Бүлэг 11
Нифайчуудын мөнгөний тогтолцоо тайлбарлагдав—Амюлек Зиезромтой маргалдав—Христ нүгэлдээ буй хүмүүсийг аврахгүй—Зөвхөн тэнгэрийн хаант улсыг өвлөдөг тэд л аврагддаг—Бүх хүмүүн үхэшгүй байдалд босох болно—Амилуулалтын дараа үхэл гэж үгүй. Ойролцоогоор МЭӨ 82 он.
1 Эдүгээ Мозаягийн хуулинд, хуулийн шүүгч байсан хүн бүр, өөрөөр хэлбэл шүүгчид байхаар томилогдсон тэд өөрсдийнх нь өмнө шүүгдэхээр авчрагдсан тэднийг шүүхээр хөдөлмөрлөсөн тэр цагийнхаа дагуу хөлс авах ёстой хэмээсэн байлаа.
2 Эдүгээ хэрэв хүн өөр нэгэнд өртэй, мөн тэр тавьсан өрөө төлөхгүй бол, тэрээр шүүгчид мэдүүлэгддэг байв; мөн шүүгч эрх мэдлээ ашиглан үйлдэж, мөн уг хүнийг өөрийн өмнө авчруулахаар албан тушаалтнуудыг илгээдэг байв; мөн тэрээр уг хүнийг хуулийн, мөн түүний эсрэг өгөгдсөн нотолгоонуудын дагуу шүүж, мөн тийн уг хүн тавьсан өрөө төлөхөөр албадуулж, эсвээс хөрөнгөөсөө хураалгаж, эсвээс хулгайч мөн дээрэмчин хэмээгдэн хүмүүсийн дундаас зайлуулагддаг байсан ажгуу.
3 Мөн шүүгч цагийнхаа дагуу өөрийн хөлсийг авдаг—өдөрт нэг алтан синайн, эсвэл нэг алтан синайнтай тэнцэх нэг мөнгөн сенамыг буюу; мөн энэ нь өгөгдсөн хуулийн дагуу бөлгөө.
4 Эдүгээ дараах нь үнэ цэнийх нь дагуу алт болон мөнгөн өөр өөр зооснуудын нэрс буюу. Мөн уг нэрс нифайчуудаар өгөгджээ, учир нь тэд Иерусалимд байсан иудейчүүдийн маягаар тооцоолдоггүй байсан аж; бас иудейчүүдийн маягаар хэмждэг ч үгүй байв; харин шүүгчдийн засаглалыг хүртэл үе болгонд, тэд хүмүүсийн бодол мөн нөхцөлийн дагуу, өөрсдийн үнэлгээ болоод өөрсдийн хэмжүүрийг өөрчилдөг байв, мөн эдгээр нь Мозая хаанаар тогтоогдсон буюу.
5 Эдүгээ үнэлгээ нь ийм буюу—алтан синайн, алтан сеон, алтан шаам, алтан лимна.
6 Мөнгөн синам, мөнгөн амнор, мөнгөн эзром, мөн мөнгөн онтай.
7 Нэг мөнгөн синам нь нэг алтан синайнтай тэнцэж, мөн аль аль нь нэг шуудай арвайтай, мөн түүнчлэн бүх төрлийн нэг шуудай буудайтай тэнцдэг байв.
8 Эдүгээ нэг алтан сеон нь хоёр синайны дайтай байв.
9 Мөн нэг алтан шаам нь хоёр сеоны дайтай байв.
10 Мөн нэг алтан лимна нь тэднийг бүгдийг нэгтгэсний дайтай байв.
11 Мөн нэг мөнгөн амнор нь хоёр синамтай дүйцэхүйц их байв.
12 Мөн нэг мөнгөн эзром нь дөрвөн синамтай дүйцэхүйц их байв.
13 Мөн нэг онтай нь тэднийг бүгдийг нэгтгэсэнтэй дүйцэхүйц их байв.
14 Эдүгээ энэ нь тэдний үнэлгээний бага нэгжүүд—
15 Нэг шиблон нь хагас синам; тиймийн тул, нэг шиблон нь шуудай арвайн хагастай нь тэнцдэг байв.
16 Мөн нэг шиблам нь хагас шиблон болно.
17 Мөн нэг лиа нь хагас шиблам болно.
18 Эдүгээ энэ нь тэдний үнэлгээний дагуух нэгж нь болой.
19 Эдүгээ нэг алтан антион нь гурван шиблонтой тэнцдэг.
20 Эдүгээ баяжих гэсэн цорын ганц зорилгын төлөө, тэд ажилласныхаа дагуу хөлсөө авдаг байсан учир, тиймийн тул, тэд өөрсдөө илүү их ажилтай байж, тэдний өмнө авчрагдсан шүүх үйл ажиллагааны дагуу мөнгө олж болохын тулд тэд хүмүүсийг зөрчилдөөнд, мөн бүх төрлийн үймээнд бас ёс бусад өдөөн хатгадаг байсан болой; тиймийн тул тэд хүмүүсийг Алма, Амюлек хоёрын эсрэг өдөөн хатгав.
21 Мөн энэ Зиезром Амюлекийг шалгааж эхлэв, өгүүлсэн нь: Миний чамаас асуух хэдэн асуултад чи хариулах уу? Эдүгээ Зиезром зөв сайн болох түүнийг устгаж болохын тулд чөтгөрийн аргуудад мэргэжсэн хүн байв; тиймийн тул, тэрээр Амюлект: Миний чамд тавих асуултуудад чи хариулах уу? хэмээв.
22 Мөн Амюлек түүнд хэлэв: Тийм ээ, хэрэв энэ нь надад орших Их Эзэний Сүнсний дагуу байх аваас буюу; учир нь би Их Эзэний Сүнсний эсрэг юу ч хэлэхгүй. Мөн Зиезром түүнд хэлсэн нь: Болгоогтун, энд зургаан мөнгөн онтай байна, мөн хэрэв чи Эрхэм Агуу Нэгэний оршихуйг үгүйсгэх аваас би энэ бүгдийг чамд өгөх болно.
23 Эдүгээ Амюлек хэлэв: Ай тамын хүүхэд чи, юуны учир намайг уруу татнав? Зөв шударгыг үйлдэгчид иймэрхүү ямар ч уруу таталтад бууж өгдөггүйг чи мэдэх үү?
24 Чи Бурхан үгүй гэдэгт итгэдэг үү? Би чамд хэлнэ, Үгүй, Бурхан байдгийг чи мэднэ, гэхдээ чи түүнээс илүүгээр ашиг хонжоог хайрладаг.
25 Мөн эдүгээ Бурханы өмнө чи надад худал хэллээ. Чи тэдгээрийг надад өгөлгүй өөртөө үлдээхээр зүрх сэтгэлдээ төлөвлөж байсан ч—энэ их үнэтэй зургаан онтайг болгоогтун, би чамд өгөх болно—хэмээн чи надад хэллээ; мөн чи намайг устгах шалтаг олж болохын тулд би үнэн бөгөөд амьд Бурханыг үгүйсгэх нь чиний цорын ганц хүсэл байсан. Мөн эдүгээ болгоогтун, энэхүү их хилэнцийн төлөө чи шангаа хүртэх болно.
26 Мөн Зиезром түүнд хэлэв: Үнэн бөгөөд амьд Бурхан байдаг гэж чи хэлэв үү?
27 Мөн Амюлек хэлэв: Тийм ээ, үнэн бөгөөд амьд Бурхан байдаг.
28 Эдүгээ Зиезром хэлсэн нь: Нэгээс илүү Бурхан байдаг уу?
29 Мөн тэр, Үгүй гэж хариулав.
30 Эдүгээ Зиезром түүнд тэрчлэн хэлсэн нь: Чи эдгээр зүйлийг яаж мэддэг юм бэ?
31 Мөн тэр хэлсэн нь: Нэгэн тэнгэр элч надад эдгээрийг мэдүүлсэн билээ.
32 Мөн Зиезром үүнчлэн хэлэв: Ирэх тэр нь хэн юм бэ? Тэр нь Бурханы Хүү мөн үү?
33 Мөн тэрээр түүнд, Тийм хэмээн хэлэв.
34 Мөн Зиезром түүнд үүнчлэн хэлсэн нь: Тэрээр нүгэлдээ буй өөрийн хүмүүсийг аврах уу? Мөн Амюлек хариулж мөн түүнд хэлэв: Би чамд хэлнэ, тэр тэгэхгүй, учир нь өөрийн үгийг үгүйсгэх нь түүнд боломжгүй бөлгөө.
35 Эдүгээ Зиезром хүмүүст хэлсэн нь: Та нар эдгээр зүйлийг санахаа мэд; учир нь тэрээр цорын ганц Бурхан буй гэж хэллээ; гэсэн ч тэр Бурханы Хүү ирэх болно, харин тэр өөрийн хүмүүсийг аврахгүй хэмээн—Бурханд зарлиглах эрх мэдэл өөрт нь буй мэтээр ярив.
36 Эдүгээ Амюлек тэрчлэн түүнд хэлэв: Болгоогтун чи худал хэлэв, учир нь чи намайг Бурханд зарлиглах эрх мэдэлтэй мэтээр ярьсан хэмээн хэлж байна, би нүгэлдээ буй өөрийн хүмүүсийг тэрээр аврахгүй хэмээн хэлсний учир болой.
37 Мөн тэрээр нүгэлдээ буй тэднийг аварч чадахгүй хэмээн би та нарт дахин хэлнэ; учир нь би түүний үгийг үгүйсгэж чадахгүй мөн тэрээр цэвэр бус нэг ч зүйл тэнгэрийн хаант улсыг өвлөж чадахгүй гэж хэлсэн; тиймийн тул, та нар тэнгэрийн хаант улсыг өвлөхгүйгээр та нар хэрхэн аврагдаж чадах билээ? Тиймийн тул, та нар нүгэлдээ байхдаа аврагдаж чадахгүй.
38 Эдүгээ Зиезром түүнд дахин хэлэв: Бурханы Хүү нь чухам тэрхүү Мөнхийн Эцэг юм уу?
39 Мөн Амюлек түүнд хэлэв: Тийм ээ, тэр бол тэнгэр мөн газар дэлхийн, мөн тэдэнд багтах бүх зүйлийн чухамхүү тэр Мөнхийн Эцэг буюу; тэр бол эхлэл ба төгсгөл, эхнийх бөгөөд эцсийнх болой;
40 Мөн тэрбээр өөрийн хүмүүсийг гэтэлгэхээр дэлхийд ирэх болно; мөн тэрээр өөрийнх нь нэрэнд итгэх тэдний зөрчлүүдийг өөр дээрээ авах болно; мөн эдгээр нь мөнх амьдралыг авах тэд болой, мөн өөр хэнд ч аврал ирэхгүй.
41 Тиймийн тул ёс бусыг үйлдэгчдийн хувьд үхлийн хүлээс тайлагдахаас бусдаар, гэтэлгэл хийгдээгүй мэтээр үлдэнэ; учир нь болгоогтун, бүгд нас барагсдын дундаас босож мөн Бурханы өмнө зогсож, мөн үйлүүдийнхээ дагуу шүүгдэх тэр өдөр ирэх болно.
42 Эдүгээ зуурдын биеийн үхэл гэж нэрлэгдсэн үхэл байдаг; мөн Христийн үхэл нь энэ зуурдын биеийн үхлийн хүлээсийг тайлснаар, бүгд зуурдын биеийн энэ үхлээс босгогдох болно.
43 Сүнс мөн бие төгс хэлбэртээ дахин нэгдэх болно; бүр бид одоо энэ цагт байгаа шигээ, үе болон мөч аль аль нь зохих бүтэцдээ сэргээгдэх болно; мөн бид одоогийнхоо мэдэж буйн адил мэдлэгтэйгээр, мөн өөрсдийн бүх гэмийн тодорхой дурсамжтайгаар Бурханы өмнө зогсохоор аваачигдах болно.
44 Эдүгээ энэ сэргээлт нь бүгдэд, настай мөн залуу аль алинд нь, боол мөн чөлөөт аль алинд нь, эрэгтэй мөн эмэгтэй аль алинд нь, ёс бусыг үйлдэгчид мөн зөв шударгыг үйлдэгчдэд аль алинд нь ирэх болно; мөн бүр тэдний толгойн үсний нэг ширхэг нь ч гээгдэхгүй болой; харин бүх зүйл одоогийнхоо адил буюу биетэй байгаагийнхаа адил төгс бүтэцдээ сэргээгдэх болно, мөн нэгэн Мөнхийн Бурхан болох Хүү Христ, мөн Эцэг Бурхан, мөн Ариун Сүнсний индрийн өмнө шүүгдэхээр авчрагдан, тэгээд өөрсдийн үйлүүд нь сайн ч бай, эсвэл хилэнцэт ч бай, тэдгээрийн дагуу шүүгдэх болно.
45 Эдүгээ, болгоогтун, би чамд зуурдын биеийн үхлийн талаар мөн түүнчлэн зуурдын биеийн амилуулалтын талаар ярьсан билээ. Би чамд хэлнэ, энэ зуурдын бие үхэшгүй биед, тодруулбал үхлээс, бүр эхний үхлээс амилуулан босгогдоно, тэгснээр тэд дахин үхэж чадахгүй болно; тэдний сүнснүүд биестэйгээ хэзээ ч салгагдахгүйгээр нэгдэнэ; тэд дахин ялзралыг үзэж чадахгүй болж, тийн бүхэл бүтнээрээ сүнсний бөгөөд үхэшгүй байдалтай болно.
46 Эдүгээ, Амюлек эдгээр үгийг дуусгахад хүмүүс дахин гайхширч эхлэв, мөн түүнчлэн Зиезром салгалж эхлэв. Мөн тийн Амюлекийн үгс төгсөв, өөрөөр хэлбэл миний бичиглэсэн бүхэн нь энэ буюу.