Судрууд
Алма 14


Бүлэг 14

Алма, Амюлек хоёр шоронд хоригдож мөн цохигдов—Итгэгчид болон тэдний ариун судрууд галд шатаагдав—Итгэл бишрэлийнхээ төлөө үхсэн эдгээр нь Их Эзэнээр сүр жавхланд хүлээн авагджээ—Шоронгийн хана цуурч мөн нурав—Алма, Амюлек хоёр чөлөөлөгдөж, мөн тэднийг хавчигчид алагдав. Ойролцоогоор МЭӨ 82–81 он.

1 Мөнхүү улиран тохиох дор тэрээр хүмүүст ярихаа төгсгөл болгосны дараа тэдний олон нь түүний үгсэд итгэсэн болой, мөн наманчилж, мөн судруудыг судалж эхлэв.

2 Гэвч тэдний ихэнх хэсэг нь, Алма, Амюлек хоёрыг устгаж болохыг хүсэж байв; учир нь Зиезромд хандсан түүний шулуун үгсийн учир тэд Алмад уурлаж байв; мөн тэд түүнчлэн Амюлек тэдэнд худал хэлж, мөн тэдний хуулийг мөн түүнчлэн тэдний хуульчид болоод шүүгчдийг доромжилсон хэмээн хэлж байв.

3 Мөн түүнчлэн Алма, Амюлек хоёрт тэд уурлаж байв; мөн тэд өөрсдийнх нь ёс бусын эсрэг тийм шулуухнаар гэрчилсэн учир, тэднийг нууцаар хөнөөхийг тэд эрэлхийлэв.

4 Гэвч улиран тохиох дор тэд тэгсэнгүй; гэвч тэд тэднийг баривчлан мөн тэднийг бөх олсоор хүлж, мөн нутгийн ерөнхий шүүгчийн өмнө тэднийг аваачив.

5 Мөн хүмүүс урагшилж мөн тэдний эсрэг гэрчлэв—тэд хуулийг, мөн нутгийн хуульчид болон шүүгчдийг, мөн түүнчлэн уг нутагт байсан бүх хүнийг доромжилсон хэмээн мэдүүлэв; мөн түүнчлэн ганцхан Бурхан буй, мөн тэрээр өөрийн Хүүг хүмүүсийн дунд илгээх боловч, тэр нь тэднийг үл аврах болно хэмээн гэрчилснийг; мөн олон иймэрхүү зүйлийг Алма, Амюлек хоёрын эсрэг хүмүүс гэрчлэв. Эдүгээ энэ нь уг нутгийн ерөнхий шүүгчийн өмнө болов.

6 Мөнхүү улиран тохиох дор Зиезром яригдсан тэр үгсэд гайхсан ажгуу; мөн тэрээр түүнчлэн худал үгсээрээ хүмүүсийн дунд өөрийн бий болгосон оюун санааных нь харалган байдлын талаар мэдэж байв; мөн түүний сүнс өөрийн гэмийн ухамсарт тарчилж эхлэв; тийм ээ, тэрээр тамын шаналлаар хүрээлэгдэж эхлэв.

7 Мөнхүү улиран тохиох дор тэрээр хүмүүст хашхирч эхлэн, хэлсэн нь: Болгоогтун, би бол гэмтэй, мөн энэ хоёр хүн Бурханы өмнө толбогүй. Мөн тэр цагаас хойш тэрээр тэдний өмнөөс гуйж эхлэв; гэвч тэд түүнийг доромжилж хэлсэн нь: Та түүнчлэн чөтгөрт эзлэгдчихэв үү? Мөн тэд түүн дээр нулимж, мөн түүнийг, мөн түүнчлэн Алма, Амюлек хоёроор яригдсан үгсэд итгэсэн тэд бүгдийг өөрсдийнхөө дундаас зайлуулав; мөн тэд тэднийг зайлуулж, мөн тэдний зүг чулуу шидүүлэхээр хүмүүсийг илгээв.

8 Мөн тэд эхнэр болон хүүхдүүдийг нь хамтад нь цуглуулж, мөн Бурханы үгэнд итгэсэн эсвэл итгэхээр заалгасан хэнийг боловч тэднийг галд хаягдахаар болгов; мөн түүнчлэн тэд ариун судруудыг тээсэн тэдний цэдгүүдийг авчирч, тэдгээр нь галд шатаагдаж мөн устгагдаж болохын тулд тэдгээрийг түүнчлэн галд хаяв.

9 Мөнхүү улиран тохиох дор тэд Алма, Амюлек хоёрыг барьж, мөн тэд галд шатаж буй тэдний устгалыг үзэж болохын тулд, тэднийг итгэл бишрэлийнх нь төлөө хороодог газарт аваачив.

10 Мөн галд шатаж буй эмэгтэйчүүд мөн хүүхдүүдийн шаналж буйг Амюлек хараад, тэрээр түүнчлэн шаналав; мөн тэр Алмад хэлэв: Бид энэ аймшигт явдлыг харж яахан чадах билээ? Тиймийн тул гараа сунгаж, мөн бидэнд буй Бурханы хүчийг ашиглаж, мөн тэднийг дөлнөөс аварцгаая.

11 Гэвч Алма түүнд хэлэв: Сүнс намайг гараа сунгах ёсгүй хэмээн албадаж байна; учир нь болгоогтун Их Эзэн тэднийг өөртөө сүр жавхланд хүлээн авах болно; өөрийн хилэгнэлд тэдний дээр үзүүлэх шүүлтүүд шударга байж болохын тулд, хүмүүс зүрх сэтгэлийнхээ хатуу байдлын дагуу энэ зүйлийг хийж болохыг, өөрөөр хэлбэл тэд энэ зүйлийг хийж болохыг тэрээр тэдэнд зөвшөөрч байна; мөн гэм зэмгүй хүмүүсийн цус тэдний эсрэг гэрч болон зогсох болно, тийм ээ, мөн эцсийн өдөр тэдний эсрэг хүчтэйгээр хашхирах болно.

12 Эдүгээ Амюлек Алмад хэлэв: Болгоогтун, магадгүй тэд түүнчлэн биднийг ч шатаах болно.

13 Мөн Алма хэлэв: Их Эзэний тааллын дагуу болог. Гэвч, болгоогтун, бидний ажил дуусаагүй байна; тиймийн тул тэд биднийг шатаахгүй.

14 Эдүгээ улиран тохиох дор галд хаягдсан тэдний биес, мөн түүнчлэн тэдний дунд хаягдсан цэдгүүд ч бас шатаж дууссаны дараа, нутгийн ерөнхий шүүгч Алма, Амюлек хоёрын өмнө, тэднийг хүлээстэй байхад нь ирж зогсов; мөн тэр гараараа хацар дээр нь тэднийг цохиж, мөн тэдэнд хэлэв: Та нар ийм юм үзчихээд, галт мөн хүхэрт нууранд хаягдах болно хэмээн энэ хүмүүст дахин номлох уу?

15 Болгоогтун, та нар галд хаягдсан тэднийг аврах хүчгүй байснаа харж байна; бас та нарын итгэл бишрэлийнх байлаа гээд Бурхан ч тэднийг аварсангүй. Мөнхүү шүүгч тэднийг дахин хацар дээр нь цохиж, мөн асуув: Та нар өөрсдийнхөө төлөө юу хэлэх вэ?

16 Эдүгээ энэ шүүгч, Гидеоныг алсан Нихорын жаяг мөн бишрэлийн дагуу байв.

17 Мөнхүү улиран тохиох дор Алма, Амюлек хоёр түүнд юу ч хариулсангүй; мөн тэр тэднийг дахин цохиж, мөн тэднийг шоронд хориулахаар албан тушаалтнуудад шилжүүлэв.

18 Мөн тэд шоронд гурав хоног хоригдсоны дараа, Нихорын адил бодолтой байсан олон хуульч болон шүүгч, прист мөн багш нар ирэв; мөн тэд шоронд тэдэнтэй уулзахаар ирж мөн олон үгийн талаар тэднийг шалгаав; гэвч тэд тэдэнд юу ч хариулсангүй.

19 Мөнхүү улиран тохиох дор уг шүүгч тэдний өмнө зогсоод, мөн хэлэв: Та нар яагаад энэ хүмүүсийн үгсэд хариулахгүй байна вэ? Та нарыг галд хийлгэх хүч надад буйг та нар мэдэхгүй гэж үү? Мөн тэрээр тэдэнд ярихыг зарлиглав; гэвч тэд юу ч хариулсангүй.

20 Мөнхүү улиран тохиох дор тэд одож мөн өөрсдийнхөө замаар явцгаав, гэвч маргааш нь дахин ирэв; мөн шүүгч түүнчлэн тэднийг хацар дээр нь дахин цохив. Мөн түүнчлэн олон нь дөхөн очиж, мөн тэднийг цохиж, хэлрүүн: Та нар дахин зогсоод мөн энэ хүмүүсийг шүүж, мөн хуулийг маань шүүмжлэх үү? Хэрэв та нарт тийм их хүч буй аваас та нар өөрсдийгөө яагаад чөлөөлөхгүй байгаа юм бэ?

21 Мөн тэд олон тийм зүйлийг тэдэнд хэлж, шүдээ хавирцгааж, мөн тэдний дээр нулимж, мөн хэлрүүн: Бид яллагдсан үедээ ямар харагдах вэ?

22 Мөн олон иймэрхүү зүйл, тийм ээ, тэд бүх л төрлийн ийм зүйлийг тэдэнд хэлсэн болой; мөн тийн тэд олон хоногийн турш тэднийг дооглов. Мөн тэд өлсөж болохын тулд тэдэнд хоол, мөн тэд цангаж болохын тулд ус өгөхөөс татгалзсан болой; мөн түүнчлэн хувцсыг нь тэднээс авсан учир тэд нүцгэн байв; мөн тийн тэд бөх олсоор хүлүүлэн, мөн шоронд хоригдож байв.

23 Мөнхүү улиран тохиох дор тэд олон хоногийн турш тийн зовсны дараа, (мөн энэ нь Нифайн ард түмний дээрх шүүгчдийн засаглалын арав дахь он, аравдугаар сарын арван хоёр дахь өдөр байв) олсоор хүлэгдсэн Алма, Амюлек хоёрын байгаа шоронд, Аммонайха нутгийн ерөнхий шүүгч мөн тэдний багш нарын мөн тэдний хуульчдын олон нь очив.

24 Мөн ерөнхий шүүгч тэдний өмнө зогсоод, мөн тэднийг дахин цохиж, мөн тэдэнд хэлэв: Хэрэв Бурханы хүч та нарт байвал энэ хүлээснээс өөрсдийгөө чөлөөл, мөн тэгвэл та нарын үгсийн дагуу Их Эзэн энэ хүмүүсийг устгах болно гэдэгт бид итгэх болно.

25 Мөнхүү улиран тохиох дор бүр сүүлчийнх нь хүртэл, тэд бүгд урагш дөхөн мөн тэднийг цохиж, нэгэн адил үгсийг хэлэв; мөн сүүлчийнх нь тэдэнд ярьсны дараа Бурханы хүч Алма, Амюлек хоёр дээр байж, мөн тэд босож мөн хөл дээрээ зогсоцгоов.

26 Мөн Алма залбирч, хэлрүүн: Ай Их Эзэн, бид энэ агуу зүдгүүрүүдийг хэр удаан хүлцэх билээ? Ай Их Эзэн, Христэд итгэх бидний итгэлийн дагуу, бидэнд бүр чөлөөлөгдөх хүчийг өгөөч. Мөн тэд хүлэгдсэн олсоо тасчив; мөн хүмүүс үүнийг хараад, устгалаас айх айдас тэдэн дээр ирсэн учир зугтаж эхлэв.

27 Мөнхүү улиран тохиох дор тэдний айдас агуу байсан учир тэд хөсөр унаж, мөн шоронгийн гадаах хаалганд хүрсэнгүй; мөн газар хүчтэйгээр чичирч, мөн шоронгийн хана хоёр хэсэгт хуваагдан цуурч, иймээс тэдгээр нь газарт унав; мөн Алма, Амюлек хоёрыг цохиж байсан ерөнхий шүүгч, хуульчид, пристүүд, мөн багш нар үүний нурангид алагдав.

28 Мөн Алма, Амюлек хоёр шоронгоос гарч ирэв, мөн тэд гэмтээгүй байв; учир нь Христэд итгэх итгэлийнх нь дагуу Их Эзэн тэдэнд хүчийг соёрхсон ажээ. Мөн тэд тэр даруй шоронгоос гарч ирэв; мөн тэд хүлээснээсээ мултарсан байв; мөн шорон газарт нуран унасан байв, мөн дотор нь байсан бодгаль бүр, Алма, Амюлек хоёроос бусад нь алагдав; мөн тэд тэр даруй хотод орж ирэв.

29 Эдүгээ их чимээ сонсоод хүмүүс үүний шалтгааныг мэдэхээр олон олноороо бөөндөө гүйлдэж ирэв; мөн тэд Алма, Амюлек хоёр шоронгоос гарч ирж буйг, мөн үүний хана газарт нурсныг хараад тэд ихэд айж балмагдан, мөн Алма, Амюлек хоёрын дэргэдээс, бүр ямаа төлөө аван хоёр арслангаас зугтах адил зугтав; мөн тэд Алма, Амюлек хоёрын дэргэдээс тийн зугтсан болой.