Институт
10: Би заах ур чадвараа хэрхэн сайжруулж болох вэ?


10: Би заах ур чадвараа хэрхэн сайжруулж болох вэ? Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж (2018), 177–196

“10 Заах ур чадвар,” Миний сайн мэдээг номло, 177–196

10

Би заах ур чадвараа хэрхэн сайжруулж болох вэ?

Үүнийг эргэцүүлэн бод

  • Би судруудаас хэрхэн заах ёстой вэ?

  • Яагаад би заахдаа асуулт тавих ёстой вэ?

  • Би ямар төрлийн асуулт тавих ёстой вэ?

  • Би хичээл заалгаж байгаа хүмүүсээ болон Сүнсийг хэрхэн илүү сайн сонсож чадах вэ?

  • Би хүмүүст асуудлаа шийдвэрлэхэд нь хэрхэн тусалж чадах вэ?

  • Би бусдад донтолтоосоо салахад нь хэрхэн тусалж чадах вэ?

Та өөрийг тань хүлээн авах бүх хүнд сэргээгдсэн сайн мэдээг заахаар дуудагдсан. Заах нь таны хийдэг бүх зүйлийн төвд байдаг. Итгэж үнэмшүүлэх хүчээр заахын тулд та Христийнхтэй адил зан чанарыг хөгжүүлж, номлогчийн хичээлүүдээ судалж, номлолын хэлээрээ ярих чадвараа сайжруулан мөн Сүнсэнд найддаг. Их Эзэн үүнийг амлалт бүхий зарлиг болгон маш энгийнээр хэлсэн.

“Миний үгийг тунхаглахыг бүү эрэлхийл, харин эхлээд миний үгийг олж авахыг эрэлхийл, мөн тэгвэл хэл чинь чөлөөтэй байх болно; тэгээд хэрэв чи хүсэх аваас миний Сүнс мөн миний үг, тийм ээ, хүмүүнийг итгүүлэх Бурханы хүч чамд байх болно” (Сургаал ба Гэрээ 11:21).

“Мөн та нар юу хэлэхээ урьдаас бүү бод; харин амьдралын үгсийг оюундаа ямагт нөөцөл, мөн хүн болгонд хэмжигдэх тэрхүү хэсэг нь яг тэр цагт та нарт өгөгдөх болно” (Сургаал ба Гэрээ 84:85).

Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга “Бидний зорилго бол номлогчид болон заалгаж байгаа хүмүүсийн аль аль нь Сүнсний удирдамж хүлээн авч болохуйц арга замаар сэргээгдсэн сайн мэдээний захиасыг заах явдал юм. [Номлогчийн хичээлүүдийг] үзэж суралцах нь чухал боловч цээжилсэн танилцуулга мэтээр заах ёсгүй. Номлогч нь Сүнсний өдөөлтийн дагуу өөрийнхөө үгээр чөлөөтэй ярьж болно. Тэрээр цээжилсэн зүйлээ давтах ёсгүй, харин өөрийн үгээр, чин сэтгэлээсээ ярих хэрэгтэй. Тэрээр сүнслэгээр өдөөгдсөн үедээ [хувь хүний] сонирхол, хэрэгцээний дагуу хичээлийн дэс дарааллыг өөрчилж болно. Түүнчлэн өөрийн хувийн итгэл үнэмшлийн дагуу, зааж байгаа зүйлийнхээ үнэнийг өөрийн үгээр гэрчлэх ёстой (“Statement on Missionary Work,” First Presidency letter, Dec. 11, 2002).

Танд юу хэлж мөн юу хийх ёстойг Сүнс зааж өгнө гэдэгт найдаж сур. Энэ бүлэг дэх заах ур чадварыг судалж, хөгжүүлж, ашигласнаар та Их Эзэний мутарт илүү чадварлаг зэмсэг болох болно. Сүнс илүү хүчтэй заахад тань туслан, хуримтлуулсан мэдлэг, хөгжүүлсэн ур чадварыг тань ашиглах болно. Таны заах захиасны чанар, хүч сэргээгдсэн сайн мэдээ бусад хүний хувьд ямар ач холбогдолтой болохыг ойлгож, мэдрэхэд тэдэнд тусална. Таны хувийн зөв зохистой байдал тэдний ойлголтод нөлөөлөх болно. Түүнчлэн таны тэдэнд хэр сайн анхаарал тавьж, сонсож, сайн мэдээг сайтар тайлбарлаж, судруудыг ашиглан, гэрчлэлээ хуваалцаж мөн асуулт тавьж бас тэднийг үүрэг амлалт өгч, биелүүлэхэд урьж байгаа нь тэдний ойлголтод нөлөөлөх болно.

Сүнсийг дага

“Сүнс бол энэ ажлын хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Өөрийн дуудлагад Сүнсний тусламжийг хүлээн авснаар та номлолын талбарт Их Эзэний төлөө гайхамшгийг үйлдэж чадна. Таны авьяас, ур чадвар ямар байхаас үл хамааран, Сүнсгүй л бол та хэзээ ч амжилтад хүрэхгүй” (Ezra Taft Benson [address given at the seminar for new mission presidents, June 25, 1986]).

Сүнсийг урь

Доорх зөвлөгөөнүүд нь заах явцдаа Сүнсийг урьж авчрахад танд тусална. Үүнд:

  • Залбир.

  • Судруудыг, ялангуяа Мормоны Номыг ашигла.

  • Гэрчлэлээ хуваалц.

  • Туршлагаа хуваалц.

  • Их Эзэнийг болон бусдыг хайрладгаа илэрхийл.

Хэрхэн зааж эхлэх вэ?

Хүмүүстэй хамт өнгөрүүлэх эхний хэдэн мөч маш чухал. Тэд танд найдаж сурах ёстой. Анхны айлчлалаа халуун дулаан, хүндэтгэсэн, илэн далангүй байдлаар эхэл. Тэдний шашин шүтлэгийн талаар мөн таны айлчлалаас юу хүсэн хүлээж байгааг нь ойлгож авахад туслах хэдэн энгийн асуулт тавь. Жишээ нь, “Таны амьдралд шашин ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?” гэж асуу. Гэхдээ тэднийг эвгүй байдалд оруулах хувийн асуулт бүү тавь.

Эхлэхээсээ өмнө байгаа бүх хүнээс хичээлд оролцохыг хүс. Их Эзэний Сүнсэнд саад болохгүйн тулд зурагтаа унтрааж, саад болох бусад зүйлийг холдуулахыг тэднээс хүс.

Хичээлээ залбирлаар эхэлж мөн залбирлаар дуусгахыг хүсэж байгаагаа тайлбарла. Та өөрөө нээлтийн залбирал хэлнэ гэдгээ хэл. Их Эзэнээс хичээл заалгаж байгаа хүмүүсийнхээ амьдралыг бүх талаар, ялангуяа зааж буй зүйлс тань үнэн гэдгийг мэдрүүлж өгч адислаач хэмээн энгийн боловч чин сэтгэлээсээ хүсэн залбир.

Тэднийг чин сэтгэлээсээ сонирхож, хайрлаж байгаагаа мөн сайн мэдээний хөрвүүлэх хүчинд итгэж байгаагаа харуул (Моронай 7:43–48-ыг үзнэ үү). Сүнсний удирдамжийн дагуу, дараахтай адилаар бодол санааг илэрхийлж болох юм.

  • Бурхан бидний Тэнгэрлэг Эцэг учраас бид бүгдээрээ ах, эгч, дүүс юм. Бид та нарыг ах, эгч гэж дуудахыг хүсэж байна.

  • Биднээр хичээл заалгаж байгаа хүн бүрд өөрсдийн гэсэн сорилт, асуудал бий. Таны хэрэгцээ эсвэл асуудал юу ч байлаа гэсэн Аврагч болон Түүний сургаал буюу сайн мэдээ танд туслах болно.

  • Бидний захиас амьдралынхаа чанарыг сайжруулах боломжийг танд олгоно. Энэ нь бид бүгдийн амьдралд тулгардаг асуудал, сорилт бэрхшээлийг даван туулахад танд тусална.

  • Есүс Христэд төвлөрсөн бидний захиас агуу үнэ цэнтэй төдийгүй чухал юм.

  • Бид бүгд амьдралдаа алдаа гаргадаг бөгөөд эдгээр алдаа нь бидэнд гэм буруутай, ичгүүртэй мэдрэмж төрүүлдэг. Эдгээр мэдрэмжээс наманчлал, өршөөлгүйгээр салж чадахгүй. Эдгээрээс Христийн Цагаатгалаар дамжуулан бүрэн эдгэрч чадна.

  • Бидний захиасыг нэг дор бүгдийг сурах боломжгүй юм. Ойлголт нь залбирч, судалгаа хийж, туршлагажиж мөн Бурханы зарлигуудыг сахиснаар аяндаа ирдэг.

  • Бусдын адил бидэнд ч бас сул тал бий. Бид танай хэлээр тийм сайн ярьж чадахгүй эсвэл таны бүх асуултад хариулж чадахгүй байж болох юм. Гэвч бид мэддэг зүйлсээ хуваалцахаар Бурханы бошиглогчоор дуудагдсан. Захиас маань үнэн гэдгийг бид мэднэ.

  • Бидний захиас үнэн гэдгийг өөрсдөө мэдэж авахад тань бид туслан, удирдан чиглүүлнэ. Захиасыг хүлээн авч, үүний дагуу үйлдэх эсэх нь таны сонголт. Тиймээс та асуултаа чөлөөтэй асууж болно.

  • Бидний захиасыг ойлгохыг чин сэтгэлээсээ эрэлхийлэхдээ та сорилттой тулгарч болох ч Бурхан танд тусална.

  • Та бидний захиасыг хүлээн авснаар Бурхантай хэрхэн гэрээ байгуулж, амлалт өгч болохыг сурах болно. Та амьдралаа Түүний сургаалтай илүү сайн нийцүүлэхийн тулд хэрхэн өөрчлөлт хийхийг сурна. Та Есүс Христийн сургаалыг дагаж, зохих эрх мэдэл бүхий хүнээр баптисм хүртээлгэхийг хүсэх болно (Иохан 3:5-ыг үзнэ үү).

Хичээл дэх сургаалыг заахаасаа өмнө юу заах гэж байгаагаа энгийнээр дүгнэн хэлэх талаар бодож үз. Тэдэнд энэ нь хувь хүнийх нь хувьд ач холбогдолтой байх болно гэдгийг олж харахад хүмүүст тусал. Та нараар хичээл заалгаж байгаа хүмүүсийн олон нь Их Эзэнээр бэлтгэгдсэн байгаа (Алма 16:16–17-г үзнэ үү). Хэрэв та нар эхний уулзалтаараа сүнслэг мэдрэмжийг мэдэрвэл тэд таныг Их Эзэний үйлчлэгч юм байна гэдгийг мэдэх болно.

Үйл ажиллагаа: Хамтрагчтайгаа суралцах

Эдгээр зөвлөгөөнөөс хэд хэдийг ашиглан, хичээлээ өөр өөр арга замаар эхлүүлэх дадлага хий.

Хэрэгцээнд нь тохируулан заах

Таны заадаг хүн бүр эсвэл гэр бүл бүр адилгүй. Хэдийгээр та тэдний бүх сонирхол, ололт амжилт, хэрэгцээ, асуудлыг ойлгохгүй ч тэдний нөхцөл байдалд мэдрэг хандах ёстой. Хэрэгцээ, асуудал нь ямар байхаас үл хамааран сайн мэдээг хүлээн авч, үүний дагуу амьдарснаар бүх хүн хамгийн сайн тусламжийг хүлээн авдаг. Сүнсний өдөөлтийг сонссоноор та зааж байгаа зүйлээ тохируулан өөрчлөх боломжтой байх болно.

Зааж буй хүнийхээ хэрэгцээ шаардлага, сонирхол, нөхцөл байдалд үндэслэн, Сүнсний удирдамжийн дагуу хичээлийн дарааллыг өөрчлөн зааж болно. Нэг хичээлийн зарчмуудыг заахын тулд та нэгээс олон удаа уулзах хэрэг гарч болно мөн заримдаа хоёр хичээлийн агуулгыг нэг уулзалтаар зааж болох юм. Тэнгэрлэг Эцэг Өөрийн хүүхдүүдийг мэднэ, тиймээс зааж байхдаа сүнслэг өдөөлтөд найдан эдгээр шийдвэрийг гарга. Ялган таних бэлгийн төлөө залбирч, юу заах талаар оюун ухаанд тань орж ирэх бодол санаанд эсвэл зүрх сэтгэлд тань орж ирэх мэдрэмждээ анхаар.

Тухайн хүний сахихад хэцүү амлалтуудад анхаарлыг нь илүү түлхүү хандуулахын тулд та заах хичээлээ өөрчлөх хэрэгтэй байж болно. Жишээ нь, хэн нэг нь Мормоны Номыг Бурханы үг хэмээн амархан хүлээн зөвшөөрч байхад, өөр нэгэнд Библиэс өөр зүйлийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байж болох юм. Нэг хүний хувьд тамхинаас гарах хэцүү байж болох ч тэр аравны нэгийн хуулийг амархан хүлээн авч болно.

Аль нэгэн тодорхой сургаалын зарчмыг заахаар төлөвлөхдөө хэдий хэмжээний шинэ мэдээлэл хуваалцах вэ гэдэгт мэдрэмтгий бай. Тухайн хүнд таарах хурдаар заа. Зарим хүн бусдаас илүү хурдан эсвэл удаан өсөж хөгждөг. Тэд таны танилцуулж буй сургаалыг хэр хурдан мөн хэр сайн сурч, хэрэгжүүлж байгаа талаар баттай ойлголттой болохын тулд хангалттай асуулт тавьж, хариултыг нь анхааралтай сонсоход анхаар.

Цагийн хувьд мэдрэмжтэй бай. Заах уулзалт 45 минутаас хэтрэх ёсгүй. Гэхдээ шаардлага гарвал 15 юм уу 20 минутад хичээлээ зааж дуусгаж болно. Хэрэв тухайн хүнд тантай уулзах 15-хан минут байгаа бол хүсэлтийг нь хүндлэн үзэж, заах зүйлээ цагийн хязгаарлалтад тааруул.

Сүнснээс “юу хэлэх ёстой нь яг тухайн цагт та нарт өгөгдөх болно” (Сургаал ба Гэрээ 100:6) гэсэн амлалтад найд.

Үйл ажиллагаа: Хувиараа суралцах

Та гудамжаар алхаж яваад, нэгэн настай эрэгтэй хүн хүнд ууттай зүйлээ хогийн саванд хийж чадахгүй байгааг анзаарлаа хэмээн төсөөл. Хамтрагчтайгаа хамт түүнд тусалсны үр дүнд тэрээр та нарыг юун хүмүүс болохыг асуужээ. Хэсэг ярилцсаны дараа тэрээр та нарын захиасыг сонсохыг зөвшөөрч, гэртээ урив. Эхлээд хэдэн үг солилцсоны дараа тэрээр та нарт ийн хэлсэн.

  • Эхнэр нь жилийн өмнө нас барсан бөгөөд тэр түүнийг их санадаг.

  • Зүрхний асуудалтай тул тэр өөрөө маш амархан сульдан ядардаг.

  • Бурхан байдаг эсэх талаар тэрээр урьд өмнөхөөсөө илүү бодох болсон.

Та түүнд юу зааж болох вэ? Түүний хэрэгцээ, асуудалд хамгийн сайн нийцүүлэхийн тулд заах зүйлээ хэрхэн өөрчлөх вэ?

Судраас суралцах

“Хүн бүрд тохирох хувийг” өгөх гэдэг нь ямар утгатай вэ?

Итгэлтэй номлогчдод Их Эзэн юу амласан бэ?

Хамтрагчтайгаа эв нэгдэлтэй заах

Их Эзэн “Та нар миний сайн мэдээг номлож, хоёр хоёроороо … миний Сүнсний хүчээр урагш одох ёстой” (Сургаал ба Гэрээ 42:6) хэмээн зарлигласан. Хэрэв та хамтрагчтайгаа нэгдэж ажиллах юм бол та хоёрын зааж байгаа зүйл илүү хүчтэй мөн сонирхолтой байх болно. Өдөр бүр төлөвлөж мөн суралцахдаа та нар нэгдмэл, нэг дуу хоолойгоор зааж болохын тулд хэрхэн заахаа ярилц.

Хэрэв хамтрагчтайгаа хичээлийг бага багаар хэсэгчлэн ээлжлэн заавал таны зааж байгаа зүйл илүү хүчтэй байх болно. Захиасыг танилцуулахдаа нэг хэвийн байдалд орохоос зайлсхий. Хамтрагчийнхаа гэрчилсэн үнэний хоёр дахь гэрч нь болж хамтрагчаа дэмж. Ямар нэг зүйл хэл гэсэн Сүнсний өдөөлтийг хүлээн авсан бол уг мэдрэмжийг дага. Хамтрагчийн хувьд Сүнсний удирдамжид саад болохгүйн тулд бие биедээ буулт хийхэд бэлэн бай. Ярихдаа нүдээрээ холбоо тогтоо. Яриагүй байхдаа хамтрагчийнхаа төлөө залбирч, сонирхогчийн хариу хандлагыг анхааралтай ажигла.

Судраас суралцах

Хамтрагчид бие биеэ хэрхэн дэмждэг вэ?

Заахдаа туслуулахаар гишүүдийг урь

Боломж байвал гишүүдийг, ялангуяа шинэ хөрвөгчдийг заахад туслуулахаар урь. Таны хичээл зааж байгаа хүнтэй нэг ижил сүмд өмнө нь явдаг байсан Сүмийн гишүүдийг оролцуулах нь хамгийн тохиромжтой. Хичээлийн хувийг гишүүдэд үзүүлээд, юу заахыг хүсэж байгаа талаараа тэдэнтэй ярилц. Хамтдаа хэрхэн ажиллах талаар ярилц. Жишээ нь, боломжтой бол гишүүдээр уг хичээлийн тодорхой нэг зарчмыг хэрхэн сурч, хүлээн авч мөн хэрхэн дагаж амьдарч байгааг нь хуваалцуул. Сүмд орох шийдвэрийг хэрхэн гаргасныг нь тэднээр тайлбарлуул. Гишүүд заахад оролцсоноор номлогчийн ажлын баяр баясгаланг мэдрэх боломжтой. Энэ нь түүнчлэн таны зааж буй хүнтэй найзалж нөхөрлөх боломж олгоно. Ерөнхийлөгч Томас С.Монсон ийн заасан.

Заах явцад сүүлийн хэдэн жилд баптисм хүртэж, гишүүн болж нэгдэх алхам хийсэн гэр бүлийн хосын гэрчлэлийн хүч [хүмүүст] тустай байж болох юм. Намайг Онтарио болон Күэбэк дэх Канадын номлолд гэр бүлтэйгээ амьдарч, номлолыг тэргүүлж байхад хүн амын ихэнх нь Ромын католик, англикан, Канадын нэгдсэн сүм гэсэн гурван гол шашинд харьяалагддагийг би олж мэдсэн. Бид номлолын хот бүхэнд, эдгээр шашинд итгэдэг байж байгаад шинээр баптисм хүртсэн гэр бүлийг шинэ хүмүүст зааж буй номлогчидтой хамт явахад бэлэн байлгаж, хоёр дахь эсвэл гурав дахь уулзалтаар тэднийг номлогчидтой хамт нэг баг болж явуулахаар зохицуулсан байв.

Жишээ нь, номлогчид Канадын нэгдсэн сүмийн хүмүүстэй ажиллаж байхдаа, уг сүмээс ирж гишүүн болсон [ах, эгч] хоёрын гэрчлэлийн хүч чадалд ямар их талархах байсан бол? [Нөхөр нь] “Би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд нэгдэхдээ … үнэнийг бүрэн байдлаар нь олсон. Та нар ч гэсэн энэ өөрчлөлтийг хийж чадна. Та нар ч мөн адил шийдвэр гаргаж чадна. Нээрээ ням гаргийн өглөө бид та нарыг ирж аваад, сүм дээр хамт сууцгаая. Тэгвэл та нар өөрсдөө сонсож, мэдрэх боломжтой. Бид та нарын яг хажууд байх болно” гэж хэлдэг байсан.

Антони болон Эдит Бэлфиглио гэх энэ хос Ромын католик гаралтай хүмүүстэй нөхөрлөх болсон юм. Үр дүн нь ч адилхан байв. Ингэх боломжтой. Ийм хөрвөгчид хөрвөлтдөө үнэнч хэвээр үлддэг юм. Үүнээс гадна, энэ үүргийг биелүүлэх сонголт хийсэн хосууд үндсээ сайн мэдээний тэжээл сайтай хөрсөнд улам гүн суулгадаг. Бэлфиглио ах [патриархаар] томилогдсон (missionary training satellite broadcast, Apr. 25, 2003).

Үйл ажиллагаа: Хувиараа суралцах

Анхны уулзалтаараа гишүүний гэрт хичээл заахаар тохирсон гэж төсөөл. Дараах гишүүн бүрийг заахад туслуулахаар хэрхэн бэлтгэж болохоо шийд. Үүнд:

  • Бүрэн цагийн номлолоос саяхан буцаж ирсэн тойргийн номлогч

  • Прист

  • Шинэ хөрвөгч

  • Бишоп

Судруудыг ашиглах

Сүмийн жишиг бүтээлүүд бол Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг заахад туслах үндсэн эх сурвалж юм. Та түүнчлэн амьд бошиглогчдын үгсийг ашиглаж болно. Судруудыг заах хичээлийнхээ үндэс суурь болгон ашиглах нь амин чухал болох олон шалтгаан бий. Жишээлбэл:

  • Их Эзэн болон Түүний бошиглогчид бидэнд ийн үйлдэхийг зааварчилсан (Сургаал ба Гэрээ 42:12, 56–58; 71:1-ийг үзнэ үү). Хожмын үеийн бошиглогч “Үгсийг болон Мормоны Номд тэдгээрийг Их Эзэний ашигласан арга замыг бид сайн мэдээний зарчмуудыг заахдаа ашиглах ёстой” хэмээн зөвлөжээ (Ezra Taft Benson, “The Book of Mormon and the Doctrine and Covenants,” Ensign, May 1987, 84).

  • Судрууд нь зааж буй хичээлд тань Ариун Сүнсийг урин авчирдаг. Тэдгээр нь Бурханы үгийг хүчтэй заадаг (Алма 31:5-ыг үзнэ үү).

  • Судрууд бодгалийн агуу асуултуудад хариулдаг (2 Нифай 32:3; Иаков 2:8–ыг үзнэ үү).

  • Судрууд нь Христийн шашин шүтдэггүй хүмүүс бүхий бүсүүдэд ч гэсэн таны заасан хичээлд хүч чадал, үндэслэл өгдөг.

© Greg K. Olsen. Хуулбарлахыг хориглоно.

Судруудаас хүчтэй заах таны чадвар тэдгээрийг бие даан судлахад зарцуулсан цаг хугацаанаас тань ихээхэн хамааралтай. Өдөр бүр үгэн дээр найрласнаар судраас заах таны чадвар сайжрах болно. Түүнээс гадна, та өөрийн амьдрал дээр судраас суралцаж мөн тунгаан бодож байгаа тул үүний адил хий гэсэн таны урилга илүү хүчтэй байх болно. Хүмүүст судраас, тэр тусмаа Мормоны Номоос суралцсанаар Есүс Христэд итгэх итгэлтэй болж, судрууд нь илчлэгдсэн үнэний эх сурвалж болох тухай гэрчлэлтэй болоход нь тэдэнд тусал. Хүмүүсийг судруудад итгэж эхлэх үед та сургаалыг зөвөөр ойлгоход нь тэдэнд илүү сайн туслах болно. Доорх зөвлөгөөнүүд тусалж болох юм. Үүнд:

Судрыг танилцуул. Өөрсдийн ашиглах судрын хэсгийн хам сэдэв, агуулгыг товч дүрсэл. Судрын хэсэг дэх тодорхой санааг олж мэдэхэд зааж буй хүмүүсээ урь. Судрын мэдлэг багатай хүмүүст заахдаа, эхлээд тэдний ойлгох үг хэллэгээр судрын агуулгыг тайлбарлах хэрэгтэй байж болно. Судрыг танилцуулах жишээнүүдийг доор дурдав.

  • “Энэхүү Иосеф Смитийн түүхэнд ойн төгөл рүү залбирахаар явахад тохиолдсон үйл явдлаа Иосеф өөрийн үгээр өгүүлдэг. Тэрээр ‘Би гэрлэн баганыг харсан юм …’ гэжээ.”

  • “Энэ судрын хэсэгт бошиглогч Алма Бурханы үгэнд итгэх итгэлээ ашиглахыг ядуу хүмүүст зааж байна. Тэрээр Бурханы үгийг зүрх сэтгэлдээ суулгаж болох үртэй адилтгасан. Та … шүлгээс эхлээд унших уу?”

Судрын хэсгийг унш. Шүлгүүдийг чанга унш эсвэл чанга уншихыг хичээл заалгаж байгаа хүнээсээ хүс. Тааруу уншдаг хүмүүстэй болгоомжтой харьц. Хэрэв тэдэнд судрын хэсгийг ойлгоход хэцүү байвал тэдэнтэй хамт анхааралтай уншиж, хүнд хэсгүүдийг ойлгоход нь тусал. Эсвэл судрын арай амархан хэсгийг тэднээр уншуул. Түүнчлэн та хэцүү үг, хэллэгийг тайлбарлаж болно. Тухайлбал:

  • “Бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй (буруушаалгүй гэдэг нь Бурхан алдаа, гэм бурууг эрж хайхгүй гэсэн утгатай) өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно” (Иаков 1:5).

Зарим судрын хэсэг тодорхой тул тайлбар хэрэггүй байдаг. Заримынх нь хувьд та уншсан зүйлийг цаг гарган тайлбарлах хэрэгтэй байж болно.

Судрыг хэрэгжүүл. Тухайн зарчмууд өнөө үед ямар хамаатай болохыг үзүүлэх замаар судрыг өөртэйгөө болон хичээл заалгаж байгаа хүмүүстэйгээ “адилтга” (1 Нифай 19:23-ыг үзнэ үү). Уг зарчмуудыг тэд амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болохыг үзүүл. Ийнхүү үйлдсэнээр тэд тухайн сургаал үнэн болохыг мэдэх болно. Тухайн зарчмын талаар гэрчлэлээ хуваалцаж мөн адислалуудыг тэдэнд амла. Жишээлбэл:

  • “Яг тантай адилаар Алмагийн хүмүүсийн дээр маш хүнд, бараг тэд тэсэж чадахааргүй тийм ачаа байсан юм. Гэвч тэднийг итгэлээ хөгжүүлж, ‘Бурханд хандан хүчирхгээр залбирахад’ Тэрээр тэднийг хүчирхэгжүүлсэн ба ингэснээр тэд бэрхшээлүүдийг давж гаран, улмаар зовлонгоосоо чөлөөлөгдсөн билээ. Тэр энэ хүмүүст үйлдсэний адилаар та үйлдэх … аваас Бурхан таны зовлонг хөнгөлөх болно гэдгийг би мэднэ.”

  • “Мормоны усны дэргэд хүмүүст өгсөн Алмагийн зааварчилгаа өнөөгийн бидэнд ч бас хамаатай. Жон, та … бэлэн байна уу?”

Танаар хичээл заалгаж байгаа хүмүүс ариун нандин бичвэрийг хэрхэн үздэг, Библийг хэр сайн мэддэг, судрын хэллэгийг хэр сайн ойлгож, Библид Бурханы үг агуулагддаг гэдэгт хэр гүнзгий итгэдэг байдлаараа маш өөр өөр байх болно. Бүх хүнд судруудад талархдаг болоход нь тусал. Заахдаа судруудыг үр дүнтэй ашигласнаар та тэдэнд судруудаас өөрсдөө бие даан сурч эхлэхэд тусалж чадна. Уулзалт бүрийнхээ эцэст тэдэнд унших тодорхой бүлэг эсвэл шүлгүүдийг санал болго. Дараагийн уулзалт дээр ярилцахын тулд уншиж байхдаа бодож үзэх асуултуудыг тэдэнд өгч болох юм. Энэ нь өдөр бүр гэртээ судраас суралцаж, Сүмийн цуглаан, ангиуд гээд судар ашигладаг газруудад оролцоход нь тэднийг урамшуулах болно.

Судруудын талаарх соёлын хандлага

Ихэнх шашинд ариун нандин бичвэр эсвэл судрууд байдаг ч Сүмийн гишүүд судруудыг хэрхэн үздэгээс тэдний ямар үзэл бодолтой болон хэрхэн ашигладаг нь өөр байж болох юм. Жишээ нь, таны судар дээрээ тэмдэглэдэг нь судрууд дээрх сургаалыг ойлгож, хэрэгжүүлэх хүсэлтэйг тань харуулж байгаа болохоос судрыг хүндлэхгүй байгаагийн шинж биш гэдгийг тайлбарлах хэрэгтэй байж болно. Жишиг бүтээлүүд Бурханы бошиглогчдын бичсэн Их Эзэний үгийг агуулдаг мөн бид үнэн гэдгийг нь хүлээн зөвшөөрдөг учраас чухал гэдгийг олж харахад нь зааж байгаа хүмүүстээ тусал.

Үйл ажиллагаа: Хамтрагчтайгаа суралцах

Доорх судрын хэсгүүдээс нэгийг авч үз. Та нар дараах зүйлийг хэрхэн гүйцэтгэхээ шийд. Үүнд:

  • Судрын хэсгийг танилцуулах;

  • Нөхцөл байдал, хам сэдвийг тайлбарлах;

  • Судрын хэсгийг уншиж, утгыг нь тайлбарлах;

  • Хэцүү үгсийг тайлбарлах;

  • Сурч мэдсэнээ амьдрал дээр хэрэгжүүлэхэд нь зааж буй хүмүүстээ туслах зэрэг юм.

Мормоны Номын гарчиг хуудас; 3 Нифай 11; Моронай 10:3–8; Иохан 17:3; Ром 8:16–17; 1 Коринт 15:29; Иаков 1:5; 1 Петр 3:19–20; Амос 3:7

Судруудаас судлах

Яагаад судраас заах нь чухал вэ?

Ойлголт өгөхийн тулд заах

Хүмүүс захиасыг ойлгох юм бол сайн мэдээний Сэргээлтийн захиасанд илүү их итгэх боломжтой болно. Ерөнхийлөгч Жэймс Э.Фауст “Судруудыг, ялангуяа Мормоны Ном болон Шинэ Гэрээг судалж, тунгаан бодож мөн заа. Ойлгомжтой ярьж болохын тулд үнэнийг баттай сайн мэдэж ав. Б.Х.Робэртс ‘Үнэн мэдэгдсэн байхын тулд үүнийг хэлсэн байх ёстой ба мэдэгдэл нь тодорхой мөн илүү бүрэн байх юм бол уг ажил үнэн гэдгийг хүмүүний бодгальд Ариун Сүнс гэрчлэх боломж илүү их байх болно’ гэж бичжээ. [New Witnesses for God, 3 vols. (1909), 2:vii]. Та нар өөрөө хөрвөгдөхөөс илүү давж хүмүүсийг хөрвүүлж чадахгүй” хэмээн хэлсэн (“What I Want My Son to Know before He Leaves on His Mission,” Ensign, May 1996, 41).

Та зааж байхдаа судрын утга учрыг хэлэлцэж, ухуулахаар зарлигдуулсан (Сургаал ба Гэрээ 68:1-ийг үзнэ үү). Ухуулах гэдэг нь өргөжүүлэх, тодорхой тайлбарлах гэсэн утгатай. Сайн мэдээг ухуулах гэдэг нь сургаалыг болон судрын хэсгийн утгыг энгийн бөгөөд тодорхой тайлбарлаж, хэлэх зүйлийг тань Сүнс удирдан заана гэдэгт найдахыг хэлнэ. Сургаалын зарчмыг ойлгоход нь хүмүүст туслахдаа хүндэтгэсэн байдалтай мөртлөө аль болох ярианы хэл ашигла. Тухайн зарчмуудын талаар бодоход туслах мөн заасан зүйлийг тань ойлгож, хүлээн авсан эсэхийг нь мэдэхэд туслах асуултыг тэдэнд тавь.

3-р бүлгийн эхний гурван хичээл бүрийн төгсгөлд, хичээл заалгаж байгаа хүмүүст тань ойлгомжгүй байж болох үгсийг жагсаан бичсэн. Ойлгуулан заахын нэг хэсэг бол бусад хүн таныг илүү сайн ойлгож болохын тулд үг, хэллэг болон санаануудыг тайлбарлахад анхаарах явдал юм. Та дараах байдлаар сайн мэдээг тайлбарлах чадвараа сайжруулж чадна. Үүнд:

  • Хэрэглэж байгаа үгсээ ойлго.

  • Бусдын ойлгохгүй байж болох үгсийг тайлбарла. Сүмийн гишүүдэд онцгой утга агуулгатай олон үгийг Сүмээс зөвшөөрөгдсөн эх сурвалжуудад энгийнээр тодорхойлсон байгаа.

  • “Бидний хэлсэн … үг ямар утгатай болохыг та мэдэх үү?” эсвэл “Бидний сая ярьсан зүйлийг та өөрийнхөө үгээр хэлнэ үү?” гэх мэтээр хүмүүсээс асуу.

3-р бүлэг дэх сургаалыг судлахдаа, хүнд ойлгоход хэцүү байж магад гэж бодож байгаа үгсийг тодорхойл. 3-р бүлэг дэх сургаалыг заахдаа, хичээл заалгаж байгаа хүмүүсийн ойлгоход хэцүү байгаа үг, хэллэг, санаануудыг тэмдэглэж ав. Дээр дурдсан эх сурвалжийг ашиглан тэдгээр үгийг тодорхойл. Хичээл заалгаж байгаа хүмүүс болон шинэ хөрвөгчид дээр эдгээр тодорхойлолтоо шалга.

Судруудыг судлах

Яагаад бид сургаалыг анхааралтай ухуулж, тайлбарлах ёстой вэ?

Бид хэрхэн сурдаг вэ? Яагаад мэдээллийг аажмаар задлах эсвэл нээх нь чухал вэ?

Яагаад энгийн байх нь чухал вэ?

Их Эзэн хүүхдүүдтэйгээ хэрхэн харилцдаг вэ?

Асуух

Есүс Христ хүмүүст зарчмуудыг тунгаан бодож, хэрэгжүүлэхэд нь туслах асуултуудыг олонтоо тавьдаг байсан. Түүний асуулт эргэцүүлэн бодож, сэтгэл рүүгээ өнгийн харж мөн амлалт өгөх хүслийг төрүүлдэг байв.

Сайн асуулт бусдын сонирхол, асуудал, асуултуудыг ойлгоход танд туслах болно. Тэдгээр нь заах арга замыг тань сайжруулан, Сүнсийг урьж, сурч мэдэхэд хүмүүст тусалдаг.

Тааруу асуулт хүмүүсийг айлгаж, уурлуулж, гомдоож болно. Түүнчлэн тэдгээр нь зааж буй нөхцөлд хяналтаа алдахад таныг хүргэж болно. Дараах байдлаар асуухыг хичээ. Үүнд:

  • Энгийн бөгөөд ойлгоход амархан байдлаар асуух;

  • Зааж байгаа зүйлийн тань талаар бодоход хүмүүст туслах;

  • Зааж байгаа зүйлийг тань хэр сайн ойлгож байгааг тодорхойлоход туслах;

  • Сурсан зүйлээ хэрэгжүүлэхэд хүмүүст туслах зэрэг болно.

Хичээл заалгаж байгаа хүмүүст тань ийм төрлийн асуултуудад хариулснаар нээлттэй ярьж болох юм гэсэн мэдрэмж төрдөг. Сайн асуултууд хүмүүсийг ойлгоогүй үедээ болон санаа зовж байгаа үедээ эсвэл тэд юу хийх ёстойгоо мэдэхийг хүсэхдээ танд асуулт тавихад хүргэдэг. Сайн асуултууд хичээл заалгаж байгаа хүмүүст бодол санаагаа хуваалцахад нь туслах ба ингэснээр тэд гэрчлэлээ өсөж байгааг мэдэж авах болно. Үр дүнтэй асуултын жишээ:

  • Бидний заасан зүйлийн талаар танд ямар асуулт байна вэ?

  • Тэнгэрлэг Эцэг таныг хайрладаг гэдэгт та итгэдэг үү? Яагаад?

  • Энэ түүхэнд гарсан хүмүүсийн адил алдааг бид заримдаа хэрхэн гаргадаг вэ?

Асуултад хариулахад нь хичээл заалгаж байгаа хүмүүстээ туслахын тулд та “Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахихын ач холбогдлыг танд тайлбарлах үед, ‘Миний хувьд энэ зарлиг ямар ач холбогдолтой вэ?’ гэж өөрөө өөрөөсөө асуугаарай” гэж хэлж болно. Доорх төрлийн асуулт тавихаас зайлсхий. Үүнд:

  • Нэгээс илүү санаа агуулсан;

  • Заагаагүй сургаалууд орсон;

  • Тодорхой зорилгогүй;

  • Байцаасан мөн шаардлагагүй, бусдын хэрэгт оролцсон зэрэг юм.

Ялангуяа эхний уулзалт дээрээ маш олон асуулт тавих нь “байцааж” байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Чухал бус мөн илт ойлгомжтой зүйлийн талаар тодорхой хариулт өгөхийг хүмүүсээс бүү хүс. Энэ нь зааж сургах таатай сайхан орчныг таах тоглоом болгон өөрчилдөг. Хэрэв танд тодорхой хариулт хэрэгтэй бол бодит баримттай зүйл асуух эсвэл мэдээллийг өөр замаар танилцуулах нь зүйтэй. Хариултыг нь мэдэхгүйгээсээ болоод хэн нэгнийг ичгэвтэр байдалд оруулах асуулт тавихаас зайлсхий. Гол зарчмуудыг зааж, гэрчилсний дараа тавьсан асуултууд хамгийн үр дүнтэй байдаг. Үр дүн муутай асуултуудын жишээ:

  • Анхны бошиглогч хэн байсан бэ? (Эрин үеүдийн тухай заахынхаа өмнө асуусан.)

  • Бие махбодоо цэвэр ариун байлгах нь Сүнстэй хамт байж, Бурханы бошиглогчийг дагахад бэлэн гэдгээ харуулахад бидэнд хэрхэн туслах вэ? (Нэгээс илүү санаа агуулсан.)

  • Бурханы зарлигуудыг мэдэх нь чухал уу? (Тийм-үгүй гэсэн хариулт өгөх мөн илт ойлгомжтой.)

  • Та Мормоны Номын талаар юу гэж боддог вэ? (Уншихаас нь өмнө асуусан.)

  • Бид Бурханд илүү ойртоход туслах ямар зүйлийг өдөр бүр хийж болох вэ? (“Залбирах“ гэх мэт тодорхой хариулт авах гэсэн бүдэг бадаг асуулт.)

  • Ноагийн дараачийн бошиглогч хэн байсан бэ? (Таахыг хүссэн.)

© 1985 Robert T. Barrett. Хуулбарлахыг хориглоно.

Сүнсээр өдөөгдсөн үедээ асууж сур. Зөв үед зөв асуулт тавих нь хичээл заалгаж байгаа хүмүүст тань сайн мэдээнээс суралцаж, Сүнсийг мэдрэхэд асар их тусална. Үүний адилаар буруу асуулт, цагаа олоогүй асуулт тавих нь тэдний суралцах явцад саад болж болно. Сүнстэй холбоотой байх, зааж байгаа хүмүүсээ сонсох, зааж байхдаа анхааралтай байх зэрэг нь тохиромжтой үед зөв асуулт тавихад шаардлагатай. Үр дүнтэй заах нь хүнд ажил бөгөөд таны болон хамтрагчийн тань зүгээс анхаарлаа төвлөрүүлэх, хүчин чармайлт гаргахыг шаарддаг.

Үйл ажиллагаа: Хувиараа болон хамтрагчтайгаа суралцах

Хэрэв хувь хүнийг дараахтай адил нөхцөл байдалд орсон байхад та тэр талаар нь мэдэлгүй өнгөрсөн бол түүнд юу тохиолдож болох вэ? Тухайлбал:

  • Хамт ажилладаг хүмүүс нь сүнслэг зүйлсийг байнга тохуурхан шоолдог байх;

  • Гэр бүлийн гишүүд нь өөр сүмийн идэвхтэй гишүүд байх;

  • Мормончууд бол Христэд итгэдэггүй гаж урсгал гэдэгт итгэдэг найз нөхөдтэй байх;

  • Мормоны Номоос уншихдаа сүнслэг туршлага олж авах.

Дээрх нөхцөл байдал бүрийн талаар илүү их мэдэж авахын тулд ямар асуулт тавьж болох талаар бод. Асуултуудаа судлах тэмдэглэлдээ бич. Энэ үйл ажиллагаанд зориулан бичсэн асуултуудаа та хоёр хэрхэн сайжруулж болох талаар хамтрагчтайгаа ярилц.

Сонсох

Бусдыг анхааралтай сонссоноор та тэднийг илүү сайн ойлгоно. Тэд өөрсдийнх нь бодол санаа, сэтгэгдэл танд хэчнээн чухал болохыг мэдсэнээр таны зааж байгаа зүйлийг илүү нээлттэй хүлээн авч, хувийн туршлагаа хуваалцаж, амлалт өгөх магадлал илүү өндөр байх болно. Тэднийг сонссоноор та зааж байгаа зүйлээ тэдний хэрэгцээ, сонирхолд илүү үр дүнтэй нийцүүлж чадна.

Ялангуяа Сүнсний шивнээг сонс. Бусад хүнийг мэдрэмжээ хуваалцаж байхад Сүнсээр удирдуулсан бодол санаа оюунд тань орж ирж болох юм. Түүнчлэн та бусдын юу илэрхийлэхийг хичээж байгааг ойлгох чадвартай болно.

Бусдыг тантай ярьж байхад юу хэлэхээ бодохоос зайлсхий. Хариултаа төлөвлөхийн оронд ярьж буй хүндээ анхаарлаа илүү төвлөрүүлж байгаагаа бататга. Ахлагч Жэффри Р.Холланд “Ярихаас илүү чухал зүйл бол сонсох юм. Тэр хүмүүс баптисмын статистикийн тооны ард байдаг амьгүй биет биш ээ. Тэд бол Бурханы хүүхдүүд, бидний ах, эгч дүү бөгөөд бидэнд байгаа зүйл тэдэнд хэрэгтэй. Чин сэтгэлээсээ ханд. Чин сэтгэлээсээ холбоо тогтоо. Эдгээр найзаасаа өөрсдөд нь юу хамгийн чухал болохыг асуу. Тэд юуг нандигнаж, юуг эрхэмлэдэг вэ? Тэгээд сонс. Хэрэв нөхцөл байдал зөв тохиромжтой байвал та тэднээс юунаас эмээдэг, юу хүсэж мөрөөддөгийг эсвэл амьдралд нь юу дутагдаж байгаа гэж бодож байгааг нь асууж лавлаж болох юм. Тэдний хэлэх ямар нэг зүйл үргэлж та нарын гэрчлэлээ хуваалцаж болох, бүр илүү ихийг ч өгч болох сайн мэдээний ямар нэгэн үнэнийг онцолно гэдгийг би амлая. Хэрвээ бид хайраар сонсох юм бол юу гэж хэлэх талаар санаа зовохгүй байх болно. Энэ нь бидэнд Сүнсээр мөн найз нөхдөөр маань дамжин өгөгдөх болно” гэж заасан (“Witnesses Unto Me,” Ensign, May 2001, 15; эхийг налуу хэлбэрээр бичсэн).

Түүнчлэн хүмүүс сууж байгаа байдал, нүүрний хувирал, гараараа хийж байгаа хөдөлгөөн, дууны өнгө, нүдний хөдөлгөөнөөр харилцдаг. Эдгээр дуугүй мэдээллийг ажигла. Эдгээр нь зааж байгаа хүмүүсийнхээ бодол санааг ойлгоход тань тусална. Түүнчлэн өөрийн биеийн хэлэнд анхаар. Чин сэтгэлээсээ сонссоноор сонирхож мөн баярлаж байгаагаа харуул.

Чимээгүй байхаас бүү ай. Асуултад хариулж, санаа бодлоо илэрхийлэхийн тулд хүмүүст ихэвчлэн бодох хугацаа хэрэгтэй байдаг. Та асуулт тавьж, сүнслэг туршлагаа хуваалцсаныхаа дараа эсвэл хүмүүс өөрсдийгөө илэрхийлж чадахгүй байвал түр зуур чимээгүй байж болно. Таныг хариулахаас өмнө бодож буй зүйлээ гүйцэд илэрхийлэх хугацааг хүмүүст гаргаж өгөхөд анхаар мөн тэднийг ярьж байхад үгийг нь бүү тасал.

Хэлсэн зүйлийг нь ойлгосон гэж бодож байгаа бол ойлгож байгаагаа харуулахын тулд “Тэгэхээр та_____ гэж хэлж байгаа юм байна. Зөв үү?” эсвэл “Хэрэв би зөв ойлгосон бол та _____ гэж бодож байгаа юм байна” гэх мэтчилэн хэл. Зөв ойлгосон эсэхдээ эргэлзэж байвал тодруулж өгөхийг уг хүнээс хүс.

Зарим хүн яриаг давамгайлж, сэргээгдсэн сайн мэдээг заахад саад болж болох юм. Та ийм нөхцөл байдлыг хяналтдаа эвтэйхэн авч сурах хэрэгтэй. Жишээ нь, “Бидэнтэй хуваалцаж байгаад баярлалаа. Гэвч энэ сэдвээр бид дараа ярилцана. Дараа уулзахдаа энэ талаар ярихаа мартахгүйн тулд бичиж авахыг би хамтрагчаасаа хүсье.” Есүс Христийн сайн мэдээг зааснаар та хүмүүст хамгийн их тусалдаг гэдгийг сана.

Таныг анхааралтай сонсох үед юу хэлэхээ мэдэхэд тань Сүнс туслах болно. Сонсохын тулд хүчин чармайлт, анхаарал тавих шаардлагатай. Нэгэн номлогч доорх болсон явдлыг хуваалцсан юм (нэрсийг өөрчилсөн).

Хамтрагч бид хоёр Санчэсын гэр бүлд зааж байв. Маш халуун байсан бөгөөд хүүхдүүд нь чимээ шуугиан ихтэй байлаа. Би Санчэс эгчээс Мормоны Ном хэр уншиж байгааг асуув. Түүнийг тайлбарлаж эхлэхэд, хүү нь хамтрагчийн маань тэмдэглэлийн дэвтрийг аваад, агаарт далласаар гэр дотуур гүйж байхыг би анзаарлаа. Хэдийгээр би Санчэс эгч рүү харж байсан ч бодол санаа маань өөр газарт явж байлаа. Би дотроо “Ямар халуун юм бэ, хүүхэд нь томоотой байдаггүй юм байх даа. Энэ ерөөсөө бүтэхгүй юм байна” гэж бодов. Ийм зүйл бодон завгүй байх зуур, Санчэс эгч хэлэх гэснээ илэрхийлж чадахгүй байхыг би анзаарлаа. Сонс гэсэн бодол надад орж ирэв. Бүгчим агаар болон чимээ шуугианыг анхаарахгүй байхыг би хичээж байлаа. Түүнийг ярьж байхад би царайг нь анхааралтай ажиглав. Тэр газар ширтээд, дараа нь хамтрагч бид хоёр луу ээлжлэн харлаа. Нөхөр нь хүүхдүүдээ чимээгүй болгох гэж чадлаараа хичээж байв. Хэсэг чимээгүй болов. Дараа нь тэр чичирсэн хоолойгоор “Би та нарын хий гэснийг хийсэн. Би та нарын намайг уншихыг хүссэн бүлгүүдийг уншиж мөн залбирсан” гэлээ. Тэрээр дахин чимээгүй болж доошоо харав. Тэрээр хүүхдүүд рүүгээ хальт харснаа, надтай харц тулгарлаа. “Би хариултаа авсан” гэж тэр нулимс дүүрэн нүдээрээ инээмсэглэн хэлсэн юм. “Энэ бол үнэн. Үнэн гэдгийг би мэднэ” гэж тэр хэлж билээ. Сүнс өрөөг дүүргэв. Сонссоныхоо төлөө баяр талархлаар зүрх сэтгэл минь дүүрч, би инээмсэглээд, “Тийм ээ, энэ үнэн” гэж хэлсэн.

Үйл ажиллагаа: Хувиараа эсвэл хамтрагчтайгаа суралцах

Дээрх түүхийг уншсаныхаа дараа доорх асуултуудын хариултыг судлах тэмдэглэлдээ бич эсвэл хамтрагчтайгаа ярилц.

  • Хэрэв уг номлогч өөрийнхөө ая тухыг эсвэл хамтрагчийнхаа дэвтэрт илүү санаа тавьсан бол юу болох байсан бэ?

  • Номлогч сонссон тул энэ сонирхогч хэрхэн адислагдсан бэ?

    Доорх асуултуудад хариул.

    А= Би хэзээ ч тэгдэггүй

    Б= Би заримдаа тэгдэг

    В= Би ихэвчлэн тэгдэг

    Г= Би үргэлж тэгдэг

  • Хүмүүстэй ярихдаа би анхааралтай сонсохын оронд хуваалцаж болох ижил төстэй тохиолдлуудын талаар боддог.

  • Бусдыг сэтгэлээ хуваалцаж байхад би тэдний оронд байсан бол надад ямар байх байсныг ойлгох гэж хичээдэг.

  • Би хүмүүст заахдаа дараа нь юу хэлэх, юу заах талаар санаа зовдог.

  • Хүмүүсийг хэт их ярих гээд байвал би бухимддаг.

  • Бусдын хэлэхийг хичээж байгаа зүйлийг дагаж, ойлгох надад хэцүү байдаг.

  • Хамтрагчаа зааж байх хооронд би олонтоо өөр юм боддог.

  • Хэн нэгнийг надтай ярьж байхад өөр хүн дундуур орж ирэхэд эсвэл анхаарлыг маань сарниулахад би уурладаг.

  • Ямар нэг зүйл хэлэх эсвэл хийх сүнслэг өдөөлт хүлээн авсан ч би тэдгээрийг дагадаггүй.

Сонсох чадвараа сайжруулахын тулд юу хийж чадахаа тодорхойл.

Зааж буй хүмүүстэйгээ сайхан харилцаа тогтоо

Ичмээр байдалд орохгүйн тулд зарим хүн асуултад хариулахдаа жинхэнэ бодол санаагаа хуваалцахын оронд таны сонсохыг хүсэж байгаа гэж бодсон хариултыг өгдөг. Тантай дотоод сэтгэлээ нуулгүй хуваалцах боломж олгох тав тухтай харилцаатай болохыг эрэлхийл.

Асуудлуудаа шийдэхэд нь хүмүүст туслах

Хуулбарлахыг хориглоно.

Хичээл заалгаж байгаа хүмүүсийн тань заримд үүрэг амлалтаа биелүүлэх итгэл дутагдаж, зарим нь эсэргүүцэлтэй тулгарч мөн зарим нь заах бүх зүйлийг тань дандаа хүлээн зөвшөөрөхгүй байх болно. Тэд өөрсдөө сонголт хийх ёстой ч тэдний асуултад хариулахын тулд болон асуудлаа шийдвэрлэхэд нь туслахын тулд мөн эсэргүүцлийг даван туулахад нь та чадах бүхнээ хийхийг хүсэх болно.

Заримдаа хүмүүсийн асуудлууд яг мөсөн уултай ижилхэн байдаг. Зөвхөн багахан хэсэг нь л гадаргуу дээр ил харагддаг. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд төвөгтэй, хэцүү байж болно. Энэ нөхцөлд та Сүнсийг дагаж, тухайн нөхцөлд хамгийн сайн тохирох байдлаар хариулах хэрэгтэй. Ялган таних бэлгийн төлөө залбираад, өөрт төрсөн сэтгэгдлийг дага. Тэнгэрлэг Эцэг бүх хүний зүрх сэтгэл болоод туршлагыг (мөсөн уулыг бүхэлд нь) мэддэг бөгөөд хүн бүрийн хувьд юу хамгийн сайн болохыг мэдэхэд туслах болно.

Асуудлаа шийдвэрлэхэд нь бусдад туслахдаа эхлээд асуулт тавьж, сонссоноор тэдний асуудлыг ойлгохыг эрэлхийл. Асуудлуудаа шийдвэрлэхэд нь тэдэнд хэрхэн туслахаа мэдэхийн тулд Сүнсэнд найд. Жишээ нь, та баптисм хүртэх шаардлагатай холбоотой асуудлын талаар ярилцахдаа судар ашиглаж эсвэл бошиглогч Иосеф Смитийн талаарх гэрчлэлээ хуваалцаж болно.

Ихэнх тохиолдолд асуудал нь сургаалын бус, харин нийгмийн чанартай байдаг. Жишээ нь, зарим нь Сүмд нэгдвэл гэр бүлийн гишүүд нь эсэргүүцнэ гэдгээс эмээж байж болно. Эсвэл тэд ажил дээрх найз нөхөд нь нүүр буруулахаас айж болох юм. Ямар ч асуудал байсан бай, тэдэнд асуудлынх нь нэг хэсэг болсон таны ойлгохгүй өнгөрсөн явдал эсвэл бусад нөлөөлөл байж болно. Олон тохиолдолд гишүүд ойлгож, асуудалд тус болоход тань танд тусалж болох юм.

Хувь хүний асуудалд хэрхэн хандах тань тухайн асуудлын мөн чанараас хамаардаг. Асуудал тухайн хүн Сэргээлтийн үнэний талаар сүнслэг баталгаа аваагүй эсвэл үнэн зарчмын дагуу амьдрахыг хүсэхгүй байгаагаас болж гарч ирсэн эсэхийг тодорхойл. Энэ арга замаар асуудлын эх үүсвэрийг ойлгох нь гэрчлэл дээр эсвэл амлалт дээр тулгуурлах уу гэдгийг мэдэхэд тань тусална.

Үйл ажиллагаа: Хамтрагчтайгаа суралцах

Хичээлүүдийг зааж байхдаа өгч болох нэг урилгыг сонго. Дараа нь уг амлалтыг хүлээн авах эсвэл сахихад хэн нэгэнд саад болж болох өөр өөр асуудлыг тодорхойл. Асуудлаа шийдвэрлэхээр ажиллаж байхад нь хүмүүст хэрхэн хамгийн сайн тусалж болох талаар ярилцаж мөн дадлага хий.

Наманчлах ба донтолтоос ангижрах

Наманчлал бол даруу байх, гэмээ хүлээх, нөхөн төлөх мөн тухайн нүглээс холдох гэсэн сүнслэг үйл явц юм. Энэ нь Аврагчтай илүү адилхан болохыг хичээх явцдаа бодол санаа, үйл хөдлөлөө үргэлж сайжруулна гэсэн амлалт юм. Хэдийгээр нүглийг давтан үйлдсэн ч наманчлах нь эдгээх хэрэгслийн хувьд боломжтой байдаг (Мозая 26:30; Моронай 6:8; Сургаал ба Гэрээ 1:31–32-ыг үзнэ үү).

Наманчлалд сэтгэл санааны болон бие махбодын үйл явц орж болно. Хүмүүс зохисгүй үйлдлийн гүн суусан дадлыг цаашид үргэлжлүүлэлгүй зогсоох ёстой. Буруу үйлдлүүдийг эрүүл бөгөөд зохистой зан үйлдлээр орлуулах ёстой.

Заримдаа зөв хүсэл зорилготой ч гэлээ хөрвөгчид хувийн сахилга батаа илүү сайн хөгжүүлэхээр өсөж хөгжих явцдаа уруу татагддаг. Иймээс наманчлал, эдгэрэх үйл явц хоёр хоёулаа цаг хугацаа шаардаж болох юм. Ийм тохиолдолд хөрвөгчид уруу таталтыг ялан дийлж, бүрэн наманчлах явцдаа Их Эзэнээс тусламж эрэлхийлэн, шаардлагатай бол санваарын удирдагчидтай (номлогчидтой биш) ажилладаг.

Баптисм ба гишүүний баталгаагаар дамжуулан эдгээр сорилтыг даван туулах чадавхыг нь хүчирхэгжүүлдэг Ариун Сүнсний бэлгийг хүмүүс хүлээн авдаг. Гэвч баптисм хүртэж, гишүүнээр батлуулахыг эдгээр үйлдэлтэй холбоотой сэтгэл санааны болон биеийн хүсэл тэмүүллээс бүрэн салгахгүй байж болох юм. Хэдийгээр тухайн хүн эхлээд амжилт гаргасан ч гэлээ, бүрэн гүйцэд наманчилж, эдгэрэхийн тулд сэтгэл санааны хувьд цаашид эдгэрэх шаардлагатай байж болно.

Үйл ажиллагаа: Хувиараа эсвэл хамтрагчтайгаа суралцах

  • Донтолтоос салахыг хүсэж буй хичээл заалгаж буй хүн, шинэ хөрвөгч эсвэл эргэн ирж буй гишүүний талаар бод.

  • 3-р бүлэг дээрх Есүс Христийн сайн мэдээ хэсгээс “Есүс Христэд итгэх итгэл” болон “Наманчлал” хичээлийг авч үз.

  • Та донтолтоосоо салахад нь туслах ямар зүйлийг энэ хичээл болон бүлгээс тухайн хүнд зааж болох вэ?

  • Тухайн хүнд туслах хичээлийн төлөвлөгөө гарга.

Наманчлах, донтолтоос ангижрах талаар ойлгоход нь бусдад туслах

Танаас донтолттой холбоотой асуулт, асуудлын талаар хариулахыг хүсэж болно. Та түүнчлэн эдгээр асуудалтай холбоотой хэцүү асуултуудын хариуг олоход нь хүмүүст туслахыг хүсэж болох юм. Орон нутгийн санваарын удирдагчдад мэдэгдэж, Сүмийн онлайн дээрх Донтолтоос ангижрах хөтөлбөртэй танилцахад урамшуулах нь таны зүгээс үзүүлж чадах хамгийн сайн тусламж байж болох юм. Та мөн орон нутгийн удирдагчдыг дээрх онлайн эх сурвалжийг ашиглахад урамшуулж болно. Орон нутгийн удирдагчид бас Сүмийн арвич хямгач амьдрал вэбсайтыг ашиглаж болно.

© 2000 Simon Dewey. Хуулбарлахыг хориглоно.

Донтолтоос ангижрах гэж хичээж буй хүмүүсийг хайрлах, тусалж дэмжихтэй холбоотой хэдэн санааг өгөв. Үүнд:

  • Христэд ирэхийн тулд гаргаж буй хүчин чармайлтыг нь хүчирхэгжүүл. Донтолтоосоо салж, эдгэрэхийн тулд гаргаж буй хүчин чармайлтыг нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр харж, үнэлж байгааг мөн Аврагчаар болон Түүний Цагаатгалаар дамжуулан хүчирхэгжиж болно гэдгийг ойлгоход тэдэнд тусал. Чин сэтгэлээсээ сайн сайхан бүхнийг хийх гэсэн тэдний хүслийг Аврагч мэддэг.

  • Тэдний төлөө хувиараа болон тэдэнтэй хамт залбир. Боломжтой бол орон нутгийн санваарын удирдагчаас санваарын адислал авахыг хүсэхэд тэднийг урамшуул.

  • Есүс Христийн сайн мэдээг үргэлжлүүлэн заа. Тэнгэрлэг Эцэг, Аврагч, Ариун Сүнс гурав тэдэнд хайртай бөгөөд амжилтад хүрээсэй гэж хүсдэг тухай заа.

  • Сүмд тогтмол явж, гишүүдтэй найзлан нөхөрлөхөд тэднийг урамшуулан дэмж.

  • Ялангуяа муу зуршилдаа эргэн автсан тохиолдолд ч өөдрөг байж, урам дэм өг.

Хожмын үеийн гэгээнтнүүд шинэ гишүүдтэй найзалж нөхөрлөх замаар тэдэнд идэвхтэй хэвээр үлдэхэд нь хамгийн үр дүнтэй тусалж чадна. Гишүүд таны зааж буй хүмүүст болон шинэ гишүүдэд халуун дулаан, эерэг хандлагатайгаар тусламжийн гараа сунгах ёстой. Инээмсэглэн мэндэлж, амьдрал хэр байгааг нь чин сэтгэлээсээ асууж, цуглааны үеэр хажууд нь суун, гэр бүлийн оройн хоол эсвэл гэр бүлийн үдшид урихад зочид болон шинэ хөрвөгчид таатай ханддаг.

Зарим хүн донтох зам руу эргэн орох магадлалтай тул санваарын удирдагчид болон гишүүд таны зааж буй хүн эсвэл шинэ гишүүн ийм асуудалд орсныг олж мэдээд цочирдох эсвэл сэтгэлээр унах ёсгүй. Хэрэв тухайн хүн хуучин дур хүсэлдээ бууж өгсөн бол уг хүнийг шүүмжлэхийн оронд хайрлаж байгаагаа үзүүлэх ёстой. Үүнд түр зуурын, ойлгож болох алдаа гэсэн байдлаар хандах ёстой. Зааж буй хүнээ эсвэл шинэ хөрвөгчийг буруутгах нь хэзээ ч тус болж байгаагүй бөгөөд сэтгэлээр унах, бүтэлгүйтэхэд мөн идэвхгүй байдал руу хөтөлж болох юм. Шинэ хөрвөгч гэнэт сүмд ирэхээ больсон бол эргэн донтож, өөрийгөө зохисгүй хэмээн бодож мөн сэтгэлээр унасан байж болзошгүй. Тэр даруй эргэн очиж, урам зориг өгч, дэмжлэг үзүүлэх нь тухайн хүнд амжилт гаргахад тусалж чадна. Гишүүд үг, үйл хөдлөлөөрөө Сүм бол Христийн хайрыг олох газар гэдгийг үзүүлэх ёстой (3 Нифай 18:32-ыг үзнэ үү). Ахлагч Дэйл Г.Рэнланд “Бид бусдыг өөр өөрийн өвчинтэйгөө тэмцэж байх үед зөвхөн хүлээцтэй байгаад зогсохгүй, тэдэнд найрсаг, тэвчээртэй хандаж, тэднийг дэмжиж, ойлгох ёстой” гэж зөвлөжээ (“Хожмын үеийн гэгээнтнүүд шантралгүй хичээсээр байдаг,” Ensign, May 2015, 57 эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 44).

Хүн аливаа донтолтыг ялан дийлэхээр ажиллах явцдаа Сүмд идэвхтэй хэвээр үлдэж, итгэлтэй амьдрахыг хичээх нь чухал юм.

Үйл ажиллагаа: Хувиараа суралцах

Хуруугаа дуугаргах, нүдний шилээ засах, хэтрүүлэн идэх эсвэл өглөө хэт удаан унтах зэрэг бодолгүйгээр байнга хийдэг зарим зуршлаа бод. Одоо үүнийгээ огт хийлгүй нэг өдөр өнгөрөөхийг хичээ. Амжилттай болбол, бүтэн долоо хоног хийхгүй явахыг хичээ. Туршлагаа хамтрагчтайгаа ярилц. Дараа нь зааж буй хүнд тань порнограф эсвэл тамхи, архи, хар тамхи зэрэг хорт зүйлд донтсон донтолтоосоо салах ямар их хэцүү болохыг төсөөлөхийг хичээ.

Ямар нэгэн зүйл үлдээх

Заах айлчлал бүрийнхээ төгсгөлд дараачийн уулзалтад бэлтгэхийн тулд уншиж, тунгаан бодох ямар нэг зүйлийг зааж буй хүмүүстээ өг. Та тэдэнд Мормоны Номын хэдэн бүлгийг судлахаар даалган өгч эсвэл Gospel Library гэх мэт Сүмээс зөвшөөрөгдсөн эх сурвалжаас (хэвлэн гаргасан болон цахим) асуудлынхаа хариултыг олж, аль нэгэн сэдвийг судлахад эсвэл видео бичлэг үзэхэд урамшуулж болно. Зааж буй хүмүүстээ үргэлж бодох, тунгаах, залбирах ямар нэг зүйл өгөх ёстой. Энэ нь дараагийн уулзалт дээр яриагаа эхлүүлэх сэдэв болно.

Үйл ажиллагаа: Хамтрагчтайгаа суралцах

Хүмүүст үлдээх боломжтой Сүмээс зөвшөөрөгдсөн эх сурвалжуудаа шалга. Хичээл заалгаж байгаа хүмүүстэйгээ хуваалцаж болох өөр ямар эх сурвалж материал авах хэрэгтэй байна вэ? Захиалах хэрэгтэй зүйлсийнхээ жагсаалтыг гарга.

Энэ долоо хоногт хичээл заахаар төлөвлөсөн хүмүүсийнхээ талаар нэг бүрчлэн бод. Мормоны Номын ямар бүлгүүд тэдэнд хамгийн их туслах вэ? Өөр ямар зүйлс тэдэнд туслах вэ? Хүн бүрд өгөх гэж байгаа зүйлээ мөн дараагийн уулзалтаар юуг лавлан асуухаа тэмдэглэн бич.

Христийн шашинтай бус хүмүүст сэргээгдсэн сайн мэдээг заах

Таны заах зарим хүн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэдэггүй эсвэл Христийн шашны уламжлалгүй байж болно. Гэхдээ тэр хүмүүсийн олонд нь эрхэмлэн нандигнадаг итгэдэг зүйлс, зан үйл мөн газар байдаг. Бурханы үйлчлэгчийн хувьд тэдний итгэл, уламжлалыг зохих ёсоор хүндлэх нь нэн чухал. Тэдний хувьд чухалд тооцогдох зүйлсэд үл хүндэтгэсэн байдлаар огтхон ч хандаж болохгүй.

Та энэ хүмүүст заах аргаа хэрхэн өөрчилж болох вэ гэж бодож байж болно. Гарал үүслээс үл хамааран, хөрвөгдөхийн тулд Бурханы бүх хүүхэд Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, наманчлан, баптисм хүртэх болон гишүүнээр батлуулах ёслол үйлдүүлж, зарлигуудыг сахин, үйлчлэх замаар эцсээ хүртэл тэвчих ёстой гэдгийг санах нь тустай байх болно. Есүс Христэд итгэх итгэлийг хөгжүүлэхэд туслах зарчмууд нь бүх соёл иргэншилд ижилхэн байдаг. Христийн шашны бус хүмүүст заахад зориулсан үнэтэй эх сурвалжийг та Gospel Library-ийн “Номлогч” хэсгээс олж болно.

Та хүмүүст Бурханы мөн чанарын талаар зүгээр нэг заахын оронд хувийн сүнслэг туршлага олж авахад нь туслах замаар тэдэнд бидний Тэнгэрлэг Эцэг болох Бурханы талаар зөв ойлголттой болж, Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэхэд тусалж чадна. Жишээ нь, хүмүүс доорх зүйлүүдийг хийх үед та тэдэнд энэ талаарх ойлголтоо өсгөн нэмэгдүүлэхэд тусална. Үүнд:

  • Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёр бошиглогч Иосеф Смит дээр ирсэн хэмээх сүнслэг итгэлийг олж авах;

  • Есүс Христийг яагаад дагах болсон зэрэг сайн мэдээний талаар чин сэтгэлээсээ зааж мөн гэрчлэхийг тань сонсох;

  • Таныг болон бусад хүнийг Тэнгэрлэг Эцэгт хандан энгийн, сэтгэл хөдөлгөм залбирахыг олонтоо сонсох;

  • Хүчирхэг гэрчлэлээ хуваалцахыг тань сонсох;

  • Тантай хамт мөн өөрсдөө ганцаараа залбирах;

  • Тэдэнтэй хамт уншиж, ярилцахад судруудын талаар ямар бодолтой байгааг тань мэдэх;

  • Өдөр бүр судраас (ялангуяа Мормоны Номоос) Бурханы үгийг унших;

  • Сүмд явснаар бид Их Эзэнийг хэрхэн шүтэн биширдгийг харах;

  • Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд хэрхэн итгэдэг болсноо тайлбарлаж чадах Сүмийн гишүүдтэй уулзах;

  • Зарлигуудыг сахих зэрэг юм.

Эдгээр үйл ажиллагаа таны заах бүх хүнд ашиг тустай ч Христийн шашны бус хүмүүс ийм зүйл өмнө нь хийж байгаагүй учраас тэдэнд заахад эдгээр нь нэн чухал юм.

Христийн шашинтай бус олон хөрвөгч номлогчдын ярьж байгаа зүйлийн ихэнхийг ойлгоогүй ч Сүнсийг мэдэрч, номлогчдын хэлсэн зүйлийг хийхийг хүссэн гэдгээ хэлсэн байдаг. Сайн мэдээний сургаалыг ойлгоход нь хүмүүст туслахын тулд чадах бүхнээ хий. Хүмүүст доторх мэдрэмжээ тодорхойлж, илэрхийлж сурахад нэлээд хугацаа шаардагдаж болох учраас тэвчээртэй байж, тусалж дэмж. Тэдэнд ойлгоход нь туслахын тулд заах хурдаа тааруулах, хэр дэлгэрэнгүй заахаа өөрчлөх хэрэг гарч болно. Христийн шашны бус хүмүүст заахаар бэлтгэхэд тань доорх зөвлөгөөнүүд тус болж болох юм. Үүнд:

  • Хичээл бүрийн энгийн утга санаа болон тоймыг бэлтгэж өг.

  • Тэднээс юу ойлгосон болон тэдэнд юу тохиолдсон талаар ярихыг хүс.

  • Онц чухал үгс болон зарчмуудыг цаг гарган тайлбарла. Заахдаа ашиглах олон үгийг тань таны хичээл заалгаж байгаа хүмүүс мэдэхгүй байж болно.

  • Сургаалыг илүү тодорхой заахын тулд өмнө нь заасан хичээлээ дахин авч үз. Зааж байх аль ч явцад үүнийг хийх хэрэгтэй байж болох юм.

Судрын жишээнүүд

Бурханд итгэдэггүй эсвэл Түүний мөн чанарыг буруу ойлгосон хүмүүст зааж байсан номлогчдын жишээнүүд судруудад байдаг. Доорх судруудыг судлаад, Бурхан оршдог гэсэн гэрчлэлтэй болоход нь хүмүүст номлогчид хэрхэн тусалсныг хамтрагчдаа тайлбарла эсвэл судлах тэмдэглэлдээ бич.

Үйл ажиллагаа: Хамтрагчтайгаа суралцах

Боломжтой бол номлогчидтой уулзахаасаа өмнө Христэд итгэдэг уламжлалтай байгаагүй хөрвөгчийг олж тогтоо. Түүнтэй уулзах цаг товлож, түүний хөрвөгдсөн туршлагын талаар асуу. Жишээ нь, уг хүнийг юу Бурханд итгэхэд хүргэсэн тухай, анх удаа залбирч, залбирлынхаа хариултыг авснаа анх хэрхэн мэдэрсэн тухай, хөрвүүлэгдэхэд гүйцэтгэсэн судрын үүргийн талаар болон ням гаргийн ёслолуудад оролцоход ямар байсныг нь асууж болох юм. Мэдэж авсан зүйлээ судлах тэмдэглэлдээ бич.

Үүнийг сана

  • Хүмүүс сэргээгдсэн сайн мэдээг заалгаж, үүний дагуу амьдарснаар тэдний хэрэгцээ гүйцэлдэх болно.

  • Нэгдмэл байж, нэгэн дуу хоолойгоор заахын тулд өдөр бүр хамтрагчтайгаа төлөвлөж мөн суралц.

  • Гэрчлэлээ ойр ойрхон хуваалц.

  • Судруудыг, ялангуяа Мормоны Номыг заах үндсэн эх сурвалж болго.

  • Энэ бүлэгт дүрсэлсэн ур чадварыг хэзээ ашиглахаа мэдэхийн тулд ялган таних бэлгийн төлөө залбир.

Суралцаж, амьдралд хэрэгжүүлэх санаа

Хувиараа суралцах

  • Та өөрийгөө доорх нөхцөл байдалд орсон гэж төсөөл. Энэ хүмүүст өсөж хөгжихөд нь туслахын тулд та энэ бүлэг дэх зарчим, ур чадваруудыг хэрхэн ашиглаж болох вэ? Доорх нөхцөл бүрд тэдгээрийг хэрхэн хэрэгжүүлэхээ төлөвлө.

    • Цэцэрлэгээр алхаж явахдаа та сандал дээр нэгэн эмэгтэй жаахан хүүгийн хамт сууж байхыг харжээ. Эмэгтэй уйлж байв.

    • Баптисм хүртэхэд бэлтгэж байгаа хүний гэрт ирэхэд тэр та нартай дахин уулзахыг хүсэхгүй байгаагаа хэлжээ.

    • Хоёр жилийн турш хэд хэдэн номлогчоор заалгасан хүнтэй та долоо дахь удаагаа уулзаж байна. Тэрээр өсөж хөгжиж байна гэсэн шинж тэмдэг маш бага харагдаж байлаа.

    • Та нэгэн гишүүний гэр бүлд сайн мэдээний захиасыг зааж эхлэх гэж байна. Гэтэл тэд “Бид таньдаг хүн бүрээс номлогчидтой уулзах уу гэж асуусан ч бүгдээрээ үгүй гэж хэлсэн” гэж хэлэв.

  • Номлогчийн хичээлүүдээс нэгийг сонго. Гол зарчим бүрээс нэг эсвэл хоёр судрын хэсгийг тодорхойл. Энэ бүлгийн “Судруудыг ашиглах” хэсэгт тоймлосноор, тэдгээр захиасыг заах дадлага хий.

  • Хэдэн долоо хоногийн курс болгон, сайн мэдээнүүдийг (Матай, Марк, Лук, Иохан) болон 3 Нифай дахь Аврагчийн сургаалыг авч үз. Түүний тавьсан асуултуудыг судлах тэмдэглэлдээ жагсаан бич. Тэдгээр асуултыг өөрийнхөө байнга асуудаг асуултуудтай харьцуул.

  • Алма 18 дахь Аммон, хаан Лемонай хоёрын тухай түүхийг мөн Алма 22:4–18 дахь Аароны түүхийг унш. Унших явцдаа Аммон, Аарон хоёр хэрхэн доорх зүйлсийг хийснийг олж тогтоо мөн дүрсэл. Үүнд:

    • Сүнсийг дагаж мөн хайраар заасан.

    • Зааж эхэлсэн.

    • Заах зүйлээ хэрэгцээнд нь нийцүүлсэн.

    • Гэрчлэлээ хуваалцсан.

    • Судруудыг ашигласан.

    • Асууж, сонсож мөн асуудлуудыг нь шийдсэн.

    • Заасан хүмүүсээ амлалт өгөхөд урамшуулсан.

  • Ерөнхийлөгч Харолд Б.Лигийн ойлгохын төлөө заах тухай хэлсэн дараах үгийг тунгаан бод. Та сайн мэдээний сургаалуудыг хэр ойлгомжтой заадгаа дүгнэ. Юу сурснаа судлах тэмдэглэлдээ тэмдэглэ.

    “Та нар судрын агуулгыг хэвээр хадгалж мөн үүнийг ойлгомжтой үг хэллэгээр танилцуулж болно” (The Teachings of Harold B. Lee, sel. Clyde J. Williams [1996], 444).

    “Эдүгээ багш болох та нарыг шинэ сургаал заалгахын тулд илгээгээгүй юм. Та нар зөвхөн [хуучин] сургаалыг ойлгуулах төдий энгийнээр заах биш, харин Сүмийн [сургаалыг] хэнд ч буруугаар ойлгогдохгүйгээр энгийнээр заах ёстой” (The Teachings of Harold B. Lee, 458).

Хамтрагчтайгаа суралцах

  • Саяхан заасан хичээлийнхээ төлөвлөгөөг эргэн хар. Төлөвлөгөөндөө тоймлосон гол зарчим бүрд нэг асуулт бич. Дараа нь тэдгээр нь энэ бүлэгт заасан зүйлтэй нийцэж байгаа эсэхийг харахын тулд асуултуудаа авч үз. Үүний дараа, асуулт бүрд заалгаж байгаа хүн шиг хариул. Шаардлагатай бол асуултаа өөрчил. Асуултаа хамтрагчтайгаа хуваалц. Хамтдаа асуултуудаа үнэлж дүгнэ.

    Хичээл заалгаж байгаа хүнийхээ хэрэгцээг бодож үз. Таны асуултуудад тэр хэрхэн хариулж болох талаар ярилц. Түүнчлэн эдгээр асуулт Сүнсийг хэрхэн урин авчирч, сайн мэдээнээс суралцахад нь тэдэнд туслах талаар ярилц.

  • Хичээл заалгаж байгаа шинэ хүмүүсийнхээ талаар бод. Тэдний өсөлт хөгжилд хэрхэн тусалж чадахаа ярилц. Санаануудаа судлах тэмдэглэлдээ бичиж мөн өдөр тутмын төлөвлөгөөн дээрээ төлөвлөгөө гарга.

Дүүргийн зөвлөл, бүсийн чуулган, номлолын удирдлагын зөвлөл

  • Гишүүдийг эсвэл одоо хичээл заалгаж байгаа хүмүүсээ цуглаандаа урьж оролцуул. Чухал захиаснуудаа хуваалцах номлогчдын чадварыг сайжруулахыг хүсэж байгаагаа уг бүлэг хүнд тайлбарла. Нэг хичээл болон ур чадварыг сонго. Таны тодорхойлсон ур чадвар дээр төвлөрөн, уг хүнд эсвэл хүмүүст сонгосон хичээлийг номлогчдоор 20 минут заалгуул. 20 минутын дараа хичээл заалгаж байгаа хүнийг нь соль. Номлогчид заах боломж олгосны дараа бүлгийг нэгтгэн цуглуулж, тухайн хүнээр эсвэл хүмүүсээр аль нь хамгийн үр дүнтэй байсныг мөн аль чадвараа сайжруулж болохыг номлогчдод хэлүүл.

  • Номлогчид хүмүүст зааж эсвэл хүмүүстэй холбоо тогтоож байгаа жишээг харуулсан видео бичлэг үзүүл. Нэг ур чадварыг сонгоод, видео бичлэг дээрх номлогчид уг ур чадварын зарчмуудыг хэрхэн хэрэгжүүлснийг бүлгээрээ ярилц.

  • Ур чадварыг эсвэл уг ур чадварын чухал хэсгийг сонгоод, үүнийг дэмждэг сургаал эсвэл судрын хэсгийг тодорхойл. Ур чадварын сургаалын үндсийг номлогчдод заа.

Номлолын ерөнхийлөгч, түүний хамтрагч болон зөвлөхүүд

  • Заримдаа номлогчдыг хичээл заахад хамт яв. Заахад хэрхэн оролцохоо тэдэнтэй хамт төлөвлө.

  • Заахаар явахад нь номлогчидтой хамт явж, санаа бодлоо хуваалцахад санваарын болон туслах бүлгийн удирдагчдыг урамшуул.

  • Бүсийн чуулган, номлолын удирдагчдын зөвлөл, ярилцлага зэргийн үеэр мөн номлогчидтой хамт зааж байхдаа судар, асуулт зэргийг болон анхааралтай сонсох байдлыг хэрхэн үр дүнтэй ашиглаж байгаагаа үзүүл.