч ах, эгч нарыг анхааралтай байхад уриал. Гашуудах үйл явц удаан үргэлжилж болох ба тухайн хүнд хэсэг хугацаанд нэмэлт дэмжлэг шаардагдаж болно. Энэ дэмжлэг оршуулгын дараа ч гэсэн нэлээд удаан үргэлжлэх ёстой.
-
Зарим хүнд туслах бүлэгт хамрагдах нь тустай байж магад. Тэдний нөхцөл байдал, сэтгэл хөдлөлийг хэн ч ойлгож мэдрэхгүй байгаа юм шиг санагддаг хүмүүст бүлгүүд тустай байж магадгүй. Зарим бүлэгт сошиал медиагаар дамжуулан хандах боломжтой. Өрхийн эмч, оршуулгын байгууллага, буяны эмнэлгийн байгууллагууд танай бүсэд байх дэмжлэг үзүүлэх бүлгүүдийг олоход тань тусалж магадгүй. Гэр бүлийн үйлчилгээний алба нь уй гашууг давахад туслах дэмжлэг үзүүлэх бүлгүүдийг санал болгодоггүй бөгөөд та лавлагаа эсвэл зөвлөмж авахын тулд орон нутгийн Гэр бүлийн үйлчилгээний албатай (байдаг бол) холбогдож болно.
-
Шаардлагатай бол тухайн хүнд мэргэжлийн тусламж авахад нь тусал. Уй гашуу нь сэтгэл санааны ярвигтай асуудал байж болох бөгөөд уй гашууд автсан хүнд мэргэжлийн хүний тусламж хэрэгтэй байж магадгүй. Сэтгэцийн эрүүл мэндийн талаар Зөвлөгөө өгөх эх сурвалжууд хуудсыг үзнэ үү.