“Донтолт,” Зөвлөгөө өгөх эх сурвалж (2020).
“Донтолт,” Зөвлөгөө өгөх эх сурвалж.
Донтолт
Донтолт нь хор хөнөөлтэй зан байдал эсвэл бодисоос байнга хамааралтай байх явдал юм. Аливаа төрлийн донтолт нь бодис эсвэл зан байдалд бууж өгч, хараат болно гэсэн үг. Донтолт нь ажил, сургууль, гэртээ гол үүргээ биелүүлэхгүй байх шалтгаан болдог. Эдгээр нь хууран мэхлэх, буруу сонголт хийхийг зөвтгөхөд хүргэж болзошгүй. Донтолттой тэмцэж буй хүмүүсийн ихэнх нь цөхрөл, найдваргүй байдлыг мэдэрдэг.
Ойлгохыг эрэлхийл
Донтолтын талаар ярилцах нь хэцүү байж болох бөгөөд хүмүүст эмзэг эсвэл ичгүүртэй мэдрэмж төрдөг. Хувь хүнтэй ярилцаж байхдаа зориг гарган тусламж хүсэж байгааг нь сайшаа. Аврагчийн адил хайрлах, энэрэх сэтгэлээ илэрхийлэхийг хичээ.
Тухайн хүний донтолтыг илүү сайн ойлгож, хэрэгцээг нь таньж мэдэхэд туслах дараахтай төстэй асуултуудыг тавих эсвэл нөхцөл байдлын талаар ярилцах гээд үзээрэй.
-
Юу болоод байгааг надад хэлээч.
-
Энэ асуудал хэрхэн эхэлсэн бэ?
-
Энэ донтолтоос салахад хамгийн том бэрхшээл юу байна вэ?
-
Та энэ бэрхшээлийг даван туулахын тулд ямар хүчин чармайлт гаргасан бэ? Одоогийн байдлаар юу тус болсон бэ?
-
Донтолтоо даван туулахад тань Их Эзэн хэрхэн тусалж чадах вэ?
-
Үүнийг өөр хэн мэддэг вэ, тэд танд ямар дэмжлэг үзүүлж байна вэ?
Хувь хүнд тусал
Тухайн хүнд энэ бэрхшээлийг даван туулахад нь туслахын тулд дараах зөвлөмжүүдийн заримыг ашиглах талаар бодож үзээрэй. Хамтран ажиллахдаа үргэлж хайр халамжаа харуулахаа мартуузай.
Уруу таталтад өртөж болзошгүй нөхцөл байдлаас зайлсхийх эсвэл шийдвэрлэх төлөвлөгөө гаргахад нь тухайн хүнд тусал. Төлөвлөгөөг тогтмол хяна.
Тухайн хүнд сонгох эрхийн тухай сургаалыг зааж, донтолт нь бидний мөнхийн шинж чанарыг өөрчлөхгүй гэдгийг ойлгоход тусал.
-
Аврагч Есүс Христээр дамжуулан Түүний Цагаатгалын ачаар аливаа донтолтыг даван туулах боломжтой гэдгийг заа.
-
Аврагч сорилтыг даван туулах чадварыг хэрхэн өгч байгааг ойлгоход тухайн хүнд тусал.
-
Аврагч сорилтыг даван туулах боломжийг хэрхэн өгч байгааг ойлгоход түүнд тусал.
-
Тухайн хүнд Бурханы хүүхдийн хувьд өөрийн мөн чанарыг ойлгож, хувийн давуу тал, авьяас, чадвараа таньж мэдэхэд тусал.
Тухайн хүнд уруу таталтыг ихэсгэдэг зүйлийг (донтолттой холбоотой бодол санаа, дур хүслийг өдөөсөн нөхцөл байдал) тодорхойлоход тусал.
-
Эдгээр нөхцөл байдлын цаадах мэдрэмжүүдийг судал (жишээлбэл, уйтгартай, ганцаардсан, ууртай, стресстэй, ядарсан мэдрэмжүүд).
-
Болзошгүй нөхцөл байдал бүр хаана, хэзээ, яаж үүссэн гэдгийг бодож үз.
Гишүүнийг орон нутгийн Донтолтоос ангижрах хөтөлбөр (ARP)-ийг дэмжих бүлэг эсвэл бусад донтолтоос ангижрах 12 алхмын уулзалтад оролцоход урь.
Тухайн хүнийг эхнэр нөхөр, эцэг эх эсвэл гэр бүлийн бусад гишүүнийг донтолтын талаар нээлттэй, үнэнч байхад уриал.
Гишүүнийг итгэдэг хүнээсээ тусламж хүсэхэд нь тусал.
Гэр бүлийг дэмж
Донтолт хувь хүнд төдийгүй гэр бүлийн гишүүдэд нөлөөлдөг. Гэр бүлийн гишүүдтэй ярилцахдаа Аврагчийн адил хайрлах, энэрэх сэтгэлээ илэрхийлэхийг хичээ. Тухайн хүний хань ижилд эсвэл гэр бүлд үзүүлэх нөлөөллийг тодорхойлж, эдгээр асуудалд анхаар.
Гэр бүлийн гишүүдэд өөрсдийг нь хайрлаж, сонсож байгааг мэдрүүлэхээс эхэл. “Энэ бол туулахад их хэцүү нөхцөл байдал. Танд хэр байна даа?” гэж та асууж болох юм.
Аливаа айдас, санаа зовнил, өөрийгөө буруутгах эсвэл итгэлгүй байдал зэргийг судал.
Эхнэр, нөхөр эсвэл гэр бүлийн гишүүдийг Дэмжлэг үзүүлэх гарын авлага: Эдгэрч буй хүмүүсийн эхнэр, нөхөр, гэр бүлд зориулсан тусламжийн зарчмуудыг судлахад урь.
Гэр бүлийн гишүүдийг Донтолтоос ангижрах хөтөлбөрийн эхнэр, нөхөр, гэр бүлийг дэмжих бүлэг эсвэл ижил төстэй дэмжлэг үзүүлэх бүлэгт хамрагдахад урь.
Хайртай хүн нь донтолтыг даван туулж байгаа эсэхээс үл хамааран Аврагч тэдэнд эдгэрэхэд нь хэрхэн биечлэн тусалж болохыг ойлгоход гэр бүлийн гишүүдэд тусал (Алма 7:11; Матай 11:28–30-ийг үзнэ үү).
Гадас, тойргийн нөөц бололцоог ашигла
Тойргийн удирдагчид эсвэл итгэл хүлээсэн бусад хүнээс дэмжлэг, удирдамж, туслалцаа тасралтгүй үзүүлэхийг хүсэх талаар бодож үз. Нөхцөл байдлыг бусадтай ярилцахаас өмнө тухайн хүнээс зөвшөөрөл хүс.
Бишоп хувь хүнтэй хамтран ажиллаж, тухайн хүний зөвлөгч болох итгэлтэй хүнийг олж тогтоон, хоёуланг зорилго тавьж, хамтран ажиллах төлөвлөгөө гаргахад уриалж болно.
-
Энэ зөвлөгч нь тухайн хүнд тааламжтай мэдрэмж төрүүлсэн, ижил асуудлыг даван туулсан хүн байх ёстой.
-
Хэрэв хувь хүн насанд хүрээгүй бол бишоп зөвлөгчийг олж тодруулахад эцэг эхийг нь оролцуулах ёстой.
Донтолтоос ангижрах хөтөлбөрийн вэбсайт (addictionrecovery.ChurchofJesusChrist.org)-д зочилж, тухайн хүн хамрагдаж болох орон нутгийн цуглааныг хай. Хэрэв ийм уулзалт цуглаан байхгүй бол гадасны ерөнхийлөгчтэй холбоо барьж, уг цуглааныг эхлүүлэх хүсэлт тавиарай.
Сайн мэдээний зарчмуудын дагуу үйлчилгээ үзүүлдэг орон нутгийн эх сурвалжуудыг олж мэд.
-
Эх сурвалжуудад мэргэжлийн зөвлөхүүд болон эмчилгээний хөтөлбөр, засгийн газрын агентлагууд багтаж болно.
-
Тухайн хүнд эмнэлгийн нэмэлт тусламж шаардлагатай байж магадгүй. Тусламжийн зохих түвшинг тодорхойлохын тулд мэргэжлийн үнэлгээ хийлгэх талаар бодож үз.