Бүлэг 15
Алма, Амюлек хоёр Сайдомд очиж мөн сүм байгуулав—Алма Зиезромыг анагааж, тэрээр сүмд нэгдэв—Олон нь баптисм хүртэж, мөн Сүм дэгжив—Алма, Амюлек хоёр Зарахемла руу явав. Ойролцоогоор МЭӨ 81 он.
1 Мөнхүү улиран тохиох дор Алма, Амюлек хоёр тэр хотоос одохоор зарлигдуулав; мөн тэд одож, мөн Сайдом нутагт хүрч ирэв; мөн болгоогтун, тэд тэнд Алмагийн үгсэд итгэснийхээ учир Аммонайха нутгаас хөөгдөж мөн чулуугаар шидүүлэн зайлж одсон бүх хүнийг олов.
2 Мөн тэд тэдэнд эхнэр мөн хүүхдүүдэд нь тохиолдсон бүгдийг, мөн түүнчлэн өөрсдийнхөө талаар, мөн өөрсдийн чөлөөлөлтийн хүчний тухай өгүүлэв.
3 Мөн түүнчлэн Зиезром өөрийнх нь ёс бусаас үүдсэн оюун санааны их зүдрэлээс болоод ихэд халууран Сайдомд өвчтэй хэвтэж байв, учир нь тэр Алма, Амюлек хоёрыг үгүй болсон хэмээн бодсон аж; мөн тэд өөрийнх нь алдсын улмаас алагдсан хэмээн тэр бодсон байв. Мөн энэ агуу нүгэл, мөн түүний бусад олон нүгэл түүний оюуныг зугтах аргагүй, үлэмж их шаналгаатай болтол тарчилгасан болой; тиймийн тул тэрээр шатам халуунаар халуурч эхэлсэн бөлгөө.
4 Эдүгээ, Алма, Амюлек хоёр Сайдом нутагт байгааг тэрээр сонсоод, зүрх нь зоригжиж эхлэв; мөн тэднийг өөр дээр нь ирэхийг хүсэн, тэрээр даруй тэдэнд мэдээ илгээв.
5 Мөнхүү улиран тохиох дор түүний өөрсдөд нь илгээсэн мэдээг даган, тэд даруйхан явав; мөн тэд Зиезром дээр гэрт нь оров; мөн тэд түүнийг орондоо өвчтэй, шатам халууран ихэд дорой байхыг нь олов; мөн түүнчлэн түүний оюун санаа алдсуудынхаа учир үлэмж шаналан байв; мөн тэрээр тэднийг хараад гараа сунгаж, мөн өөрийг нь эдгээхийг тэднээс гуйв.
6 Мөнхүү улиран тохиох дор Алма түүний гараас бариад, түүнд хэлэв: Чи авралд хүргэх Христийн хүчинд итгэдэг үү?
7 Мөн тэрээр хариулж мөн хэлсэн нь: Тийм ээ, би таны заасан бүх үгэнд итгэдэг.
8 Мөн Алма хэлсэн нь: Хэрэв чи Христийн гэтэлгэлд итгэдэг бол эдгээгдэж чадна.
9 Мөн тэр хэлсэн нь: Тийм ээ, би таны үгсийн дагуу итгэдэг.
10 Мөн тэгээд Алма Их Эзэнд залбирч хэлрүүн: Ай Их Эзэн Бурхан минь, энэ хүнийг нигүүлсээч, мөн Христ дэх итгэлийнх нь дагуу түүнийг эдгээгээч гэв.
11 Мөн Алма эдгээр үгийг хэлэхэд, Зиезром хөл дээрээ үсэрч босоод, мөн алхаж эхлэв; мөн үүнийг хийсэн нь бүх хүний агуу гайхширалыг төрүүлсэн аж; мөн энэ тухай мэдээ Сайдомын бүх нутаг даяар тархав.
12 Мөн Алма Их Эзэний төлөө Зиезромд баптисм хүртээв; мөн тэр цагаас хойш тэрээр хүмүүст номлож эхлэв.
13 Мөн Алма Сайдом нутагт сүм байгуулан, мөн баптисм хүртэх хүсэлтэй хэнд боловч Их Эзэний төлөө баптисм хүртээх пристүүд болон багш нарыг томилон адислав.
14 Мөнхүү улиран тохиох дор хүсэлтэй нь олон байв; учир нь тэд Сайдомын ойролцоох бүх нутгаас цуглан ирж, мөн баптисм хүртэв.
15 Гэвч Аммонайха нутагт байсан хүмүүсийн тухайд, тэд хатуу зүрх сэтгэлтэй мөн гөжүүд хүмүүс хэвээр үлдэв; мөн тэд Алма, Амюлек хоёрын бүх хүчийг чөтгөрийнх хэмээн үзэж, нүглүүдээ наманчилсан нь үгүй болой; учир нь тэд Нихорын адил бодолтой байлаа, мөн нүглүүдийнхээ наманчлалд итгэсэнгүй.
16 Мөнхүү улиран тохиох дор, Алма, Амюлек хоёр, Амюлек нь Бурханы үгийн төлөө Аммонайха нутагт байсан өөрийн бүх алт, мөнгө, мөн үнэт зүйлсээ орхисон байсан учир, тэрээр нэгэнтээ найзууд нь байсан тэднээр мөн түүнчлэн өөрийн эцэг мөн төрөл садангуудаараа эсэргүүцэгдсэн байсан учир;
17 Тиймийн тул, Алма Сайдомд сүм байгуулан, тэр агуу өөрчлөлтийг харсны дараа, тийм ээ, хүмүүс зүрх сэтгэлийнхээ бардамналыг хянаж, мөн өөрсдийгөө Бурханы өмнө даруусгаж эхлэн, мөн өөрсдийн дугануудад тахилын ширээний өмнө Бурханыг бишрэн шүтэхээр, тэд Сатанаас, үхлээс, мөн устгалаас чөлөөлөгдөж болохын тулд үргэлжлэн сэрэмжилж мөн залбиран, өөрсдөө нэгдэн цуглаж эхэлснийг тэрээр харсны дараа—
18 Эдүгээ миний хэлсэнчлэн, Алма эдгээр бүх зүйлийг харсныхаа дараа, тиймийн тул тэрээр Амюлекийг авч мөн Зарахемла нутагт ирж, мөн түүнийг өөрийн гэрт аваачин, мөн зовлон зүдгүүрт нь түүнд тусалж, мөн түүнийг Их Эзэнд хүчирхэгжүүлэв.
19 Мөн Нифайн ард түмний дээрх шүүгчдийн засаглалын арав дахь он ийн төгсөв.